ТЕГ-ын Олон нийттэй харилцах төвийн Татварын улсын байцаагч Л.Батцэнгэлтэй ярилцлаа.
-Танд өглөөний мэнд хүргэе. Бид өмнөх дугаараар ямар ямар төрлийн орлогууд байдаг талаар, тэр орлогоос нь хэдэн хувийн татвар авдаг тухай мэдээллийг хүргэсэн. Өнөөдөр ямар мэдээлэл өгөх вэ?
-Өнөөдөр Татварын шаталсан хувь хэмжээний талаар, мөн хялбаршуулсан горимын талаар товчхон тайлбарлая. Мөн ХХОАТ-ын тухай хуулиар иргэдэд олон төрлийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг үзүүлдэг. Энэ хөнгөлөлт, чөлөөлөлтийг эдлэхийн тулд иргэд юунд анхаарах ёстой талаар, татварын тайлангаа хэрхэн зөв бөглөж илгээх талаар товч мэдээлэл хүргэе.
-За тэгвэл шууд хялбаршуулсан горимоос эхэлье.
-Өмнө нь товч ярьсан. Үйл ажиллагааны орлогоосоо татвар төлж байгаа иргэн орлогоосоо зардлаа хасаад 10 хувиар татвар төлөх сонголтыг хийж болно. Эсвэл хялбаршуулсан горим ашиглах сонголтыг хийж болно гэж. Хялбаршуулсан горим сонгох тохиолдолд нэг л шаардлага байгаа. Энэ нь тухайн татварын жилдээ багтаагаад хялбаршуулсан горим ашиглах хүсэлтээ гаргах. Хүсэлтээ гаргаснаар нийт орлогоосоо нэг хувиар татвар төлөх боломж нь бүрдэнэ. Хүмүүс их асуудаг тул хүсэлтээ яаж гаргах вэ гэдгийг товч тайлбарлая. "etax.mta.mn" хаягаар цахим татварын системд нэвтэрч ороод “Хүсэлт” цэсийг сонгоно. Дараа нь “Хүсэлт гаргах” гэсэн цэс рүү орохоор татвар төлөгчийн бүртгэлтэй холбоотой хүсэлт, татварын тайлантай холбоотой хүсэлт гээд жагсаалт гараад ирнэ. Эндээс татварын тайлантай холбоотой хүсэлт гэдгийг дараад, үүн дотроос “Хялбаршуулсан горим ашиглах хүсэлт” гэдгийг сонгоно. Гарч ирсэн цонхонд холбогдох мэдээллийг оруулж, илгээх товчийг дарснаар таны хүсэлт баталгаажна. Хялбаршуулсан горимыг сонгохын өмнө татвар төлөгч нэг л зүйлийг анхаарах ёстой. Учир нь хялбаршуулсан горимыг сонгосон тохиолдолд ХХОАТ-ын тухай хуульд заасан бусад хөнгөлөлтийг эдлэхгүй гэдэг хязгаарлалтын нөхцөлтэй. Тэгэхээр орон сууц худалдаж авсан, орон сууцын хөнгөлөлт эдлэх, эсвэл их, дээд сургуулийн оюутантай, сургалтын төлбөрийн хөнгөлөлт авах боломжтой бол хялбаршуулсан горимыг сонгох нь дээр байна уу, эсвэл энгийн горимоороо тайлангаа өгөөд хөнгөлөлт эдлэх нь дээр байна уу гэдгээ тооцож сонголтоо хийх ёстой.
Энэ жил хүсэлт гаргаад хялбаршуулсан горимд орсон хэдий ч дараа жил нь хялбаршуулсан горимоор тайлагнах шаардлагагүй гэж үзсэн бол дахиад яг дарааллын дагуу нэвтрээд “Хялбаршуулсан горимоос хасагдах хүсэлт”-ийг илгээх хэрэгтэй. Хэрэв хялбаршуулсан горимоос гарах хүсэлт илгээхгүй бол дараагийн жилүүдэд хялбаршуулсан горим үргэлжлээд л яваад байна гэсэн үг. Үүнийг анхаарах хэрэгтэй.
-Хялбаршуулсан горимоор тайлагнах, гарах сонголтыг хийх нь хялбархан юм байна шүү дээ, тийм үү?
-Тийм. Ерөөсөө хүндрэлтэй биш. Одоо татварын шаталсан хувь хэмжээний талаар товчхон авч үзье. Өмнө нь хэлсэн, Цалин, түүнтэй адилтгах орлого болон шууд бус орлогын нийлбэрээс шаталсан хувь хэмжээгээр татвар ногдуулдаг тухай, мөн цалин түүнтэй адилтгах орлогын хувьд цалингаас ЭМД болон НДШ-ийг хассан дүнд, шууд бус орлогын хувьд нийт дүнд нь татвар ногдуулна гэж. ХХОАТ-ын тухай хууль дээр цалин болон шууд бус орлогын нийлбэр буюу жилийн татвар ногдуулах орлого нь 120 сая төгрөг хүртэл байх юм бол 10 хувийн татвар, 120-180 сая төгрөгийн хооронд байвал 120 сая төгрөг хүртэл дүнгийн 10 хувь буюу 12 сая төгрөг дээр 120 сая төгрөгөөс давсан дүнгийн 15 хувийг нэмнэ, 180 сая төгрөгөөс дээш байвал 180 сая төгрөг хүртэл дүнд ногдуулсан 21 сая төгрөг дээр 180 сая төгрөгөөс давсан дүнгийн 20 хувийг нэмж татвар ногдуулна.
-Үнийн дүнгийн хувьд бас ялгаатай зүйлүүд харагдаж байна?
-Тийм. Өсөн нэмэгдэх хувь хэмжээтэй татвар байна. Ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу авч байгаа цалин сар болгон үндсэндээ тогтмол байдаг. Тиймээс хуульд заасан дээрх дүнгүүдийг 12 сард тэнцүү хуваагаад хэрэглэхийг зөвшөөрдөг. Ингээд жилийн хамгийн сүүлийн сард буюу 12 дугаар сард зөрүүг нь тохируулж болдог. Энэ тооцооллыг ААНБ-ын нягтлан бодогч буюу мэргэжлийн хүн хийж байгаа учраас бид энэнд нэг их санаа зовохгүй байж болно. Сарын хувьд аваад үзвэл сарын цалин болон шууд бус орлогын нийлбэр 10 сая төгрөг хүртэл байх юм бол 10 хувиар, 10 сая төгрөгөөс 15 сая төгрөгийн хооронд байх юм бол 10 саяас давсан дүнгээс 15 хувиар, 15 сая төгрөгөөс дээш байх юм бол давсан дүнд нь 20 хувийн татвар ногдуулна.
Дээр нь зөвхөн цалин түүнтэй адилтгах орлогод зориулсан тусдаа хөнгөлөлт байдаг. Хууль дээрээ мөн л жилийн дүнгээр нь зааж өгсөн. Хөдөлмөрийн гэрээний дагуу сар болгон тогтмол авч байгаа цалинд хамаарах хөнгөлөлт учраас 12 сард тэнцүү хуваагаад хэрэглэдэг. Ингэхээр сарын цалин хүнтэй адилтгах татвар ногдуулах орлого нь 500 мянган төгрөг хүртэл байх юм бол сар бүр 20 мянган төгрөгийн хөнгөлөлт эдлүүлнэ. Ингээд цалин түүнтэй адилтгах татвар ногдуулах орлого 500 мянгаар нэмэгдэх тутамд хөнгөлөлтийн хэмжээ нь 2 мянгаар буураад, 2.5 сая төгрөгөөс 3 сая төгрөгийн хооронд байх юм бол 10 мянган төгрөгийн татварын хөнгөлөлт эдлүүлнэ гэсэн зохицуулалттай.
-За. Хөнгөлөлтийн хувьд танд нэмж хэлэх өөр зүйлүүд байгаа юу?
-Байгаа. ХХОАТ-ын тухай хууль дээр иргэд, татвар төлөгчдөд үзүүлэх олон төрлийн чөлөөлөлт, хөнгөлөлтүүд байгаа. Чөлөөлөлтийн хувьд Монгол Улсын иргэдэд хамааралтай долоон заалт байна. Үүнд, хуулийн дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, нэг удаагийн буцалтгүй тусламж, тухайлбал өндөр насны тэтгэвэр, хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр, тэжээгчээ алдсаны тэтгэврээс татвар авахгүй. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэний орлогыг 100% татвараас чөлөөлдөг. ЗГ-ын бонд болон хөгжлийн банкны хүүгийн орлого, мөн нэмэгдсэн өртгийн албан татварын урамшуулал татвараас чөлөөлөгддөг. Уг нь бол хонжворт сугалааны орлогоос 40 хувийн татвар авах ёстой. Гэхдээ НӨАТ-ын сугалааны хонжворын орлого бол татвараас чөлөөлдөг. Дээр нь 12 төрлийн хөнгөлөлт байна.
Эдгээр 12 төрлийн хөнгөлөлтөөс хоёр нь буцаан олгодог хөнгөлөлт. Нэгдүгээрт нь орон сууц худалдаж авсан тохиолдолд эдлүүлдэг зургаан сая хүртэл төгрөгийн хөнгөлөлт байна. Үүнийг тухайн татварын жилд бүрэн эдэлж чадаагүй бол дараагийн татварын жилдээ дамжуулж болдог. Буцаан олгодог хоёр дахь хөнгөлөлт нь сургалтын төлбөрийн хөнгөлөлт. Өөрийн төрсөн хүүхэд болон асрамж, дэмжлэгт байгаа хүүхдийн, мөн тухайн иргэн өөрөө ажил хөдөлмөр эрхлэхийн зэрэгцээ давхар суралцаад сургалтын төлбөрөө төлсөн байж болно.
Энд нэг л шаардлага байгаа. Тэр нь анхны мэргэжил эзэмших хугацааны сургалтын төлбөрийн хувьд энэхүү хөнгөлөлтийг эдлүүлнэ. Бусад хөнгөлөлтийн хувьд донорын олговор болон даатгалын нөхөн олговрын хөнгөлөлт, үйл ажиллагааны орлогын хувьд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний нэр төрөлтэй холбоотой 50 хувийн хөнгөлөлт байна. Хуульд зааснаар үр тариа, төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, тэжээлийн ургамал, модны суулгац тариалж олсон орлогод ногдуулах татварыг 50 хувь хөнгөлдөг.
Дээр нь Улаанбаатараас алслагдсан байдлын хөнгөлөлт байна. Энд тухайн иргэний оршин сууж байгаа газар нь Улаанбаатар хотоос мянган км-ээс дээш алслагдсан бол үйл ажиллагааны орлогод ногдуулах татварыг 90 хувиар, 500 км-ээс 1000 км-ийн хооронд алслагдсан бол үйл ажиллагааны орлогод ногдуулах татварыг 50 хувиар хөнгөлнө. Мөн төвлөрлийг сааруулахтай холбоотойгоор Багахангай, Налайх, Багануур дүүрэгт орон сууц түрээслэн орлого олсон бол татвараас үе шаттайгаар хөнгөлдөг зэрэг олон төрлийн хөнгөлөлтүүд байдаг. Эдгээр хөнгөлөлтүүд нь бүх л татвар төлөгчдөд ижил тэнцүү олгож байгаа боломж учраас бид хууль тогтоомжоо сайн судлаад, хэрвээ хөнгөлөлтөд хамрагдах нөхцөл шаардлагыг хангаж байвал эдлэх хэрэгтэй. Зөвхөн хялбаршуулсан горим ашиглах хүсэлт гаргасан үед л бусад хөнгөлөлтийг эдлэхгүй гэдгийг өмнө нь хэлсэн. Тэгэхээр хөнгөлөлт эдлэх үү аль эсвэл хялбаршуулсан горим сонгох уу бид өөрсдөө сонгоно. Мөн бичил ажил үйлчилгээ эрхлэгч гэж нэрлэгдэж байгаа хоёр төрлийн иргэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бодож татвараа төлсөн бол эдгээр татварын хөнгөлөлтийг эдлэхгүй. Яагаад гэхээр маш хөнгөлөлттэй нөхцөлөөр татвараа төлсөн гэсэн үг. Тиймээс дээрх хоёр сонголтыг хийхийн өмнө хөнгөлөлт эдлэх боломжуудаа тооцож үзээд, хялбаршуулсан горим сонгох уу, бичил ажил үйлчилгээ эрхлэгчдийн хувьд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бодож татвараа төлөх ү? гэдэг сонголтоо хийх хэрэгтэй. Орон сууцын хөнгөлөлтөөс бусад бүх хөнгөлөлт нь зөвхөн тухайн татварын жилдээ хамаарна. Зөвхөн орон сууцын хөнгөлөлтийг дараагийн татварын жилд шилжүүлж болдог. Хөнгөлөлт эдлэхийн тулд анхаарах гол зүйл бол татвар төлөгч ХХОАТ-ын тайлан ТТ-06 тайланг илгээсэн байх ёстой. Тэгэхээр тайлантай холбоотой товчхон мэдээлэл өгье.
-Тэгье. Энэ бас чухал шүү дээ. Тийм ээ?
-Тийм. Иргэн бүр санхүүгийн мэдлэгтэй биш учраас татварын тайлан гаргах, илгээх процесс дээр мэдэхгүйгээсээ, эсвэл хайхрамжгүй хандсанаасаа болоод татварын хөнгөлөлтүүдийг эдэлж чаддаггүй. Гэтэл ХХОАТ бэлтгэх, илгээхэд хүндрэлтэй зүйл байхгүй. "etax.mta.mn" хаягаар цахим татварын системд нэвтэрч ороод “Тайлан” цэсийг сонгоно. Дараа нь “Тайлан тушаах” гэсэн цэс рүү ороод тайлангийн төрлөөс ХХОАТ-ын тайлан ТТ-06 тайланг сонгоно. ХХОАТ-ын тайланг татварын мэдээллийн сангаас автоматаар бэлдэж өгдөг. Иргэний хувьд тайлант хугацаанд төлсөн нийгмийн даатгал болон ЭМД-ын шимтгэлийн дүнг л гараасаа оруулна. Оруулах дүнг тайлангийн баруун талд нь өнгөөр тэмдэглээд харуулдаг. Тэр дүнг хуулаад бичих л асуудал. ТТ-06 тайлангийн хувьд ингээд л болоо. Харин буцаан олгох хөнгөлөлт эдлэх гэж байгаа бол бүрдүүлэх материал дээрээ анхаарах ёстой. Буцаан олгодог хоёр төрлийн хөнгөлөлт байгаа. Нэгдүгээрт нь орон сууцны хөнгөлөлт. Орон сууцны хөнгөлөлт эдлэх гэж байгаа бол ХХОАТ-ын тайлан ТТ-06 тайланг үндсэн стандарт загварын дагуу бэлтгэсний дараа хөнгөлөлтийн төрөл дээр “Орон сууцны хөнгөлөлт”-ийг сонгоод холбогдох мэдээллийг бөглөж, бүрдүүлэх материалаа хавсаргана. Үүнд:
- Иргэний үнэмлэх, Нийгмийн даатгалын мэдээллийг төрийн байгууллагын мэдээлэл солилцох хур системээс шалган баталгаажуулна;
- Мөн “Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг” гэрчилгээний дугаарыг ХУР системээс шалган баталгаажуулна;
- Орон сууцны захиалгын, эсхүл худалдах, худалдан авах гэрээ, хуулбарын хамт;
- Орон сууц худалдан авсан, банк, санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээ, төлбөрийн баримт;
- Шинээр баригдсан орон сууц худалдан авсан тохиолдолд борлуулагч талаас олгосон төлбөрийн баримт;
- Хувьдаа орон сууц барьсан бол материал худалдан авсан төлбөрийн баримт, эсхүл хөрөнгийн үнэлгээний эрх бүхий байгууллагын үнэлгээний тайлан;
- Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны 2%-ийн татвар төлсөн баримт;
- Орон сууц худалдан авах болон хувьдаа орон сууцны барилга барихад зарцуулсан орлого нь албан татвар ногдсон орлого болохыг нотолсон баримт.
Ингээд холбогдох талбаруудыг бүрэн бөглөж, бүрдүүлэх материалыг хавсаргаж дууссаны дараа илгээх товч дарж илгээнэ. Бүх зүйл цахим учраас харьцангуй хялбар болсон. Ихэнх мэдээллийг нь татварын мэдээллийн сангаас автоматаар бэлдээд харуулна. Иргэн бол энэ мэдээллийг хянаж баталгаажуулаад, холбогдох материалыг хавсаргах л асуудал байгаа.
Буцаан олгодог дараагийн хөнгөлөлт нь сургалтын төлбөрийн хөнгөлөлт байна. Үндсэндээ бүх процесс адилхан. ТТ-06 тайланг үндсэн стандарт загварын дагуу бэлтгэсний дараа хөнгөлөлтийн төрөл дээрээ “Сургалтын төлбөрийн хөнгөлөлт”-ийг сонгоод гарч ирсэн талбарыг бөглөж, бүрдүүлэх материалаа хавсаргана. Үүнд:
- Иргэний үнэмлэх, Нийгмийн даатгалын мэдээллийг төрийн байгууллагын мэдээлэл солилцох хур системээс шалган баталгаажуулна;
- Гэр бүлийн тухай хуулийн 67.1.1-д заасны дагуу асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосон тухай сум, дүүргийн Засаг даргын тодорхойлолт, шүүхийн шийдвэр, хүүхэд үрчилсэн тухай сум, дүүргийн Засаг даргын тодорхойлолт, эцэг, эхийн гэрлэлтийн лавлагаа;
- Сургуулийн тодорхойлолт;
- Сургалтын төлбөр төлсөн төлбөрийн баримт;
- Гадаад сургалтын төлбөр төлсөн баримтыг баталгаат орчуулгаар орчуулж нотариатаар гэрчлүүлсэн байна.
Бүрдүүлэх материалуудыг хавсаргаж илгээснээр хөнгөлөлт эдлэх боломж бүрдэнэ.
ХХОАТ-ын хөнгөлөлт эдлэхийн тулд хамгийн гол шаардлага бол тайлангаа илгээсэн байх. Татварын тайлангаа илгээгээгүй бол хөнгөлөлт эдлэхгүй. Үүнийг л анхаарах ёстой. Би хөнгөлөлтөө эдлээгүй, ерөөсөө хөнгөлөлт эдэлж байгаагүй гээд зарим хүмүүс хэлээд байдаг. Гэтэл тэр хүн өөрөөсөө шалтгаалах үндсэн шаардлагаа биелүүлээгүй болж таарч байна шүү дээ. Татварын тайлангаа илгээсний дараа татварын алба хянаж үзээд баталгаажуулснаар та татварын хөнгөлөлтийг буцаан олголт хэлбэрээр авах боломжтой болно. Буцаан олголт нь дараагийн татварын жилийн хоёр дугаар улиралд ордог. Ихэвчлэн дөрөвдүгээр сард ордог.
-За танд баярлалаа.
3,548.92




















































Нэргүй 2025-11-19 202.126.89.138
Хаа газр нам төриын хурл ажилагаанд золбн нохой хооллж байгаа арга хэмжээг хорглох ёстой юм бн манж х***а золбнгууд х***а ажиллаагаа шаагаад.