Цагаан ордон бол дэлхийн хамгийн хүчирхэг улсын томоохон бэлгэ тэмдэг. Үүний зэрэгцээ хэн хүний л аж төрөн суудаг газар.
Цагаан ордонд хамгийн урт удаан хугацаанд ажилласан хүн бол Гари Уолтерс. Тэрбээр 1970-2007 онд буюу Ричард Никсон, Жералд Форд, Жимми Картер, Рональд Рейган, Жорж Х.В. Буш, Билл Клинтон, Жорж В. Буш нарын үед Цагаан ордонд ажиллажээ. Түүний энэ бүх он жилүүдээ нэгтгэсэн "Цагаан ордны дурсамжууд 1997-2007: Хамгийн удаан хугацаанд ажилласан ахлах үйлчлэгчийн дурсамж" нэртэй ном нь ирэх сард гарах гэж байна. Энэхүү номдоо тэрбээр удахгүй үдэшлэгийн танхим болох гэж буй зүүн жигүүрээс эхлээд Линкольны сүнстэй унтлагын өрөө хүртэлх бүх л сэдвийг бичжээ.
Ахлах үйлчлэгч бол ерөнхийлөгч, тэргүүн хатагтай хоёртой бараг өдөр бүр ярьдаг, харилцдаг цорын ганц хүн. Тэднийг хувийн түвшинд таниж мэдэх нь Гари Уолтерст хамгийн их таалагддаг байсан гэж тэр дурсан ярьжээ.
"Politico" хэвлэл түүнтэй ярилцсанаа "Хэдэн 10 жилийн турш ерөнхийлөгчтэй өдөр бүр ярьдаг байсан хүн" нэртэйгээр нийтэлснийг доор орчуулан хүргэж байна.
-Сарнайн цэцэрлэгт хүрээлэнгийн дээгүүр засмал зам тавих, угаалгын өрөөг засах, үдэшлэгийн танхим байгуулахын тулд зүүн жигүүрийг нураах зэргээр ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд хэд хэдэн өөрчлөлт хийлээ. Цагаан ордныг хэн бүхнээс илүү мэддэг байсан хүний хувьд та ямар бодолтой байна вэ?
-Энэ барилгыг анхандаа ерөнхийлөгчийн ордон гэдэг байлаа, би тэр үеэс л эхэлсэн. Энэ бол ерөнхийлөгчийн гэр. Тэр эндээс л сонгогдсон. Олон жилийн турш энд маш олон өөрчлөлт хийгдсэн. Трумэн тагт гэж Цагаан ордонд байгаагүй, одоо бол тийм зүйлтэй болсон. Баригдсан цагаас нь хойш л үе үеийн ерөнхийлөгч нар ашиглаж байна. Рузвельтын засаг захиргааны үед анх баригдсан усан сан одоо хэвлэлийн бага хурлын өрөө болжээ. Баруун жигүүрийн өмнөд хэсэгт байсан теннисний талбай одоо урагшаа өөр хэсэг рүү шилжсэн байна. Клинтоны засаг захиргааны үед өмнөд хэсэгт гүйлтийн зам тавьсан.
Үе үеийн засаг захиргааны төлөөлөгчид Цагаан ордонд багтах боломжтой хүмүүсийн тоо харьцангуй хязгаарлагдмал гэдгийг ярьсаар ирсэн. Том арга хэмжээнүүдийг зохион байгуулахын тулд дандаа нэмэлт асар барьж, буулгадаг. Илүү олон хүн багтааж шингээх хэрэгтэй байгаа бол илүү том зай талбай хэрэгтэй гэдгийг ойлгоцгоож байгаа гэж бодож байна.
-Зүүн жигүүртэй холбоотой сайхан дурсамжаасаа хуваалцаач?
-Би тэндээс эхнэрээ олсон. Миний эхнэр Никсоны засаг захиргааны сүүл үе, Фордын засаг захиргааны эхэн үед зүүн жигүүрийн хүлээн авахын ажилтан байлаа. Цагаан ордонд ажилладаг байхдаа түүнтэйгээ утсаар танилцсан. Сайхан дурсамж шүү.
-Бид түүхэнд байгаагүй хамгийн урт хугацааны тэг зогсолтыг үзлээ. Тэг зогсолт аж ахуй, үйлчилгээний ажилтнуудад яаж нөлөөлөв?
-Урьд нь тэг зогсолт болоход аж ахуй, үйлчилгээний албаны 90 орчим ажилтны хэчнээн нь ажиллах шаардлагатайг тодорхойлж, урьдчилан бэлтгэл хийдэг байсан. Мэдээж ерөнхийлөгч тэнд байх юм бол тогооч хоолоо хийж, үйлчлэгч нар өдөр тутмын ажлаа амжуулах шаардлагатай. Халаалт, агааржуулалт, сантехник хариуцсан инженерүүд бол мэдээж онцгой ажилтнууд. Зарим нь чөлөө авдаг ч шаардлагатай үед дуудлага хүлээн аваад ирдэг. Аж ахуй, үйлчилгээний албаныхан хэзээнээсээ л ерөнхийлөгчийн хуваарь болон дэлхийн хэмжээний арга хэмжээнүүдэд хариуцлагатай ажилладаг.
-Та аль аль намын ерөнхийлөгч нартай олон 10 жил ажиллажээ. Хэнд нь хамгийн дуртай, хэнд нь дургүй гэсэн юм байгаа юу?
-Тэд бүгдээрээ л надад болон миний гэр бүлд гайхамшигтай ханддаг байсныг хэлмээр байна. Би аль алинтай нь л ажиллаж үзсэн, асуудлаас хол байх нь урт наслахын нууц гэж би байнга хэлдэг байв. Миний үүрэг гэвэл аж ахуй, үйлчилгээний албаны ажилтнууд ерөнхийлөгч болон тэргүүн хатагтайд чадах чинээгээрээ анхаарал халамж тавьж байгаа эсэхийг хариуцах явдал байсан.
Номоо бичсэн шалтгаануудын маань нэг бол ерөнхийлөгчийн амьдарч байгаа газрын улс төрийн баруун жигүүрээс тусад нь байлгах явдал. Өнөөдөр хүмүүс "Цагаан ордон ингэж мэдээллээ" гэдэг болж. Цагаан ордноос тийм ам хайгаад би 40 жил боллоо, хэзээ ч олсонгүй. Зүүн, баруун жигүүрийн аль аль нь ерөнхийлөгчийн ордонд сүүлд нэмэгдсэн хэсгүүд. Энэ нутаг дэвсгэрт болж буй үйл явцыг хянах нь миний үүрэг байсан.
-Та зарим ерөнхийлөгчийн хамгийн хувийн шинж чанартай мөчүүдэд хамт байсан. Яг ямар өдөр, ямар мөч таны сэтгэлд үлдсэн бэ?
-2001 оны есдүгээр сарын 11 үгээр хэлэмгүй хүнд өдөр байсан. Мөн Рональд Рейган, Михайл Горбачев нар Цагаан ордонд уулзаж, зүүн танхимд Дунд тусгалын цөмийн зэвсгийг хориглох гэрээнд гарын үсэг зурсан өдөр санаанд орж байна. Дараа нь тэд Төрийн зоогийн танхимаас дэлхий дахинд мэдэгдэл хийж байв. Тухайн үед өрөөнд байсан хэдхэн хүний нэг бол би. Тэр үед өрөөнд задгай гал төөнөн асч байсан бөгөөд Хүйтэн дайн ч гэсч эхэлснийг би мэдэрч билээ. Сэтгэл хөдлөм байсан шүү.
-Ерөнхийлөгч нарын Цагаан ордон дахь эхний болоод сүүлийн өдөр нь ямар байдаг вэ?
-Эхний өдрүүд бол ер нь төлөвлөгөөний дагуу л явдаг. Шинэ ерөнхийлөгч тангараг өргөхөөр Капитол руу яваад, эргэж ирэх хүртэл зургаан цаг орчим болдог. Эргээд ирэхэд нь өмнөх ерөнхийлөгчийн бүх зүйлийг нүүлгээд, өөрчилчихсөн байдаг. Хувцаснуудыг нь шүүгээнд хийчихсэн, дуртай амттан, хүнс нь гал тогоонд бэлэн, бүх тавилгыг хүссэнээр нь байршуулчихсан байдаг.
Энэ олон жилийн хугацаанд тогтсон нэг зүйл байдаг нь ерөнхийлөгч, тэргүүн хатагтай болон гэр бүлийн бусад гишүүн нь явахдаа хамгийн сүүлд аж ахуй, үйлчилгээний ажилтнуудтай уулздаг явдал. Дөрвөн жил бид тэдэнтэй хамт байсан гэсэн үг шүү дээ, ихэнх тохиолдолд бүр найман жил. Ажилтнуудын хувьд их сэтгэл хөдлөм мөч байдаг. Ялангуяа ерөнхийлөгч өрөөнөөс гарч, Капитол руу явах тэр мөчид бид огцорч буй ерөнхийлөгчийн бус шинэ ерөнхийлөгчийн ажилтнууд болдог.
-Тэд Цагаан ордныг өөрийн гэр мэт мэдрэх хүртэл хэр их хугацаа зарцуулдаг вэ?
-Ажилтнууд тэр мөчийг алдалгүй мэдэрдэг шүү ихэвчлэн. Шинэ ерөнхийлөгч гэр бүлийн хамтаар ирэхэд өмнөх ерөнхийлөгчийн ажилтнууд тэдэнд үйлчлэхээр томилогдоод байж байдаг. Дасах хүртэл жаахан хугацаа орно. Гэхдээ ажилтнууд шинэ гэр бүлтэй дасан зохицох гайхалтай чадвартай.
-Линкольны унтлагын өрөө сүнстэй байсан юм уу? Сүнстэй холбоотой түүх ер нь бий юу?
-Олон бий. Ажилтнуудын дунд тэр өрөөг сүнстэй гэж баталдаг хүн олон. Тэнд олон жил ажилласан нэг залуу эр байлаа. Нэг орой түүнийг агуулахаас тавилга аваад ир гэж гэнэ. Өрөө рүү яваад ортол ямар нэг зүйл сонсогдох шиг болж. Хаалгаар яг орох үед нь буланд байсан сандал хөдөлж байсан гэдэг. Ерөнхийлөгч Абрахам Линкольн тэнд байсан гэж тэр баталдаг юм.

3,548.92
















































Нэргүй 2025-11-14 66.181.182.152
Клинтоны сэкс асуудлыг мэддэг л байхдаа
Зочин 2025-11-14 103.212.119.251
манай оронд орчуулагдсан уу
Нэргүй 2025-11-14 202.131.227.181
шууд бестс?ллэр болох ном байна