
Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайд Хоанг Таун Тхинь нь 1977-1982 онд манай улсын ХААДС-ийг төгссөн, Монгол дахь БНСВУ-ын Элчин сайдын яаманд ажиллаж байсан монгол зан заншил уламжлал, түүх соёлыг мэддэг, монгол хэл сайн эзэмшсэн дипломатч ажээ. Хоёр орны харилцааг шинэ түвшинд хөгжүүлэхэд Эрхэмсэг ноён Элчин сайдын манай орны талаарх мэдлэг том дэмжлэг болно гэдэгт итгэж байгаагаа Засгийн газрын тэргүүн С.Батболд илэрхийлэв.
Мөн Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын хамтарсан комиссын 14 дүгээр хуралдаан амжилттай болж өнгөрсөнд баяр хүргээд хоёр орны хооронд эдийн засаг, худалдааны харилцааг идэвхжүүлэхэд чиглэсэн комиссын шийдвэрүүдийг ажил хэрэг болгоход Элчин сайд Хоанг Таун Тхинийг идэвх гаргаж ажиллахыг хүслээ.
Монгол Улс АСЕАН-ы орнуудтай хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, хамтран ажиллах сонирхолтой байгаа гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд дурдаад “АПЕК болон Зүүн Азийн дээд хэмжээний уулзалт, АСЕАН-ы хамтын ажиллагаанд оролцох манай эрмэлзлэлийг Вьетнам нөхөд маань цаашид ч дэмжинэ гэдэгт найдаж байна” гэлээ.
Ноён Элчин сайд Хоанг Таун Тхинь уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдыг БНСВУ-д айлчлахыг урьсан Ерөнхий сайдынхаа урилгыг дамжууллаа.
2009 онд хоёр орны худалдааны эргэлт 8,9 сая ам.долларт хүрсэн бөгөөд Вьетнамын талын экспорт давамгайлж байгаа. Боловсролын яамд хорондын хэлэлцээр болон хувийн зардлаар Монголоос 55 оюутан Вьетнамд, Вьетнамаас 19 оюутан манай улсад суралцдаг юм байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.