Нааш, цааш холхих олон залуусын чимээ үл тасарна. Нэг нь орж ирэхэд, нөгөө нь зөрж гарна. Нэг үгээр хаалга нь үргэлжийн завгүй байх газар бол оюутны дотуур байр юм. Арслантай гүүрний хойд талд байрлах урт настай харагдах уг барилга нь МУИС-ийн зургадугаар дотуур байр. Хэдий хуучирч, эвдэрч он цагийг элээсэн ч гэлээ хэн нэгний нандин дурсамжийг өгүүлэх мэт сэтгэлд дотно санагдана. Байхаасаа байхгүйг бусадтайгаа хуваалцах, нөхөрлөл, залуу насны хөнгөн гуниг догдлол, хөөр баясал дүүрэн дотуур байрны халуун дулаан амьдралыг энэ удаагийн сурвалжилгаараа бид хүргэж байна.

Биднийг дотогш ороход, үүдний хэсэгт ширээ сандал байх бөгөөд энгэр дээрээ "security" гэх бичигтэй цэнхэр өнгийн цамцтай, нүдний шилтэй ахимаг насны жижүүр эмэгтэй биднийг угтаж, ямар ажлаар явааг асуув. Тэрбээр, орсон, гарсан хүн бүрийн үнэмлэхийг шалган хариуцлагатай гэгч нь суух ажээ. Түүнийг Н.Оюун гэдэг. Түүний хувьд Хил хамгаалах байгууллагад олон жил ажиллаад гавьяаныхаа амралтад гарсныхаа дараа МУИС-ийн зургадугаар дотуур байранд жижүүр хийж байгаа нь энэ. Тэрбээр, “Одоогийн хүүхдүүд ухамсартай, боловсролтой болсон байна. Хүнтэй харилцах харилцаа, хүмүүжил нь шал өөр болчихжээ. Хоорондын уур амьсгал нь ч сайн, хоол ундаа хуваагаад идэж байгаа нь хөөрхөн харагддаг. Сургууль талаас ч хангамж үйлчилгээ сайтай санагддаг. Автомат угаалгын машинд цаг авч хувцсаа угаагаад, халуун усанд тогтмол цагаар орцгоогоод тухтай сайхан л амьдарч байгаа. Хүүхдүүд маань ч их сүрхий. Дотно ярих зүйлсээ ирж ярьдаг. Мэдэх зүйл байвал аль чадахаараа зөвлөдөг. Оюутны байранд голцуу эмэгтэй жижүүр гаргадаг. Ар гэрээсээ хол байгаа хүүхдүүдэд илүү ойр байх гэдэг үүднээс ээж, эмээ, эгчийг нь орлох зэргийг бодож эмэгтэй жижүүр ажиллуулдаг юм болов уу гэж боддог” хэмээн ярив.
ДОТУУР БАЙРАНД АМЬДРАХЫН ХАМГИЙН САЙХАН НЬ МАШ ОЛОН ДУРСАМЖИЙГ БҮТЭЭДЭГ

Дараа нь хэчнээн олон хөл өгсөж уруудсаныг таашгүй будаг нь халцарч, элэгдсэн шатаар дээшлэв. Цэлийсэн урт нарийн коридор, өөд өөдөөсөө харсан хаалга. Хэд хэдэн хувцас хатаагч, зөрөн өнгөрөх оюутан залуус биднийг угтав. Эдгээр залуусаас МУИС-ийн зургадугаар дотуур байрны зөвлөлийн дарга, МУИС-ийн Хэрэглээний химийн гуравдугаар түвшний оюутан Г.Пүрэвдашийг онцлон ярилцсан юм.
-Дотуур байранд амьдрахын юу нь сайхан бэ?
-Би МУИС-ийн 6-р дотуур байранд хоёр дах жилдээ амьдарч байна. Дотуур байранд амьдрахын хамгийн сайхан нь маш олон дурсамжийг бүтээдэг. Төрсөн гэрээс ялгаа байхгүй дулаахан мэдрэмжийг төрүүлдэг. Өрөөнийхөнтэйгээ гитартай дуулж, тоглож, хоолоо хамтдаа хийж идээд бөөндөө инээлдээд суух нь л хамгийн сайхан байдаг. Бас сургуульдаа ойр болохоор цаг маш их хэмнэдэг, хичээл номоо давтахаас эхлээд маш олон давуу талтай.
–Гэрээ хэр санаж байна даа?
-Гэрээ санах тохиолдол эхэндээ байсан. Байранд ороод удаагүй байхдаа бүр их санадаг байсан. Ганцаараа амьдарч эхэлж байна. Бие дааж амьдрах гэж байна. Яах бол гэсэн айдас түгшүүр байсан бол одоо байрандаа дасаад гэртээ баяр ёслолын үеэр л очиж байна даа. Байрандаа олон найзтай болохоор тэдэндээ хорогддог болчихсон.
-Дотуур байранд амьдрахад сул тал бий юу?
-Дутагдалтай зүйлийн тухайд хэлэхэд, зарим хүүхэд миний өмч биш нийтийн байр гэсэн хандлагаар ариун цэврийн өрөө болон гал тогоог ашиглахдаа хүнийрхүү хандаж бохирдуулдаг. Ариун цэврийн хувьд асуудал их гаргадаг. Ажиглагддаг бас нэгэн зүйл нь шахаж шаардах хүнгүй болохоор байрны амьдралд хэт уусаад, хичээл номоо таслаад, хий дэмий цагийг өнгөрөөх нь их юм шиг санагддаг.
-Гадуур байрны сарын түрээсийн төлбөр өндөр байдаг шүү дээ. Харин дотуур байрны төлбөрийн тухайд жилийн төлбөр нь хэд вэ?
-Манай байр бусад байрыг бодвол хамгийн олон хүүхэд хүлээн авах боломжтой. Энэ жилийн хувьд нийтдээ 430 гаруй оюутан амьдарч байна. Бас хамгийн олон жил болж байгаа байр, тийм ч учраас бусад байрыг бодвол хамаагүй хямд. Энэ хичээлийн жилд байрны нэг жилийн төлбөр 856 мянган төгрөг байсан. Ерөнхийдөө орон нутгаас ирж байгаа оюутнуудын хувьд дотуур байрны төлбөр боломжийн санагддаг. Бид гадуур байр түрээслэвэл бараг нэг сард сая гаруй төгрөг төлнө. Тэгэхээр нэг жил нэг сая хүрэхгүй төгрөг төлж байгаа нь дотуур байрны бас нэг давуу тал гэж хэлж болно.
-Зарим хүмүүс дотуур байранд амьдрахаар эцэг, эхийн хараа хяналт сул учраас хүүхдүүдийг буруу зүйлд татагддаг гэж боддог. Ер нь дотуур байрны хараа хяналтын тухайд ямар байдаг вэ?
-Өглөө 06:00 гэхэд хаалгаа нээдэг. Орой 23:00 цагаас хойш хаалгаа хаадаг. Дотуур байр нэгэнт хаалгаа барьсан бол хэн нэгнийг оруулж, гаргадаггүй. Хэрвээ шөнийн цагаар ажил хийдэг бол ажлын газрын тодорхойлтоо жижүүрт өгч шөнийн цагаар орох боломжтой. Гэнэтийн байдлаар бие нь өвдсөн, түргэн дуудсан гэх мэт тохиолдолд онцгой шаардлагаар гарах боломжтой байдаг.

Биднийг ийн ярилцаж байх үед тэдний хажуугийн өрөөнөөс гитар тоглон дуулж байх сонсогдов. Өөрийн эрхгүй сонирхол татагдаж тэр өрөөгөөр зочлоход, хүүхдүүдийн инээд хөөр, дуу хуур дүүрэн орон зай угтсан юм.
Хөхрөн униартах тэнгэрийн мандалд
Элэн халих хос шувууг хараад
Энэхэн сэтгэл мөрөөдлийн мананд умбаад
Эгэлхэн зүрх минь мөрөөднө гэж гитараа тоглон дуулах түүнийг З.Эрдэмбаяр гэдэг. Дотуур байранд гурав дахь жилдээ амьдарч байгаа тэрбээр “Дотуур байранд гэрээс илүү хөгжилтэй байдаг. Яагаад гэхээр үе тэнгийн залуустай хамт амьдарна гэдэг нэгнийгээ илүү сайн ойлгодог. Өглөө хичээлтэй үед нэгнийгээ сэрээгээд л, бие даалт хичээл дээр нэгэндээ туслаад л, өрөөгөө хүссэнээр тохижуулаад, засаад сэлбээд амьдрах боломжтой учраас дотуур байрны амьдрал гэдэг хамгийн өөрийнхөөрөө байх газрын нэг. Байрны амьдралыг нэг үгээр тодорхойл гэвэл оюутан нас гэж хэлнэ. Олон хүнтэй харилцаж сурна. Хүнийг ойлгож сурна. Нэгнээсээ урам зориг авна. Бие даах чадвар сайжирна гэх мэт хувь хүний олон чадварыг олж авдаг. Эндээс олон хосууд нэгнээ олсон. Өмнөх жил гэхэд хоёр хос хүүхэдтэй болж, тус тусын амьдралаа эхлүүлсэн. Жилийн хугацаанд олон зүйлс болж өнгөрнө дөө.” гэж ярив.

Мөн тэд амралтын өдрөөр цагийг зугаатай, дурсамжтай өнгөрөөх зорилгоор, Сохор болзоо, Open mic, Хөөсний баяр, Movie night, Poetry night гэх мэт олон хүмүүжлийн ажлыг дотуур байрныхаа уншлагын танхимдаа зохиодог гэнэ.
Дотуур байр бол зүгээр нэг хоноглоод өнгөрөх, эсвэл амьдрах байргүй болоод амьдарч байгаа оюутнуудын газар биш аж. Энэ бол өөрийгөө нээх, бусдыг ойлгох, амьдралд хөл тавихын өмнөх хамгийн үнэ цэнтэй сургалтыг заадаг газар юм. Нэг дээвэр доорх олон залуусын инээд, нулимс, мөрөөдөл, зорилго шингэсэн оюутан насны хамгийн дулаахан дурсамжийн гэр шиг санагдав.


























Н.Цолмонбаатар
3,548.92





















































-Zubxun xashaandaan gepeen -y 2025-11-06 132.194.13.91
– Zaalan Bolor xana,
= [ ] blok, tyipyyni, [ ]
= [ ] [ ] [ ] [ ]
Lushnie ystaeoj i & ? 2025-11-06 132.194.13.91
opug absaarxan mashin yadargaagyi.
Mendkhuu NUM 2025-11-06 103.168.34.68
Сонирхолтой сурвалжилга болжээ.
Нэргүй 2025-11-06 202.55.188.39
Хөөрхөн юмаа