"Бага насныхаа мөрөөдлийг биелүүлж амьдарч байна"

"Бага насныхаа мөрөөдлийг биелүүлж амьдарч байна"

"Бага насныхаа мөрөөдлийг биелүүлж амьдарч байна"

Зохиогч Г.Мөнхбаярын  “Гайжин” Монгол Самурай Монголын анхны мюзикл драм энэ сарын 6-12-ныг дуустал Улаанбаатар театрт тоглогдож хаалтаа хийлээ.  Тус драмын найруулагчаар “Инээмтгий хүн” жүжгийн найруулагч Б.Даваасүрэн ажилласан. Энэхүү жүжгийн гол дүрд буюу "Гайжин"-ны дүрд тоглосон жүжигчин Д.Гантулгатай ярилцлаа.


-Дэлгэцийн хэд, хэдэн уран бүтээлээрээ өөрийгөө чамгүй уран бүтээлч гэдгээ үзэгчдэдээ харуулсан. Энэ удаад тайзны уран бүтээлд тоглолоо. Тайзан дээр зрителийн өмнө тоглоход ямар мэдрэмж төрж байв?

-Энэ удаагийн "Гайжин" Монгол Самурай мюзикл драмын жүжигт гол дүр бүтээлээ, өөрийгөө маш азтай гэж бодож байгаа. Анх энэ жүжгийн Лорд масаноригийн дүр дээр ажилласан Г.Гансүх ах маань над руу залгаад сонгон шалгаруулалтад орооч ээ гэсэн. Тайзны уран бүтээлд тоглож үзэх юмсан гэсэн хүсэл байсан учраас сонгон шалгаруулалтад орж тэнцээд тоглолоо. Миний хувьд өмнө нь дэлгэцийн олон ангит кинонуудад дүр бүтээсэн. Энэ удаагийн  “Гайжин” Монгол Самурай драмын жүжиг бол анхны тайзны уран бүтээл. Дэлгэцийн уран бүтээлд тоглож байх явцад хэрвээ алдаа гаргавал дахин зураг авалт хийх боломжтой байдаг. Харин театрт тийм зүйл байхгүй. Тайзны уран бүтээл үзэгчдэдээ амьд мэдрэмж төрүүлэх ёстой. Тоглолт эхлээд тайзан дээр гарсан бол тоглолт дуустал дотоод тээшээ аваад уран бүтээлчидтэйгээ амьд харилцаа үүсгээд гэрэл, дуу зэрэг тухайн нөхцөл байдалдаа тохируулан цаг мөчөө мэдэрч явдаг. Анх зохиолоо уншихад Хирошигийн дүр надад маш их таалагдсан. Жүжигтээ “Гайжин”-ны дүрд тоглолоо, хамтарч ажилласан уран бүтээлчдээсээ маш их зүйлийг сурч, мэдэж авсан.

-Жүжигчний гараагаа эхлүүлсэн анхны уран бүтээл юу вэ, тухайн үед ямар мэдрэмж төрж байсан бэ?

-Соёл урлагийн их сургуульд анх 2014 онд элсэж ороод удаагүй байхдаа Шилжилт кинонд тоглосон. Тухайн үед найруулагч Б.Нямдаваа над руу залгаад, “Завтай байвал хүрээд ирээч ээ. Энд хоёр, гурван сценд тоглох боломж байна уу. Боломжтой гэвэл багшид нь хэлээд чөлөө аваад өгье” гэсэн санал тавьсан. Ингээд хамгийн анх оюутан болоод арваннэгдүгээр сард Шилжилт кинонд тоглосон. Түүнээс хойш сонгон шалгаруулалтад орж тэнцээд дүрээ аваад олон ангит кинонуудад тоглосон байна. Тухайлбал, Солонгосын франчайз "Bujo", "Suits", Бүлэг, Өв залгамжлагч, Тэнгэр газрын хязгаарт гээд олон ангит уран бүтээлүүдэд дүр бүтээсэн.

Саяхан хамгийн анхны өргөн дэлгэцийн уран бүтээл болох Хажуу өрөө гээд сэтгэхүйн аймшгийн кинонд дүр бүтээлээ. Энэ киноныхоо зураг авалтыг дуусгаад “Гайжин” Монгол Самурай жүжгийнхээ бэлтгэлд ороод үзэгчдэдээ жүжгээ толилуулж дууслаа. Өөрийгөө анх удаа тайзан дээр сорьж үзлээ, маш их баяртай байна.

ЭРГЭЭД ХАРАХАД ДУУ БҮЖИГ НАМАЙГ ИХ ХӨГЛӨСӨН

-Хамгийн анх өөр мэргэжлээр оюутан болж байсан гэсэн? 

-Миний хувьд 10 жилээ төгсөөд Хүмүүнлэгийн ухааны их сургуульд компьютерийн мэргэжлээр элссэн. Гэтэл дотроос “чи дуулаач ээ, бүжиглээч ээ” гэж байгаа юм шиг байнга тийм мэдрэмж төрөөд байсан. Тэгээд СУИС-д жүжигчний ангид орох хүүхдүүдийн дунд сонгон шалгаруулалт явуулж байна гэсэн зарыг хараад бүртгүүлээд, шалгалт өгсөн. Тухайн үед надтай хамт 294 хүүхэд сонгон шалгаруулалтад орсон. Эхний шалгаруулалтдаа долдугаар байранд ороод, хоёрдугаар шатад 90 гаруй хүүхэд үлдээд, 21-т жагссан тэгээд Соёл урлагийн их сургуульд анх жүжигчний ангид элсэж, Энхбаяр багшийнхаа шавь болсон. Нэгдүгээр курсээ төгссөнийхөө дараа цэрэгт явсан. Цэргээс халагдаж ирээд сургуульдаа үргэлжлүүлэн суралцаж Б.Хишигзаяа багшийн шавь болсон. Гэхдээ одоо сургуулиа хараахан төгсөөгүй байгаа.

-10 жилд байхдаа радиод хөтлөгч хийж байсан гэсэн. Хүүхэд байхдаа ямар хүүхэд байсан бэ, багаасаа урлаг уран сайханд дуртай байв уу?

-Тийм ээ. 10 жилд байхын л урлагт их дуртай байсан. Есдүгээр ангиа төгсдөг жилээ "FM хөтлөгч авна" гэсэн зарыг хараад очсон. Гэхдээ би тухайн үед насанд хүрээгүй байсан болохоор угаасаа намайг ажилд авахгүй. Тэгэхээр нь ахынхаа регистрийн дугаарыг хэлээд ажилд орж байсан. Тухайн үедээ 180 мянган төгрөгийн цалин авдаг байлаа. Манай эфирийн найруулагч намайг насанд хүрээгүй гэдгийг мэдэж байсан юм билээ л дээ. Гэхдээ ажлын ярилцлагад ороход бусад зүйлсийг маань хараад ажилд авсан гэсэн. Эндээсээ урам, зориг аваад урлаг, уран сайханд илүү дуртай болсон юм болов уу гэж боддог. Дээрээс нь дуу, бүжиг гээд урлагт дуртай болоход, жүжигчний мэргэжлийг сонгоход манай ах надад их нөлөөсөн. Намайг хүүхэд байхад манай ах FM-ийн хөтлөгч хийдэг байлаа. Тэгээд тухайн үед хоолойг нь сонсоход их гоё, сонирхолтой санагддаг байсан. Намайг 10 жилд байхад хүүхдүүд, ямар мэргэжилтэй болох, юунд дуртай, ирээдүйн зорилго гээд өөрийнхөө тухай дурсгалын дэвтэр дээр бичдэг байсан л даа. 10 жилээ төгссөний дараа ангийнхантайгаа уулзаад тэр дурсгалын дэвтэрээ харсан. Түүн дээр манай ангийн хүүхдүүд ирээдүйн мөрөөдлөө бичсэн байсан.

Би болохоор юу гэж бичсэн байсан бэ гэхээр “би од болно” гээд биччихсэн байсан. Ингээд бодохоор хүүхэд насныхаа мөрөөдлөөс няцаагүй, бага насныхаа мөрөөдлийг биелүүлж амьдарч байна.

Намайг ямар ч сургалт, дугуйланд явсан аав, ээж маань маш их дэмждэг байсан. Бүжгээр хичээллэж байлаа. Бүжгээр хичээллэж эхэлсэн түүх их сонирхолтой. Яасан гэхээр, манай нэг найз бүжгээр хичээллэдэг. Тэгээд би нэг өдөр гэр рүүгээ хамт явах гээд бүжгийн дугуйлан дээр нь хамт очоод хүлээгээд сууж байсан чинь бүжгийн багш нь намайг шинээр бүжгэнд явах гэж байгаа хүүхэд юм байна гэж бодоод  шинэ хүүхдүүдтэй хамт оруулчихсан. Тэгээд л бүжиг маш сонирхолтой санагдаад  хичээллээд долоон жил болсон. Оюутан болсон ч бүжгээ орхиогүй, олон улсын тэмцээнүүдэд ордог байсан. Бүжгийн спортын дэд мастерын болзол  хангаад бүжгийн спортоосоо зодог тайлсан даа. Эргээд харахад дуу бүжиг намайг их хөглөсөн. Энэ бүгд өнөөдрийн намайг бий болгоход нөлөөлсөн байх гэж боддог доо.

-Кино, уран бүтээлийн санал ирэхэд хамгийн түрүүнд юуг нь харж саналыг нь хүлээж авдаг вэ?

-Миний хувьд ямар ч киноны санал ирсэн татгалзахгүй, сонгон шалгаруулалтад оролцож өөрийгөө сорихыг хүсдэг. Хэрвээ тухайн уран бүтээлийн сонгон шалгаруулалтад тэнцээд найруулагч болж байна, намайг болно оо гээд сонговол би ямар ч төрлийн кинонд тоглоно. Яагаад гэвэл жүжигчин хүн ямар ч  дүрийг амилуулж, түүндээ зориулж хувирч жүжиглэж чаддаг байх ёстой гэж боддог. Гэхдээ надад дүр бүтээхээс айдаг хоёр төрөл бий. Аймшгийн кино, эротик кинонд тоглохоос айдаг. Гэхдээ энэ хоёр төрлийн кинонд тоглох санал ирсэн. Заримыг нь зөвшөөрөөгүй яагаад ч юм нэг айгаад байдаг юм аа. Тэгсэн хэрнээ би өөрөө сэтгэхүйн аймшгийн, триллер жанрын кино үзэх дуртай. Миний хувьд триллер жанрын хэн байж байгаад хэн болов гэдэг асуултад хариулт өгөх, сэтгэл зүйн хувьд тогтворгүй эсвэл цуврал алуурчинтай ч юм уу, юмыг маш их бодож төлөвлөдөг, нууцлаг, миний хувь хүнээс тэс өөр зан араншинтай хүний дүрд тоглох юмсан гэж бас боддог. Хамгийн анх "Joker" киног үзээд ваав гэж бодож байсан. Тэгээд триллер жанрын кинонд дуртай болсон байж магадгүй.

-Хамгийн сүүлд тоглосон Хажуу өрөө уран сайхны кино чинь аймшгийн төрлийн кино байсан гэсэн шүү дээ!

Энэ киноны зохиол надад маш их таалагдсан учраас тоглохоос, дүр бүтээхээс айдаг төрлийн кинондоо бас анх удаа тоглож айдсаа даван тууллаа. Хажуу өрөө гээд бүрэн хэмжээний  уран сайхны кино маань сэтгэхүйн аймшгийн кино байсан дээрээс нь миний анхны өргөн дэлгэцийн уран бүтээл байсан. Бүх кино театруудаар үзэгчдэд хүрч байгаа.

No photo description available.

-Дүрээ бүтээхдээ баримталдаг зарчим гэж бий юу, ажиллахад хүндрэлтэй ямар дүр байсан бэ?

-Би ингэж боддог, тухайн кино, жүжгийн зохиол маань өөрөө юу хэлэхийг хүсч байгаа юм, миний бүтээх дүрээр дамжуулж үзэгчдэд ямар мессеж өгөх гэж байгаа вэ гээд бүгд бичигдчихсэн байдаг. Мөн тухайн дүрийн онцлог, зорилго гэж байгаа. Тийм учраас авсан дүрээ яаж амилуулж, үзэгчдэд өгөх санаа, зорилгодоо хэрхэн хүрэх вэ гэдэг дээр төвлөрч ажилладаг.

-Кино, уран бүтээлд тоглоход саад бэрхшээл багагүй л тулгардаг байх? 

-Манай жүжигчид бол үнэхээр мундаг. Нэг төсөл эхлүүлсэн бол цаг наргүй ажилладаг. Бид маш богино хугацаанд зохиолтойгоо танилцдаг, зураг авалтыг ч мөн богино хугацаанд авдаг. Зураг авалт хийх байршил, объект гээд хэцүү, тэгээд цалин, хангамж тааруухан гээд асуудлууд бий бий. Энэ нөхцөл байдал сайжирвал уран бүтээлчид маань илүү амралттай ингэснээр дүрээ илүү сайн гаргах боломжтой болох байх аа л гэж бодож байна.

-Урлагийн хүмүүсийг маш завгүй байдаг гэж ярьдаг. Өнгөрсөн долдугаар сард аав болсон. Гэр бүлдээ цаг зарцуулж чадаж байна уу?

-Би өөрөө амьд хөгжмийн "The Sixin" гээд хамтлагтай. Кино, жүжгийнхээ хажуугаар хамтлагаараа оны өмнө шинэ уран бүтээл гаргахаар төлөвлөөд байна. Сүүлийн үед жүжиг, кино гээд хамтлагийнхандаа зав гаргаж чадаагүй, энэ жүжгээ дууссаны дараа хамтлагаараа шинэ уран бүтээл дээрээ ажиллана. Мөн аавын үүргээ биелүүлнэ гэж төлөвлөж байгаа. Миний ар талыг миний эхнэр, охин гээд гэр бүл маань найдвартай даадаг. Гэр бүл минь байгаа болохоор санаа зовохгүй ажлаа хийж байгаа. Миний эхнэр надад ямар ч ажлын санал ирсэн намайг маш их дэмждэг.

Миний хувьд эхнэрээ төрснөөс хойш цаг зав гаргаж чадаагүй, тийм учраас энэ жүжгээ дуусгаад хүүгээ нэг нас хүртэл гэр бүлдээ цаг зав гаргаж эхнэртээ тусалъя гэж бодож байна даа.

Ерөнхийдөө нэг жил орчим тайз, дэлгэцийн уран бүтээлээсээ завсарлага авахаар төлөвлөж байгаа. Дараа нь надад уран бүтээлдээ оролцох цаг зав хангалттай гарна гэж бодож байгаа учраас дээр хэлсэн аавын ажлаа хийнэ. Гэхдээ хамтлагаараа дууны уран бүтээлдээ анхаарна.

-Жүжигчин мэргэжлийг сонгохоор төлөвлөж байгаа дүү нартаа юу гэж зөвлөх вэ?

-Өөрийгөө жүжигчин гэж хэлэхээс ичээд, санаа зовоод байдаг юм аа. Гэхдээ миний зүгээс жүжигчин болоорой, дуучин болоорой, бүжигчин болоорой гэж хэн нэгэнд зөвлөх гэхээсээ илүү үнэхээр энэ мэргэжлийг эзэмшмээр байвал байнгын дасгал, сургуулилалт хийж байгаарай л гэж хэлнэ. Ер нь бол заавал урлаг гэлтгүй ямар ч мэргэжил сонгох байлаа гэсэн тууштай байгаарай гэж хэлмээр байна даа.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ О.БАТ-ЭРДЭНЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-11-14 103.71.101.235

зритель гэдэг монгол үг байхгүй үзэгч гэнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж