Долоо хоногийн онцлох СУРВАЛЖЛАГУУД

Долоо хоногийн онцлох СУРВАЛЖЛАГУУД

Долоо хоногийн онцлох СУРВАЛЖЛАГУУД

"NEWS" агентлаг өнгөрсөн долоо (2025.11.03-11.08) хоногийн онцлох сурвалжлагуудыг хураангуйг хүргэж байна.


СУРВАЛЖЛАГА: МАЛЧДЫН ЗАХ МАХНЫ ҮНЭ БУУРУУЛАХГҮЙ, УЛАМ ХӨӨРӨГДӨЖ БАЙНА

Улаанбаатар хотын хэд хэдэн байршилд малчдын гар дээрээс мах худалдаалах цэгийг байгуулсан. Иргэдийн зүгээс ченжээр дамжуулахгүй, малчдын гар дээрээр хямд үнэтэй мах худалдан авч байгааг хэлж буй. Тэгвэл энэ удаагийн сурвалжлагаа малчдын зах байгуулснаар махны үнэд хэрхэн нөлөөлж байгаа талаар махны бөөний худалдааны төв болох "Хүчит шонхор" захаас бэлтгэлээ.

Зарим махны ченжүүд "Хүчит шонхор" захаас махаа бөөндөж аваад, малчдын гар дээрээс мах худалдаалах цэг дээр махаа үнэтэй зарж байна гэдгийг хэлж байв.

Биднийг өдрийн 15.00 цагт тус захад очиход жижиглэнгийн махны лангуунууд бүгд махаа зарж дуусаад, хоосорсон байлаа. Зарим худалдагч лангуугаа угааж, цэвэрлэж байгаа харагдав. Тэдний нэг махны худалдагч А.Азжаргал "Малчдын гар дээрээс мах худалдаалах цэгийн махны үнэ хямд биш шүү дээ. Тэр цэг дээр дан ястай мах зардаг бол бид захыг ангилж, шулж, ангилаад зардаг.

Уг нь өдийд махны үнэ тогтворжоод унасан байх ёстой байтал малчдын гар дээрээс мах худалдаалах цэгүүд ажиллаж эхэлснээр махны үнийг барьчихлаа.

Жишээлбэл, өнгөрсөн жил өдийд хонины цул мах 10.500 төгрөг, ястай мах нь 8-10 мянган төгрөг болж буусан. Ард иргэд л хохирч байна. Дээрээс нь тэнд малчид өндөр түрээс төлж байна. Тэндээс хэн ашиг харж байна вэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Энэ цэгүүд байгуулагдсанаар "Хүчит шонхор" захын махны үнэд нэг их нөлөөлж байгаа юм алга. Бидний орлого буураагүй" гэдгийг  хэлсэн юм.

"Хүчит шонхор" зах дээр үхрийн цул мах 20.500-21.000 төгрөг, үхрийн ястай мах нь 17.500-18.000 төгрөгийн үнэтэй зарж байна. Харин адууны ястай, ясгүй мах 10.500 төгрөгийн үнэтэй бол хонины ястай мах 12.000-14.500 төгрөг, хонины цул мах 15.000 төгрөгийн үнэтэй байлаа. Ямааны ястай мах нь 11.000 төгрөг, цул нь 12.000 төгрөгийн үнэтэй зарж байна. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

"ХОТЫН ТӨВД АШИГЛАЛТЫН ШААРДЛАГА ХАНГААГҮЙ, НАСЖИЛТ ӨНДӨР 376 БАРИЛГА БАЙНА"

Нийслэлийн Хот байгуулалтын алба болон нийслэлийн Засаг даргын Тамгын газраас, хотын төвд байрлах хэт хуучин орон сууцыг барилгажуулах, шинэ барилгын өндрийг тогтоож дахин төлөвлөх ажлыг зохион байгуулж байна.  Тухайлбал, Бага тойруу, Их тойруу орчим нь Улаанбаатар хотын түүх соёл, архитектурын үнэт өвийг хадгалсан бүсийн нэг юм. Гэвч энэхүү бүсэд ашиглалтын шаардлага хангаагүй, насжилт өндөр 376 барилга байна гэж мэргэжлийн байгууллага тогтоосон. Үүний 40-50 барилга нь иргэдийн амьдрах орчин, аюулгүй байдал, чанарын шаардлага хангахгүй байгаа учраас дахин төлөвлөлтөд оруулж эхэлжээ. Мөн төвийн зургаан дүүрэгт ашиглалтын шаардлага хангахгүй орон сууц их бий. Уг асуудлыг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2025 оны наймдугаар сарын 20-ний өдрийн хурлаар шийдэж нийслэлийн Сүхбаатар дүүргийн найман хороо, Чингэлтэй дүүргийн зургаан хороо Бага тойрог болон бусад дүүрэгт дахин төлөвлөлтийн ажил эхэлсэн байдаг.

Уг асуудлаар “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны хэлтсийн дарга Б.Бат-Учралаас тодрууллаа.

-Тэрбээр, "Нийслэлийн Засаг даргын захирамжаар 80 барилга шилжиж ирсэн. Тухайлбал, төвийн зургаан дүүргийн 80 орон сууцыг дахин төлөвлөлтөд оруулж байна. Үүнд дээр сонгон шалгаруулалт зарлаж 14 төсөл хэрэгжүүлэгч компани шалгарч үе шаттайгаар ажлууд хэрэгжиж байгаа. Эхний байдлаар 14 төслөөс гурван төсөл нь барилга угсралтын ажил эхэлсэн бөгөөд нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт байрлах 16 давхар барилгын цутгалтын ажил бүрэн хийгдэж дууссан. Мөн нийслэлийн Баянгол дүүрэгт дахин төлөвлөлтийн хүрээнд нэг орон сууцны суурийн ажил эхэлсэн. Мөн Сүхбаатар дүүрэгт орон сууцны хөрс хуулах ажил үргэлжилж байна. Үндсэндээ, 2025 оноос эхэлсэн 14 төсөл хөтөлбөрт 2500 орчим айл өрхийг орон сууцжуулна гэсэн үг. Энэ жил зарлагдсан 14 төсөл хөтөлбөрийн сонгон шалгаруулалт энэ оны найм, есдүгээр сард зарласан учраас орон сууцжуулах ажил өөрөө 24 сарын хугацаатай байдаг. Тиймээс 2026 онд орон сууц ашиглалтад орох боломжгүй харин ирэх 2027 онд ашиглалтад орж айл өрхүүдийг хүлээн авна. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

СУРВАЛЖЛАГА: ОЮУТАН НАСНЫ ДУРСАМЖИЙН ГЭР

Биднийг дотогш ороход, үүдний хэсэгт ширээ сандал байх бөгөөд энгэр дээрээ "security" гэх бичигтэй цэнхэр өнгийн цамцтай, нүдний шилтэй ахимаг насны жижүүр эмэгтэй биднийг угтаж, ямар ажлаар явааг асуув. Тэрбээр, орсон, гарсан хүн бүрийн үнэмлэхийг шалган хариуцлагатай гэгч нь суух ажээ. Түүнийг Н.Оюун гэдэг. Түүний хувьд Хил хамгаалах байгууллагад олон жил ажиллаад гавьяаныхаа амралтад гарсныхаа дараа МУИС-ийн зургадугаар дотуур байранд жижүүр хийж байгаа нь энэ. Тэрбээр, “Одоогийн хүүхдүүд ухамсартай, боловсролтой болсон байна. Хүнтэй харилцах харилцаа, хүмүүжил нь шал өөр болчихжээ. Хоорондын уур амьсгал нь ч сайн, хоол ундаа хуваагаад идэж байгаа нь хөөрхөн харагддаг. Сургууль талаас ч хангамж үйлчилгээ сайтай санагддаг. Автомат угаалгын машинд цаг авч хувцсаа угаагаад, халуун усанд тогтмол цагаар орцгоогоод тухтай сайхан л амьдарч байгаа. Хүүхдүүд маань ч их сүрхий. Дотно ярих зүйлсээ ирж ярьдаг. Мэдэх зүйл байвал аль чадахаараа зөвлөдөг. Оюутны байранд голцуу эмэгтэй жижүүр гаргадаг. Ар гэрээсээ хол байгаа хүүхдүүдэд илүү ойр байх гэдэг үүднээс ээж, эмээ, эгчийг нь орлох зэргийг бодож эмэгтэй жижүүр ажиллуулдаг юм болов уу гэж боддог” хэмээн ярив.

Дараа нь хэчнээн олон хөл өгсөж уруудсаныг таашгүй будаг нь халцарч, элэгдсэн шатаар дээшлэв. Цэлийсэн урт нарийн коридор, өөд өөдөөсөө харсан хаалга. Хэд хэдэн хувцас хатаагч, зөрөн өнгөрөх оюутан залуус биднийг угтав. Эдгээр залуусаас МУИС-ийн зургадугаар дотуур байрны зөвлөлийн дарга, МУИС-ийн Хэрэглээний химийн гуравдугаар түвшний оюутан Г.Пүрэвдашийг онцлон ярилцсан юм.

-Дотуур байранд амьдрахын юу нь сайхан бэ?

-Би МУИС-ийн 6-р дотуур байранд хоёр дах жилдээ амьдарч байна. Дотуур байранд амьдрахын хамгийн сайхан нь маш олон дурсамжийг бүтээдэг. Төрсөн гэрээс ялгаа байхгүй дулаахан мэдрэмжийг төрүүлдэг. Өрөөнийхөнтэйгээ гитартай дуулж, тоглож, хоолоо хамтдаа хийж идээд бөөндөө инээлдээд суух нь л хамгийн сайхан байдаг. Бас сургуульдаа ойр болохоор цаг маш их хэмнэдэг, хичээл номоо давтахаас эхлээд маш олон давуу талтай. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

СУРВАЛЖЛАГА: ААН-ҮҮД ТАТВАРАА ТӨЛЖ ЧАДАХГҮЙД ХҮРЧЭЭ

Баянгол дүүрэгт цайны газар ажиллуулдаг бизнес эрхлэгч А.Алтанбаяр:

“Цалин нэмэгдэж байгаа нь мэдээж сайхан хэрэг. Гэхдээ цалин нэмэгдэхтэй зэрэгцээд бараа бүтээгдэхүүн, түүхий эдийн үнэ өсдөг. Тэгэхээр бид үнээ нэмэхээс өөр аргагүй болдог. Гэхдээ үнэ нэмэхэд үйлчлүүлэгчид "үнэ нэмчихлээ" гээд уурлана. Нэмэхгүй бол ашиггүй ажиллана. Манай улс үйлдвэрлэгч биш шүү дээ. Бүх бараагаа гадаадаас авдаг болохоор ханш савлах бүрт үнэ өсдөг. Эмч, багш нарын орлого нэмэгдэхэд баяртай байна, гэвч цалин, тэтгэвэр нэмэгдэхтэй зэрэгцэн зарим аж ахуйн нэгж ашиг олохын тулд бараа, бүтээгдэхүүний үнээ нэмэх хандлага гаргадаг. Энэ нь эцэстээ энгийн иргэдийн нуруун дээр хүндээр тусдаг. Бид ашиг хөөцөлддөггүй, харин олон хүнийг ажлын байраар хангаж, цалин өгдөг. Гэвч тог, түлш, цахилгаан зэрэг бүх зүйлийн үнэ дагаад нэмэгдэхээр бизнес эрхлэхэд улам хүнд болдог. Заримдаа “ингэж явахаар больё” гэсэн бодол төрөх үе ч бий. Зарим нь бүр гадагшаа гарч ажиллах тухай боддог. Миний бодлоор төр өөрийн үндсэн үүрэг болох хууль, дүрэм журмаа боловсруулах ажлаа л хиймээр байгаа юм. Төр бүх юманд оролцохоо болимоор байна. Махны үнэд хүртэл оролцож байна. Зах зээлийнхээ зарчмаар явах боломж өгөх хэрэгтэй шүү дээ. Төр оролцохоор л бүх зүйл болохоо больдог” гэлээ.

Эдийн засагчдийн тайлбарлаж буйгаар “цалин нэмэгдэх нь нийгмийн хувьд зөв алхам. Гэхдээ эдийн засаг халаад байгаа энэ үед мөнгөний нийлүүлэлт өсөх нь инфляцыг дахин идэвхжүүлж, төгрөгийн худалдан авах чадварыг бууруулна.

Цалин 10 хувь өсөөд инфляци 8 хувь байвал бодит орлого ердөө хоёр хувиар л өссөн гэсэн үг. Үнийн өсөлт үүнийг шингээдэг. Тиймээс цалин нэмэхдээ бүтээмжийн өсөлттэй уялдуулах ёстой” гэв.

Өөр нэг жишээ, бизнес эрхлэгч М.Содном өмнө нь ТҮЦ ажиллуулдаг байжээ. Гэвч энэ оны дөрөвдүгээр сард хотын захиргааны шийдвэрээр бүх ТҮЦ-ийг нүүлгэснээр тэр өөрийн бизнесээ алдсан байна. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж