Шейх Хасинаг цаазлах замын садаа: Энэтхэг

Шейх Хасинаг цаазлах замын садаа: Энэтхэг

Шейх Хасинаг цаазлах замын садаа: Энэтхэг

Шейх Хасинагийн эцэг Шейх Мужибур Рахман 1970-аад онд харгис хэрцгийгээр алагдсан нь түүний улс төрийн өсөлтийг тодорхойлсон гэхэд болно. "Үндэстний эцэг" гэгддэг байсан эцгээсээ хойш тэр баатарлаг эмэгтэйн дүрээр олон жил амьдарчээ. Нэгэн цагт Бангладешийн улс төрийн ноён оргил байсан Хасина өнөөдөр Энэтхэгт толгой хоргодож байна. 15 жилйн авторитар засаглалын дараа Хасина өнгөрсөн оны наймдугаар сард хамгийн ойрын холбоотнуудын нэг болох Энэтхэг рүү зугтсан.

Түүнийг өнгөрсөн жилийн үймээн самууны үеэр жагсагчдын эсрэг үхлийн хүч хэрэглэхийг зөвшөөрч, хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэсэн шүүхийн шийдвэр гарч, цаазын ял оноогоод буй билээ. Гэхдээ цаазын ял хэрэгжих эсэх нь Энэтхэгээс хамаараад байна. Бангладеш улс Шейх Хасинаг шилжүүлэн өгөхийг Энэтхэгээс шаардаж байна.

Бангладешийн улс төр судлаач Мубашар Хасан хэлэхдээ "Хасина ард түмний уур хилэнгээс зугтахын тулд улс орноосоо дүрвэхээс аргагүй болсон. Тэгээд Энэтхэгт нуугдаж байхад нь цаазын ял оноолоо. Үнэхээр ер бусын түүх" гэсэн юм.

Хасинагийн улс төрийн аяллыг Шекспирийн хэмжээний түүх гэж нэрлэж байна.

Шейх Мужибур Рахманы том охин тэрбээр Пакистанаас тусгаар тогтнохын төлөөх Бангладешийн тэмцлийг гэрчилж, амьдралынхаа эхэн үед улс төрд хөл тавьсан юм. Гэвч 1975 оны наймдугаар сарын тэр нэгэн цуст шөнө түүний амьдралыг шинээр тодорхойлжээ. Харгис цэргийн эргэлтийн үеэр түүний аав, ээж болон гурван ах нь армийн офицеруудын гарт гэртээ амь үрэгдсэн юм. Энэ үед Хасина эгчийнхээ хамтаар баруун Германд байсан тул амьд үлджээ.

Үүний дараа генерал Зиаур Рахман засгийн эрхэнд гарч, түүний дэглэм Мужибурын алуурчдыг хэдэн 10 жилийн турш хамгаалах хууль баталсан. Зиаур Рахманы эхнэр Халеда Зиа хожим нь нөхрөө алагдсаны дараа улс төрийн тавцанд гарч ирж, Хасинагийн өрсөлдөгч, дайсан болсон билээ.

Sheikh Hasina & Khaleda Zia

Тухайн үед Шейх Хасина Энэтхэгийг зорьж, зургаан жил тэндээ толгой хоргоджээ. Эндээс харвал Шейх Хасина арга ядсан үедээ нэг бус удаа Энэтхэгийг зорьсон байх юм. Түүнийг 1981 онд Бангладешт буцаж ирэхэд нисэх онгоцны буудал дээр гэрийнхнээс нь мэдээж хэн ч тосоогүй. Гагцхүү ард түмний хайр хүндэтгэл л байсан гэдгийг Хасина хожим дурссан байдаг.

Ингээд Бангладешт дараагийн 30 жилийн турш ноёрхох хоёр эмэгтэйн тэмцэл эхэлсэн аж.

Хасина ирмэгцээ аавынхаа Аваами лиг намын удирдлагыг гартаа авсан бөгөөд олон жил Зиатай өрсөлдсөн байдаг. Улмаар 1996 онд Аваами лиг сонгуульд ялалт байгуулснаар Хасина анх удаа ерөнхий сайд болжээ. Тэрбээр албан тушаалд томилогдмогцоо 1975 оны төрийн эргэлт болон гэр бүлийнхээ аллагад оролцсон хүмүүсийг шүүхээр яллах тухай зарлаж, шударга ёсыг эрэлхийлэх эхлэлийг тавьсан.

ЦУСААР ТАМГАЛСАН ЭРХ МЭДЭЛ

Шахина өнгөрсөн хугацаанд нэг удаа Зиад ялагдаж, суудлаасаа бууж байв. Гэсэн ч 2008 онд засгийн эрхэнд эргэн ирэхдээ илүү шийдэмгий, байр сууриндаа бат болж өөрчлөгдсөн байлаа. Дараагийн 15 жилийн турш тэрбээр Бангладешийг жинхэнэ төмөр нударгаар удирдан, эдийн засгийн хүчтэй өсөлтийн эрин үеийг эхлүүлсэн. Үүний зэрэгцээ эдийн засаг, аюулгүй байдлын хэлэлцээрээр Энэтхэгт ихээхэн дэмжлэг үзүүлж байв.

Гэхдээ Бангладешийн хөгжил дэвшил асар их үнээр ирсэн аж. Хүний эрхийн байгууллагууд Хасина болон түүний засгийн газрыг нэг намын систем рүү чиглэсээр байгааг анхааруулдаг байжээ. Шүүмжлэгчид ч улс төрийн хүчирхийлэл, айлган сүрдүүлэлт, хэвлэл мэдээлэл, сөрөг хүчнийхний дарамт нэмэгдэж байгаад санаа зовж байгаагаа илэрхийлэх болсон байна.

Дарамт нэмэгдэхийн хэрээр Хасина хэцүүдсэн үед Энэтхэгт найдаж болно гэж итгэдэг байжээ.

Үндсэндээ Хасина эрх мэдэлд хүрэхийн тулд асар их цус урсгасан. Бангладеш дахь түүний дүр төрх түрэмгий дарангуйллаар тодорхойлогдох болсон. Тэрбээр олон нийтийн эсэргүүцэл, баривчилгаа, аллагын оролдлогыг даван туулахдаа чадварлаг гэдгээ баталсан боловч өнгөрсөн жил дэгдсэн залуучуудын бослого яах аргагүй өөр байжээ.

Төрийн албаны ажлын байрны квотыг эсэргүүцсэн оюутнуудын жагсаалаас эхэлсэн үймээн Шейх Хасинагийн огцролтоор дууссан юм. Тухайн үед Хасинагийн дэглэм залуусын эсрэг харгис хариу үйлдэл үзүүлж, 1400 хүн нас барсныг НҮБ мэдээлжээ.

Хасина эцэстээ өөрөө зугтсан нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөнтэй адил хэрэг байсныг Бангладешийн улс төр судлаач Мубашар Хасан хэллээ. Хүн бүр түүний эсрэг зогссон. Учир нь Хасина хил хязгаарыг давсан.

ТҮҮХ ДАВТАГДАВ

India’s Prime Minister Narendra Modi with Sheikh Hasina

Хасина Шинэ Делид улс төрийн дүрвэгчийн хувиар орогнож, бараг хагас зууны өмнөх түүхийг давтав. Түүнд Бангладешийн Дотоодын дайны гэмт хэргийн шүүх болох Олон улсын гэмт хэргийн шүүхээс цаазаар авах ял оноолоо. Хасина жагсагчдыг хөнөөх тушаал өгсөн нь тодорхой гэх дүгнэлтийг шүүх гаргажээ.

Цаазын ялыг зарлах үед шүүхийн танхимд хохирогчдын алга ташилт нижигнэж, баярын нулимс дусалж байсан гэдэг.

Хохирогчийн аав Абдур Раб хэвлэлд яриа өгөхдөө "Цаазын ял биднийг бага зэрэг тайвшруулсан. Гэхдээ бид түүний хүзүүнээс олс дүүжилсэн байхыг харж байж л бүрэн сэтгэл ханана" гэжээ.

Гэвч цаазын ялтай Энэтхэг улс төвийг сахисан байр суурь баримталж, бүх оролцогч талуудтай үр дүнтэй харилцаа холбоотой байхаа амлажээ. Хариуд нь Хасинагийн гэр бүл Энэтхэгт талархал илэрхийлэв. Хасинагийн хүү Сажиб Вазед "Энэтхэг улс үргэлж сайн найз байсаар ирсэн. Энэ хямралтай үед ээжийн минь амийг аварч байна" гэжээ.

Хасина 10 гаруй жилийн турш Энэтхэгийн хамгийн тууштай холбоотон байжээ. Түүний засгийн газар Энэтхэгийн эсрэг босогчдын бүлгүүдийг дарахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Өдгөө Хасинагийн засгийн газар унаснаар радикал исламын бүлэглэлүүд дахин гарч ирж болзошгүй гэж Энэтхэг санаа зовниж байна.

Энэтхэгийн дипломатч Анил Тригунаят хэлэхдээ "Энэтхэг улс Хасинаг шоронд орох, эсвэл үхэх гэсэн сонголттойгоор буцаана гэдэгт маш их эргэлзэж байна. Энэтхэгийн шилжүүлэн өгөх тухай хууль, мөн Бангладештай байгуулсан шилжүүлэн өгөх гэрээнд иймэрхүү нөхцөл байдалд зориулагдсан хэсэг бий. Хэрэв тухайн гэмт хэрэг нь улс төрийн шинж чанартай бол шилжүүлэн өгөхөөс татгалзах боломжийг олгоно гэж тус хууль болон гэрээнд заасан байдаг" гэв.

Өөрөөр хэлбэл, Энэтхэг улс Хасинагийн үйлдсэн хэргийг улс төрийн гэмт хэрэг гэж үзэхээс бус хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг гэж үзэхгүй байх магадлалтай.

Хасинад ял оноосон өдөр Бангладешийн Гадаад хэргийн яам мэдэгдэл хийхдээ "Энэтхэг түүнийг нэн даруй хүлээлгэн өгөх ёстой. Энэ бол хоёр улсын хооронд одоо байгаа хоёр талын шилжүүлэн өгөх гэрээний дагуу Энэтхэгийн үүрэг хариуцлага" гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж