Перу улсын засгийн газар Даваа гаригт (2025.11.03) мэдэгдэл гаргаж, Мексик улстай дипломат харилцаагаа тасалж байгаагаа зарлалаа. Учир нь Мексик улс Перугийн ерөнхий сайд асан Бетсси Чавест орогнол олгосонтой холбоотой юм. Чавес нь төрийн эргэлтийн оролдлогод оролцсон хэргээр мөрдөн шалгагдаж буй.
Перугийн Гадаад хэргийн сайд Уго де Зела хэлэхдээ, Мексикийн энэ шийдвэр нь найрсаг бус үйлдэл бөгөөд хоёр улсын хоорондын аль хэдийн хурцадмал байсан харилцааг улам дордуулсан гэжээ. Тэрбээр “Перу улсын ерөнхийлөгч асан Педро Кастильогийн төрийн эргэлтийн оролдлогод хамтран оролцсон гэж буруутгагдаж буй Бетсси Чавест Мексикийн Элчин сайдын яам орогнол олгож байгаа талаар бид гэнэтийн бөгөөд гүнээ харамсах мэдээ хүлээн авлаа” гэж сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. Энэхүү мэдэгдэл нь ерөнхий сайд асан Бетсси Чавес Мексикийн Элчин сайдын яам руу орогнол хүсэж зугтсанаас хэдхэн цагийн дараа гарчээ.
Ерөнхий сайд асан Бетсси Чавесыг 2022 онд ерөнхийлөгч асан Педро Кастильогийн парламентыг тараах оролдлогод оролцсон хэмээн буруутгасан. Кастильо цэргийн дэмжлэг авч чадаагүй бөгөөд Конгресс түүнд импичмент хийж, төрийн эргэлт хийхийг оролдсон хэргээр баривчилсан юм. Улмаар Перугийн Ерөнхий прокурорын газраас Чавесыг төрийн эрхийн эсрэг бослогын хамсаатан гэж үзэж, 25 хүртэлх жилийн хорих ял оноохыг шаардаж байна.
3,593.62




















































Холбоотой мэдээ