Сурвалжлага: Малчин хүний хүртэж болох хамаг сайхныг хүртэн амьдарч байна

Сурвалжлага: Малчин хүний хүртэж болох хамаг сайхныг хүртэн амьдарч байна

Сурвалжлага: Малчин хүний хүртэж болох хамаг сайхныг хүртэн амьдарч байна

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сум/2025.11.22./ 15:00 цаг.

Нар уулын толгойд бууж, малчны хот анир чимээгүй байх агаад машин гэрийн гадаа ирэхэд сая нэг ноход боргоно. Малчны хотонд их бага хоёр гэр байх ба бага гэрийн тооноор уур савсаж, яндангаас утаа суунаглана. Гэрийн зүүн талд портер, Ланд-80 загварын цагаан өнгийн машин, мотоцикл, зөөврийн сууц харагдана. Зөөврийн сууцын өмнө түлээний мод хагалж нямбай гэгч нь өржээ. Гэрээс баруун урагш 100 орчим метр зайд бие засах газар барьсан байв.  Малын хашаа, хороо бүгд цэвэр цэмцгэр байхаас тэднийг хөдөлмөрч гэр бүл болохыг илтгэнэ. Өөдлөх айл үүднээсээ гэдэг дээ.  Биднийг гэрийн гадаа очиход гэрээс цэнхэр цамц, хар өмдтэй 50 орчим насны эрэгтэй гарч ирж нохой хорив. Бага гэр рүү ороход гал дээр мах чанаж байх агаад айлын эзэгтэй мэнд мэдэж, дээш суухыг урин, хийж байсан ажлаа хойш тавин, цай, хоолоор дайлав. Бидний түр саатсан энэ айл бол Хэнтий аймгийн аварга малчин Ч.Нямсүрэнгийнх.

Манай сурвалжлах баг энэ айлыг зорьж ирээгүй л дээ. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 21-23-ны хооронд Хэнтий аймагт "Талын түмэн адуу" арга хэмжээ болж өнгөрсөн. “News” агентлагийн сурвалжлах баг уг арга хэмжээг сурвалжилсан. Энэ үеэр хот руу буцах замдаа, зам дагуу ойр айл байсан учир сурвалжлага бэлдэж болох эсэхийг асуухаар ирсэн минь энэ. Ирсэн учир явдлаа хэлэхэд өмнө ярьж тохироогүй ч монгол хүний элгэмсүү, хөдөөгийн хүмүүсийн халуун дотно зочломтгой зангаар угтаж, бидний ажил бүтэх тийшээ хандан, гэрийн эзэн дэлгэцээр гарах учир хувцсаа сольж, хүрэн шилепэн малгай тавьж, бор өнгийн торгон дээл өмсөж, "ахынх нь нүд бүлцийгээд муухай гарах байх" гээд хөх туяатай нүдний шил зүүж том гэрт орсноор бидний яриа эхлэсэн юм.

Том гэр нь үүднээсээ л цэвэр, цэмцгэр гял цал. Хоймортоо хивс татаж, танан цагаан хөшиг тойруулан татсан байх бөгөөд гэрийн хойморт хээтэй хоёр авдар дээр миний багад л эмээ, өвөөгийнд минь байдаг байсан шиг шилэн нүүртэй том модон жааз эгнүүлэн тавьж, гэр бүлийнхээ зургийг байрлуулжээ. Мөн ханандаа охидтойгоо даруулсан орчин үеийн зураг, өөрийн уядаг байсан буурал азарга, хүрэн мориныхоо зурсан зургийг тогтоож, доорх шүүгээн дээр “Хэнтий аймгийн аварга малчин-2024” гэсэн бичигтэй дурсгалын хөшөөг тавьсан байв. Гэрийн баруун хойд талын хананд сураар хийсэн улаан хамартай хазаар, ногт олныг өлгөжээ. Гэрийн баруун, зүүн талд хоёр ор байх агаад цэргийн ор шиг тэвхийтэл засжээ.

Биднийг хөөрөлдөх зуур айлын эзэгтэй А.Нямхорол “Идэшний цаг болоод өнөөдөр хоёр ч мал гаргаад том гэртээ гал түлж чадсангүй” гэсээр хольсон цагаан тос, нэрстэй тос, тавгийн чихэр, чанасан мах зэргийг барьсаар орж ирэв. Ингээд төд удалгүй гал түлж, цай чанаснаар гэр халуу дүүгэж бид хэзээний таньдаг улс шиг тухалж, яриа дэлгэлээ.

Хэнтий аймагт энэ зун зуншлага сайхан болжээ. Өвлийн тэргүүн сар гараад удаагүй байгаа ч цаг агаар сайхан байгаа гэнэ. Гэрийн эзэн Ч.Нямсүрэн “Зуншлага сайхан болсон учир энэ өвөл өнтэй сайхан болох байх. Манай энүүгээр урт сайхан намар боллоо. Өвлийг өнөтэй давах гэдэг малчин хүний бэлтгэлээс ихээхэн шалтгаалдаг. Өвөл малдаа өгөх 300 гаруй боодол өвс худалдаж аваад хураачихсан. Өмнө нь энүүхэн энэ хойшоо гараад л өөрсдөө өвсөө хадаад авчихдаг байлаа. Одоо нас яваад, хүн бүл цөөтэй хадланд гарч чадахаа байсан” гэж учирлав.

Ч.Нямсүрэн гэргий А.Нямхоролтойгоо гэр бүл болоод 30 гаруй жил болж байгаа удам дамжсан малчин. Түүний хувьд цэргээс халагдаж ирээд гэргийтэйгээ ханилаад өнөөдрийг хүртэл энэ л нутагтаа эзэн нь болж, эргэн дөрвөн улиралд буйраа сэлгэж, малаа малласаар 30 гаруй жилийг үджээ.

Дээдсээс өвлөсөн малчин заяа
Дэлхийд ховорхон морьтой заяа
Дээдсээс өвлөсөн малчин заяа
Дэлхийд ховорхон морьтой заяа гэж Ц.Чимэддоржийн шүлэг, З.Батсүхийн ая Малчин заяа гэх дууны мөр аргагүй л аялагдана.

Эднийх гурван охинтой. Том охин нь Багануур дүүрэгт, дунд охин нь Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг бол бага охин нь Өмнөд Солонгос улсад сурдаг аж. Ч.Нямсүрэн "Малын буян их. Өнөөдрийг хүртэл 30 гаруй жил малаа маллаж, охиддоо дээд боловсрол эзэмшүүлж гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэжээ. Малчин хүн мянган ухаантай гэдэг. Ер нь малчин хүний мал маллах арга ухаан гэдэг гайхалтай бөгөөд бишрүүштэй" гэх.

Тэрбээр, анх аадам аавыгаа дагаж морь уях эрдэмд суралцаж олон жил морь уяж аймаг, сумаасаа олон айраг түрүү хүртэж байжээ. Морь уях, уралдуулах тухай ярихад түүний нүүрэнд нь инээмсэглэл тодорч, бахдалтай гэгч нь хөөрөлдөнө. Хүний дуртай, хайртай, сонирхолтой юм гэдэг сайхан. Түүний дэлгэсэн яриа нүдэнд үзэгдэх шиг л амттай. Тэр бол уясан морь бүхэн нь түрүү, айраг хүртээгүй ч уяа, сойлго бүртээ сэтгэлээ өгч, уясан хүлэг болгондоо итгэлээ өгдөг мянга мянган малчдын төлөөлөл.

Тэрбээр “Орчинд үед морь уях амаргүй ажил болж. Унаач хүүхэд олдохгүй, эм тариа, тэжээл гээд мөнгө их орно. Дээрээс нь эрлийз адуу ихэссэн учир монгол адуу уяад ажлын гарз болж байна” хэлээд халаглав. Ингэхдээ “Өмнө намайг бага шиг байхад хаврын сүүл сард уяа морио бариад л зун наадамд сойдог байлаа. Одоо бол жилийн дөрвөн улирал дамнаж арчилж байна. Малынхаа хажуугаар туслах хүнгүй болохоор морины ажил хийх амаргүй юм. Гэхдээ л хүний хийж сурсан ажил, хийх дуртай сонирхлыг яалтай билээ. Цаашид эрлийз адуу уралдахгүй дан монгол адуу уралдвал уяна л даа” гэх үг нь түүнийг уяачийн эрдэмдээ хэчнээн хайртай, дуртайг илтгэнэ.

2005 онд Багануур, бага бүсийн алдарт уяач цол хүртсэн, 2021 онд мянгат малчин болж 2024 онд Хэнтий аймгийн аварга малчин болсон гээд тэд 30 гаруй жилийн хөдөлмөрөө төрдөө ч, түмэн олондоо ч үнэлүүлж. "Мал дагавал ам тосдоно" гэдэгчлэн малчин хүний хүртэж болох хамаг сайхныг хүртэж, малынхаа ашиг шимийг хүртэж амьдарч байна гэж тэд бахдал дүүрэн ярив.

Одоо цагт мал дагах залуучууд жилээс жилд цөөрч, хот суурин бараадах болсонд сэтгэл эмзэглэж сууна. Төр засгаас залуу малчнаа дэмжээд өгвөл хөдөөд интернэт, зурагт, гар утас гээд орчин үеийн залуусын хэрэглэдэг бүхий л зүйл байгаа учир тохилог, төвийн айл шиг амьдрах боломжтой болсон. Мал маллахад арчилгаа, маллагаа сайтай байж сайхан амьдарна шүү дээ. Хөдөлмөрлөсөн хүнийг амьдрал шагнадаг хойно мал дагасан хүн бусдаас дутахгүй сайхан амьдрах боломж байгаа гэдгийг залуучууд олж хараасай л гэж хүсэх юм гэж хөнгөн гунигтай хэлэв. Бидний яриа эргээд өвлийг өнөтэй давах асуудал руу ороход "Өнгөрсөн өвөл цаг сайхан байлаа. Тэрний өмнөх хоёр жилд хавар цаг нэлээд хүндэрсэн. Гэсэн ч манайх гэдэг айл олон малын гарзгүй давсан. Мал гэдэг зөнгөөрөө өсөөд тарга тэвээрэг аваад байдаг амьтан биш шүү дээ. Өвөл хужир, шүү өгнө. Зундаа өвсний  сортойг дагуулж маллана гээд их л малч ухаан шаардана. Намайг бага байхад дөрөө шүргэм өвс ургадаг байлаа одоо хамар хатгах өвсгүй шахам болох гээд байна шүү. Нас яваад олон маллах ч бас амаргүй л болоод байна" гэж инээмсэглэв.

Эднийх хавартаа 400 орчим төлийг эсэн мэнд авч бойжуулж, намар цагт 200 орчим толгой мал санхүүгийн эргэлтэд оруулж малынхаа тоо толгойг тэнцүүлдэг ажээ. Тэрбээр, “Одоо бол малын тоонд бус чанарт анхаарах нь зөв” гэдгийг хэлж байлаа.

Гэрийн эзэгтэй А.Нямхорол дуу цөөтэй ч бидний яриаг сонсож хааяа нэг инээмсэглэл тодруулан гэрт зүгээр нэг суухгүй. Тэрбээр "Өвөл болохоор ажил харьцангуй бага болчихдог. Зундаа сааль сүүгээ боловсруулж цагаан идээгээ бэлдэнэ гээд өглөөний ургах нарнаас үдшийн бүрий болтол борви бохис хийлгүй ажилладаг шүү дээ. Хөдөөний ажил чинь нэг л зүйлээ өдөр бүр давтдаг ч сайхан байдаг юм" гэж сэтгэл бахдам ярина. Мөн "Одоо бол туслах малчин байгаа тулдаа болоод байна. Түүнээс нас яваад хүн бүл цөөн заримдаа ч амаргүй л юм. Зун, өвлийн сурагчдын амралтаар бол зээ нар ирээд шуугилдаад сайхан байдаг. Манайхаас Багануур ойрхон байдаг болохоор долоо хоногтоо нэг Багануур орж хүнсээ цуглуулж, хүүхдүүд дээрээ оччихоод ирдэг. Сүүлийн жилүүдэд ханийн минь зүрх бас жаахан өвддөг болоод байна. Хот орж үзүүлэхсэн гэж бодох л юм. Малаа орхиж олон хоногоор явж чадахгүй юм" гэж  ярихдаа ханьдаа санаа зовнингуй байгаа нь ярианы өнгө аясаас илэрч, нүүрэнд нь эрхгүй гуниг тодроход өрцний цаанаас нэг зүйл зулгаах шиг болов.

Бидний ам халж яриа ид дундаа орж байхад нар хэдийнэ жаргаж, мал хотлох цаг болжээ. Гэрийн хаяагаар уулын бэлээр цацсан шагай шиг хонин сүрэг налайж, хойд зүгээс үхэр сүрэг гэрийн зүг жим татуулан ирж харагдана. “Одоо ч хонио гадаа хонуулмаар байгаа юм. Хээрийн амьтан элбэг болохоор хонио хашаад байгаа. Гэхдээ чоно яах вэ, хээрийн боохойд өгчихөд нэг их харамсдаггүй. Хааяа нэг идэж байх хэрэгтэй шүү дээ”  гэж инээд алдан тамхиа уртаар сорон уулын толгой ширтэнэ.

Ингээд бидний яриа өндөрлөж, бүрий болохоос өмнө хотын зүг хөдлөх болов. Үлдээд хоцрох ижий, аав эмээгээ өвөөгөө машины цонхоор харахад сэтгэлд хөнгөн гуниг тодорч, нүдэнд нулимс бүрхээд ирдэгтэй адил хэдхэн цаг яриа дэлгэсэн ах, эгч хоёрыг үлдэхэд яг тийм мэдрэмж төрж, тэдний гаднаас хотын зүг хүлгийн жолоо залж, ганзага дүүрэн буцаж байгаадаа сэтгэл өег байлаа.

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-12-03 202.126.89.73

Нэг мянгат малчины захиалгат нийтлэл юм биш үү, санамсаргүй яваад орсон ч гэх шиг сайхан л бүлтэрдэг сэтгүүлч гуай байна даа, кк

Avatar

Зочин 2025-12-03 66.181.161.81

Зөвхөн мал гэлтгүй аливаа амьтдын тоо толгой нь идэш тэжээлээсээ хамааралтай байдаг. Амьтдын тоо толгой нь идэш тэжээлээсээ хэтэрвэл мөхөл сүйрлийн шалтгаан болдог. Хэнтий аймагт одоохондоо бэлчээрийн доройтол үүсээгүй байгаа нь сайн хэрэг. Гэхдээ та нар Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд аймагт очиж үзээрэй. Малын тоо толгой нь бэлчээрийн даацаас хэтэрвэл бэлчээр хэрхэн талхлагдан доройтдогийг тэндхийн малчдаас асууж судлаарай.

Avatar

Иргэн 2025-12-03 66.181.176.245

Нутаг орондоо мал сүргээ адуулан маллаж,амар тайван амьдарч, дотоод,гадаадын баялагын хулгайчдаас бэлчээр нутгаа сахин хамгаалан амьдарч байгаа малчдын яруу алдар бадартугай.

Avatar

Иргэн 2025-12-03 66.181.176.245

Нутаг орондоо мал сүргээ адуулан маллаж,амар тайван амьдарч, дотоод,гадаадын баялагын хулгайчдаас бэлчээр нутгаа сахин хамгаалан амьдарч байгаа малчдын яруу алдар бадартугай.

Avatar

Нэргүй 2025-12-03 202.55.188.120

яахав тэтгэвэртэй малынхаа тоогоор урамшуулал халамж хүртдэг жаахан цас орж хүйтэрвэл төр засгаас гурил будаа өвс тэжээлээ үнэгүй авчихна зуны цагыг архидан өнгөрөөнө зарлаггүй сайхан амьдрал

Avatar

Нэргүй 2025-12-03 45.117.32.44

гүй ээ үнэхээр тэгж чадаж байвал яахав дээ,

Avatar

Нэргүй 2025-12-03 45.117.35.9

хөдөө талаа сайн хамгаалж ой мод ихээр тарьж байгадийн амьд хамгаалалт бий болгох хэрэгтэй. Уул уурхайгүй байхад ч сайхан амьдарах боломж байнаа.

Avatar

Нэргүй 2025-12-03 66.181.187.230

Хөдөө, идшээ хийсэн айлд таарч гэдэс нь цадсан хотын хүний нийтлэг дүр гайгүй аятайхан ххргдаж бнаа,

Avatar

Рэнцэндорж 2025-12-03 202.9.41.88

сайхан нийтлэл байна өвгөн ах гь бүүр уяарчихлаа амьжилт хүсье

Avatar

hi 2025-12-03 192.82.92.206

Гэрийн хаяагаар уулын бэлээр цацсан шагай шиг хонин сүрэг налайж, хойд зүгээс үхэр сүрэг гэрийн зүг жим татуулан ирж харагдана. гэнэ шүү

Avatar

Мөөгий 2025-12-03 202.21.126.154

Чанартай мал өсгөнө, хээрийн боохой хаяа идэлгүй яахав, бид болж байна аа гэх хөдөө ч сайхан төлөвлөж амьдрах гоё доо. Амжилт хүсье

Avatar

Отгоо 2025-12-03 66.181.177.108

Аи даа саихан Энгүүн саихан яриа болж Тэнгэриин аясыг Хүн, мал дагадаг,Тэнгэр хангаи саихан баивал мал тогтуун,сэтгэл таиван бдагдаа,Саихан малч хүмүүүс бна аа,Эрүүл саруул урт удаан амьдраараи,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж