“NEWS” агентлаг залуустаа зориулсан “Шинэ нэр” булангийнхаа энэ удаагийн зочноор Монголын Үндэсний Хүүхдийн Кино Академийн /МҮХКА/ жүжигчин Ц.Нандин-Эрдэнийг онцолж байна. Өдгөө 10 настай бяцхан уран бүтээлч маань дотоод, гадаадын нийт долоон кинонд гол болон туслах дүр бүтээжээ. Түүний хувьд ирээдүйд ур чадвараараа үнэлэгдсэн чадварлаг жүжигчин болох хүсэл мөрөөдөлтэй. Ц.Нандин-Эрдэнэ 2024, 2025 онуудад “Оны онцлох хүүхэд”, мөн Монгол туургатан төслийн Өвийн элч хүүхдээр шалгарч байжээ. Өөрийн балчир насандаа баймгүй амжилттай яваа тэрбээр өөрийгөө “маш дүрсгүй нэгэн” гэж тодорхойлсон юм. Ингээд түүнтэй танилцъя.
ЦОВОО НАНДИН-ЭРДЭНЭ

Гэрэл зургийг О. Болорсувд/News.mn
Сошиал хуудас:
МҮХКА жүжигчин Ц.Нандин-Эрдэнэ /фэйсбүүк/
-ЧИ ЦАХИМ ЕРТӨНЦӨД ИХ ИДЭВХТЭЙ БАЙДАГ ШҮҮ ДЭЭ. СОШИАЛ ХАЯГАА ӨӨРӨӨ ХӨТӨЛДӨГ ҮҮ?
–Сошиал хаягаа өөрөө хөтлөх зав тэр бүр гардаггүй. Тийм учраас ээж маань ихэвчлэн хөтөлдөг.
-Чөлөөт цагаа мууртайгаа хамт өнгөрөөх дуртай. Би амьтанд маш их хайртай. Өмнө нь бас муур тэжээдэг байсан. Тэр муур маань үүлдрийн муур болохоор их томоотой, эмэгтэй муур байсан. Харин дараа нь одоо тэжээж байгаа “монголжин” муураа авсан. Одоогоор зургаан сартай бяцхан байгаа болохоор маш дүрсгүй. Лили гэдэг нэртэй. Мөн би хичээлийнхээ бус цагаар тренд болж байгаа дуу, бүжгийг сураад тик ток болон богино рийл, бичлэгүүд хийх дуртай.
-“НАДАД ИРЭЭГҮЙ ХАЙР” КИНОНД ТОГЛОСНЫ ДАРАА ЯМАР СЭТГЭГДЭЛҮҮД ИРСЭН БЭ?
-“Надад ирээгүй хайр” кинонд тоглосны дараа маш олон урмын үг, магтаал авсан. Ялангуяа намайг хүүхэд болохоор эцэг эхчүүд, ах эгч нар маань их өхөөрдсөн. Мөн үеийн найз нөхөд, өөрөөсөө дүү хүүхдүүдээс ч гэсэн гоё үг олон сонссон. “Та их мундаг жүжиглсэн шүү“ гэж сэтгэгдэл болон чат бичсэн байна лээ. Маш их баярлалаа.
–СУРГУУЛЬ ДЭЭР ЧИНЬ ХҮҮХДҮҮД ИХ ТАНЬЖ БАЙНА ҮҮ?
-Сургууль дээр байхад хүүхдүүд зургийг минь дараад бичлэг хийж байгаа нь мэдэгдсэн. Харин ангийн маань найзууд “чи мундаг шүү” гэж хэлж байсан.
-КИНОНЫ ХАМТ ОЛОНТОЙГОО ХОЛБООТОЙ БАЙГАА ЮУ?
-Одоо киноны ах эгч нартайгаа тийм ч дотно байж чадахгүй л байна. “Надад ирээгүй хайр” кино дууссаны дараа бүгд өөр, өөр уран бүтээл дээр ажиллаж байгаа гэж болов уу. Би ч гэсэн шинэ кино зураг авалтуудад оролцож байгаа.

Гэрэл зургийг О. Болорсувд/News.mn
-ЖҮЖИГЧИН БОЛОХ МӨРӨӨДӨЛ ХЭЗЭЭНЭЭС ЭХЭЛСЭН БЭ?
–Би жүжигчин болно гэж багаасаа мөрөөдсөн. Драмын дугуйланд явж үзсэн ч гэсэн кино академид суралцсан нь илүү зөв шийдвэр гэж боддог. Яагаад гэвэл жүжигчин мэргэжлийн талаар илүү их зүйлийг заадаг.
Кино зураг авалттай үед гэртээ хонохгүй тохиолдол их байдаг. Цаг зав гарвал обьект дээрээ унтаад амарчихдаг. Өмнө нь ачаалал даахдаа бага зэрэг муу байсан гэж боддог. Монголын Үндэсний хүүхдийн кино академид суралцаж эхлээд илүү сайжирсан гэж бодож байна. Жүжигчин болох алхамаа бага багаар нээгээд явж байгаа. Академидаа найман настайгаасаа хойш суралцаж байгаа.
Жүжигчин болоод кинонд тоглож эхэлснээс хойш олон хүмүүс надад урам зориг өгсөн. Сошиал хаягийн маань сэтгэгдэл хоёр талдаа болж хуваагдсан. Сөрөг сэтгэгдлүүд ч гэсэн байсан. Гэхдээ түүнээс илүү эерэг сэтгэгдлүүдийг нь уншаад маш их урам зориг орсон.
-ДҮРДЭЭ ХЭРХЭН БЭЛДДЭГ ВЭ?
-Би уран бүтээлд оролцохдоо өөрийнхөө сандралыг дарахын тулд гэртээ очоод толинд хараад бэлддэг. Киноныхоо текст, харилцан яриаг өөртэйгөө ярьж бэлддэг. Мөн багшийнхаа зөвлөгөөгөөр өөртэйгөө сайн ярилцаж, ойлголцох аргыг хэрэгжүүлдэг. Энэ аргаа олон дахин давтаж, бэлдсэний ачаар камерын өмнө гарахдаа сандрахаа больсон. Өмнө нь би маш их сандардаг байсан.
–ДУБЛЬ ИХ АЛДСАН ҮЕ БИЙ ЮУ?
-Кино зураг авалтын үеэр нэг хэсэгээ маш олон улаа алдах тохиолдол байсан. Жишээ нь Аминагийн дүр дээр ажиллаж байхад, ээждээ зодуулдаг нэг хэсэг байдаг юм. Тэр хэсэг дээр 50 орчим удаа дубльдсан. Би уг нь их бэлдсэн ч гэсэн тэр үед нэг л болж өгөхгүй байсан. Олон дахин уйлсаар байгаад нулимс дуусчихсан.
Аминагийн дүрийг гаргахын тулд өдөр шөнөгүй бэлтгэл хийсэн. Монголын үндэсний хүүхдийн кино академид суралцдаг учраас жүжигчин талын мэдлэг байсан. Түүнийхээ ачаар дүрдээ сайн орж, дүрээ сайн гаргаж чадсан гэж бодож байна.
Би гадаадын хоёр ч уран бүтээлд дүр бүтээсэн. Нэг нь “Цэнхэр дээлтэй охин” нэртэй уран сайхны кино байгаа. Энэ кино маань одоо IPtv-гээр гарч байгаа. Мөн хамгийн сүүлд гэвэл одоо хараахан гараагүй байгаа “Мартагдашгүй дурсамж” уран сайхны кинонд гурван ахтай айлын бага охины дүрийг бүтээсэн. Та нар маань гарахаар нь үзээрэй.
-ГЭР БҮЛЭЭ ТАНИЛЦУУЛАХГҮЙ ЮУ, ӨӨР ЯМАР АВЬЯАСТАЙ ВЭ?
-Би айлын ганц охин учраас их эрх дураараа өссөн гэж боддог. Жүжиглэхээс өөр гэвэл дуулах, бүжиглэх, зураг зурах авьяастай. Бас төгөлдөр хуур тоглож чадна. Гэртээ зурагтаараа дуу тавиад дагаж дуулах, бүжиглэх дуртай.
-ХИЧЭЭЛЭЭ ХЭРХЭН ЗОХИЦУУЛДАГ ВЭ?
-Хичээлийн хувьд гэвэл өглөө хичээлдээ яваад өдөр давтлагандаа явдаг. Хоцорсон хичээлээ багшаасаа асуух нь маш чухал. Яагаад гэвэл надад уран бүтээлээс болоод чөлөө авах тохиолдол олон байдаг.
-ЦЭЦЭРЛЭГТЭЭ ЯМАР ХҮҮХЭД БАЙСАН БЭ, ХАМГИЙН АНХНЫ АЖИЛТ ЧИНЬ ЮУ ВЭ?
-Цэцэрлэгтээ би маш дүрсгүй, эмэгтэй гэлтгүй зодоон хийдэг хүүхэд байсан. Аав, ээжийнхээ чихнээс их хонх уясан гэж бодож байна. Гэхдээ үгүй ч байж магадгүй. Миний хамгийн анхны амжилт гэвэл урлагийн үзлэгээрээ гоцлол хөгжим тоглоод “авьяаслаг хүүхэд” болж байсан.

-ХАМГИЙН ДУРТАЙ БАЯР ЧИНЬ ЮУ ВЭ?
-Миний хамгийн дуртай баяр бол шинэ жилийн баяр. Яагаад гэвэл шинэ жилээр он солигдохоор дахиад цоо шинэ амьдрал эхлүүлж байгаа юм шиг санагддаг. 2025 он гарахад би “энэ жил гоё кинонд тоглоод жүжигчнээрээ ажиллаж чадна” гэдэг зорилгыг өөртөө тавьсан байсан. Энэ зорилго маань биелсэн гэж бодож байна.
-ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
-Ойрын төлөвлөгөө гэвэл арваннэгдүгээр сарын 29-нд миний зохион байгуулж байгаа шинэ жилийн тусгай арга хэмжээ болно. “Friends meeting” гэдэг нэртэй. Маш олон төрлийн гоё хөтөлбөртэй, урлагын үзүүлбэртэй, мөн гарын бэлэгтэй байгаа. Тийм болохоор энэ завшааныг ашиглаад найзууддаа болон намайг дэмждэг хүүхдүүдийгээ хүрэлцэн ирээрэй гэж уримаар байна.
-БУСАДТАЙ НАЙЗЛАХДАА ЯМАР ЧАНАРЫГ ЭРХЭМЛЭДЭГ ВЭ?
-Миний хувьд хүн бүрийг ялгахгүй харьцахыг эрхэмлэдэг. Ангийн найзуудтайгаа болон бусад хүүхдүүдтэй хэнийг ч ялгахгүй найзлах нь чухал гэж боддог.
-ХАМГИЙН ТОМ МӨРӨӨДӨЛ
-Би цаашдаа илүү олон кинонд тоглоод сайн жүжигчин болно гэж л мөрөөддөг. Одоогоор жүжигчин гэдэг мэргэжлийг дөнгөж л сурч байгаа учраас цаашдаа улам сайжрахыг хүсч байна.
-ҮЕИЙН НАЙЗУУДЛАА ХАНДАЖ ХЭЛЭХ ҮГ
-Үе тэнгийн найзууддаа хандаж хичээлээ сайн хийгээд, хичээлээ битгий таслаарай. Нэгдүгээр улирал дуусах гэж байгаа учраас шалгалтаа сайн өгөөрэй гэж хэлмээр байна. Мөн хүүхдүүддээ хандаж хэлэхэд, хэнийг ч битгий ялгаж харьцаарай гэж хүсмээр байна.

Гэрэл зургийг О. Болорсувд/News.mn
3,548.92













Холбоотой мэдээ