Сэргэн мандалтын үеэс загварын тайз руу

FASHION

Сэргэн мандалтын үеэс загварын тайз руу

Сэргэн мандалтын үеэс загварын тайз руу

Хүч чадал, оршин тогтнолыг илэрхийлэх хувцас гэвэл хэн хүний санаанд 1980-аад оны өргөн мөртэй даашинз, хүрэмнүүд орох болов уу. Ямайка улсын дуучин, ая зохиогч, загвар өмсөгч, жүжигчин Грэйс Жонс 1981 онд "Nightclubbing" цомгийнхоо нүүр зургийг авхуулахдаа "Giorgio Armani"-ийн өргөн мөртэй хүрэм өмссөн байсан. Тэгвэл өнөө цагт Дожа Кэт "Marc Jacobs"-ын ижил хүрэмтэй "Met Gala"-д хүрэлцэн ирснээр моодыг үргэлжлүүлж байна.

Гэхдээ өргөн мөр орчин цагийн хувцас загварт хүч түрэн орж ирэхээс өмнө өргөн, пөмбөгөр ханцуй хүч чадлыг илэрхийлж байлаа. 1500-1800 оны үеийн Европ тивд шүүх байгууллагын бэлгэдэл нь өргөн, пөмбөгөр ханцуй байв. Энэ нь тухайн үедээ зүгээр нэг хэлбэр дүрс төдий зүйл биш байлаа. Өөрөөр хэлбэл, энэ нь хэн нэгний оёдлын уран чадварыг харуулахаас гадна чинээлэг байдлын бэлгэдэл болж байжээ. Хөрөнгө чинээтэй хэн нэгэн л нэмэлтээр үнэтэй даавуу ашиглаж хувцсаа гоёх боломжтой гэдэг нь үүний цаад санаа юм.

Анх бий болсноосоо эхлээд 16 дугаар зууны туршид өргөн ханцуй улам бүр л гоёмсог сүрлэг болсоор байжээ.

"Сэргэн мандалтын үеэс загварын тайз руу: Урт удаан түүхтэй Италийн загварын орднууд" үзэсгэлэнг саяхан зохион байгуулсан Клевлэнд урлагийн музейн эрхлэгч Дарнелл Жамал Лисбы хэлэхдээ "Энэ загварын гол санаа нь хэр их даавуутай гэдгээ харуулах явдал байв. Италийн Сэргэн мандалтын үеийн урлаг болон орчин үеийн загварын хоорондох түүхэн холбоог пөмбөгөр ханцуй илэрхийлдэг" гэсэн юм.

Орчин цагт дэрвэгэр ханцуй нь романтик, эмэгтэйлэг байдлыг илэрхийлэх болжээ. Тийм ч учраас хуримын хувцасны загварт хүртэл дэрвэгэр, пөмбөгөр ханцуйг салгаж болдог байдлаар шингээх болов.

Түүнчлэн "Thom Browne", "Louis Vuitton", "Chloé", "Valentino", "Saint Laurent" гээд томоохон брэндүүд бүгд сүүлийн үеийн загварын цуглуулгадаа тус загварыг шингээжээ. Тухайлбал, жүжигчин Зое Кравитз өнгөрсөн аравдугаар сард "Saint Laurent" брэндийн мөргүй хэрнээ пөмбөгөр ханцуйтай даашинзаар гоёсон байв. Мөн сард Жулиа Фокс Лондоны "amfAR Gala"-д хүрэлцэн ирэхдээ "Marc Jacobs" брэндийн цасан цагаан тансаг пөмбөгөр ханцуйтаар гоёжээ.

Том ханцуй нь цаг үеэсээ хамаараад хэлбэр, хийцийн хувьд тодорхой хэмжээнд өөрчлөгдсөөр ирсэн. Тухайлбал, 1830, 1890-ээд онд ханцуйны хэмжээг илүү томруулахын тулд дэрний хөвөн ашиглах, эсвэл дэнлүү хэлбэрт төмөр утас ашигладаг байжээ. 1930-аад онд загвар зохион бүтээгч Элса Щиапарелли пөмбөгөр ханцуйг оройн хоол, үдшийн гоёлд зориулан шинэчлэн загварчилжээ. Улмаар 1980-аад онд бүсгүйчүүд төгсөлтийн үдэшлэг, хурим зэргээрээ үсээ пөмбийлгөн засч, пөмбөгөр ханцуйттай хослуулан гоёдог болсон байна.

Хүмүүс хувцас нэхэж эхэлснээс хойш ханцуй хамгийн чухал чимхлүүр хэсэг нь байсаар иржээ. 5000 жилийн настай маалинган цамцыг харахад л мөр хэсэгт нь илүү их ажиллагаа оруулж, нугалаастайгаар оёсон байдаг.

Гэхдээ хэт том хэмжээтэй, пөмбөгөр, хөвсгөр ханцуй голчлон Италийн Сэргэн мандалтын үетэй холбогдоно. Энэ бол урлаг, соёлын өргөн цар хүрээтэй өөрчлөлт шинэчлэлтийн үе. Мөн хувцас загвар анх удаа хурдацтайгаар хувьсан өөрчлөгдөж эхэлсэн үе.

16 дугаар зууны эхэн үед дэрвэгэр, пөмбөгөр ханцуй нь тэгтлээ их хичээгээгүй хэрнээ догь, сэтгэл татам байдлыг илэрхийлэх болжээ. Баян, өндөр дээд гаралтай хүмүүс ийм хувцаслалтаар дамжуулан өөрийгөө илэрхийлдэг байсан бөгөөд энгийн хүмүүс ч үүнийг нь даган дуурайхыг мэр сэр оролддог байв. Өнөөдөр яг ийм байдлаар догь, сэтгэл татам харагдах аргыг эрэгтэй хувцас загварт ч ашиглах болсон.

16 дугаар зууны Италид өргөн ханцуй шуу хэсгээрээ нарийсч загвар нь шинэчлэгджээ. Тухайн үед Италийн язгууртан гэр бүлүүд өөр хоорондоо дотно байж, хувцас загвараа хүртэл ижилсүүлдэг байжээ.

Эцэст нь, түүх харвал, хувцасны ханцуй болон үс засалт нь тухайн хүнийг хаанаас гаралтай хэн бэ гэдгийг илэрхийлэх томоохон хүчин зүйл байжээ. Мөн амьдарч байсан цаг үеийг нь ч үүгээр дамжуулан хэзээ нэгэн цагт тодорхойлох боломжтой. Цаашилбал, ханцуйных нь өнгөөр хаанахын хүн бэ гэдгийг илэрхийлдэг цаг үе ч байжээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж