Эмгэнэл: Дагвын Барсүрэн

Эмгэнэл: Дагвын Барсүрэн

Эмгэнэл: Дагвын Барсүрэн

Эмгэнэл

(1949-2025)

Монгол Улсын ГАВЬЯАТ ХУУЛЬЧ, Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн Дагвын Барсүрэн  нь хүнд өвчний улмаас таалал төгсөж бид бүхэнд хүнд гарз тохиолоо. Тэрээр газрын дундад диваажин Ханхөхий хайрханы өвөр бэлд хүмүн биеийг олж, ухамсарт амьдралаа хөдөлмөр зүтгэлд зориулсан үнэнч шударга, чигч шулуун нэгэн байлаа. Хөх мөнх тэнгэрт ууссан энэ эрхэм 1949 онд Засагт хан аймгийн Лу жанжин гүний хошуу буюу одоогийн Увс аймгийн Өндөрхангай суманд төрж, 1968 онд Увс аймгийн Баруунтуруун сумын 10 жилийн дунд сургууль, 1971 онд Хууль цаазын дунд сургууль, 1984 онд Монгол Улсын Их сургуулийг тус тус төгсөж хуульч, эрх зүйч мэргэжил эзэмшсэн юм.

Д.Барсүрэн нь ажлын гараагаа 1971-1979 онд Улаанбаатар хотын Прокурорын газарт мөрдөн байцаагчаар эхэлж, 1984-1989 онд Цэргийн Ерөнхий Прокурорын газарт чиглэлийн ахлах мөрдөн байцаагч, 1989-1992 онд Барилга, Хот байгуулалтын Яаманд Сайдын зөвлөх, Цахилгаан шугам сүлжээний газарт хуулийн зөвлөх, 1992-1993 онд Дэд бүтцийн хөгжлийн яаманд Сайдын зөвлөх, 1993 оноос өнөөг хүртэл 32 жил Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүнээр тасралтгүй ажиллаж ирсэн, мэргэжлийн өндөр ур чадвартай тэргүүний өмгөөлөгч байлаа.

Тэрээр эрүү, иргэн, захиргааны эрх зүйн чиглэлээр өмгөөллийн үйл ажиллагааг үр дүнтэй эрхэлж байсан төдийгүй үл хөдлөх хөрөнгө, хөдөлмөр, нэр төр сэргээлгэх, гэр бүл дундын өмчлөлийн маргаан зэрэг олон төрлийн иргэний хэргүүдэд өмгөөлөгчөөр оролцож, эрх нь зөрчигдсөн үйлчлүүлэгчдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг амжилттай хамгаалан ажиллаж, хүний эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан шилдэг өмгөөлөгч байв. Д.Барсүрэн нь 2003 онд “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв”, “Цагдаагийн ерөний газар”, “Соросын сан”-гийн дэмжлэгтэйгээр хохирогчдод мэдээлэл өгөх кабинетыг үүсгэн байгуулж, Монгол Улсын хууль тогтоомж, эрх зүйн бусад актуудаар мэдээллийн сан бүрдүүлэн, хууль тогтоомжийг олон нийтэд таниулан сурталчлахын зэрэгцээ олон мянган иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан эрх зүйн зөвлөгөө өгч, аж ахуйн нэгж байгууллагад зөвлөмж, лавлагаа өгөн ажиллаж байсан нь эзэмшсэн мэргэжилдээ эзэн байж, хашсан албандаа үнэнч зүтгэсний баталгаа билээ.

Ухамсарт амьдралынхаа 53 жилийг ажил хөдөлмөрт зориулсан тэрээр хамт олныхоо нүүр царай болсон өмгөөлөгч, гэр бүл, хань ижил, үр хүүхэддээ нөмөр дулаан уул байж, өөрийн түүхээ үйлсийн гавьяагаар бичжээ. Түүний хөдөлмөр зүтгэлийг төрөөс өндрөөр үнэлж, 1997 онд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны “Тэргүүний өмгөөлөгч” цол тэмдэгээр, 2005 онд “Хүндэт өмгөөлөгч” цол тэмдэгээр, 2006 онд Хууль зүй дотоод хэргийн яамны “Хүндэт жуух бичиг”-ээр, 2011 онд Монголын Залуучуудын Холбооны “ Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч” цол тэмдэгээр, 2012 онд Монголын Өмгөөлөгчдийн холбооны “Өмгөөлөгчийн алдар” алтан медалиар, 2014 онд Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор, 2015 онд Засгийн газрын “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” цол тэмдэгээр, 2018 онд “Прокурорын албаны төлөө” тэмдэгээр, 2022 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, 2025 онд Монгол Улсын Төрийн дээд шагнал “Гавьяат хуульч” цол тэмдэг тэмдэгээр тус тус шагнасан юм. Д.Барсүрэнгийн аливаад үнэнч тууштай ханддаг, хүнлэг байдал, хөгжилтэй зан, гэгээн цайлган инээд бидэнд үүрд дурсагдан үлдэх болно.  Энэрэл асрал дундраагүй, хайр ивээлийн диваажин Ханхөхий хайрхандаа, орчлонгийн үргэлжлэл болсон үр хүүхдүүддээ эргэж мэндлэх болтугай.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхдүүд, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгчид, үе үеийн шавь нарт нь гүн эмгэнэл илэрхийлье!

/2025.12.03/

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2025-12-03 103.229.120.145

Хүүгий нь балбасаар байгаад ийм зүйл боллоо доо

Avatar

Иргэн 2025-12-03 66.181.176.175

ум ма ни бад мэ хум

Avatar

зочин 2025-12-03 59.153.114.170

Сайн хуульч, өмгөөлөгч бас их хүнлэг нэгэн байсан. Гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж