ОХУ: Украин руу 458 дроноор цохилт өгсөн

Хуучирсан мэдээ: 2025.11.09-нд нийтлэгдсэн

ОХУ: Украин руу 458 дроноор цохилт өгсөн

ОХУ: Украин руу 458 дроноор цохилт өгсөн

Украины эрчим хүчний системд Орос цохилт өгч, улмаар хоёр хүн амиа алдсан байна. Мөн улс даяар хэд хэдэн хэсэгт цахилгаан тасарсан гэж Украины эрх баригчид Бямба гаригт (2025.11.08) мэдээлэв. Сүүлийн саруудад Орос улс Украины байгалийн хий үйлдвэрлэдэг чухал дэд бүтцийг онилж, олон айл өрхийг халаалтгүй, тог цахилгаангүй болоход нөлөөлсөн.  Мэргэжилтнүүдийн хэлснээр, энэ өвөл Украинд халаалтын асуудал хамгийн том хүндрэл үүсгэж болзошгүй аж. Тус улсын гадаад хэргийн сайд Андрий Сыбиха “Оросын цохилт дахин ард иргэдийн өдөр тутмын амьдралыг ониллоо. Тэд цахилгаан, ус, халаалтыг тасалдуулж, дэд бүтцийг сүйтгэн, төмөр замын сүлжээг гэмтээсэн” гэж мэдэгдлээ.

Украины Агаарын цэргийн хүчний мэдээлснээр, Орос шөнө дунд нийт 458 дрон, 45 пуужин хөөргөснөөс Украины тал 406 дрон, 9 пуужинг сөнөөжээ.

Зүүн бүсийн Днепр хотод дроны халдлага есөн давхар байшинг сэтэлж, хоёр хүн амь үрэгдэж, зургаа нь шархадсан гэж ерөнхий сайд Юлия Свириденко хэлэв. Хойд бүсийн Харьков хотод цахилгаан, ус тасарсан бөгөөд цахилгааны ноцтой хомсдол үүссэн гэж хотын дарга нь мэдээлж байна. Украины зүүн бүс нутгийн Кременчук хотод мөн цахилгаан, ус тасарч, халаалт хэсэгчлэн л ажиллаж байгаа тухай орон нутгийн захиргаа мэдээлэв. Мөн төмөр замын хөдөлгөөн саатсан бөгөөд Орос зүтгүүрийн депог онилж байна гэж мэдээлжээ. “Бид улс даяар гэмтсэн дэд бүтцийг сэргээхийн төлөө ажиллаж байна. Гол зорилго бол дулаан, гэрэл, усыг аль болох хурдан сэргээх юм” гэж Свириденко мэдэгдсэн. Бараг дөрөв дэх жилдээ үргэлжилж буй дайны туршид Орос Украины цахилгаан, халаалтын сүлжээг байнга онилон, чухал дэд бүтцийг ихээхэн сүйтгэжээ. Өмнөд Одесса мужид Баасан гаригийн орой дронууд эрчим хүчний байгууламжийг онилсон ч хүний амь үрэгдээгүй гэж тус мужийн захирагч мэдээллээ.

Оросын Батлан хамгаалах яам “Украины цэргийн аж үйлдвэрийн байгууллага болон тэднийг дэмжиж буй хий, эрчим хүчний байгууламжуудыг онилсон" гэж мэдэгдсэн байна.

Киевийн Эдийн засгийн сургуулийн судалгаагаар, довтолгооны улмаас Украины байгалийн хийн үйлдвэрлэлийн бараг тал хувь нь зогсжээ. Эрчим хүчний шинжээч Олександр Харченко анхааруулахдаа, хэрвээ гадаа -10 хэмээс доош температурт Киевийн хоёр гол цахилгаан болон халаалтын станц гурав хоногоос дээш хугацаанд зогсвол нийслэл технологийн сүйрэлд орно гэжээ.

Нөгөө талд Украин ч сүүлийн саруудад Оросын газрын тосны агуулах, боловсруулах үйлдвэрүүдэд довтолж, Москвагийн эрчим хүчний экспортыг тасалдуулах, түлшний хомсдол үүсгэхийг зорьж байна. Оросын өмнөд Волгоград мужид Баасан гаригийн орой болсон дроны халдлагын улмаас мөн цахилгаан тасарсан гэж орон нутгийн захирагч мэдээлжээ.

ЭХ СУРВАЛЖ: THE MOSCOW TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
4
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж