Б.Сумьяа: Ажлын хэт их ачаалал ходоодны шарх үүсгэдэг

Б.Сумьяа: Ажлын хэт их ачаалал ходоодны шарх үүсгэдэг

Б.Сумьяа: Ажлын хэт их ачаалал ходоодны шарх үүсгэдэг

Улсын нэгдүгээр төв эмнэлэг /УНТЭ/-ийн Гастроэнтерологийн төвийн их эмч Б.Сумьяатай ярилцлаа.


-Манай улсад хоол боловсруулах эрхтний өвчлөл ямар түвшинд байна вэ? Түүнд хамгийн ихээр нөлөөлдөг хүчин зүйлс юу вэ?

-Монголчуудын дунд хоол боловсруулах эрхтний өвчлөл хамгийн түгээмэл, тэргүүлэх байр суурьтай байдаг. Ялангуяа ходоод, элэг, хоол боловсруулах замын хавдар, элэгний хатуурал зэрэг өвчлөлөөрөө манай улс дэлхийд дээгүүр ордог.

Эдгээр өвчний гол шалтгаан нь нэгдүгээрт, хүний амьдралын буруу хэв маяг, хоёрдугаарт, хооллолтын зохисгүй байдалтай шууд холбоотой. Мөн стресс, архи тамхины хэрэглээ, халдварт өвчний тархалт зэрэг хүчин зүйлс нийлж, хоол боловсруулах эрхтний эмгэгийг улам нэмэгдүүлдэг.

-Тодруулбал…?

-Хоол боловсруулах эрхтний тогтолцоо гэдэг нь маш өргөн хүрээтэй ойлголт. Өөрөөр хэлбэл, хүний аманд хоол орсноос эхлээд шулуун гэдсээр гадагшлах хүртэлх бүх үйл явц энд багтана. Энэ бүхэнд ам, залгиур, улаан хоолой, ходоод, гэдэснүүд, элэг, цөс, нойр булчирхай зэрэг олон эрхтэн оролцдог бөгөөд бүгд хоорондоо нарийн уялдаатай ажилладаг. Нэг эрхтний үйл ажиллагаа алдагдахад бусад эрхтэнд ч нөлөөлдөг нь үүнтэй холбоотой.

Яагаад Монгол Улс ходоод, элэг, улаан хоолойн хавдрын тоогоор дэлхийд дээгүүр ордог вэ гэхээр үүнд нөлөөлж буй хүчин зүйл маш олон. Тухайлбал, элэгний өвчлөлийн хувьд архины хэрэглээ, В болон С вирусийн халдвар, мөн дельта вирусийн халдвар маш түгээмэл байдаг. Үүний улмаас элэгний хатуурал, цирроз, элэгний хавдар их гарч байна.

Харин ходоод, гэдэсний өвчлөлийн хувьд нийт тохиолдлын 90-95 хувь нь хеликобактерийн халдвараас үүдэлтэй байдаг. Энэ нян нь Монголд маш түгээмэл тархсан бөгөөд түүн дээр нэмээд архи, тамхи, буруу хооллолт, стресс зэрэг нь ходоодны салстыг гэмтээж, шарх, үрэвсэл, цаашлаад хавдар үүсгэдэг.

Ер нь хүний биед өвчин үүсэх үед хамгаалах хүчин зүйл ба гэмтээх хүчин зүйлийн тэнцвэр алдагддаг. Хэрвээ гэмтээж буй хүчин зүйл давамгайлбал өвчлөл үүснэ гэсэн үг. Жишээ нь ходоодны шархны үед хеликобактерийн халдвар, стресс, химийн бодис, удамшлын нөлөө зэрэг нь ходоодны салст гэмтээдэг бол нөгөө талаас салстын нөхөн төлжилт, шүүрлийн зохицуулалт сулрах үед эмгэг үүсдэг. Өөрөөр хэлбэл, ямар хүчин зүйл таны биед илүү давамгайлж байна, тэрнээс шалтгаалаад өвчлөлийн эрсдэл нэмэгддэг гэсэн үг.

-Ходоод өвдөхөд эм уугаад зүгээр болсон мэт санагддаг ч удалгүй дахиж сэдэрдэг. Энэ өвчнийг зөв эмчлэхийн тулд яг юуг анхаарах ёстой вэ? Мөн тогтмол үзлэг шинжилгээ хийлгэж байх нь ямар ач холбогдолтой талаар тайлбарлаж өгөхгүй юу? 

-Ямар ч өвчнийг зөв оношилж, шалтгааныг нь тодорхойлох нь хамгийн эхний алхам. Ходоодны шарх, үрэвслийн ихэнх буюу 90-95 хувь нь хеликобактерийн халдвараас үүдэлтэй байдаг гэдгийг дээр дурдсан. Тиймээс зовуурь илэрвэл, жишээ нь аюулхай орчим цанхайх, хоол шингэхгүй болох, хэвлий хүчтэй өвдөх гэх мэт үед заавал эмчид хандаж, нарийн шинжилгээ өгөх хэрэгтэй.

Хоёрдугаарт, урьдчилан сэргийлэх үзлэг бол хамгийн үр дүнтэй эмчилгээ. Өвчилсний дараа бус, өвдөхөөс нь өмнө оношлох нь чухал. Ялангуяа 40-өөс дээш насныхан ямар нэгэн зовуурьгүй байсан ч жилд нэг удаа ходоод, бүдүүн болон шулуун гэдсээ дурандуулах хэрэгтэй. Энэ нь аливаа өвчнийг, тэр дундаа хавдрыг эрт үед нь илрүүлж бүрэн эмчлэх боломжийг олгодог.

Мэдээж эмийн эмчилгээ дангаараа хангалтгүй. Амьдралын хэв маяг, стресс, бухимдал, хооллолт бүгд ходоодонд нөлөөлдөг. Хүн эм уугаад түр намдлаа гээд буцаад хуучин зуршилдаа орвол өвчин сэдэрнэ. Тиймээс эмчилгээний хамгийн чухал хэсэг нь амьдралын хэв маягаа эрүүл болгох, тогтмол хяналт шинжилгээнд хамрагдах юм.

-Хеликобактерийг оношлох хамгийн найдвартай арга юу вэ?

-Хамгийн нарийн, найдвартай арга бол ходоодны дурангийн шинжилгээ юм. Дурангаар ходоодны салстыг шууд харж, шаардлагатай тохиолдолд сорьц авч шинжилдэг тул онош хамгийн баталгаатай гардаг. Гэхдээ заавал дуран хийлгэхгүйгээр амьсгалын сорил болон өтгөний шинжилгээ өгч болох бөгөөд эдгээр нь 90-95 хувийн мэдрэгтэй, хялбар аргууд юм. Хэрэв өмнө нь хеликобактерийн шинжилгээ өгч байгаагүй бол эхний удаад цусны шинжилгээгээр халдвар байгаа эсэхийг тогтоож болно.

Ямар шинжилгээ хийхээ эмч тухайн хүний зовуурь, нас, эрсдэл зэргээс шалтгаалж зөвлөдөг. Зарим тохиолдолд зовуурь тодорхой, архаг хэлбэрийн сэжигтэй байвал ходоодны дуран зайлшгүй шаардлагатай байдаг.

-Сүүлийн жилүүдэд хоол боловсруулах эрхтний өвчлөл, ялангуяа ходоодны шарх, хавдар улам залуужиж байна. Энэ ямар шалтгаантай вэ?

-Нэгдүгээрт, энэ нь эрүүл мэндийн боловсролын дутагдалтай холбоотой. Монголчуудын дийлэнх нь өвдөх үедээ л эмчид ханддаг. Өвчин аль хэдийн хүндэрсний дараа ирдэг болохоор эмчилгээ оройтдог. Харин дэлхийн олон улс оронд эрүүл мэндийн боловсролыг хүүхдэд цэцэрлэгийн наснаас нь эхлэн олгодог. Энэ нь өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга байдаг.

Тиймээс залуучууд “би эрүүл байгаа” гэж анзааралгүй явах биш, тогтмол урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байх ёстой. Өвчин эхэлж байхад нь илрүүлж чадвал бүрэн эмчлэх боломж маш өндөр.

Хоёрдугаарт, өвчин залуужиж буй шалтгааныг амьдралын хэв маяг, орчны нөлөөтэй холбож болно. Өнөө үед стресс, агаарын бохирдол, хүнсний аюулгүй байдал, хэт боловсруулсан бүтээгдэхүүний хэрэглээ, архи, тамхи зэрэг хүчин зүйлс хүний дархлааг сулруулж, хоол боловсруулах эрхтнийг гэмтээж байна. Энэ бүхний нийлбэр нь залуу насанд хүртэл ходоод, элэг, гэдэсний өвчлөлийг нэмэгдүүлж байгаа юм.

-Ходоод, гэдэсний өвчлөл сэтгэл санааны байдалтай холбоотой байдаг нь үнэн үү?

-Мэдээж үнэн. Стресс, сэтгэл санааны дарамт, ажлын хэт их ачаалал бүгд хоол боловсруулах эрхтэнд нөлөөлдөг. Хүн стрессдэх үед ходоодны шүүрэл ихэсч, хүчиллэг орчин нэмэгддэг. Ингэснээр салст бүрхэвч цочирч, шарх, үрэвсэл үүсэх эрсдэлтэй болдог. Цаашлаад энэ нь бусад эрхтний үйл ажиллагаанд ч нөлөөлдөг. Тиймээс ходоодны өвчнийг зөвхөн эмээр эмчлэхээс гадна сэтгэл санаагаа тогтвортой байлгах, амрах, стрессээ бууруулах нь зайлшгүй хэрэгтэй.

"ЦОЧМОГ НОЙР БУЛЧИРХАЙН ӨРӨВСӨЛД ӨРТСӨН 10 ХҮН ТУТМЫН 8 НЬ НАС БАРАХ ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ"

-Нойр булчирхай ямар үүрэгтэй эрхтэн бэ, үрэвслийн ихэнх нь архинаас үүдэлтэй гэж үздэг нь бодитой юу? Архи нойр булчирхайд ямар механизмээр нөлөөлдөг юм бол? 

-Монголчууд гэлтгүй дэлхийд цочмог нойр булчирхайн өвчлөл жил ирэх бүр нэмэгдэж байна. Энэ нь тухайн хүний суурь амьдралын хэв маяг, хооллолт, биеийн жингийн илүүдэл, химийн бодис, зарим тохиолдолд удамшлын шалтгаантай байдаг. Гэхдээ үндсэн гол шалтгаан нь архины хэрэглээнээс хамаардаг.

Ер нь дан ганц нойр булчирхайн өвчлөл ч гэлтгүй хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчлөлүүдийг үүсгэдэг гол хүчин нь архи байдаг.

Зуны улиралд гэлтгүй аливаа баяр наадмын үеэр хүмүүс архи ихээр хэрэглэж, нойр булчирайн үрэвслээ сэдрээдэг. Гэтэл нойр булчирхай гэдэг маань өөрөөсөө бүхэл, хатуу хоолыг шингэн төлөвт шилжүүлэхийн тулд маш их хэмжээний хүчтэй шүүрэл ялгаруулах үүрэгтэй эрхтэн. Тиймээс архины зохисгүй хэрэглээ нэгдүгээрт хэт ачаалал бий болгодог. Хоёрдугаарт, нойр булчирхайн үндсэн эсийг шууд гэмтээх үйлдэл үзүүлдэг.

Үүнээс болж маш залуу хүмүүс амь насны заалтаар эмнэлэгт ирээд улмаар нас барах тохиолдол бий. Цочмог нойр булчирхайн өрөвсөлд өртсөн 10 хүн тутмын 8 нь нас барах өндөр эрсдэлтэй байдаг. Сүүлийн жилүүдэд нойр булчирхайн өвчлөл дэлхийд 7.5 дахин нэмэгдсэн. Манай яаралтай түргэн тусламжийн тасагт ирдэг амь насны заалттай өвчтөнүүдийн дийлэнх нь нойр булчирхайн  цочмог үхжилт болсон байдаг.

Үүнд эхлээд аль болох эмийн эмчилгээ хийдэг. Эмийн эмчилгээ хийгээд үр дүн өгөхгүй бол мэс засалд ордог. Мэс заслын эмчилгээнд орох юм бол нас баралтын хувь маш өндөртэй хэцүү өвчин. Энэ өвчин нас хүйс ялгадаггүй.

-Нойр булчирхай өвдөж байгааг ямар онцлог шинж тэмдгээр мэдэх вэ?

-Цочмог нойр булчирхайн үрэвслийн гол онцлог нь гэнэт, хүчтэй, тэсвэрлэхийн аргагүй хэвлийн өвдөлт юм. Энэ нь ихэвчлэн хэвлийн дунд хэсгээр мэдрэгддэг. Заримдаа дотор муухайрах, бөөлжих, хоолны шингээлт муудах шинж тэмдгүүдтэй хавсарч илэрдэг.

Энэ төрлийн өвдөлт илэрсэн тохиолдолд гэрийн нөхцөлд дур мэдэн эмчилгээ хийхээс зайлсхийх хэрэгтэй. Үүний оронд яаралтай эмчид хандаж, мэргэжлийн тусламж авах нь амь нас, эрүүл мэндийг хамгаалах хамгийн зөв алхам юм.

Гэрэл зургийг О.Болорсувд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж