АНУ, Украины хэлэлцээчид энхийн гэрээний асуудлаар өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригаас хойш Майамид уулзалт зохион байгуулав. Гэвч энэ уулзалтаас олигтой ахиц дэвшил гараагүй, аюулгүй байдлын баталгаа болон нутаг дэвсгэрийн талаар эргэлзээтэй асуултууд хэвээр үлдсэн гэдгийг Украины эх сурвалж мэдээлжээ. Марафон уулзалт гэгдэж буй энэхүү хэлэлцээнд АНУ-ын талаас тусгай төлөөлөгч Стив Виткофф, Трампын хүргэн Жаред Кушнер, Украины талаас Рустем Умеров, Андрей Гнатов нар оролцсон байна.
Тус хэлэлцээний дараа Кремль АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын аюулгүй байдлын шинэ стратегийг сайшаав. Энэ нь АНУ-ын шинэ засаг захиргаа өмнөх үе шиг Кремлийг аюул заналхийлэл гэж тодорхойлоогүйтэй холбоотой аж.
Гурван өдөр хэлэлцсэний эцэст төвөгтэй асуудлууд үлдсэн гэдгийг АНУ дахь Украины Элчин сайд Ольга Стефанишина хэллээ. Гэхдээ талууд бодит бөгөөд зөвшөөрч болохуйц шийдэл гаргаж ирэхийн тулд ажиллаж байгаа гэв. Яриа хэлэлцээний хамгийн гол асуудал нь газар нутаг болон аюулгүй байдлын баталгаа. Талууд эдгээрийг шийдэх оновчтой аргыг идэвхийлэн эрэлхийлж байна. Мөн удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэдгийг Элчин сайд Ольга Стефанишина хэлжээ.
Газар нутаг болон аюулгүй байдлын баталгаа нь өнгөрсөн хугацаанд эхлүүлсэн хэлэлцээ болгоны үеэр тулгарсан гол маргаантай асуудал. Украины хувьд найдвартай аюулгүй байдлын баталгаа авч, газар нутгаа Орост өгөхгүй гэсэн нөхцөл дор л дайныг дуусгах хүсэлтэй.
Гэвч ОХУ-ын ерөнхийлөгч Путин өнгөрсөн долоо хоногт Энэтхэгт айлчлахдаа ямар ч үнээр хамаагүй Украины зүүн хэсгийн Донбасс бүсийг эзлэх санаатай байгаагаа илэрхийлсэн билээ.
Майамигийн хэлэлцээний өмнө Жаред Кушнер, Стив Виткофф нар Москвад айлчилсан. Трампын хэлснээр АНУ-ын төлөөлөгчид Путинтэй амжилттай сайхан яриа өрнүүлсэн аж. Путин дайныг дуусгах хүсэлтэй гэдэгт АНУ-ын төлөөлөгчид итгэж байсан ч Москвагийн хэлэлцээ мөн л амжилтгүй өндөрлөсөн.
Украины ерөнхийлөгч Володимир Зеленский АНУ-ын төлөөлөгч Виткофф, Кушнер нартай урт удаан бөгөөд үр дүнтэй яриа өрнүүлсэн гэдгээ Бямба гаригт /2025.12.06/ цахим хуудсандаа мэдээлжээ. Мөн Майамигийн хэлэлцээний багийнхантайгаа ч утсаар холбогдсон аж.
Тэрбээр "Бид олон чухал асуудлаар хэлэлцсэн. Мөн Оросын ирээдүйд өдүүлж болзошгүй шинэ довтолгоог зогсоох санаануудын талаар ярилцав. АНУ-тай хэлэлцэх зүйлс болон дараагийн алхам дээрээ мөн санал нэгдлээ. Өмнө нь олон удаа тохиолдож байсанчлан ОХУ амлалтаа биелүүлээгүй тохиолдолд хэрхэх вэ гэдгийг ч ярилцсан" гэж бичжээ.
Бүх зүйлийг утсаар ярих боломжгүй тул Гнатов, Умеров нар дэлгэрэнгүй тайлангаа Зеленскийд тусгайлан өгөх аж.
Дашрамд дурдахад, Зеленский өнөөдөр /2025.12.08/ Лондон хотноо Франц, Их Британи, Германы удирдагчидтай уулзана. Тэдний хэлэлцэх асуудал нь мөн л энхийн гэрээ болон түүний нөхцөл болзлууд байх юм. Тэд хоёр долоо хоногийн өмнө цахим байдлаар уулзахдаа гал зогсоосон тохиолдолд Европын энхийн хүчнийг Украинд байршуулах тухай хэлэлцсэн.
Оросыг аюул заналхийлэл гэж шошголоогүйд Кремль баяртай байгаа тухай дээр дурдсан билээ. Үүнийг тодруулбал, Трампын засаг захиргаа Баасан гаригт /2025.12.05/ Үндэсний аюулгүй байдлын шинэ стратегиэ танилцуулсан. Тус стратегиэр гадаад бодлогоо шинээр тодорхойлсон бөгөөд Европын эсрэг урьд өмнө байгаагүй сөргөлдөөнтэй байр суурь баримталсан байсан нь сонирхолтой.
АНУ-ын шинэ баримт бичигт Оросыг аюул заналхийлэл гэж тодорхойлоогүй талаар Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков "Тасс" агентлагт мэдээлэхдээ "Бид үүнийг эерэг алхам гэж харж байна. Ерөнхийдөө илэрхийлэх санаа нь өмнөх засаг захиргааны арга барилтай зөрчилдөж байна" гэжээ.
Тус баримт бичигт "Европын орнууд Оросыг боломжит аюул заналхийлэл гэж үздэг. Харин АНУ Европт тогтвортой байдлыг дахин авчрах, Оростой стратегийн тогтвортой харилцаа бий болгох дипломат харилцаанд голлох үүрэг гүйцэтгэнэ" гэж дурджээ.
Байдены үеийн Үндэсний аюулгүй байдлын стратегид "ОХУ нь Украины эсрэг түрэмгийлэн дайтсанаараа өнөөгийн олон улсын дэг журмын үндсэн зарчмуудыг болгоомжгүйгээр зөрчиж, чөлөөт, нээлттэй олон улсын системд шууд заналхийлж байна" гэсэн байдаг. Цаашилбал, НАТО үргэлж өргөжин тэлсээр байх болно гэсэн ойлголтыг таслан зогсоох тухай Трампын засаг захиргааны шинэ баримт бичигт дурджээ.
3,548.92




















































Нэргүй 2025-12-08 66.181.178.209
ХАЛХ ГОЛЫН ДАЙНД ЯПОН ЯЛЖ МАНА УУЛЫГ АВСАН ГЭЖ ҮЗВЭЛ ОРОС УКРАЙНЫ ДАЙНД КРЫМ, ДОНБАСС АЛЬ ТАЛД ҮЛДЭНЭ ТЭР НЬ ЯЛАГЧ БАЙХ БОЛНО.