Хүний амь хөнөөснөөр шударга ёс тогтохгүй

Хуучирсан мэдээ: 2010.09.09-нд нийтлэгдсэн

Хүний амь хөнөөснөөр шударга ёс тогтохгүй

Цаазаар авах ял, эрүүдэн шүүхийн эсрэг эхчүүдийн хөдөлгөөний тэргүүн Тамара Чикунова, Италийн Сант-Эжидио нийгэмлэгийн Төв Ази, Зүүн Европын хүний эрхийн асуудал хариуцсан зохицуулагч Стефано Аржетино Сторино нарын Монголд хийж буй айлчлал үргэлжилж байгаа билээ. Төлөөлөгчид өчигдөр Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга болон сэтгүүлчидтэй уулзалт хийсэн бөгөөд энэ үеэр Тамара Иванова Чикуноватай ярилцан, дараах асуултад хариулт авлаа.

 
-Та өөрийгөө танилцуулахгүй юу. Ямар учраас цаазаар авах ялыг устгахын төлөө зорьж ажиллах болов?

-Намайг Тамара Иванова Чикунова гэдэг. Би Узбекстаны Ташкент хотноо Цаазаар авах ял, эрүүдэн шүүхийн эсрэг эмэгтэйчүүдийн хөдөлгөөнийг байгуулсан юм. Миний хүү Дмитри 1999 онд цаазын ял сонсч, тэр нь гүйцэтгэгдсэн. Дмитриг урьдчилан хорих төвд байхад нь эрүүдэн шүүж, хэрэг хүлээлгэсэн байсан. Надад хүүг маань цаазаар авах тухайг урьдчилан мэдэгдээгүй тул хүүдээ баяртай ч гэж хэлж чадаагүй. Ингэж явсаар сүүлд миний хүүгийн гэм буруугүй нь тогтоогдож, цагаатгагдсан юм. Тэр үйл явдлаас хойш “Цаазаар авах ял, эрүүдэн шүүхийн эсрэг эмэгтэйчүүд” хөдөлгөөнийг би өөрийн санаачилгаар үүсгэн байгуулахаар шийдсэн. Энэ хөдөлгөөнд хүүгээ цаазын ялаар алдсан эмэгтэйчүүд, цаазын ялыг эсэргүүцэж, цаазын ялыг халахын төлөө тэмцэгч эхчүүд нэгдсэн байдаг.

-Монголд ирсэн зорилго юу вэ?

-2009 онд Цаазаар авах ялыг халах дэлхий нийтийн уриалга гарсан байдаг юм. 5000 хүний гарын үсэг цуглуулахаас эхэлсэн энэ уриалгыг дэлхийн олон орон дэмжсэн. Миний бие энэ чиглэлээр Төв Азийн олон оронд ажилласан. Италийн Сант-Эжидио нийгэмлэгийн Төв Ази, Зүүн Европын хүний эрхийн асуудал хариуцсан зохицуулагч Стефано Аржетино Сторино болон миний бие танай улсын Ерөнхийлөгчийн цаазаар авах ялыг халах тухай санаачлагыг дэмжиж буйгаа илэрхийлэн, хууль тогтоогчдод цаазаар авах ялыг бүрэн үгүй болгох талаар зөвлөхийг хүсч Монголд ирсэн юм. Тийм ч учраас айлчлалын хөтөлбөртөө УИХ-ын гишүүд, хууль хяналтын байгууллагынхан, оюутан залуус, эрдэмтэн судлаачидтай уулзахаар төлөвлөсөн. Магадгүй, өнөөдөр бүх зүйл сайхан байж болно. Гэвч амьдралд юу ч тохиолдож болно шүү дээ. Маргааш та цаазын тавцан дээр ч зогсож байж мэдэх юм шүү дээ. Ийм гай зовлон ирэхээс өмнө амжиж хийх зүйл их байгааг ойлгох хэрэгтэй юм.

-Монголд цаазаар авах ялыг халах талаар цаг нь болоогүй байгаа хэмээн үзэж буй хүн амын багагүй хэсэг байна. Та хэдий цаазаар авах ялыг халах талаар итгэлтэй байдаг ч нөхцөл байдал, хандлага эсрэг байгааг хэрхэн хардаг вэ?

-Хүний амь нас хөнөөснөөр хэзээ ч шударга ёсыг бий болгож чадахгүй. Хуучин, буруу уламжлалаар яагаад өдий хүртэл явах ёстойг ойлгохгүй байна. Тухайн улсын хуулинд цаазаар авахаар заасан байдаг л бол тэр хүнийг хараагүй, таньж, мэдэхгүй байсан ч та цаазалж буй төртэйгээ хамтран үүний оролцогч болж байдаг. Хууль тогтоогчдод хандан хэлэхэд, энэ хорвоод алдаа гаргадаггүй хүн гэж байхгүй. Гэм буруугүй хүмүүс ч хилсээр хоригдож, цаазаар авах ял сонсох нь бий. Бүгдээрээ харгис хэрцгий байхаа больцгооё гэж би бусдад хэлэх дуртай. Би өмнө нь Монголд таван жил амьдарсан. Тиймээс монголчуудын талаар багагүй мэднэ. Монголчууд их сайхан сэтгэлтэй, уужуу тайван хүмүүс. Ийм ард түмэнд цаазын ял байх хэрэггүй. Гэмт хэрэгтнийг цаазаллаа гээд үхсэн хүн босч ирэхгүй. Эрүүгийн хуульд буй цаазаар авах үндэслэл бүхий заалтуудаас ганцхан нь л ашиглагдаж байна. Та бүхэн Орост дээхэн үед гарч байсан Чикатилогийн хэргийг мэдэх байх. Насаараа цуврал аллага хийсэн тэр хүнийг буруутгахаас өмнө түүний үйлдсэн хэргээс нь болж долоон хүнийг хилсээр хөнөөж байсан шүү дээ.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цаазаар авах ялыг халах тухай хууль санаачлан, үүнийгээ ажил хэрэг болгох үүднээс холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг боловсруулж, парламентад өргөн бариад байгаа. Энэ тал дээр та ямар бодолтой байна?

 
-Өнөөдрийн байдлаар дэлхийн 129 орон цаазаар авах ялыг халаад байна. Жил өнгөрөх бүр энэ тоо нэмэгдэх болно гэдэгт би итгэлтэй байдаг . Монгол Улс ч гэсэн энэ асуудлыг хуулиараа шийднэ гэдэгт бүрэн итгэж байгаа. Хүмүүсийн төөрөлдөөд байдаг нэг зүйл бий. Тэр нь цаазаар авах ялыг түр түдгэлзүүлэх тухай хоригийг цаазаар авах ялыг халсан гэж ойлгох явдал байдаг. Энэ хоригийг үндсэн хуулиар баталгаажуулж өгөх хэрэгтэй. Дээр хэлсэн 129 орны 24 нь цаазаар авах ялыг одоогоор түр хориглосон хоригтой байгаа.

 

Б.Мандах  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж