Японы эрдэмтэд 300 гаруй жилийн өмнө Фүжи уулын дэлбэрэлтээс болж үнсэнд дарагдсан байшингуудыг малтаж, судлах томоохон төслийг эхлүүлжээ. Фүжи галт уул хамгийн сүүлд 1707 онд дэлбэрч, их хэмжээний үнс шидсэн юм. Яманаши мужийн Фүжи уул судалгааны хүрээлэн болон Токио их сургуулийн эрдэмтэд өчигдөр Шизүока мужийн Ояма тосгоны Субашири дүүрэгт малтлага эхлүүлжээ. Тус дүүрэгт байрлах суурингууд дэлбэрэлтийн гол цоорхойноос зүүн тийш ойролцоогоор 10 км-т гурван метр хүртэл үнсэнд дарагдсан байжээ. Эрдэмтэд гар болон хүнд техник ашиглан малтлага хийж байх явцдаа 1.5 метрийн гүнд шатсан байшингийн баганын үлдэгдлийг олсон байна. Тус багана халуун пумис чулуунаас болж шатсан байх магадлалтай гэж үзэж байна.
Судалгааны багийнхан энэхүү төслийг Японы хамгийн өндөр уулын дэлбэрэлтээс болж гэмтсэн байшинг судалсан анхны томоохон малтлага гэж онцолжээ. Багийнхан байшин хэрхэн баригдсан, ямар модон материал ашигласан зэргийг судлах төлөвлөгөөтэй байна. Мөн галын тохиолдол, байшин нурсан хугацаа, үнс хэр хуримтлагдсан зэргийг судлах юм. Дэлбэрэлтийн үеэр их хэмжээний үнс Канто бүсийн өргөн талбайд, төв Токиод хүртэл унасан байдаг. Токио их сургуулийн судлаач Сүгияма Коэ хэлэхдээ, Японы хамгийн бэлэг тэмдэг болсон уултай холбоотой гамшгийг судлах нь нийгэмд чухал ач холбогдолтой гэсэн юм. Тэрбээр мөн энэхүү судалгаа нь гамшгаас урьдчилан сэргийлэхэд тус болох үр дүн өгнө гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна.
3,548.92

















































Холбоотой мэдээ