Crossfit гэж юу вэ? Энэ бол эмчилгээ

Crossfit

Crossfit гэж юу вэ? Энэ бол эмчилгээ

Crossfit гэж юу вэ? Энэ бол эмчилгээ

Мягмар гариг бүр Physical Asia-ийн шинэ ангиудыг үзэхээр хоног тоолон хүлээж, сүүлийн ангийн төгсгөлийг бодохоор л өөрийн эрхгүй догдолж байгаа биз. Тэрхүү тамирчдын бие бялдар, гаргаж буй тэвчээр, хүч, хурд, уян хатан байдал зэргийг биширмээр. Netflix-ийн шоуны хажуугаар шинэ жил болох гээд өөрийн эрхгүй л бие хаагаа тордмоор. 

Харамсалтай нь монголчуудын дунд “fit body” буюу эрүүл чийрэг бие гэх ойлголт маш хол аж. Бидний өдөр тутмын амьдралын хэв маяг, соёл, уур амьсгал, нийгэм нь эрүүл чийрэг гэх ойлголтоос алсарсан аятай. 

Үндэсний хэмжээнд хийсэн хамгийн сүүлийн судалгаагаар 15-69 насны хүн амын 49 хувь нь илүүдэл жинтэй бөгөөд үүнээс 18.5 хувь нь таргалалттай байгааг тогтоожээ. Насны бүлгээр нь авч үзвэл нас ахих тусам илүүдэл жин болон таргалалт нэмэгдэж байна. Залуучууд 25 нас хүрээд л эрчимтэй жин нэмдэг гэнэ. Харин 35-69 насны 10 хүн тутмын зургаа нь илүүдэл жин, таргалалттай байгаа нь маш өндөр тоо. 

Эрүүл мэндийн тогтолцоо

Таргалалт бол маш олон өвчин, эмгэгийн суурь. Монгол Улс эрүүл мэндийн салбартаа өнгөрсөн жил 2.4 их наяд төгрөгийн төсөв баталжээ. Харин энэ жил 4.3 их наядыг төсөвлөсөн гэх. Энэ оны төсөвт “Эрүүл монгол хүн” гэх сүржин нэртэй даржин хөтөлбөрийг багтаажээ. Энэ хөдөлгөөний гол зорилго нь монгол хүний дундаж наслалтыг уртасгах, эрүүл мэндийг нь тэтгэх, бие бялдрыг нь анагаахын шинжлэх ухааны үндэстэй чийрэгжүүлэн хөгжүүлэх. Гэвч хөрсөн дээрх хэрэгжилт нь хаа нэгтээ семинар болсон гэлтэй. 

АНУ л гэхэд эрүүл мэндийн салбартаа хамгийн их төсөв хуваарилдаг улс бөгөөд тэд 2025 онд 5.6 их наяд ам.долларыг төсөвлөсөн нь ДНБ-ийнх нь бараг 20 хувь аж. Гэхдээ л таргалалт, өвчлөл нэмэгдсээр байгаа гэнэ. Урьдчилан сэргийлэх боломжтой архаг өвчлөлүүд хүн амын дунд нэмэгдэж байгаагаас гадна сэтгэцийн эрүүл мэндэд онцгой анхаарах хэрэгтэй болжээ. Ядаргаа, ажлын ачаалал, халшрах, залхах хам шинжүүд эрүүл мэндийг үгүй хийж байна. 

Эндээс нэг зүйлийг ойлгож болох нь хөрөнгө, мөнгөөр ард түмний эрүүл мэндийн сайн сайхныг бодитой сайжруулна гэдэг учир дутагдалтай. Зарцуулсан мөнгөнийхөө хэмжээгээр эсвэл хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн тоогоор иргэд эрүүлжинэ гэвэл үлгэр. 

Өвчин эмгэгийг эмчийн жороор эмчлэхгүй

Тэгвэл яаж гэх асуулт гарч ирнэ. Өвчин, эмгэгийг бид дасгал, хөдөлгөөнөөр анагаах боломжтой. Энэ боломж гэнэт гараад ирсэн юм биш. Бүх цаг үед л бидний хажууд байсаар ирсэн. Анзаарсан нь тун цөөн. Харин гэнэт гараад ирсэн ойлголт гэвэл Crossfit. 

Хүн төрөлхтөн Crossfit гэх үгтэй анх 2000 онд танилцжээ. Шинэ мянганы босгон дээр Грег Классмэн болон Лорен Женай нар өндөр эрчимтэй хийдэг янз бүрийн функциональ хөдөлгөөнүүдийг нэгтгэсэн цоо шинэ фитнесийн дэглэм, жорыг боловсруулсан нь энэ. Өдгөө дэлхийн 150 орчим оронд 10 мянга гаруй Crossfit бокс бий. 

Crossfit бол хүндийн өргөлт, плиометрик, пауэрлифтинг, гимнастик, туухай өргөлт, хөнгөн атлетик, калистеник зэрэг маш олон спортын элементүүдийн нийлбэр. 

Зарим нь үүнийг байдаг л жирийн фитнесийн хөтөлбөр гэж хардаг ч энэ бол эрүүл мэндийн салбарт хийсэн хувьсгал. Бүтэн 90 минут “таны эсрэг та” л байх болно. Crossfit-ээр хичээллэдэг таван хүнээс “Crossfit гэж юу вэ?” гэж асуувал хариулт нь таван өөр байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ нийтлэг хариулт нь “Sickness-Wellness-Fitness” гэсэн ойлголтыг танд өгнө. Хүн эрүүл бус байдлаас (sickness) эрүүл байдал (wellness) руу, улмаар эрүүл чийрэг байдал (fitness) руу шилжих энэ замыг CrossFit хамгийн үр дүнтэйгээр чиглүүлж өгдөг.

Монголчууд бид таргалалт, хөдөлгөөний дутагдал, суурь өвчлөлийн өсөлтөөс тойрч гарах аргагүй болжээ. Эрүүл биеийг мөнгөөр бус, хөдөлгөөнөөр олж авдаг гэдгийг ойлгох цаг болсон. CrossFit энэ ойлголтыг дэлхийд бат суулгасан. Өнөөдөр Монголд ч энэ хувьсгал эхэлж байна.

CrossFit бол фитнес биш — эмчилгээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-11-24 59.153.113.114

Тийм шүү, эрүүл байхын тулд дасгал хөдөлгөөн чухал гэдгийг бүх нийтээрээ ойлгож, хүлээн зөвшөөрч, цаг мөнгө зарцуулж сурах нь чухал байна даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж