Өвлийн Олимпын галт бамбарын буухиа Ром хотоос эхэллээ

Өвлийн Олимпын галт бамбарын буухиа Ром хотоос эхэллээ

Өвлийн Олимпын галт бамбарын буухиа Ром хотоос эхэллээ

Итали улс 2026 оны өвлийн олимпын наадмыг зохион байгуулж байгаа бөгөөд хамгийн чухал уламжлалын нэг болох галт бамбарын буухиагаа албан ёсоор эхлүүллээ. Тодруулбал, Бямба гаригт (2025.12.06) Ром хотоос эхэлж, Италийн нийслэл даяар баярын уур амьсгал бүрдэв. Эл үеэр олон мянган хүн түүхэн мөчийг биечлэн үзэхээр цугласан юм. Олимпын галыг уламжлал ёсоор Грекийн Олимпиа хотод арваннэгдүгээр сард асаасан бөгөөд тусгайлан зохион байгуулсан арга хэмжээн дор өнгөрөгч Пүрэв гаригт Итали улс руу авчирсан байна.

Ром хот дахь буухиаг эхлүүлсэн анхны тамирчин нь Италийн нэрт усанд сэлэгч, олимпын аварга Грегорио Палтриниери байв.

Тэрбээр 2016 оны Рио-де-Жанейрогийн олимпын наадмаас 1500 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд алтан медаль хүртсэн спортын од билээ. Өөрийн эх оронд зохион байгуулагдах том тэмцээний бэлгэдэл болсон галыг атгах эхний хүн болсон нь түүний хувьд бахархам агшин байсан аж. Галт бамбарын буухианы эхний өдрийн маршрут нь Ромын түүхэн болон шашны чухал цэгүүдийг дайрсан бөгөөд хамгийн онцгой зогсоолын нэг нь Ватикан хотын Гэгээн Петрийн талбай байв. Энэ хэсэгт итгэл бишрэл, соёл, спортын нэгдмэл үнэ цэнэ илүү тод илэрч, олны хөл нэмэгдсэн байлаа. Дасгалжуулагч, жуулчид, хүүхэд багачуудаас эхлээд өндөр настнууд хүртэл олимпын бэлгэ тэмдгийг харахаар цугласан байсан нь италичуудын спортын соёл, олимпын наадамд хандах хайр хүндэтгэлийг харуулж байсан.

Буухиаг анх удаа үзэж буйгаа хэлсэн нэгэн эмэгтэй сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа, “Энэ мөч намайг үнэхээр догдлууллаа. Эх орондоо олимпын наадам зохион байгуулна гэдэг бол нэгэн үеийнхэнд тохиох том бахархал” гэж онцлон тэмдэглэжээ.

Галт бамбарыг дамжуулах тамирчдын тоонд Италийн шинэ үеийн спортын домгууд багтжээ. Тэдний дунд 2021 оны Токиогийн олимпын алтан медальтан, өндрийн харайлтын аварга Жанмарко Тамбери ч байв. Тэрбээр  “Олимпын галыг барин гүйх нь зүгээр нэг спортын үйл явдал бус, миний хувьд эх орондоо эргэн өгч буй хүндтэй үүрэг юм” гэж сэтгэгдлээ хуваалцсан байна.

Наадмын зохион байгуулагчдын мэдээлснээр, галт бамбарын буухианд нийтдээ 10 мянга орчим хүн дамнан гүйхээр төлөвлөгджээ.

Энэ зам Италийн олон хот, соёлын төвүүдийг дайрч өнгөрнө. Тухайлбал, Флоренцийн сэргэн мандалтын түүхэн төв, Венецийн суваг, талбайнууд, дэлхийн өвд бүртгэгдсэн олон дурсгалт газрууд, Альпийн бүсийн уулын тосгодыг дамжих юм.  Энэ бүх маршрут нь Италийн байгалийн үзэсгэлэн, түүх соёлыг олимпын үзэгчдэд таниулах зорилготой юм.

Галт бамбарын аялал нийтдээ хэдэн сарын турш үргэлжилж, 2026 оны хоёрдугаар сарын 6-нд Милан хотод болох нээлтийн ёслолын үеэр олимпын гол алтан тогоонд асаагдана. Ингэснээр Олон улсын олимпын хөдөлгөөн, спортын эв нэгдлийг бэлгэдсэн галт бамбар Итали улсад дүрэлзэх түүхэн мөч тохиох юм.

 

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж