Сурвалжлага: Багш, сурагчаа чин сэтгэлээсээ ойлгодог байх нь чухал

Сурвалжлага: Багш, сурагчаа чин сэтгэлээсээ ойлгодог байх нь чухал

Сурвалжлага: Багш, сурагчаа чин сэтгэлээсээ ойлгодог байх нь чухал

“Буурал амьдралын  эхлэлийг нээж

Балчир насны оюуныг таниулж

Буман үрсийг хайраар ивээсэн

Бага ангийн багш нар минь”

Хүүхэд гэдэг яг л цагаан цаас мэт цэвэр ариун, тув тунгалаг байдаг. Харин ямар хүн болж төлөвших нь эцэг, эх болон багшаас хамаарна. Бага ангийн багш гэдэг А-Я хүртэлх үсгийг анхлан заагаад зогсохгүй, бие хүн болж төлөвших хамгийн эхний суурь хүмүүжлийг олгож, амьдралын их далайд хөтлөх хөтөч болдог. Бид бодохдоо бага ангийн багшийг эмэгтэй хүнээр л төсөөлдөг. Энэ нь ч нийгмийн тогтсон ойлголт болоод удаж байна.

Энэ удаагийн сурвалжлагаараа ажил мэргэжилтэй холбоотой жендэрийн хэвшмэл ойлголтыг өөрчлөх зорилгоор бага ангийн багш Д.Мөнх-Эрдэнийг онцолж байна.

Биднийг анги руу ороход, тохь тухтай саруулхан орчин, самбарын өмнө хичээл заах нүдний шилтэй залуухан эрэгтэй багш, багшийнхаа бичсэн бодлогыг хичээнгүйлэн уншин, бичин, бодох хүүхдүүд угтав.

“Бодлогоо бодсон хүүхдүүд дэвтрээ үзүүлээрэй” гэж багшийг хэлэхэд, самбарын урд хэсэг рүү хүүхдүүд уралдан гүйлдэцгээнэ. Багш, сурагчдыг нэг эгнээнд оруулан жагсааж, ээлж ээлжээр дэвтрийг нь шалгав.

Тэд нийслэлийн Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 131-р  сургуулийн гуравдугаар ангийн сурагчид.

Ангийн багшийг Д.Мөнх-Эрдэнэ гэдэг.  Ахлах ангид  ороод, мэргэжлээ сонгох болоход бага ангийн багш гэх мэргэжил бусад мэргэжлээс илүү сонирхлыг нь татжээ. Учир нь аав, ээжийнхээ гараас ч салж үзээгүй бяцхан хүүхдүүдэд амьдралынх анхны хичээлийг заана гэдэг сайхан санагдаж энэ мэргэжлийг сонгосон аж.

Тэрбээр “Бага ангийн багш мэргэжлийг сонгоод сургуульдаа элсэхэд 200 гаруй оюутнаас манай ангид дөрөв, таван л эрэгтэй оюутан байсан. Харин ойрын жилүүдэд нэг ангид арав гаруй эрэгтэй оюутан суралцаж байгаа. Бага ангийн багшаар төгссөн эрэгтэйчүүдэд  ажлын байрны олдоц хүрэлцээтэй, ер нь давуу тал ихтэй санагддаг.

Мэргэжлийн хувьд ачаалал өндөртэй. Хүн харахад, хичээл заагаад, ширээний ард сууж байдаг юм шиг хэрнээ хүүхэд нэг бүртэй тулж ажилладаг гэдгээрээ илүү онцлогтой.

Хүүхдийн шуугианд бага зэрэг ядардаг. Нүдээ анихад, хаа таарсан газраа тав, арван минут дуг хийчихсэн байдаг. Оюутан байхдаа дадлага хийхийн өмнө нь их л амархан юм шиг боддог байсан. Харин дадлага хийж байхдаа тийм ч амар ажил биш юм байна даа гэдгийг ойлгосон. Гэхдээ одоо бол сайхан л даа. Шинэ залуу багшийн хувьд өдөр бүр суралцаж, хүүхдүүдээсээ урам зориг итгэлийг олж авдаг” гэж ярьсан юм.

Дараа нь багш, ангийнхандаа ухаалаг самбар дээр, харц татам олон өнгийн дүрстэй бодлого харуулж, бодуулав.

Д.Мөнх-Эрдэнэ “Миний хувьд оюутан байхдаа хотын захын сургуулиудаар дадлагад гарч байсан. Анги дүүргэлтийн хувьд 40-ээс дээш сурагчидтай. Орчин нөхцөл сайнгүй санагдсан. Харин манай сургуулийн хувьд тав тухтай, тохилог дулаан, хангамж үйлчилгээ ч харьцангуй сайн. Хичээлийн хэрэглэгдэхүүн бүрэн байдаг” гэдгийг онцлов.

Түүнээс хүүхдийн анхаарлыг татаж, хэрхэн сурах арга барилыг нь сайжруулах тухай асуухад “Хүүхэд гэдэг үргэлж шинэ сонин зүйлд дурлаж татагддаг. Сонирхлыг нь татах үүднээс долоо хоног бүр, өөр хүүхэдтэй суулгаж, суудал хоорондын байрыг солих. Мөн эцэг, эхчүүдийн саналыг харгалзаж өдөр бүр хүүхдүүдийг эгнээ ахиулж суулгадаг.

Хичээлд илүү идэвхтэй оролцуулахын тулд салааны дарга, ариун цэврийн даргыг ээлжээр хийлгэж, гэрийн даалгаврыг өөрсдөөр нь шалгуулдаг.

Хүүхэд сурч хөгжихөд эцэг, эхийн оролцоо, багшийн арга барил, сургуулийн орчин гурав хамгийн чухал санагддаг. Багшийн хувьд сургуульд өнгөрөөж байгаа богинохон цаг хугацааг үр өгөөжтэй байлгахыг хичээдэг. Харин эцэг, эхчүүдийн хувьд ангид заасан хичээлийг илүү бататгаж, даалгаврыг цаг тухайд нь хийлгүүлэх хэрэгтэй. Манай ангийн эцэг, эхчүүд  намайг залуу багш гэж үл тоолгүй тусалж дэмжиж, хүүхдүүддээ хараа хяналт тавьж, хариуцлага сайтай байдагт нь талархдаг” гэв.

Биднийг ярилцаж байх хооронд ангийн хүүхдүүд үймэлдэж, шуугицгаав. “Багшаа миний үснээс зулгаагаад байна”, “Энэ намайг цохичихлоо”, “Миний үзгийг авчихлаа” гэж нэг нэгээрээ ирж багшдаа "хов зөөж" байлаа. Дараа нь хөгжмийн хичээлийн цаг болж, сурагчид ангиас гарцгаав.  Хүүхдүүдийг гарсны дараа, ангид багштай үлдэн ярилцсан юм.

-Саяхан багш нар цалингаа нэмүүлэх шаардлага тавьж, ажил хаялт зарласан. Ажилт хаялт багш, сурагчдад хэрхэн нөлөөлсөн бэ?

-Манай сурагчид гэлтгүй нийт сурагчдад нөлөөлсөн байх. Хоёроос гурван долоо хоног ажил хаясан. Сүүлд шийдэлд хүрээд ажил хаялт зогссон. Улсын хэмжээнд тав дах удаагийн ажил хаялт юм билээ. Дараа оны нэгдүгээр сараас цалингаа 50-н хувь нэмүүлэхээр болсон. Хичээлийн хоцрогдлын хувьд харьцангуй бага. Нийт орон даяар ажил хаялт зарласан учраас агуулгын хувьд бусад ангиас хоцрогдсон зүйл гараагүй.

-Бага ангийн багшаар сурч байгаа, сурах хүсэлтэй байгаа залууст хандаж юу гэж хэлэх вэ?

-Намайг бага ангийн багш гэхэд хүмүүс гайхдаг. Зарим нь “Эрэгтэй бага ангийн багш байдаг юм уу?” гэж асуудаг. Бага ангийн багш, цэцэрлэгийн багш ер нь ямар ч багш болсон хүйс хамаарахгүй. Тухайн хүнд өөрт нь хүүхэдтэй ажиллах чадвар, аливаа зүйлд хүлээцтэй байх зан чанар байгаа л  бол хэн бүхэнд нээлттэй мэргэжил. Гэхдээ хамгийн чухал нь хүүхдийг чин сэтгэлээсээ ойлгож, мэргэжилдээ хайртай байх хэрэгтэй. Мэргэжлээ сонгох гэж байгаа залууст хандаж хэлэхэд сонирхлыг чинь татаж байгаа бол эмэгтэй хүн л бага ангийн багш байх ёстой гэсэн бодлоо гээж, бага ангийн багшаар суралцаарай гэж зөвлөх байна.

Үнэхээр мэргэжилдээ дур сонирхолтой, хайртай л бол мэргэжил бүхэн сайхан гэдгийг Д. Мөнх-Эрдэнэтэй багштай ярилцаж байхдаа түүний сэтгэл дүүрэн гялалзах, гал цогтой харцнаас мэдрэв.

Н.Цолмонбаатар

Гэрэл зургийг О.Болорсувд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-11-17 66.181.185.192

бага ангийн багш хүүхэн гэсэн чинь бөөн хиймэл сормуус л байх юм!

Avatar

Нэргүй 2025-11-17 59.153.114.68

багш нарын дунд аттестачлал явуулаач. Хүүхдийн хүмүүжил, сурлага тааруу бна!

Avatar

Нэргүй 2025-11-17 66.181.171.141

eregtei bagshiig yadaj l huuhduud eleg barih ni baga baidag bolov uu?

Avatar

Зочин 2025-11-17 59.153.113.105

Эх орны ирээдүйг бэлдэж байгаа мундаг залууд амжилт хүсье

Avatar

зочин 2025-11-17 202.179.15.130

Баяр хүргэе. Гэхдээ сарын гэдэг үгэнд орсон р үсгийн бичлэг ийм хэлбэртэй байдаггүй л дээ. энэ олон хүүхдүүдэд бүгдэд нь ингэж буруу заасан байх даа?

Avatar

Зочин 2025-11-17 45.117.34.67

Баяр хүргэж, амжилт хүсье. Мэргэжил бүхэн сайхан ялангуяа мэргэжилдээ хайртай хүн бол энэ насны жаргалан шүү дээ. Дүүд ажил амьдралд нь дахин амжилт хүсье.

Avatar

иргэн 2025-11-17 43.242.241.154

сайхан юм, ганц бие ээжүүдтэйгээ амьдардаг хүүхдүүдэд эерэг л ажил хиж байгаан бна,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж