Бид киногоороо үзэгчдэд нэгийг бодогдуулна

Хуучирсан мэдээ: 2010.09.09-нд нийтлэгдсэн

Бид киногоороо үзэгчдэд нэгийг бодогдуулна

Энэ жил “Монгол кино нэгдэл” байгуулагдсаны 75 жилийн ой тохиож байгаа юм. Ойдоо зориулан дэлгэцийн шинэ уран бүтээлээрээ бэлэг барих гэж байгаа “Монгол кино нэгдэл”-ийнхэнтэй уулзлаа. Тус байгууллагын хуучин цайрсан, цагаан байшин өнгөө солин ногоо “дээл”-тэй болжээ. Байрныхаа дотор, гадна засварын ажил, дэлгэцийн бүтээл гээд зав муутай байсан КУДС-ын захирал, “Монгол кино нэгдэл”-ийн захирал Ж.Солонготой ярилцлаа.

-“Монгол кино” нэгдэл 75 жилийн ойдоо зориулан хийж байгаа уран сайхны киноны талаар яриагаа эхэлье.

-Бид “Нэхэл хатуу орчлон” гээд уран сайхны шинэ кино дээр ажиллаад одоо дуусах шатандаа мантож, дуундаа орчихсон байгаа. Төрийн соёрхолт, Соёлын гавъяат зүтгэлтэн Догмидын зохиолоор хийж буй энэхүү “Нэхэл хатуу орчлон” кино маань дөрвөн үйл явдлаас бүтэж байгаа. Кинонд бид байгальтай яаж харьцах вэ, хэрцгий догшин харьцвал байгаль хариугаа авдаг тухай, мөн хүний шуналын тухай хэт ихийг хүсэх бус аливаа зүйлд хязгаар гэж бий, бурхан бүгдийг тэнцүүлдэг гэсэн утгийг бас гаргаж байгаа. Одоо манайд чинь нэг хэсэг нь хэт баяжаад нөгөө хэсэг нь ядуу зүдүү байна шүү дээ. Хүний юмыг хулгайлах, төрийн юмыг завшиж байгаа болон уул уурхайн, экологийн асуудал хөндсөн. Бид энэ киногоороо хүнд юм бодуулах талаас нь хийх гэж зорьж байна даа. Энэ кинондоо зориулаад чонын бэлтрэгүүд хоёр жилийн өмнөөс авч сурган бэлтгэсэн. Тэгээд өнгөрсөн жилээс киноны зургаа аваад жаахан л зүйл үлдсэн байгаа.

-Чонын бэлтрэг сургасан гэнэ ээ, сонирхолтой юм?

-Саяхан “Шилийн богд”-д тавьчихсан байсан чоныг маань анчид алчихсан байх юм. Тэгээд бас нэг жижиг бэлтрэг аван бэлтгүүлээд байж байгаа. Овоо сураад эхлэхээр нь зураг аваад л дуусна даа.

-Киноны багаа танилцуулахгүй юу. Гол дүрүүдэд хэн тоглож байгаа вэ?

-Найруулагчаар нь би өөрөө, оператороор Г.Бат-Ирээдүй гээд залуу, зөвлөх оператороор Г.Маш,  ажиллаж байна. Ардын жүжигчин А.Очирбат гуай, “Тунгалаг Тамир” киноны Дулмаагийн дүрийг дэлгэцэнд мөнхөлсөн гавъяат жүжигчин Ш.Дэлгэржаргал болон КУДС-ыг төгссөн залуу жүжигчид тоглосон. Маргааш үлдсэн дуу шумны ажлаа гүйцээхээр “Шилийн богд”-ыг зорино доо.

-Кино хир хугацаанд бүтсэн бэ?

-Энэ кинонд амьтан сурган тоглуулсан. Эр эм чоно гээд л. Мөн бэлтрэгийг нь гарахыг хүлээх тэднийг сургах, хэсэгчилэн зураг авах гээд хугацаа их шаардсан. Хоёр гурван жилийн хугацаанд хийж байна даа.

-Зураг авалтаа хаана хийсэн бэ?

-“Шилийн богд” болон дандаа говийн аймгуудаар зургаа авсан. Уул уурхай гээд бүх юм руугаа дайраад, бүх юмаа сүйтгээд байдаг нь зөв үү, буруу юу гээд хүнд юм бодогдуулхаар кино л даа

-Та кино дөрвөн тусдаа хэсгээс бүтэж байгаа гэсэн?

-Тийм ээ. Дөрвөн жижиг үйл явдалтай. Нэг хэсэгт нь Говийн их хутагт Данзанравжаагын тухай байгаа. Японы эзэн хаанаас түүнийг шүтээд бишрээд нэгэн гүнж явуулдаг. Данзанравжаа хутагт тэр гүнжид дурласан боловч хүн заавал хайрласан юм болгоноо авч болохгүй гээд буцааж байгаа юм. Хичнээн хайрласан ч тэр бүгдийг авдаг шунал байж болохгүй ээ гэсэн санааг л бид хэлэхийг зорьсон. Бас нэг чоно айлын жингэрт ирээд “хүргэн” орж байгаа тухай гардаг. Гэтэл хүмүүс бэлтрэгийг нь суйлдаг. Байгаль дэлхийтэй зөв харьцах ёстой, хүний шуналд хязгаар байх ёстой гэдгийг л харуулахыг хичээж байна.

-Амьтантай харьцаж зураг авалт хийхэд бэрхшээлтэй зүйлс их тохиолдоно биз. Тэр тусдаа хээрийн хөх чонотой?

-Өө тэгэлгүй яахав. Заримдаа чонын маань “ааш” нь хувираад долоо хоноод зураг авч  чадахгүй ч ирэх үе бий.

 -Киноныхоо нээлтийг хэзээ хийхээр төлөвлөөд байгаа вэ?

-Аравдугаар сарын сүүлээр л нээнэ дээ.

-75 жилйин ойн хүрээндээ өөр ямар ажлууд хийж байгаа вэ?

-Энэ жил их бүтээн байгуулалтын жил. Энэ хүрээнд “Монгол кино нэгдэл” их засвар хийгээд дуусч байна. 80 жилийн ойгоо сүртэй тэмдэглэнэ дээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж