“News” агентлаг өнгөрч буй долоо хоногт уригдсан зочдынхоо ярилцлагыг тоймлон хүргэж байна
Тархины харвалтын талаар Монголын харвалт судлалын нийгэмлэгийн тэргүүн, АУ-ны доктор, зөвлөх эмч Р.Амарбаясгалантай ярилцлаа.
-Дэлхий нийтэд тархины харвалт өвчин нэлээд дээгүүр орж байгаа гэж албаныхан мэдээлж байна л даа. Монгол Улсын хувьд тархины цус харвалтын өвчлөл ямар түвшинд байна вэ?
-Тархины харвалт гэдэг нь тархины судас бөглөрөөд улмаар тухайн судсаар тэжээгдэж байсан хэсэг үхжээд ирэхээр гар хөл нь суларч өрөөсөн тал нь саажилт үүсдэг цаашлаад тархины судас хагарч тархинд цус алдаж улмаар үхэлд хүргэдэг. Тархины харвалтын улмаас тахир дутуу болж байгаа болон нас баралтын тоогоороо уг өвчлөл Дэлхийд дээгүүр орж байгаа. Монгол Улсад ч мөн тархины харвалт их байна. Уг өвчин маань орон, орноосоо шалтгаалаад шалтгаан нөхцөл нь өөр байдаг. Тухайлбал, өндөр хөгжилтэй орнуудад тархины судасны хатуурал ихтэй, тархины судас бөглөрөх харвалт илүү байгаад байдаг. Гэтэл Монгол Улсад тархины судас задрах харвалт түлхүү байна.
Монголд түлхүү тохиолдож байгаа тархины судас задрах харвалт бол цусны даралт ихдэлттэй холбоотой. Сүүлийн арван жилд тархины судасны бөглөрөл мөн нэмэгдэж байна.
Өөрөөр хэлбэл, Монголд өнөөдрийн байдлаар тархины судас хагарах, тархины судасны бөглөрөл хоёр тохиолдлоороо яг ижил түвшинд байна.
-Таны дээр хэлсэн тархины цус харвалтын шалтгаан, нөхцөл юу байна вэ. Юунаас үүдэж энэ өвчлөл бий болж байна вэ?
-Тархинд цус харвах, тархины судасны бөглөрөл зэрэг нь нийгмийн хөгжилтэй холбоотой гэж үзэж байгаа. Тухайлбал, хооллолт, хөдөлгөөн гэх мэт. Хуучин бол харьцангуй эрүүл хооллодог байлаа. Хөдөлгөөн ихтэй, биеийн жин хэвийн байсан. Дээхэн үед бол даралтнаас болж тархины судас задарч харвадаг байж. Гэтэл орчин үед идэж ууж байгаа зүйлээс шалтгаалж цус бохирдож, өтгөрч байна. Үүнээс шалтгаалж тархи, зүрхний судас зузаарч гэмтэж, язрах гэх мэт гэмтэж байгаа. Үүнээс үүдэж тархины судасны бөглөрөл нэмэгдэж байгаа юм. Аливаа өвчлөлийг бий болгодог эрсдэлт хүчин зүйл гэж бий л дээ. Тархины харвалтанд хүргэдэг эрсдэлээс засаж болох хүчин зүйл, засаж болохгүй хүчин зүйл гэж байгаа.
Ингээд харахаар засаж болохгүй хүчин зүйлээс засаж болох хүчин зүйл нь өндөр байдаг. Засаж болохгүй хүчин зүйлд нь зүрх, цусны өвчин мөн төрөлхийн янз бүрийн судасны гажиг зэрэг ордог. Гэхдээ эдгээр эрсдэл маш бага хувийг эзэлдэг.
Гэтэл хүн амаас өөрсдөөс нь шалтгаалах эрсдэлт хүчин зүйл маш их байгаа. Иргэд тархины харвалтаас сэргийлэхийн тулд бүр бага наснаас нь хамгаална. Ер нь бол улс орны хүн амыг эрүүл байлгая гэвэл хүүхэд наснаас нь эхэлнэ. Өөрөөр хэлбэл, хүүхдээ багаас нь эрүүл хоол хүнсээр хооллож, амьдралын эрүүл дадал хэвшилтэй болгох ёстой. Мөн иргэд маань өөрсдөө дасгал хөдөлгөөн хийж, эрүүл зөв хооллох ёстой. Дээрээс нь сэтгэл санаагаа тайван байлгах хэрэгтэй.
Хүн стрессдээд дандаа муу юм бодоод санаа зовж, айж түгших бүрт тархи, зүрх, бөөрний судас агшиж байдаг. Улмаар цусны даралт ихэсдэг болно. Сахарын шижинтэй болно. Ингээд судас хатууруулдаг механизм ажиллаж эхлэдэг. Стресс бол маш хортой. Тиймээс өөрийгөө удирдаж сурах нь чухал. Мөн архи, тамхины хэрэглээ гэх мэтчилэн зүйлүүдээс шалтгаалдаг.
-Монгол Улсад тархины харвалтыг хэрхэн эмчилж, оношилдог вэ. Оношилгоо, эмчилгээ хэр хүртээмжтэй байдаг юм бол?
– Тархины харвалт дэлхийд өндөр тэргүүлэх өвчлөлийн нэгт орж байгаа учраас улс болгон үүнтэй тэмцэж байна. Улмаар тархины харвалтын эмчилгээг зөв, буруу хийж байгааг мэдэхгүй учраас Дэлхий нийтээр нэгдсэн арга барил хэрэгтэй юм байна гээд Дэлхийн харвалтын байгууллага байгуулагдсан. Монгол Улс 2009 онд харвалтын нийгэмлэгийг байгуулж Дэлхийн харвалтын байгууллагат гишүүнээр орсон байдаг. Ингээд дэлхийн харвалтын байгууллагаас удирдамж авч ажилладаг. Жил бүрийн аравдугаар сарын 29-ны өдрийг Дэлхийн тархины цус харвалтын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдөр тархины харвалтын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор иргэдэд зориулсан уриалга, хэрхэн урьдчилан сэргийлж болох зэрэг уг өвчлөлийг таниулах ажлыг хийдэг.
2012 онд Улсын гуравдугаар төв эмнэлэг дээр Мянганы Сорилын Сангийн санхүүжилтээр Монгол Улсад анхны “Харвалтын тасаг” буюу харвалт өвчнийг эмчлэх нэгж байгуулагдсан. Ингээд 2014 онд уг өвчнийг эмчлэх харвалтын тасгийг Улсын нэгдүгээр эмнэлэг дээр байгуулсан. Мөн Баянгол дүүрэгт нэг нэгж бий. Монголд тархиын харвалтыг эмчлэх нийт гурван төв үйл ажиллагаа явуулж байгаа. Тархины судасны бөглөрөлийн үед бүлэн хайлуулах эмчилгээг манай улсад хийдэггүй байсан. Энэхүү эмчилгээг мөн хийж эхэлсэн. Уг эмчилгээнд бол гуравдугаар эмнэлэг маш туршлагатай. Тархины судасны бөглөрөлийн үед бүлэн хайлуулах эмчилгээг гуравдугаар эмнэлгээс гадна хоёрдугаар эмнэлэг хувийн эмнэлгээс Сонгдо эмнэлэг хийж байна. Хөдөө орон нутагт ч мөн тархины судасны бөглөрөлийн үед бүлэн хайлуулах эмчилгээ хийх сургалтыг эмч нарт орж энэ эмчилгээг хийж эхэлж байгаа.
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж уншина уу!
Ц.ЛУТ-ОЧИР: ХҮН НАМЫН САНАЛ ТОДОРХОЙ БИШ, ЗАРЧМАА ДАГАХГҮЙ БАЙНА
ХҮН намын нарийн бичгийн дарга, эдийн засагч Ц.Лут-Очиртой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Та ХҮН намын нарийн бичгийн даргын ажлаа өгч, намаасаа гарахаар болсон гэж сонслоо. Ер нь намын дотоод үйл ажиллагаанд оролцохгүй байгаа юу?
-Миний хувьд ХҮН намын үйл ажиллагаанд оролцоогүй нэг жил гурван сар болж байна. Тийм учраас ХҮН намаас гарч байгаагаа албан ёсоор зарлаж байна. Намынхаа үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр, сонгогчдод өгсөн амлалтаасаа урваад яваа нам нэртэй хуйвалдагчдын нэг байх хүсэл алга. ХҮН намаас гарч байгаа хүсэлтээ нийслэлийн Баянгол дүүргийн намын хороондоо өгнө.
-Ардчилсан нам ч юм уу, өөр намд элсэх үү?
-Одоогоор бодсон зүйл алга байна.
-Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ хэвлэлд анх удаа ам нээж, яриа өглөө. Таны хувьд Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ болон түүний хүү О.Тэмүүлэн, иргэн Ч.Өгөөдэйбаатар нарын хөрөнгө орлого хууль ёсных мөн эсэхийг шалгуулахаар АТГ-т хандаж байсан шүү дээ?
-Би бол 2025 оны дөрөвдүгээр сарын 16-н буюу Засгийн газрын бодлого шийдвэртэй холбоотойгоор улс орныхоо эрх ашгаас илүүтэй гадаад улсын эрх ашгийг хамгаалдаг урвагчдын Засгийн газар болчихлоо, тиймээс огцор гэдэг шаардлагыг тавьж байсан. Тэрний дараагаар Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хүүгийн тансаг хэрэглээтэй холбоотой мэдээлэл цацагдаж, бидний шаардлагатай залуус нэгдэн "Огцрох амархан" жагсаалыг хийсэн. Түүний хэвлэлд ярьсан мэдээллийг харлаа. Тэр хүн Засгийн газраа яагаад огцорсон гэдгийг ойлголгүйгээр асуудлуудад хариулт өгч байгаа шиг санагдлаа. Миний хувьд Л.Оюун-Эрдэнэ таван жил орчим Ерөнхий сайдаар ажиллахдаа Монгол Улсын хөгжил дэвшилд нэмэртэй чухал ажил хийж дуусгасан уу гэдэгт шүүмжлэлтэй хандаж байгаа. Миний санаанд тийм ажил огт буухгүй байна. Ард иргэд дахин нэг бодно биз. Тэр хүн сайхан пи-ар хийдэг байсан ч бодитоор ард түмний амьдралыг дээшлүүлэхээр хэрэгжүүлж, эхлүүлж, дуусгасан ажил байхгүй түүнд.
Хувийн хэвшлээ тонон дээрэмдэх, хөрөнгийг нь булаах, баялгийн сан гэдэг гоё сайхан үгээр олон нийтийг төөрөгдүүлэх, төрийн өмчийг нэмэгдүүлж, хэдхэн улстөрч тэнд тоглодог тогтолцоог л бий болгосон хүн.
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж уншина уу!
"ТАМИРЧДАД ХООЛ, БАЙРНЫ МӨНГӨ ТӨСӨВЛӨСӨН Ч АЙЛД АМЬДАРЧ БАЙСАН"

Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны тэшүүрийн спортын багш, дасгалжуулагч Б.Тулгатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Олон улсын хэмжээний мастер Б.Сумъяа Монголын тэшүүрийн холбоо тамирчдын нэр барьж улсын төсвөөс их хэмжээний мөнгө авсан талаар баримт дэлгэж, шүгэл үлээлээ. Яг одоо Тэшүүрийн холбооны үндэсний шигшээ баг хэдэн хүний бүрэлдэхүүнтэйгээр хаана бэлтгэл сургуулилалтаа хийж байна вэ?
-Монголын тэшүүрийн холбооны үндэсний шигшээ баг одоогоор дөрвөн тамирчин, нэг дасгалжуулагч гээд нийт таван хүний бүрэлдэхүүнтэй байна. Тодруулбал, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Бат-Оргил, Э.Мөнх-Эрдэнэ, Г.Мөнх-Эрдэнэ, М.Борхүү, Б.Гэрэлтуяа нар багтдаг бөгөөд тамирчдын гурав нь зэвсэгт хүчний "Алдар" спорт хороонд харьяалагддаг. Энэ оны улирлын хувьд үндэсний шигшээ багийн тамирчид БНСУ-д бэлтгэл сургуулилалтаа хийж байна. Гэхдээ тэнд өнгөрсөн 6, 7 дөрвүүлээ хамт бэлтгэл хийж байсан бол 8, 9 дүгээр саруудад Э.Мөнх-Эрдэнэ, Б.Гэрэлтуяа нар маань бэлтгэлээ хийхээр улсаас төсөв мөнгөө батлуулаад явсан. Үндэсний шигшээ багийн тамирчин Г.Мөнх-Эрдэнэ, М.Борхүү нар одоо эх орондоо ирсэн байгаа бол Б.Гэрэлтуяа Германд тэмцээн уралдаанд оролцохоор явж байгаа.
Монгол Улсаас ганцхан тамирчин буюу Э.Мөнх-Эрдэнэ тэшүүрийн спортын төрлөөр Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй байгаа.
Төсөв мөнгөний талаар Монголын тэшүүрийн холбоо болон үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Бат-Оргил нар сайн мэднэ. ОУХМ Б.Сумъяагийн олон нийтэд дэлгэсэн шилэн дансны мэдээллээр үндэсний шигшээ багийн тамирчны хоёр сарын байрны мөнгөнд улсаас 21 сая төгрөг, хоолны мөнгөнд 20 орчим сая төсөвлөсөн боловч тэр мөнгөн дүнгээрээ байранд амьдарч, хоол унд идэж чадахгүй байгааг тамирчид хэлж байсан. Тамирчид БНСУ-ын дасгалжуулагчийнхаа гэрт амьдарч, долоо долоо хоногоор өөрсдөө хүнсээ худалдан авч, өдрийн хоолоо хийдэг байсан. Зарим үед бэлтгэл сургуулилалтынхаа хажуугаар хоол хийж амжихгүй, өдрийн ганц хоол хийж иддэг байсан гэдгийг хэлж байсан. Улсаас баталсан мөнгө хаана байна вэ. Энэ бүх асуудлаас болоод үндэсний шигшээ багийн тамирчид өмнөх жилийнхээ амжилтыг давж чадахгүй, секунд орчмын хойно уралдаж байгаа.
-Тэгэхээр үндэсний шигшээ багийн багш дасгалжуулагч, тамирчдад улсаас спорт хороонд төсөвлөж байгаа төсвийн талаар ямар ч мэдээлэл авч чаддаггүй гэсэн үг үү?
-Холбооны тамирчин, дасгалжуулагчид санхүү, төсвийн талаар ямар ч мэдээлэл ил тод нээлттэй байдаггүй. Улсаас хэдэн төгрөг төсөвлөж болоод БНСУ дасгалжуулагчийнхаа гэрт амьдарч байгаагаа мэддэггүй. Тиймээс улсаас төсөвлөж байгаа мөнгө нь хүрэлцэхгүй байгаа юм байна гэдэг ойлголттой явж ирсэн. Гэтэл тийм биш байж.
Тамирчид өнгөрсөн 6, 7, 8, 9 сард БНСУ-д бэлтгэл хийхдээ улсаас баталсан төсөв мөнгөн дүнгийн хэмжээнд бэлтгэл сургуулилалтаа хийж чадаагүй.
Улсаас баталж байгаа мөнгөн дүнг шилэн дансны мэдээллээс шүүхэд 2023 оноос хойших мэдээлэл ил тод байна. Тэрнээс өмнөх холбооны төсөв мөнгөтэй холбоотой ямар ч тайлан мэдээлэл байхгүй. Үндэсний шигшээ багийн багш дасгалжуулагч, тамирчид өмнө нь 500-600 мянган төгрөг авдаг байсан бол одоо багш дасгалжуулагч 1.5 сая төгрөгийн цалинтай ч гар дээрээ 1.2 сая төгрөг авдаг. Тамирчид нэг сая төгрөгөөс гар дээрээ 900 орчим төгрөг авдаг.
-Монголын тэшүүрийн холбооны удирдлагаар ямар хүмүүс ажиллаж байгаа вэ. Дасгалжуулагч болон тамирчдын зүгээс энэ асуудлаар хуулийн байгууллагад хандах уу?
-Миний мэдэхийн Монголын тэшүүрийн холбооны ерөнхийлөгчөөр Д.Болормаа гэж хүн ажилладаг. Энэ хүнийг бүх нийтийн хурлаар гар өргөж сонгоогүй. Өмнө нь 2014 онд их хурал болж, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн захирал асан Т.Нямдаваа сонгогдож байсан бөгөөд дараагаар нь ажлаа өгсөн байдан. Тэрнээс хойш 2018 онд их хурлаа хийх байсан ч одоог хүртэл хийгээгүй байна. Нарийн бичгийн дарга н.Нарангэрэл гэж хүнийг л мэднэ. Бусдаар холбооны Удирдах зөвлөлд ямар гишүүн байдаг, одоо хяналтын зөвлөл болон шүүгчдийн зөвлөлд ямар гишүүн байдаг вэ гэдгийг огт мэдэхгүй. Ер нь Монголын тэшүүрийн спортын тамирчдын эрх ашиг хөндөгдөж байна. Улсаас тамирчдад зориулан мөнгө төсөвлөдөг ч холбоо, удирдаж байгаа дасгалжуулагч нь тэр мөнгийг хэрхэн зарцуулж байгаа нь ил тод биш байгаа нь шударга бус. Миний мэдэхийн сүүлийн 10-аад жил холбооноос тайлан гаргаагүй. Холбооны их хурлаа хийхгүй байгаа асуудлаар шүүхийн маргаантай байгаа гэж сонссон.
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж уншина уу!
О.ОРГИЛМАА: НАЙРУУЛАГЧ НАР ЭСРЭГ ДҮРД СОНГООД БАЙВАЛ ЯАНА ГЭДЭГ АЙДАС БАЙСАН

"Ганц бие аавууд" олон ангит уран сайхны киноны Уянгын дүрийг чадварлагаар амилуулсан "Эмоци" продакшны уран бүтээлч О.Оргилмаатай ярилцлаа.
-"Ганц бие аавууд" уран сайхны кино үзэгчдийн хүртээл болж байна. Энэхүү 20 ангит кинонд эсрэг талын Уянгын дүрийг чадварлагаар бүтээснээрээ найруулагчаас өндөр үнэлгээ авсан байдаг. Анх энэхүү олон ангит кинонд тоглох саналыг хэрхэн хүлээж авсан бэ?
-Миний хувьд "Ганц бие аавууд" олон ангит уран сайхны кино хамгийн анхны бүтээл маань юм. Энэхүү кинонд тоглох эсрэг дүрийн саналыг туслах найруулагч Э.Билгүүн эгч анх тавьсан. Тухайн үед эсрэг талын дүр гэхээр бага зэргийн эвгүй санагдаж байсан нь үнэн. Яагаад гэвэл миний хувьд том нүдтэй учир камерт хурц, ширүүн харагдах тал бий. Тиймдээ ч үзэгчдэд энэхүү кинонынхоо дүрээр үлдчих вий, найруулагчид эсрэг дүрд байнга сонгоод байвал яана гэдэг айдас байсан. Гэхдээ олон ангитай кино учраас үзэгчдэд илүү хүрэх байх гэх найдлага тавьж дүрийн саналаа хүлээн авч уран бүтээлдээ орсон.
Уг нь би амьдрал дээр киноны дүрээсээ эрс, тэс өөр хүн. Энгийн хэрнээ илүү хөгжилтэй, нийтэч, нөхөрсөг нэгэн гэж ойлгож болно. Харин киноны анги бүрд дээр байнга л уурлаж, стрессдэж явдаг эмэгтэй.
Гэхдээ яагаад ч юм би өөрийн тоглосон дүрээ бусдаас өмөөрмөөр санагдаж байгаа. Уянга бол ээж, аавын хайранд өссөн учраас бусдад ширүүн хандаж, хурц дүр төрх, мөнгийг чухалчилдаг охин. Нэг талаараа тус дүр мөнгөгүй бол амьдрал явахгүй гэх ойлголтыг эцэг эхээсээ авсан дүр. Миний хувьд энэхүү дүрийг өөрийн хэмжээнд багш нар болон дөрвөн жилийн хугацаанд сурсан мэдсэн зүйлээ шингээж ажилласан уран бүтээл юм.
-Хамгийн анхны дэлгэцийн уран бүтээл нь олон ангит кино байлаа. Тэр дундаа найруулагчийн нүдэнд эсрэг дүрээр сонгогдож тоглосон дүр нь өөрөөс нь эрс тэс дүр учир дэлгэцээс харах мэдрэмж өөр байсан уу?
-Өөрийгөө дэлгэцийн бүтээлээс харахаар бага зэрэг ичих мэдрэмж төрдөг. Тиймээс ганцаараа байх үедээ киногоо үзэж өөрийнхөө алдаа дутагдлыг хардаг. "Ганц бие аавууд" киноны Уянгын дүрийг өөрийн хэм хэмжээнд, чадахгүйгээс чадах хүртлээ гаргахыг зорьсон. Тийм болохоор тухайн дүрийг үзэгчид их үзэн ядаж байгаа. Үзэгчдээс дүртэй холбоотой сэтгэгдэл их ирэх болсон. Хамгийн хөгжилтэй нь,"нөхрөө өмнөхөөсөө дордуулжээ" гэх мэтээр сэтгэгдэл ихээр ирэх болсон. Үзэгчид кино зохиол гэдгийг мартаж шимтэн үзсэнд маш их баярлаж байгаа.
Миний хувьд Соёл урлагийн их сургууль/СУИС/-ийг жүжигчний мэргэжлээр төгссөн учир суралцаж байх хугацаандаа уран бүтээлд оролцож байгаагүй. Харин багш нараас "Нэг, хоёрдугаар курсийн оюутнууд суралцаж байх хугацаандаа кинонд тогловол штанбад орох магадлалтай" гэж үздэг тул аль болох өөр уран бүтээлээс татгалзахыг санал болгодог байсан. Нөгөө талаараа багш нар оюутнуудаа дэмжиж кино, уран бүтээлийн талаарх ойлголтыг сайн өгөхийг тулд кино проб руу явуулж байсан удаатай. Тийм болохоор ч тэр үү, оюутан байх хугацаанд киноны массын хэсэгт оролцож ирсэн байдаг.
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж уншина уу!
3,548.92






















































Нэргүй 2025-11-08 202.126.91.140
bold tovuu гэж ,буруу зөнөсөн новшийн гар хөл нэг бнаа