Нүүдэлчин монголчуудын түүхийг мал аж ахуйгаас салгаж төсөөлөхөд бэрх. Бид таван хошуу мал тал бүрийн ашигтай хэмээн мах, арьс, ноосноос эхлээд аргал, хомоолыг нь хүртэл хаядаггүй ард түмэн билээ. Хөгжил дэвшил, аж үйлдвэржилт эрчимтэй явагдаж буй энэ үед малын ашиг шимийг нэг өрхийн хүрээнд бус нийт улсын хэмжээнд хүртэх боломж бий. Үүний суурь аль хэдийн амжилттай тавигдсан.
1934 онд Аж үйлдвэрийн комбинат байгуулагдсанаар орчин цагийн хөнгөн аж үйлдвэрлэлийн эхлэл тавигдаж, өдгөө 90 гаруй жилийн түүхийг бүтээсэн. Энэ хугацаанд тус салбарт мандах ч үе байв, гундах ч үе байв.
1980-аад оны сүүл гэхэд нийт аж үйлдвэрлэлийн салбарын 60 гаруй хувийг дангаараа бүрдүүлж байсан бол 2023 онд 25 хувийг л бүрдүүлж байлаа. Бүх ачааг үүрдэг ч хэнд ч гомдоллодоггүй бас шантардаггүй үйлдвэрлэгчид л хөнгөн нэртэй хүнд салбарынхаа галыг манаж, дор бүрнээ ажилласаар энэ хүрсэн. 30 гаруй жил тэдэнд дорвитой төрийн дэмжлэг үзүүлээгүй. Тэд ч хүлээлт тавиагүй.
Хэдий чамлахааргүй хичээл зүтгэл гаргасан ч 80 орчим сая малтай манай улсад үйлдвэрлэгчдийн хүчин чадал дутаж байна. Үр дагаварт нь бидний бахархаж, дээдэлдэг таван хошуу малын гаралтай түүхий эд үнэгүйдэн, малчид орлого тасалдсаар.
Монгол малын түүхий эд үнэ цэнгүй юу?
Аливаа амьтны хөгжилд хөдөлгөөнгүй байдал, агаар усны дутагдал, хэт их хоол тэжээл зэрэг хүчин зүйлүүд муугаар нөлөөлдөг.
Байгаль, цаг уурын эрс тэс өөрчлөлтөд дасан зохицсон, төл ахуйгаасаа эхийн сүүгээр тэжээгдэж, задгай бэлчээрт шимт өвс ургамлаар хооллон, байгалийн шалгарлаар өсч үрждэг монгол малын гаралтай түүхий эд уг чанараараа онцгой үнэ цэнтэй бөгөөд дэлхийд өрсөлдөх чадвартай.
Түүхий эдээс хамгийн их хаягддаг нь арьс шир, хонины ноос юм.
Манай улсад бэлтгэж буй ноос, ноолууран түүхий эдийн 70 гаруй хувийг хонины ноос эзэлдэг. Монгол хонины ноосны ноолуур нь 30 микроноос бага голчтой байдаг нь эдийн засгийн ашиг олох бүрэн боломжтойг илтгэнэ. Харин арьс ширийн хувьд малын арчилгаа маллагаанд хайнга хандах, төхөөрөх үед буруу өвчиж хуулах зэрэг нь үнэгүйдэх гол шалтгаан болж байгаа ч чанарын хувьд экологийн цэвэр түүхий эдэд зүй ёсоор тооцогддог.
Иймд үйлдвэрүүд цэцэглэн хөгжиж, хүчин чадлаа нэмэгдүүлэх нь түүхий эдээ бүрэн ашиглах эхний суурь болно.
Цагаа олсон дэмжлэг- Хүлээлтээс давсан үр дүн
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт онцгой анхаарч байна. Ялангуяа үндэсний үйлдвэрлэгчидтэй биечлэн уулзаж, үйлдвэрт нь ажиллан, тэдний зовлон жаргалыг сонсоход ахиу цаг гаргаж эхэлсэн. Энэ үедээ хөнгөн үйлдвэрлэлийн салбарт тулгамдаж байгаа асуудлыг зайлшгүй шийдвэрлэх ёстой юм байна гэж үзэн “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг санаачлан эхлүүлсэн юм.
2.1 их наяд төгрөгийн санхүүжилт бүхий энэ хөдөлгөөн хэрэгжсэнээр ноос, ноолуур, арьс ширний боловсруулалтын түвшнийг 4 жилийн хугацаанд хоёр дахин өсгөж, үйлдвэрлэл, экспортыг 2-3 дахин нэмэгдүүлж, нийтдээ 8,000 гаруй шинэ ажлын байр бий болох юм. Тухайлбал ноолуурын салбарын борлуулалтын орлого гэхэд л одоогийнхоос 4-5 дахин, арьс, шир, нэхийнийх 2-3 дахин нэмэгдэх боломжтой гэсэн урьдчилсан тооцоо гарчээ. Өнөөдрийн байдлаар 93 аж ахуйн нэгж 478 тэрбум төгрөгийн зээл аваад байна.
Энэхүү дэмжлэг үйлдвэрлэгчдийн түүхий эд бэлтгэлийн үетэй давхацсан нь цагаа олж анх удаа түүхий эдийн 50 хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэжээ. Мөн шинээр 44 мянган ажлын байр бий болон, малчид хонины ноосоо хаяхаа больж импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж, эхлээд байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймгийн хөнгөлөлттэй зээл авсан үйлдвэрүүдэд ажиллах үед тус хөдөлгөөн богино хугацаанд хүлээлтээс давсан үр дүнд хүрч байгааг баталлаа.
Өөрөөр хэлбэл “Дархан нэхий” ХК, “Хатан ивээл хайрхан” ХХК, “Таймлесс” ХХК-иуд “Цагаан алт” хөдөлгөөний үр дүнг бодитоор илэрхийлж байв.
Өрхийн үйлдвэрлэлийг үндэсний брэнд болгосон “Хатан Ивээл Хайрхан” ХХК нь “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд 600 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авч, арьс шир боловсруулах тэргүүлэх үйлдвэрүүдтэй кластер хэлбэрээр хамтран ажиллан, тоног төхөөрөмжөө шинэчилснээр хоногт 100–150 хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай болсон байна. Цаашид 2028 он гэхэд 1,500 м² талбай бүхий хоёр давхар шинэ үйлдвэрийн барилгыг ашиглалтад оруулж, нэмэлт ажлын байр шинээр бий болгохоор зорьж байна.
Монгол эсгийгээр дэлхийн брэнд бүтээгч “Таймлесс” ХХК “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд 235 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл аван, үйлдвэрээ өргөтгөж, хүчин чадлаа нэмжээ. Тус компани өдөрт 100–120 хос эсгий шаахай, жилд 20,000–25,000 хос бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд нийт үйлдвэрлэлийн 90 хувь нь экспортын зах зээлд гарч байна. Мөн нарийн ноост хонь үржүүлэгчдийн ноосноос хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн бүтээмжийг 25 хувиар өсгөх, хоногийн үйлдвэрлэлийг 150 хос шаахайд хүргэх, мөн экспортыг 25 хувиар нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Энэ нь монгол хонины ноосыг үнэд хүргэх бодит жишиг юм.
Хөнгөн нэртэй хүнд салбарт шантралгүй 53 жилийн түүхийг бүтээсэн Дархан Нэхий ХК нь 10 тэрбум төгрөгийн эргэлтийн, зургаан тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авч шинээр хоёр үйлдвэр ашиглалтад оруулаад байна. Ингэснээр импортоор авдаг эсгий ул болон синтфонон доторыг монголдоо үйлдвэрлэн, валют хэмнэж эхэллээ. Мөн Итали, Испани, Тайланд улс руу хагас боловсруулсан үхэр, сарлагийн шир болон хонь, ямааны арьс экспортолж байна.
Үйлдвэрлэгчдэд төрөөс үзүүлэх эхний том дэмжлэг санхүүгийн асуудал байсан бол дараагийн алхам дэлхийд таниулах, сурталчлах, брэнд бүтээх явдал юм. Учир нь монгол малын ашиг шимийг зөвхөн дотооддоо бус дэлхийд ойлгуулж байж үйлдвэрлэгчдэдээ гүүр болж чадна.
3,548.92






















































ИРГЭН 2025-11-07 66.181.181.72
Бодит байдал дээр шал худлаа!! Ж, Энхбаярын Дархан нэхий маш их хэмжээний мөнгө цохисон байх, өөр Дэлхийн зах зээл дээр гарсан ямар бүтээгдэхүүн байнаа?? Монголоос зөвхөн Ноолууран бүтээгдэхүүн жаахан гялтаана!! Цагаан алт нэрийн доор 20- жил татвар төлөгчдийн мөнгөөр гараа угааж бн даа!! Худлаа хошигруулаад л хөнгөлөлттэй зээл аваад л зориуулалтын бусаар ашиг олоод л МАН АН мафиууд их идэж байна аа!! Аудит ороочээ!! Удахгүй нүүрсний хулгай дараа Цагаан алт хөтөлбөрийн зээл орно шүү!!
Зочин 2025-11-07 103.145.234.38
Гадаадад сайн боловсруулсан цэвэр ноосоор хийсэн ноосон хөнжлийг маш сайн сурталчилж зарвал авнадаа. Эрүүл мэндэд хэрэгтэй цэвэр ноосон гудас, хөнжил бусад орнуудад өргөн хэрэглээ болговол орлого ч орж өгнөдөө. Дэлхий дээрх бүх хүн хөнжил, гудас хэрэглэнэ.
Ха ха 2025-11-07 59.153.87.54
цагаан алт ч гоё шүү. ялангуяа бөгж хийхэд