"Зарлагын үр ашгийг тооцохгүйгээр орлогыг төлөвлөдөг нь алдаа болж байна"

"Зарлагын үр ашгийг тооцохгүйгээр орлогыг төлөвлөдөг нь алдаа болж байна"

"NEWS" агентлаг өнгөрч буй долоо хоногт “Ярилцлага” буланд уригдсан зочдынхоо ярилцлагыг тоймлон дахин хүргэж байна. Энэ удаагийн ярилцлагын зочдоор  УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа, МУИС-ийн Бизнесийн сургуулийн дэд профессор, Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн гэрээт судлаач, эдийн засагч Б.Энх-Амгалан, Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн найрагчийн охин, МУИС-ийн англи хэлний ахлах багш, доктор Л.Үүлэнсолонго, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэнгийн ажилтан, доктор Ц.Минжин, сэтгэл зүйч Б.Минжин нар уригдлаа.


"Зарлагын үр ашгийг тооцохгүйгээр орлогыг төлөвлөдөг нь алдаа болж байна"

Төрийн ордон, Улаанбаатар. 2025 оны 11 дүгээр сарын 14. УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа. Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn

УИХ-ын гишүүн, УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргын үүрэг гүйцэтгэгч, доктор Д.Үүрийнтуяатай Монгол Улсын 2026 оны төсөв тойрсон асуудлаар ярилцлаа.


-Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 31 их наяд төгрөг, нийт зарлага 32 их наяд төгрөг байхаар төсвийг баталлаа. Мөн төсвийн алдагдал анх ДНБ-ий 1.5 их наяд төгрөг байсныг 1.1 их наяд болгон бууруулахаас гадна төсвийн урсгал зардал дотроо зохицуулалт хийж, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 884 тэрбум төгрөгөөр нэмсэн. Таны хувьд ирэх оны орлого, зарлагыг хэр бодитоор тооцоолж чадсан гэж харж байна вэ?

-Ирэх 2026 оны улсын төсвийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 31,930.0 тэрбум төгрөг, нийт зарлага 32,980.0 тэрбум төгрөг, урсгал зардал 24,901.9 тэрбум төгрөг, хөрөнгийн зардал 8,568.5 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн суурь тэнцэл 2,070.9 тэрбум төгрөг /ДНБ-2 хувь/, тэнцвэржүүлсэн тэнцэл -1,050.0 /ДНБ-1 хувь/ байхаар 2025 оны есдүгээр сарын 1-нд Засгийн газраас өргөн барьсан. Энэ орлого, зарлагын дүнд өөрчлөлт ороогүй. Засгийн газраас  өргөн барьсан улсын төсвийн төсөл, төсвийн тусгай шаардлагуудыг хангасан, Төсвийн хүрээний мэдэгдэл, Төсвийн төсөөллийнхөө хүрээнд багтсан, ирэх онуудад хууль тогтоомжийн өөрчлөлтөөр татварын орлогыг бууруулах төсөөллийг хийсэн 2026 оны улсын төсөв орж ирсэн. Ирэх оны төсвийг орлого талаас нь авч үзэхэд, анх татварын ачааллыг 375 тэрбум төгрөгөөр бууруулж, төлөвлөсөн.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, НӨАТ-ын буцаан олголтын дүнг үе шаттай өөрчлөхөөр анх Засгийн газрын санал орж ирсэн. УИХ-аар хэлэлцэж байх явцад багш, эмч нарын цалин, ахмад настны тэтгэвэр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асаргааны зардлыг нэмэх асуудал ар араасаа хөндөгдсөн.

Улс төрийн нөхцөл байдал, ард иргэдийн хэрэгцээ шаардлагад үндэслэн цалин, тэтгэврийн нэмэгдлийн эх үүсвэрийг гаргахын тулд 375 тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлтийг хэрэгжүүлэх хугацааг 2026 оны аравдугаар сарын 1-н хүртэл хойшлуулсан. Энэ мөнгийг улсын төсвийн зардал талдаа шилжүүлсэн гэсэн үг. Ер нь улсын төсвийн орлого татварын болон татварын бус орлогоос бүрддэг. Сүүлийн жилүүдэд батлагдсан улсын төсвүүдтэй харьцуулахад жил тутамдаа татварын орлого нэмэгдэж, татварын бус орлого буурч байгаа. Цаашдаа татварын орлогоо бууруулж, татварын бус орлогоо нэмэгдүүлэхийн зэрэгцээ ДНБ-ий хэмжээг нэмж, эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог тэлэх бодлогыг хэрэгжүүлэх ёстой. Энэ ч агуулгаар Төсвийн хүрээ, Төсвийн төсөөллийн хуульд өөрчлөлт оруулж, 2027-2028 онд татварын орлогыг бууруулах тооцооллыг хийсэн нь давуу тал гэж харж байна.

-Тэгвэл ирэх оны төсвийн бодлогоор дамжуулан иргэдийн орлого хэрхэн сайжирч, татварын дарамтыг хэдэн хувиар бууруулах вэ?

-Өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хууль тогтоомж, 2026 оны улсын төсвийг дагасан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг хойшлуулсантай холбоотойгоор ямар нэгэн байдлаар өөр татварын өөрчлөлт одоогоор алга. Ирэх онд Татварын тухай хуулийг багцаар нь УИХ-д өргөн барьснаар 2027-2028 онд татварын орлогыг бууруулах тооцооллыг хийсэн. Энэ хуулийг сайтар судлах хэрэгтэй.

Уг хууль хэрэгжээд эхлэхээр аж ахуйн нэгжүүдэд эдийн засгийн боломж олгож, татварын ачааллыг бууруулах бодлогууд илүүтэй тусна гэж харж байгаа.

Өнөөдрийн хувьд улсын төсөв дагаж орж ирсэн хуулиудад татварын өөрчлөлт байхгүй. Харин 2026 оны аравдугаар сарын 1-н буюу гуравдугаар улирлаас Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Тэгэхээр 2026 оны аравдугаар сарын 1-нээс он дуустал хийсэн иргэд болон аж ахуйн нэгжийн худалдан авалтын НӨАТ-ын буцаан олголт таван хувиар нэмэгдэнэ.

Дэлгэрэнгүй ярилцлагыг https://news.mn/r/2833928/ линк рүү нэвтэрч унших боломжтой.

"Нүүрсний орлогын хэмжээ 3 тэрбум доллараар буурсан"

МУИС, Улаанбаатар. 2025 оны 11 дүгээр сарын 17. МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн эрхлэгч, эдийн засагч Б.Энх-Амгалан.
Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn

МУИС-ийн Бизнесийн сургуулийн дэд профессор, Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн гэрээт судлаач, эдийн засагч Б.Энх-Амгалантай 2026 оны улсын төсвийн талаар ярилцлаа.


-УИХ-аас 2026 оны төсвийн хуулийг батлаад долоо ч хоноогүй байтал УИХ-ын гишүүд "Ирэх оны төсөвт тодотгол хийх шаардлагатай" гэдгийг хэлж, шүүмжилж байна. Үнэхээр зайлшгүй тодотгол хийх шаардлагатай төсөв батлав уу. Эдийн засагч хүний хувьд 2026 оны төсвийг хэрхэн дүгнэж байна вэ?

-Жил бүр улсын төсөв батлахдаа гол төлөв зарлагаа давуулсан байдалтай буюу тодорхой хэмжээний алдагдалтай баталдаг. Төсвийн алдагдлаа ихэвчлэн гадаадын зээл тусламж авах хэлбэрээр санхүүжүүлэхээр улсын төсөвт тусгаж ирсэн. Өнгөрсөн жилийн улсын төсвийг батлахдаа орлого, зарлагаа тэнцвэржүүлэхийг хичээж, баталсан гэдгээрээ онцлог. Энэ жилийн улсын төсвийн хувьд тэнцвэржүүлсэн тэнцэл -1,050.0 /ДНБ-1 хувь/ буюу нэг их наяд төгрөгийн алдагдалтай байхаар өмнөх жилүүдийн жишгээр баталлаа.

Төсөвт тодотгол хийх процесс орлогын нөхцөл байдлаас шууд хамаарна. Ер нь улсын төсөвт орлого бүрдэх боломжгүй болсон тохиолдолд зайлшгүй тодотгол хийх шаардлагатай болдог.

Тэрнээс биш улсын төсөв дээр зарлагаа нэмэх үүднээс тодотгол хийх ёсгүй. Улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалаад улсын төсвийн зарлагатай холбоотой асуудалд тодотгол хийх талаар яригдаж байна. Ирэх оны улсын төсөвт хэр сайн орлого төлөвлөснөөс шалтгаалаад ирэх жил тодотгол хийх шаардлагатай эсэх асуудлыг ярих нь зүйтэй.

"ЦАЛИН, ТЭТГЭВЭР НЭМЭХ СУРГААР БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ ӨСӨХ БАЙДАЛ РУУ ОРООД ЭХЭЛЛЭЭ"

-Цалин, тэтгэвэр нэмэх эх үүсвэрийг босгохын тулд улсын төсвийн урсгал зардлаас таналт хийлээ. Сангийн сайд Б.Жавхлан "Нэмбэл, хасна" гэдэг зарчим барьж ажлын хэсэг ажиллалаа гэж ирэх оны төсвийн хуульд хийсэн зохицуулалтыг онцолсон. Засгийн газраас мөн цалин, тэтгэврийн нэмэгдэл инфляцид бага нөлөөлнө гэж тайлбарлаж байгаа. Цалин, тэтгэврийн нэмэгдэл эдийн засагт тэр дундаа үнийн өсөлтөд бага нөлөө үзүүлж чадах уу?

-Улсын төсөв тэлэхээр тэр хэмжээний зарлага нэмэгдэж байдаг. Зарлага нэмэгдэнэ гэдэг бол бодит эдийн засаг руу их хэмжээний мөнгөн урсгал орж ирнэ гэсэн үг. Үүнийгээ дагаад инфляцийг тодорхой хэмжээнд хөөрөгдөнө. Багш, эмч нарын цалин болон ахмад настны тэтгэвэр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийг нэмэхээр зах зээл рүү бэлэн мөнгөний урсгал орж эхэлнэ гэсэн үг. Энэ оны арван сарын статистик мэдээллийг харахад, хүнсний бараа бүтээгдэхүүнтэй холбоотой инфляци өмнөх үетэйгээ харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарч байна. Одоогийн байдлаар инфляци 9.2 хувьтай гарсан.

Цалин, тэтгэвэр нэмэх сургаар бараа бүтээгдэхүүний үнэ өсөх байдал руу ороод эхэллээ. Он гараад бодит байдал дээр цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдээд ирвэл инфляцид тодорхой хэмжээний нөлөө үзүүлэх нь дамжиггүй.

Инфляцийн түвшин импортын бүтээгдэхүүний инфляциас илүүтэй дотоодын үйлдвэрийн нөөц, хүчин чадлаас гадна цалин, тэтгэвэр нэмсэнтэй холбоотойгоор нэмэгдэх магадлал өндөр байна. Инфляцийн өсөлт юунаас болж байгааг тодорхой болгохын тулд хэрэглээний бүтцээ харах шаардлагатай. Цалингийн зээл болон цалин, тэтгэврийн нэмэгдэл хэрхэн нөлөөлж байгаагаас шалтгаалан инфляци хоёр оронтой тоо руу орох уу, үгүй юу гэдгийг хэлэх боломж бүрдэнэ. Инфляцийн түвшин орон нутаг, нийслэл хотод харилцан адилгүй байна. Шинэ он гараад инфляцийн түвшин өсөх үү, үгүй юу гэдэг нь олон хүчин зүйлээс шалтгаална. Тодруулбал, Монгол Улсын экспортын орлого ямар байх вэ, мөн импорт хэр өсөлттэй байх вэ, гадаад валютын албан нөөц хэр сайн байна зэрэг олон зүйл энд нөлөөлнө. Төгрөгийн, ам.доллартай харьцах ханш болон валютын албан ёсны нөөц талаас нь авч үзвэл, харьцангуй эерэг үзүүлэлттэй байгаа. Аравдугаар сарын байдлаар 5.9 тэрбум ам.долларын гадаад валютын албан ёсны нөөцтэй байна. Төгрөгийн ханш чангарч, өмнө нь ам.долларын ханш 3594 хүрч байсан бол одоо 3572 төгрөг болж буурсан. Өмнөх жилүүдтэй харьцуулахад, суудлын автомашины импортын дүн буурсан байна. Харин сөрөг талаасаа хилээр гаргаж буй нүүрснээс орж ирж байгаа орлогын хэмжээ гурван тэрбум ам.доллараар буурсан. Эцсийн дүндээ зэсийн олборлолт, экспорт нэмэгдсэнтэй холбоотойгоор 1.4 тэрбум ам.доллараар өмнөх жилтэй харьцуулахад нэмэгдсэн байна. Энэ бүхнээс шалтгаалж, ирэх оны инфляци нам байх уу, өндөр байх уу гэдэг зураглал гарч ирэх байх.

Дэлгэрэнгүй ярилцлагыг https://news.mn/r/2834342/ линк рүү нэвтэрч унших боломжтой.

Л.Үүлэнсолонго: Аавынхаа шүлгээс тайвшрал, эрчим авдаг

Ньюс агентлаг, Улаанбаатар. 2025 оны 11 дүгээр сарын 13. Бавуугийн Лхагвасүрэнгийн том охин Л.Үүлэнсолонго.
Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn

Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн найрагчийн охин, МУИС-ийн англи хэлний ахлах багш, доктор Л.Үүлэнсолонготой ярилцлаа. Ойрын өдрүүдэд Б.Лхагвасүрэнгийн алдарт зохиол “Үгүйлэгдсэн хайр” уянгын драмын жүжиг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тоглогдож байгаа билээ.


Саяхан аавын тань бичсэн "Үгүйлэгдсэн хайр" жүжгийн нээлт болсон. Жүжгийн нээлт ямар болов?

Энэ удаагийн жүжгийн тавилтыг Төрийн соёрхолт, УГЗ Н.Наранбаатар найруулж, залуу жүжигчдийг тоглуулсан. Найруулагч, жүжигчдийн хувьд маш их цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулсан нь мэдээж. Жүжгийн зохиолыг цаг үетэй холбон өөрчилсөн байсан. Энэ нь илүү орчин үеийн хэв маягийг шингээх гэсэн байх. Жүжиг гэдэг тухайн цаг хугацаагаар аялуулдаг юм шиг санагддаг. Гэтэл жүжгийн үг хэл, үйл явдлыг шинэчлэхээр ерөнхий утга санаа хэв маяг өөрчлөгддөг юм билээ. Залуусын урмыг нь хугалмааргүй байна. Урмыг нь хугалахаар, ууцыг нь хугал гэдэг үг байдаг.

Уг жүжгийг Бавуугийн Лхагвасүрэн сангаас зохион байгуулж байгаа арга хэмжээний хүрээнд тоглосон гэж ойлгож болох уу?

-Аавын 80 насны ойн хүрээнд хийж байгаа үйл ажиллагааны нэг нь юм. Жүжиг, киноны ажил маш их цаг хугацаа ордог учраас жил дамнасан. Бид аавынхаа зураг, гар бичмэл, ном, өөрийнх нь зурсан зургуудаар үзэсгэлэн гаргасан. Мөн өнгөрсөн оны арваннэгдүгээр сард эрдэм шинжилгээний хурал хийсэн. Шинэ номын сандаа үзэсгэлэнг нь гаргаад, олон эрдэмтэд илтгэлээ хэлэлцүүлээд сайхан хурал болсон.

Эрдэм шинжилгээний хуралд тавигдсан бүтээлүүдийг нь эмхэтгэж, ном болгож хэвлүүлсэн. Одоо жүжиг нь тавигдаж байна. Дараа оны эхээр “Дутуу хээтэй тооно” киног нь нээнэ.

Аавынхаа уран бүтээлийг олонд хүргэх, түгээх зорилготой л энэ ажлуудыг хийж байна даа. Дүү нар маань олон хүмүүстэй ярилцаж тохироод кино, жүжиг, эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан. Тэгш тоотой ойнуудад энэ үйл ажиллагааг таслалгүй үргэлжлүүлэн хийнэ гэж бид бодож байгаа. Цаашдаа ч улам дэлгэрч, дэвжих байхаа.

-Бавуугийн Лхагвасүрэн санг хэзээ байгуулсан бэ?

-Одоогоос гурван жилийн өмнө Бавуугийн Лхагвасүрэн санг байгуулсан. Тэрнээс өмнө миний дүү Л.Хасар аавын номыг эмхэлж, цэгцлэх ажлыг хийж байсан. Бид нар хааяа нэг очиж хошуу нэмнэ үү гэхээс яг гол бэлтгэх, цэгцлэхийг дүү минь л хийдэг байсан. Юм гэдэг хүссэнээр болдоггүйгээс хойш их залуудаа бурхан боллоо доо. Дараагаас нь миний том ахын хүү С.Хабул бид нар хоорондоо ярьж байгаад ерөөсөө сан байгуулъя гэж шийдэж, Занабазарын музейд сангийн нээлтийг хийсэн. Одоо С.Хабул маань гол зохион байгуулах ажлыг хийж байгаа. Аавын бүтээлүүдийн оюуны өмчийн эрх нь бол ээжийн минь нэр дээр байдаг.

Аав, ах, дүү тань яруу найрагч, зураач хүмүүс. Танай гэр бүл бол яах аргагүй урлагийн гэр бүл. Урлагийн гэр бүлд өссөн хүний хувьд аливаа зүйлийг мэдрэх мэдрэмж өөр байдаг болов уу? 

Тэр бас сонин шүү. Мэдрэмж гэдэг байгалиас өгөгддөг өгөгдөл шүү дээ. Гунигтай зүйлийг ч юм уу илүү мэдрэг хүлээж авна тэрнийхээ төлөө бие сэтгэл өмрөх, аливаа баясгалантай зүйлс дээр хүмүүсээс илүү хөөрөх сэтгэл хөдлөл бол байдаг. Манай хамгийн бага дүү их шогч. Надтай хамт кино үзэх болохоороо “Киногоо ч үзнэ, Ангаагаа ч /гэрийнхэн нь Ангаа гэж дууддаг/ бас үзнэ” гэж шоолдог. Яадаг вэ гэхээр би кинондоо орохоороо уйлчихдаг. Хүн л болсон хойно мэдрэмжээ нууна гэж байхгүй. Хүнийг өрөвдмөөр бол өрөвдмөөр санагдана, хайрламаар бол хайрламаар санагдана. Бусдаас арай илүү мэдрэмж бол байдаг шүү.

Миний аав өөрөө их нарийн мэдрэмжтэй.

Намайг хаалгаар нь яваад ороход л мэднэ. “Миний охин чинь өнөөдөр юу болчихоо вэ? Хөөрч явах чинь" гээд л. Заримдаа жоохон гундуу ороход "За миний охин тайван суу даа" гээд шууд хараад мэддэг. Охид цөөтэй байсан болохоор аав намайг арай дэндүү эрхлүүлдэг байсан.

Дэлгэрэнгүй ярилцлагыг https://news.mn/r/2834645/ линк рүү нэвтэрч уншаарай. 

"Хосуудад асуудал тулгарвал сэтгэцийн эмчээс илүүтэй сэтгэл зүйч хэрэгтэй"

Монгол Улсын хэмжээнд гэр бүл салалт өссөөр байна. Салалтын уршгаар хүүхэд хохирох үзэгдэл газар авсаар буй. Иймд бид сэтгэл зүйч Б.Жавзантай эл асуудлаар ярилцлаа. 


-Залуу хосуудын дунд гэр бүл салалт зонхилох боллоо. Тэр хэрээр нийгэмд ганц бие ээж, аавууд олон болж байна. Салалтад нөлөөлж буй гол хүчин зүйлийг сэтгэл зүйчийн үүднээс та юу гэж харж байна вэ?

-Гэр бүл зохиох нь сэтгэл хөдлөлтэй холбоотой асуудал. Тиймээс сэтгэл хөдлөлийн мэдрэмж дээр тулгуурлан гэр бүл болсны дараа хосууд хамтдаа амьдарч байх үед нийгэм, эдийн засаг болон хоёр талын нийгэмшил хосуудын харилцаанд чухал нөлөө үзүүлдэг. Шинэ хосуудын хувьд нийгэм, эдийн засгийн асуудал тулгамдахаар нүүр тулах уу, дасан зохицох уу дээр тулдаг. Уг асуудал аль ч гэр бүлд тохиолдож буй процесс гэдгийг хосууд ойлгох хэрэгтэй. Хосуудын дунд олон процесс үүсэхээр биенээ ойлгохгүй, хамтарч ажиллаж чадахгүй, буулт хийж чадахгүйгээс харилцаанд нь ан цав үүсч гэр бүл салах шалтгаан бүрддэг.

Зарим тохиолдолд гэр бүл салалт хосуудын бэлгийн амьдралтай ч  холбоотой байдаг.

Тиймээс хосууд бэлгийн ажилдаа анхаарч, сайн зохицох шаардлагатай. Нэг талаараа хайр дурлал, бэлгийн амьдрал хосуудыг нэгтгэж буй хүчин зүйлс. Тиймээс хосууд бэлгийн амьдралаа цэцэг шиг усалж байх ёстой. Манай эхнэр надад үнэнч, манай нөхөр намайг хуурахгүй гэх мэт нэг хэвшлийн ойлголтоороо удаан явахаар хосуудын мэдрэмж өмнөх үеэсээ буурах тал бий. Тиймдээ ч хосууд өөртөө хэт их буруу ойлголтыг төрүүлсэн тохиолдол байдаг. Үүнд, сэтгэл хөдлөл, энерги, сэтгэл хөдлөлийн мэдрэмжийг алдах учраас сэтгэл хөрөх гэр бүлэх салах процессын эхлэл гардаг.

-Гэр бүл салалтын хамгийн том хохирогч нь хүүхэд болдог. Зарим хосууд хүүхдээ бодож хамтдаа тэвчиж амьдрах нь зөв үү?

-Хүүхдээ хохироохгүй гэж үзээд салах шийдвэрээ түр хойшлуулсан бол  хоёр биедээ сэтгэл зүйн таагүй уур амьсгал үзүүлж болохгүй. Хэрвээ хосууд хүүхэдтэй бол хүүхдийнхээ төлөө ямар өөрчлөлтүүдийг хийх боломжтойг анализ хийж дараагийн алхмыг хийх хэрэгтэй. Сэтгэл зүйн таагүй орчинд байгаа хосын харилцаа хүүхдийн сэтгэл зүйд шууд нөлөөлдөг. Хосуудын сэтгэл зүйн таагүй орчинд хүүхэд удаан байхаар хүүхдийн сэтгэл санаанд сөргөөр нөлөөлдөг. Тийм учраас салах гэж байгаа тохиолдол үнэхээр таагүй орчин гэр бүлийн хүрээнд үүссэн эсэхийг бүрэн тодорхойлох шаардлагатай. Эсвэл би таагүй орчныг бүрдүүлж байна уу гэдгийг сэтгэл зүйчтэй ярилцаж бүрэн мэдэх боломжтой. Хосууд сэтгэл зүйн таагүй орчинд удаан амьдрах нь нэгнийхээ сэтгэл зүйн амгалан тайван байдалд халдаж эхэлнэ. Жишээ нь, ажилгүй болох, эдийн засгийн эх үүсвэр болох орлогоо алдах, найз нөхдийн харилцаа сулрах, гэр бүл ах дүүгийн харилцаанд өөрчлөлт орох гэх мэт олон сөрөг дагавар үүсдэг.

Сүүлийн үед гэр бүлийн хүчирхийлэлд дан ганц эмэгтэйчүүд өртдөг гэсэн ойлголт нийгэмд илүү зохилох болсон. Гэтэл энэ нь үгүй юм. Эрчүүд хүртэл гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болох тохиолдол бий.

-Гэр бүл салалтад найз нөхдийн хандлага их нөлөөлдөг гэх нь бий. Найз нөхдийн шахалт дарамт, зөвлөгөөг дагаж салах нь хэр зөв юм бэ?

-Хосууд хоорондоо маргасан процессоо гадагш задруулах нь эрсдэлтэй. Найз нөхдөдөө гэр бүлийн асуудлаа хэлэх нь шийдэлд хүргэх боломжгүй юм. Гэхдээ найз нөхдөдөө гэртээ болсон асуудлаа ярих нь стрессийг гадагшлуулж байгаа процесс гэж хэлж болно. Харин асуудал гарсан хосууд сэтгэл зүйчид хамгийн түрүүнд хандах хэрэгтэй. Сэтгэл зүйч үүссэн тухайн асуудал дээр үндэслэж, зөв чиг гаргаж өгөх дээр хамтран ярилцаж, ажилладаг. Тэгэхээр найз нөхдийн хувьд нэгнийхээ яриаг сонсож болох ч зөв шийдвэр гаргахад нөлөөлдөггүй.

Зарим хосууд олон нийтийн сүлжээгээр салах тухайгаа мэдэгдэхэд хосуудыг төөрөгдөлд оруулах хэмжээний зүйлсийг зөвлөж эхэлдэг.

Тиймээс хэн нэгний буруу мэдээллээс үүдэж хосын аль нэг тал нь нөгөөгөөсөө бурууг хайж, өдөөж эхэлдэг. Тэгэхлээр, олон нийтийн сүлжээ болон найз нөхөд зөв шийдвэр гаргахад нөлөө үзүүлэхгүй сөрөг байр суурийг үүсгэдэг.

Дэлгэрэнгүй ярилцлагыг https://news.mn/r/2834880/ линк рүү нэвтэрч уншаарай.

Ц.Минжин: “Монголын нууц товчоон”-ы нууцыг монголчууд өөрсдөө л тайлна

Новотел, Улаанбаатар. 2025 оны 11 дүгээр сарын 20. МУИС-ийн доктор Ц.Минжин. Гэрэл зургийг Л.Энх-Оргил.

Ц.Минжин доктор  эрхзүйч, түүхч мэргэжилтэй. Их засаг хуулийг оюутан байхаасаа сонирхож, хууль зүй болон түүхийн  шинжлэх ухааны өнцгөөс  судалсан ажээ.  Дашрамд дурдахад Ц.Минжингийн “Их засаг” судалгааны нэгэн сэдэвт бүтээл  2009 онд Шинжлэх ухааны шилдэг бүтээл, мөн 2013 онд Ерөнхийлөгчийн нэрэмжит шилдэг залуу эрдэмтний шагналыг  хүртэж байсан юм.Ц.Минжин доктор   ШУА-ийн Түүхийн хүрээлэнд Эзэнт гүрний түүхийн салбарт  арваад жил судалгаа хийсэн. Дотоод хэргийн их сургуульд ч  багшилсан.  Өдгөө тэрбээр ҮАБЗ-ийн  Стратегийн судалгааны хүрээлэнд ажиллаж байна.


-Монгол бахархлын өдөр та юуг онцолж хэлэх вэ. Хүүхэд залуус маань юуг мэдэж авбал  зохилтой бол?

-ШУА-ийн Түүхийн хүрээлэн Эзэнт гүрний түүхийн салбарт хамт ажиллаж байсан   Ц.Энхчимэг доктор,  А.Пунсаг доктор С.Цолмон,  Ц.Цэрэндорж доктор  бидний дунд нэгэн яриа болсон нь  “Монгол бахархлын өдөр”-төй болох тухай байсан юм. Бид Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр бол  Монгол бахархлын өдөр байх хэрэгтэй гэж үзсэн. Харамсалтай нь Чингис хааны мэндэлсэн өдрийн тухайд судлаачид санал нэгдээгүй байна.  Зарим нь өвлийн тэргүүн сарын шинийн 1 гэж байхад, хавар эсвэл намар мэндэлсэн гэж үздэг судлаачид ч бий.   Чингис хааны төрсөн өдөр гэхээс илүүтэй “Монгол бахархлын өдөр”-тэй болсон нь  эх түүх, эзэн Чингис хаанаараа бахархаж, үндэсний ухамсар сэргэхэд хувь нэмэр оруулна гэж найдаж байна. Америкчууд ч бахархлын өдөртэй.  Ц.Энхчимэг доктор санаачлаад төрийн удирдлагуудад албан бичгээр хүсэлт тавьсан нь ёсоор болсонд бид их баярладаг.

Хүн нүдээрээ харж, гараараа барьж байж тогтоодог учраас эзэн  Чингис хааныхаа музейг ороод үз. Тэгвэл эзэнт гүрний  үеийн монголчуудын  ур ухаан, эдлэл хэрэглэл, археологийн олдворуудыг нүдээр харж, тайлбарыг нь чихээрээ сонсож болно.

Энэ цаг үеийн агуу түүхийг бүтээсэн ард түмний  оюуны өвийг  номоос уншиж болно.

 “Монголын нууц товчоо”-гоо уншихад л  тухайн цаг үеийн оюун санааны их өвийг хүртэж чадна. Энэ их оюуны өв санг  уншиж судалж өөртөө шингээж авах нь өнөөгийн өрсөлдөөнт цаг үед  амжилттай алхах нэг түлхүүр шүү.

-Чингис хаан цөөн хүн амтай улсаас гаралтай мөртлөө дэлхийн талыг яаж байлдан дагуулсан бэ гэж одоо ч дэлхийн хүмүүс сонирхож байгаа. Чингис хааны үр сад  хэрхэн амьдарч байгаа вэ.  Энэ асуулт хэзээ нэг өдөр манай хүүхдүүдэд тавигдана? 

Бид саяхан "Physical Asia" шоунаас ч харлаа шүү дээ. Цөөхөн монголчуудаас зургаан залуу гараад л монголчууд ямар их тэсвэр тэвчээртэй,  хурдан сэтгэж тактик боловсруулж, тал талаас цугласан мөртлөө  нэгдэж цул байж чаддагаа харуулсан. Б.Орхонбаяр арслан ч өөрөө хэлсэн. Малтай ноцолдож нүүдэлчин ахуйтайгаа ойр байсан учраас тактик хурдан боловсруулдаг, “хар” ухаан, эв дүй чухал байсан гэж. Биеийн  хүчээс гадна оюуны хүч чухал гэдгийг тэд харуулсан шүү дээ. Түүхэн цаг үед монголчуудын дундаас мэндэлсэн суут   хүүгийн удирдлага дор Их Монголын  эзэнт гүрэн ЕвроАзийн газар нутагт монгол засаглалыг  тогтооно гэдэг саяны залуус шоунд амжилттай оролцож байгаатай адил  оюуны ухамсрын их хүч  байсныг илтгэнэ. “Биеийн хүчээр нэгийг ялна. Билгийн хүчээр түмнийг ялна” гэдгийг манайхан  харуулж чадлаа. Чингис хааны үед ч бидний өвөг дээдэс  амьдарч байсан болоод л бид өнөөдөр  байгаа. Өвөг дээдсийн маань ген мэдээлэл бидний мах, цус, ясанд шингээстэйг  ухамсарлаж ойлгох нь магадгүй бид ирээдүйгээ залж явахад чухал нөлөөтэй болов уу.

 -Монголчууд биднийг зэрлэг бүдүүлэг улс, хууль цаазгүй  байсан гэх илтэд дорд үзсэн яриа  явдаг. Гэтэл Чингис хааны үед Их засаг хуультай байжээ. Тэр нь түүнийг залгамжлагчдын үед ч мөрдөгдсөн байна. Түүний ач хүү Хубилай хаан ч Их засаг хуулийг дагаж мөрдөнө гэдгээ тунхаглаж байсныг таны илтгэлээс сонслоо. Их Засаг хуулиар юуг зохицуулдаг байсан юм бэ?

   -Гадны зарим эрдэмтэн  Монголд төр байгаагүй. Төр байгаагүй юм чинь хууль байгаагүй гэж бичсэн байдаг. Монгол Улс төр, хуультай байсан тухай  бусад  маш олон сурвалжуудад байдаг. Чингис хааны хэлсэн үг бий. “Миний дээр төр, төрийн дээр тэнгэр” гэж.  “Хэрхэхийг тэнгэр мэднэ” гэдэг.  Энэ зарлиг эрэмбээ тогтоож буйг илтгэдэг. Их засагт хаанаас эхлээд харц бүгд захирагддаг.  Гэтэл суурин улсын хууль тухайн үед гарч байсан  Магна Харта  гэхэд л  зөвхөн ноёдын эрх ашиг, боолчлолын тухай байхад Их засагт  хаанаасаа  харц хүртэл ялгалгүй ижил хэм хэмжээ үйлчилж байсан онцлогтой.  Тийм ч учраас Өгөөдэй хааны хүү буюу Чингис хааны ач нарыг Их хуралдайд ирээгүйн төлөө засгаар засаглаж  байв.  Энэ бүхэн Их засаг  өндөр хүчин чадалтай байсныг илтгэж байгаа юм.

Хубилай хаан “Булга, Хожа, Түмэн, Аличар, Тогуз тэргүүтэн миний төрийг түйвээсний учир Чингис хааны тогтоосон их засгаар засаглав” хэмээн зарлиг буулгаж байсан. Энэ мэт  Хубилай хаан Монгол төрийн эзэн эрхийг  гартаа атгасан цагаас эхлэн Чингис хааны Их засаг хуулийг баримтлан төрийн хэргийг явуулахаас гадна өөрөө шинээр засаг хууль тогтоож байжээ. Юань улсын бүс нутагт Монголын төрийн бодлогыг хэрэгжүүлэхийн тулд  Чингисийн “Их засаг”–ийг уламжлан хэрэгжүүлэхийн хамт Юань улсад олон хууль цаазыг шинээр батлан мөрдүүлжээ. Их Монгол Улсын төрийн эрх Юань улсад шилжин ирэхийн зэрэгцээ Монгол төрийн бодлогыг хэрэгжүүлэхийн тулд “Их засаг” нь хууль эрх зүйн хувьд дээд хүчин чадалтай болох тухай сурвалжид тэмдэглэсэн байна.

Дэлгэрэнгүй ярилцлагыг https://news.mn/r/2835068/ линкээр нэвтэрч унших боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж