“Miss Mongolia” энэ сард тодорно

Хуучирсан мэдээ: 2010.09.09-нд нийтлэгдсэн

“Miss Mongolia” энэ сард тодорно

“Corporate Hotel”-ын хурлын танхимд өнөөдөр “Miss Mongolia” Холбоо, “Шилмэл загвар” компани хамтран зохиож байгаа  “Мисс Монголиа 2010” тэмцээний талаарх хэвлэлийн бага хурал боллоо. Хэвлэлийн бага хуралд “Мисс Монголиа” холбооны төлөөлөгч, “Шилмэл загвар” компанийн ерөнхий захирал Ч.Оюунцэцэг, ерөнхий ивээн тэтгэгч “Sunday” group, энэхүү тэмцээний хамгийн ууган мисс “Asian model” агентлагийн захирал Ч.Содтуяа, отгон мисс Х.Бадамгэрэл, “Мисс Монголиа 2010” тэмцээний найруулагч Н.Тайшир, хамтран зохион байгуулагч “TV9” телевиз “Umbrella fashion” нэвтрүүлгийн хамт олон  хүрэлцэн ирсэн юм.

Тэд Монгол орны гоо сайхан үнэт сайхан зүйлсийг өөрийн орон төдийгүй дэлхий дахинаа сурталчлах, монгол залуучууд тэр дундаа охид бүсгүйчүүдийн мэдлэг боловсрол, соёл, гоо зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэн ажиллаж байгаа гэв. Энэ зорилгын хүрээнд Монголын гоо бүсгүй шалгаруулах  “Мисс Монголиа 2010” тэмцээнийг энэ жил долоо дахь удаагаа зохиох гэж байна. Олон улсын тэмцээнд оролцох Монголын гоо бүсгүйг шалгаруулан энэхүү тэмцээнийг  нь 2004 оноос  албан ёсоор зохион байгуулах болсон билээ. Энэ удаад уламжлал ёсоор Драмын Эрдмийн театрт энэ сарын 12-нд 14.00 цагт “Мисс Монголиа 2010” тэмцээн шилдгүүдээ шалгаруулах ажээ.

“Мисс Монголиа” тэмцээний нэр хүнд, цар хүрээ жилээс жилд өсөн нэмэгдэж Улаанбаатар, Дорнод, Эрдэнэт, Төв, Өмнөговь, Дорноговь гээд орон нутгаас 200-аад охидыг бүртгэж шалгаруулалтын сүүлийг шатанд 20 охин тайзнаа оюун билэг, ур чадвар, гоо үзэсгэлэнгээрээ өрсөлдөх нь ээ.

Энэ тэмцээнээс эхний таван байранд шалгарсан миссийг дэлхийн миссийн нэр хүнд бүхий тэмцээнүүдэд оролцох эрхээр шагнах ажээ.  “Мисс Монголиа 2010” тэмцээний ялагч бүсгүй маань улсаа төлөөлөн Шанхай хотод зохиогдох “Miss international” тэмцээнд оролцох эрхийг гардан авах юм. Мөн шалгарсан дөрвөн гоо охид “Miss intercontinental”, “Asian super model”, “Miss tourism Queen-international”, “Miss globalcity-international” тэмцээнүүдэд уламжлал ёсоор оролцох урилгыг гардан авах юм. “Мисс Монголиа” тэмцээнд 18-25 насны 168-аас дээш өндөртэй биеийн зөв харьцаа галбиртай охид бүсгүйчүүд урлагийн үзүүлбэр, өөрийгөө илэрхийлэх чадвар, авхаалж, сэтгэх чадвар буюу асуулт хариулт, биеийн галбираа илтгэх усны хувцастай үзүүлбэр, гоо зүйн мэдрэмжийг харуулах үндэсний болон гоёлын даашинзтай үзүүлбэр, бүжиг, гадаад хэл эзэмшсэн байдлаараа өрсөлдөх юм байна.

“Мисс Монголиа” тэмцээний миссүүд Ч.Содтуяа, Х.Бадамгэрэл нар  шалгарсан охидуудад олон улсын уралдаан наадамд оролцоход нь өөрийн хуримтлуулсан дадлага туршлагаасаа харамгүй хуваалцан тэдэнтэй хамтран ажиллаж эх орныхоо нэр гаргахад нь туслах ажээ. Энэ жилийн тэмцээнд урьд жилүүдийнхээ бодвол эрс эвдсэн шинэлэг найруулгыг өндөр түвшинд гаргаж ирнэ хэмээн тэмцээний найруулагч Тайшир онцлон хэлсэн юмаа.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж