Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-ын ерөнхийлөгч, гавьяат эдийн засагч Б.Лхагважавтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-МАН дүрэмдээ "Намын дарга Ерөнхий сайд байна" гэдэг хуучин заалтаа оруулж баталсан ч МАН-ын дарга Н.Учрал УИХ-ын дарга боллоо. Одоогийн улс төрийн нөхцөл байдалд тааруулж, Их хурлаас дээрх шийдвэр гаргасан гэж ойлгож болох уу. Энэ томилгоо МАН-ын хагаралд цэг тавьж чадсан гэж ойлгож болох уу?
-Би МАН-ын гишүүний хувьд эрхээ эдэлж, намын даргад өрсөлдсөн. Одоогийн нөхцөл байдалд МАН-ын дарга нь УИХ-ын дарга болохоос өөр аргагүй гэдгийг мэтгэлцэж байхдаа ч хэлсэн. Хоёрт, УИХ-д олонх болсон улс төрийн нам УИХ-аа эмхлэн байгуулдаг дүрэмтэй. Үүнээс өөр альтернатив хувилбар байхгүй. Эрх баригч намын дотоод зөрчлийн улмаас парламент эзэнгүй болсон. Сая нэг хэсэг Засгийн газрын тэргүүнгүй ч байж үзлээ. Институци хоорондын зөрчлийн асуудлыг Үндсэн хуулийн Цэц шийдвэрлэх ёстой. Үндсэн хуулийн Цэц энэ асуудлыг авч хэлэлцэж, шийдвэрлэсэн. Өмнө нь 2018 онд бас ийм үйл явдал болж, УИХ-ын дарга болон Ерөнхий сайд хоёрын хооронд зөрчил гарч байсан удаатай. Тухайн үед Ерөнхий сайд Цэцэд хандсан боловч хуралдахаас нь өмнө УИХ асуудлаа шийдвэрлэж байсан юм. Энэ бол хувь хүмүүсийн маргаан биш учраас Үндсэн хуулийн Цэц шийдэх ёстой.
Миний хувьд МАН-ын шинэ даргад амжилт хүсч байна. Парламентад олон нам, эвслийн төлөөлөл бий. Ойрхон маш чухал шийдвэрүүдийг гаргах шаардлагатай.
Би МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр, УИХ-ын дарга Н.Учрал Эдийн засаг, хөгжлийн сайдаар томилогдоод удаагүй байхдаа ЕвроАзийн гэрээ байгуулахаар ОХУ-ын Минск хот руу явж байсан. Дараагаар нь БНХАУ-ын Хөх хотын олон улсын экспод оролцох гэх мэт ажлын шугамаар хамт явсан. Үүнээс гадна Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль, Татварын багц хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Арилжааны тухай хууль, Танхимын тухай хууль гээд маш олон хуулийг яаман дээр багцалж байсан. Одоо МАН-ын дарга Н.Учрал УИХ-ын дарга болсон учраас бидний хамтран хийж байсан хууль эрх зүйн ажлууд урагшлах болов уу гэж бодож байна.
-Ер нь МАН-ын Их хурал хэр ардчилсан, ил тод нээлттэй болж өнгөрөв?
-Эрх баригч намын асуудал хоёр сарын хугацаанд нийгмийг хямралд орууллаа. Төр нь тогтворгүй, төвшин биш болохоор түмэн олон маш их бухимдалтай байлаа. Тиймээс эрх баригч нам ямар нэгэн байдлаар хурлаа хийж, үүссэн асуудлыг шийдэх ёстой байсан.
МАН-ын Их хурлаар 2255 төлөөлөгч цугларсан хэдий ч танхимаас нэг ч нэр дэвшигч гарч ирэхгүй байгаа нь сонин байгаа биз.
Би намын гишүүний хувьд эрхээ эдэлж, МАН-ын даргад өрсөлдсөн. Яг үнэндээ МАН-ын Их хурлаас өмнө бүх хүн нэрээ татаж байгаагаа мэдэгдсэн. Тэр талаас та бүхэн дүгнэнэ биз. МАН-ын 2255 төлөөлөгчөөс намын даргад өрсөлдөх нэг ч хүнгүй байна гэдэг бол юу хийж, яаж зохион байгуулсныг харуулж байна.
-Удирдах зөвлөл бол намын уураг тархи гэдэг. МАН-ын Удирдах зөвлөл болон Бага хурлын гишүүдийн бүрэлдэхүүнийг шинээр сонголоо. Ерөнхийлөгчийн талын төлөөллийг түлхүү сонгосон гэх шүүмжлэл дагуулж байна. Та үүнтэй санал нийлэх үү?
-Миний хувьд өмнө нь хоёр удаа заалнаас Бага хурлын гишүүнд нэр дэвшиж байсан. Би социал демократ нам болоход нь "Манай нам хэрвээ энэ коммунист намаасаа социал демократ нам руу бүрэн шилжиж байгаа бол шударга ёс, эрх чөлөө, тэгш байх ёстой. Тийм учраас намын гишүүддээ, хурлын төлөөлөгч нартаа тэгш бололцоо олгож, Бага хурлаа бүрдүүлээч" гэдгийг хэлж байсан юм. Гэхдээ тэр үед ч гишүүдээ хайрцаглаж байсан бол өнөөдөр ч бас тэгж байна.
Уг нь болдог бол дараагийн Их хурлаараа 50 хувийг нь заалнаас буюу төлөөлөгчид өөрсдөө сонгогдох эрхээ эдлэх нь зөв болов уу.
Яваандаа энэ бүхэн өөрчлөгдөх байх. Одоо бол МАН-ын дарга өөрийнхөө бодлогыг хэрэгжүүлэхэд Бага хурлын баг бүрэлдэхүүн дэмжиж, ажил саадгүй явахад илүү үр дүнтэй байна байх. Гэхдээ хувь улстөрчийн авьяас чадвар мэдэх хэрэг. Нөгөө талаасаа намын Удирдах зөвлөлд залуу хүмүүс сонгогдсон. Салбар салбарын шинэ үеийн залуус нэг талдаа гарч, үзвэл үзье, амжилт олвол олъё гэдэг байдлаар ажиллана гэж харж байна.
-Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй уулзах үеэрээ ОХУ-ын банк салбараа Монголд нээх зөвшөөрлийг олгоход бэлэн гэдгээ илэрхийлсэн. Эдийн засагч хүний хувьд үүнийг хэр зөв алхам гэж харж байна вэ. Ингэснээр дотоодын арилжааны банкуудын зээлийн хүү буурах болов уу?
-Монгол Улсын хувьд ОХУ-аас шатахуун, эрчим хүч импортолж байна. Нийт 2.3 тэрбум ам.долларын шатах, тослох материал худалдан авч байна. Уул уурхайн салбар энэ хоёроос шууд хамааралтай. Бид 2017, 2018 онд Дубайн нэмэлт гэрээний дараа банкны системээ барууныханд өгсөн. Оюултолгойд арилжааны 16 банк хөрөнгө оруулагч болсон. Хоёрт, ОХУ болон Украины дайнаас болж бизнес эрхлэгчид маш хүнд байдлаар мөнгөн гуйвуулга хийж байна. Нөгөө талаас АНУ-тай учраа олж, ялангуяа манайх 100 хувь хамааралтай байдаг учраас банкны системийн нэг данс нээлттэй байх ёстой.
Яагаад гэвэл бид аж амьдралтай тусгаар тогтносон улс шүү дээ. Тэр талаасаа хандаж байгаа болов уу.
Мөн ЕвроАзийн худалдааны гэрээнд Монгол Улс орж, 375 бараа бүтээгдэхүүнийг хоёр тал харилцан татваргүй нийлүүлнэ. Ингэхийн тулд эхний хийх ажил нь санхүүгийн гүйлгээгээ яах вэ гэдэг асуудал тулгарна. Танхимууд хоорондоо санхүү мөнгө, барааны чанарын асуудал, бизнесийн процесс үргэлжлэх ёстой гэж харж байна.
"КОМПАНИУД 2 ВАЛЮТЫН УНАЛТТАЙ, УЛС ТӨРИЙН ХЯМРАЛТАЙ БАЙХАД 14 ИХ НАЯДЫН ОРЛОГО ОЛСОН НЬ ИХ ЮМ"

-УИХ ирэх оны улсын төсвийг нэлээд асуудал үүсгэж байж, хугацаанд нь багтааж баталлаа. Ирэх онд хувийн хэвшлүүдээ хэр дэмжсэн төсөв батлагдсан гэж та харж байна вэ. Яг одоо аж ахуйн нэгжүүд ямар нөхцөл байдалд байна?
-Засгийн газар 2025 оны долдугаар сарын сүүлчээр ирэх оны улсын төсвийн төслийг ард түмнийхээ дунд хэлэлцүүлсэн. Тэр үеэр МҮХАҮТ албан ёсны тодорхой байр сууриа илэрхийлсэн. Ирэх оны улсын төсвийн орлого, зарлагын хувьд өнгөрсөн оныхтой адилхан батлагдсан. Гэхдээ 2025 оны улсын төсөв батлахад тухайн жилийнхээ хугацаанд удаа дараа тодотгол хийсэн. 2025 оны төсөвт хориг тавиулаад дахин баталсан байдаг. Ирэх жилийн төсвийн шүүсийг нэлээд шахсан болов уу гэж бодож байна. Тоон утгаараа манай танхимын саналтай адилхан байсан.
Ирэх оны улсын төсөвт татвартай холбоотой ганцхан заалт орсон. Бусад хууль болон Татварын багц хууль орж ирэх ёстой байсан ч үнэхээр энэ улаан хэрүүлийн хажуугаар УИХ-аар хэлэлцүүлж чадсангүй. Одоо хэрүүл намжиж, амар амгалан болсон бол Татварын тухай хууль, Эдийн засгийн багц хуулийг оруулж ирэх боломжтой.
2025 он бол онцлог жил. АНУ-ын ам.доллар гэдэг валютын ханш 15 хувиар унасан. Монгол төгрөгийн ханш зургаан хувь гээд нийлээд 25-30 хувийн алдагдалтай байгаа. Манай компаниудын тоон дүнг валютад шилжүүлбэл өнөөдөр нэмэх тооцоотой компаниа байхгүй. Төгрөг гэдгээрээ өссөн тоогоор харахад болж байгаа юм шиг мөртлөө үнэ цэнээр харвал тэг дүнтэй. Тийм учраас өнөөдөр бүгд хасах данс, тооцоотой байна. Сая татварын орлогоор 17 их наяд төгрөгийг олно гэж төлөвлөж байсан ч гурван их наядаар тасалсан гэдгийг Ерөнхий сайд мэдэгдсэн. Яг нарийндаа татварын орлого гэдэг чинь компаниудын орлого. Компаниуд 30 хувийн хоёр валютын уналттай, улс төрийн хямралтай байхад 14 их наядын орлого улсад олж өгсөн байна гэдэгт нь баярлаад сууж байх ёстой юм шүү. Хувийн хэвшлийн шүүсийг шахаад ч юм гарахгүй. Хөрөнгө оруулалт татарч, нүүрсний үнэ огцом уналаа. Дахиад ч үнэ нь унах магадлалтай. Тийм учраас энэ асуудалд анхаарал тавьж байх ёстой.
Ерөнхий сайдын гол ажил бол Татварын багц хуулийг улсын төсөв батлагдсан учраас УИХ-аар хэлэлцүүлж, батлуулах шаардлагатай.
Нөгөө талдаа Монгол Улсын татвар бол харьцангуй бага шүү. Яагаад гэвэл нийт компаниудын 90 хувь нь нэг хувийн татвар өгч байгаа. Аж ахуйн нэгжийн орлогын татвар 10 хувь гэж байгаа боловч тухайн татварынхаа 90 хувийг буцаан авдаг. Иргэд НӨАТ-ын татварын 20 хувийг буцаан авч байгаа. Иргэдтэйгээ харьцуулахад 4-5 дахин их татвар буцаан авч байна. Ганцхан асуудал бол нийгмийн даатгалын шимтгэл. Энэ гацаанд хоёр их наяд төгрөгийн алдагдал бий. Тийм учраас энэ асуудлыг системээр нь өөрчлөх ёстой. Хувийн нийгмийн даатгалын системийг оруулж ирэх ёстой. Нийгмийн даатгал чинь маш их мөнгөний цуглуулга. Нэгийг нь нөгөөгөөр нь аргацаагаад байвал энэ сан бүр байхгүй болно. Энийг засч залруулах ажлыг одоогийн Засгийн газар хийх ёстой. Ядаж нэг удаа газрын хэвлийн баялгийн санг нийгмийн даатгалын сангийн зөрүүнд өгөх хэрэгтэй. Мөн ойрын хэдэн жилдээ баялгийн санг нийгмийн даатгалын системийг засахад нэг удаадаа ашиглах хэрэгтэй. Хамгийн гол нь энэ бүхнийг одоо л засч авахгүй бол дийлэхээ байна.
"БИД ОДОО Л ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТААТАЙ ОРЧИН БИЙ БОЛГОЖ ЧАДАХГҮЙ БОЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТГҮЙ АДГИЙН УЛС БОЛНО"

-Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбараас өндөр хамааралтай. Тэр дундаа нүүрсний экспорт голлох нөлөөг үзүүлдэг. Ирэх онд олон улсын зах зээл дээр нүүрсний үнэ нэмэгдэх төлөв ажиглагдаж байна уу?
-Ний нуугүй ярихад, хамгийн том орд буюу Тавантолгой дээр байгаа бүх менежментийг цаасан дээр гаргаад, бүх талууд ярилцах ёстой. Яагаад гэвэл орон нутгийн менежмент, төрийн менежмент, хөрөнгө оруулалтын менежмент, хувийн менежмент гээд олон тал бий. Хамгийн сайн ашигтай, бүрэн баяжуулж менежментээрээ явах ёстой. Тэр нь хувь, хувьсгалын байх нь хамаагүй. Орон нутаг, хувийн компаниуд маш сайн ажиллаж байхад хамгийн их орон зайг эзэлсэн төрийн компаниудад авлига үүрлэсэн байна.
Өөрсдийнх нь хэлсэн том том тоо, баахан зөрчлүүдийг гаргаж ирээд шалга. Байгалийн баялгаа зөв олборлох шаардлагатай. Эндээс олж байгаа бүх орлогыг зөв хуваарилах нь чухал.
Энэ бол хэсэг компани, хэсэг гэр бүлийн өмч биш. Бид одоо хамгийн сайн чадаж байгаагаа дампууруулчихаад хамгийн их авлига үүрлэсэн дээрээ дахин явж болохгүй. Бид 2013-2014 онд нүүрс Монголыг чирч алах шахсан. Гадаад зах зээл дээр 150 ам.доллар байснаа 30 болтлоо унаж, улсаараа тэг зогсолт хийсэн. Тийм учраас бид мөнгө хэвлэж, 1.5 тэрбум ам.доллар зээлж авсан. Энэ гайг улсаараа мэдэрсэн. Дараагаар нь цар тахлын үеийн нүүрс тээврийн үнийг ердийн бизнест загвар болгон ашиглаж болохгүй. Гэтэл нүүрсний түр зуурын уналтыг байнга тийм байх юм шиг бодож, бүгд хуруу хумсаа дүрэх гэж оролдсон. Үүний гор нь сая гарч ирлээ. Саяны хэрүүл бол эрдэс баялагт хэн дахин эзэн суух вэ гэдэг тэмцлийн дөнгөж илрэл нь шүү.
-Ирэх онуудад гадаадын хөрөнгө оруулалтыг татах ямар арга чарга байна вэ. Ер нь гэрэл гэгээ байна уу?
-Дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад ганцхан татварын таатай орчин байдгаа бараг хэрэглүүлээгүй. Ганц нэг хөрөнгө оруулагч шүүхээр явж байж нэг юм ашиглаж чадсан. Хамгийн том алдаа нь Хөрөнгө оруулалтын хуулиа Татварын хуультайгаа уялдуулж чадаагүй. Яг ийм алдаа манай олон хуульд байгаа. Сүүлд Казахстан улсад УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалантай айчлалаар очиход тус улс яаж 20 жил хөрөнгө оруулалтаа шингээснээ ний нуугүй танилцуулсан. Жишээлбэл, Казахстан улс өнгөрсөн хугацаанд 424 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалт хийсэн. Ингэхдээ, хөрөнгө оруулагчдын хөрөнгөд нь баталгаа гаргаж өгөхийн тулд Англи улсын арбитрыг авч ирсэн. Нэг ёсондоо хөрөнгө оруулагчийн өмч хөрөнгө хуулийн баталгаатай болгож байсан бол хоёрт нь татварын маш таатай нөхцөл санал болгож, ажил олгогчтой холбоотой хөнгөлөлт, газраа эзэмших боломжийг олгож байна.
Бид одоо л ийм таатай орчинг гаргаж ирж чадахгүй бол хөрөнгө оруулалтгүй адгийн улс болно.
Монгол Улс Евро-Азийн төв болж байна. Тэгэхээр Монгол Улс маш сайн дэд бүтэцтэй байж чадвал энэ интеграцийн төв болох юм. Бид маш сайн санхүүгийн гүйлгээ хийдэг, төмөр зам, хурдны замтай, шугам сүлжээ нь сайн байх ёстой. Тийм учраас энэ дээр хөрөнгө оруулалт хийе гэдгээ биднийг тойрч буй улс орнууд хүсч байна. Дэлхийн бүх улс цахилгаан болчихоод байхад манайх 40 км/цагийн хурдтай вагонтой, ганц төмөр замтай, засмал зам нь ачаа тээврийн зориулалттай биш. Бид хөрөнгө оруулалтыг татаж, эдийн засгийн төв болохын тулд шийдвэр гаргаж байгаа улстөрчдөд баталгаа байх ёстой шүү. Хүссэн хүсээгүй эрх мэдэлтнүүд ямар нэгэн шийдвэр гаргана. Бид тэр шийдвэр гаргасан хүнээ хамгаалах ёстой. Тэр шийдвэрийнх нь төлөө. Өнөөдөр бүх шийдвэр гаргасан улстөрчид шоронд орсон. Энэ бол маш аюултай. Би Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэд "Төрийн нийтийн хамааралтай өмчийн тухай хуулиа сайн гаргаарай. Та 140 их наядын хөтөлбөр танилцуулж байна. Улсын төсвөөсөө зургаа дахин их мөнгийг бизнес болгохын тулд том том шийдвэр гаргана. Гэхдээ энэ шийдвэр гаргасан хүмүүсээ хамгаалдаг системийг бий болгоорой" гэж хэлсэн. Харамсалтай нь, тэр хүн хийж чадаагүй л дээ.
3,548.92






















































Цогсүрэнгийн Ганболд сэтгүүлч 2025-11-24 185.107.242.3
ОХУ-ын Минск гэж хот байхгүй шүү! Хэтэрхий мэргэн жараахай Лхагважав гуай!
Ард 2025-11-24 202.9.47.31
их мэдэгчийн дүр эсгэсэн үл мэдэгч .өөдтэй амьтан биш .тэмдэг авчхаад дуугарч чадахаа больчихжээ. муу хар мягуу чинь
зочин 2025-11-24 66.181.185.155
Хоёр хөршид төрийн өмч хэвийн ажиллаад байна Улс орноо урагшлуулах локмотив нь болж байна Улс орон нь барууны орнуудаас илүү түргэн өсөж хөгжиж байна, Төр хүчтэй байна, Зах зээлийн нөхцөлд маш чадварлаг ажиллаж байна, Гэтэл манайд л болдоггүй, ямар учир байна аа Төрийн өмчийн Эрдэнэт Оюутолгой Тавантолгой зэргийг гадаад дотоодын аль нэг нөхөрт хувийн өмч болгон өгвөл л хамаагүй үр ашигтай ажиллах юм гэнэ,
аарай 2025-11-24 202.9.46.239
Лхагважавын мэдлэг хүч чадлыг МАН ашиглах хэрэгтэй. Ер нь ажлын туршлагатай чадвартай ахмад, залуу боловсон хүчнүүдээ зоригтой дэвшүүлэх нь чухал шүү.
ЭРГҮҮ ҮХЭР МОНГОЛ 2025-11-24 202.21.110.94
ГАНЦ ГАЙГҮЙ БАЙЖ МЭДЭХ ДУРАК БАЙГАА ЮМ ДАА………ЖИЖИГ МАФИОЗУУДЫН ШАХААНД Л ОРЧИХГҮЙ БОЛ…………
Нэргүй 2025-11-24 103.57.93.144
Танхимийн Лхагважав ерөнхийлөгч маш зөв бодолтой хүн. Сая аргагүй НАМ- ын бүлэглэлд цохиулчихсан. Түүнээс биш ухаалаг удирдагч болно
Нэргүй 2025-11-24 202.179.11.230
Сангийн эсвэл эдийн засгийн сайд болгомоор байгаа юм.
Мөнх 2025-11-24 103.212.119.168
Энэ хүн эдийн засгийн сайд болох байх аа. Ярилцлага нь тийм үнэртэй бна.
Ярьсан шигээ байж чадвал юун буруу байх билээ. Харин намайг мартчих ваа.
Зочин 2025-11-24 89.147.101.26
"Баялгийн сангийн хөрөнгө нь нийт ард түмний мэдэлд байх" гэж хуульд заасан. Тийм болохоор нийт иргэдийн дунд санал асуулга явуулж байж зарцуулах ёстой байх тийм үү?
Нэргүй 2025-11-24 59.153.113.206
Баялгийн сан өөрөөрөө байг. өөр санг сэргээх нэрээр идэх нь.