Монгол Улсдаа цор ганц гэгдэх улсын тодотголтой, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /ЭХЭМҮТ/ амралтын өдөр гэхгүй ажлын өдрүүдэд ч ачаалал өндөр байдаг. Хүүхдээ үзүүлэхээр зорьж ирэх иргэдийн хөл хөдөлгөөнд ЭХЭМҮТ-ийн Яаралтай тусламжийн тасаг дарагджээ. Энэхүү ЭХЭМҮТ нь 0-16 насны хүүхдэд эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй тусламж, үйлчилгээ үзүүлдэг улсын эмнэлэг юм. ЭХЭМҮТ нь ажлын өдрүүдэд өдөрт дунджаар 1000-1500 хүүхэд хүлээн авч үздэг бол Яаралтай тусламжийн тасаг нь хоногт 350 хүүхдэд цаг алдалгүй үйлчилгээ үзүүлэхээр ажиллаж байна. Тиймээс бид энэ удаагийн сурвалжлагаа ЭХЭМҮТ-өөс бэлтгэн хүргэж байна.
Улаанбаатар хот, 2025.11.09, 17:30 цаг
Бага насны хүүхдээ тэвэрсэн, мөн дунд сургуулийн насны хүүхдээ хөтөлсөн эцэг, эхчүүдийг ЭХЭМҮТ-ийн Яаралтай тусламжийн тасаг руу орж ирэх бүрт үүдний жижүүр эмч угтан авч шаардлагатай асуултыг асууж чиглүүлнэ. Жижүүр эмчийн асуулт энгийн. Эмч иргэдээс "хүүхдэд нь ямар зовуурь илэрсэн бэ", "гадуур хувцсаа тайлж хүүхдийнхээ өндөр, жинг үзээд цагаа бичүүлээрэй" гэх үгийг өвчтөн нэг бүрт төвөгшөөхгүй хэлэх аж. Эцэг, эхчүүдийн олонхи нь сандарсан, яах аа мэдэхгүй тэвдэж балмагдаж байх үед нь хүн бүрт зөвлөж, чиглүүлээд өгөх нь халуун дулаан уур амьсгал мэдрүүлнэ.
Биднийг очиход Яаралтай тусламжийн тасгийн гадаа 30 гаруй эцэг, эх хүүхдээ үзүүлэхээр цагаа хүлээж байв. Өмнөх үйлчлүүлэгчийг өрөөнөөс гарангуут эцэг, эхчүүд зөрж орж хүүхдээ үзүүлнэ. Зарим хүүхдэд өвчтөний түүх нээж яаралтай хэвтүүлэхээр болж тасаг руу шилжүүлэх бол зарим хүүхдэд эмчилгээ бичиж өгөх аж.
Эмнэлгийн өрөө болгоны үүдний хажууд 3-4 хүн багтах хэмжээний сандал байрлуулсан тул эцэг, эхчүүд хүүхдээ үзүүлэхээр хүлээх зуураа түр сууна. Өвчиндөө шаналж уйлах бяцхан жаахан хүүхэддээ ээж нь "Удахгүй эмч үзнэ, миний хүү уйлахгүй шүү. Жаахан тэвчээрэй" гэж тайтгаруулна. Харин цаад талд нь өөр нэгэн аав гар утсаараа хүүхдийнхээ дуртай дуу, бичлэгийг үзүүлж саатуулна.
Яаралтай тусламжийн төвд хүүхдээ үзүүлэхээр ирсэн залуу хосуудтай бид цөөн хором ярилцсан юм. Нөхрийг нь А.Өнөрбаяр гэдэг бол эхнэрийг нь Ц.Хулан гэдэг аж. Залуу хосууд хүүхдээ үзүүлэхээр хүлээж зогссон нь энэ. Тэд эмчид үзүүлэхээр хүлээж 30 гаруй минут болсон тухайгаа хэлэв. Хүүхэд нь өдөр дахин бага зэргийн халуурч эхэлсэн бөгөөд сүүлдээ халуун нь буухгүй байсан учраас эмчид үзүүлэхээр иржээ. А.Өнөрбаяр "Өнгөрсөн долоо хоногт манай хүүхэд бага зэргийн халуурахад нь өрхийн эмчид үзүүлж эм бичүүлж авсан. Тухайн эмийг хэрэглэсэн боловч халуун нь огт буугаагүй. Өрхийн эмч хэлэхдээ хүүхэд даарсан учраас ханиад хүрсэн гэж байсан. Эмийг нь цагийн дагуу өгч, дархлааг нь дэмжиж шим тэжээлтэй хоол хүнс өгсөн ч нэмэргүй л байна. Хүүхэд маань гайгүй байгаасай. Хэвтэн эмчлүүлнэ гэвэл хүнд. Ойтой хүүхэд эмнэлэгт хэвтэх чанга. Манай эрүүл мэндийн салбар нэг үеэ бодвол хөгжиж байгаа ч улсын эмнэлэг хувийн эмнэлгийг хэрхэн гүйцэх билээ. Хэвтэн эмчлүүлэх тохиололд орны асуудалтай нүүр тулахаар байна. Энд бас үзүүлээд шууд хэвтэхээр болсон хэд хэдэн хүүхэд байсан. Өрөөндөө хэдэн хүүхэд хэвтэх боломжтойг сайн мэдэхгүй байна. Нэг талаараа орны хүртээмжтэй байдлаас ихээхэн хамаардаг гэсэн" гэлээ.
Долоо дугаартай өрөөнд хүүхдээ үзүүлээд гарч ирсэн аавыг Ө.Болд-Эрдэнэ гэдэг. "Эрүүл мэндийн салбарыг шуурхай үйлчлэхгүй байна гэж шууд буруутгаж болохгүй. Эмч нар хүүхэд бүрийг нарийн үзэж, зөвлөгөө өгч, эмчилгээ бичиж өгч байгаа. Хүүхэд өвдөөд ирэхэд орны хүрэлцээгүй байдал нь эмчийн буруу биш. Тиймээс эмчийг буруутгах нь өрөөсгөл юм. Гэхдээ дүүргийн эмнэлэг, улсын нэгдсэн эмнэлгээс иргэд үйлчилгээ авах нь тодорхой учраас орны хүрээлцээгүй байдлыг эртнээс зохицуулах ёстой санагддаг. Энд одоо 0-18 насны хүүхдийг эмч нар цаг алдахгүй үзэж байна.
Хүүхэд бид хоёр цаг авснаас хойш 30-40 минутыг дараа үзүүлж байна. Бага насны хүүхдээ үзүүлж байхад 10 гаруй насны хүүхэдтэй зэрэгцэж хүлээн үзэж байгаа нь хүндрэлтэй санагдсан.
Ядаж хүүхдийг нас насаар нь ангилж үзвэл зүгээр байх. Гэтэл тийм биш байна. Тухайн хүүхдийн биеийн нөхцөл байдал ямар байгааг мэдэхгүй тул эрсдэл дагуулж байна. Тиймээс энэхүү асуудалд анхаарах ёстой. Эмнэлгийн гадаах зогсоолд их машин харагдсан. Тэгэхээр тэр хэмжээгээр иргэд ЭХЭМҮТ-өөс үйлчилгээ авч байгаа байх" гэлээ.
Яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлж буй хүүхдүүдийн тоо ажлын өдрүүдээр 250-280, амралтын өдрүүдээр 300-350 хүрч нэмэгддэг аж.
Үйлчлүүлж байгаа хүүхүүдийн олонхи нь томуу, томуу төст өвчнөөр өвдсөн байгаа юм. Тодруулбал, хүүхэд өндөр халуурч, ханиалгасан, бөөлжсөн, суулгасан гэх зэрэг түгээмэл шинж тэмдэгтэй байгаа талаар эмч нар хэллээ. Мөн эмч нарын хэлж буйгаар, заавал лабораторийн шинжилгээнд оруулна гэхгүйгээр илэрч буй шинж тэмдэг дээр нь тулгуурлан тохирох эмчилгээг хийдэг гэсэн юм.
Томуу, томуу төст өвчний өндөр дэгдэлттэй байдаг цагаар ор нь хүрэлцдэггүй, өвчтөнүүд нь шалаар нэг зулдаг асуудал хөндөгддөг. Энэ жилийн тухайд Эрүүл мэндийн сайд уг асуудалд зохицуулалт хийнэ гэж мэдэгдсэн. ЭХЭМҮТ-д одоогоор онцгой нөхцөл байдал хараахан үүсээгүй байна.












Гэрэл зургийг О.БОЛОРСУВД
3,548.92






















































Холбоотой мэдээ