Тархины харвалтын талаар Монголын харвалт судлалын нийгэмлэгийн тэргүүн, АУ-ны доктор, зөвлөх эмч Р.Амарбаясгалантай ярилцлаа.
-Дэлхий нийтэд тархины харвалт өвчин нэлээд дээгүүр орж байгаа гэж албаныхан мэдээлж байна л даа. Монгол Улсын хувьд тархины цус харвалтын өвчлөл ямар түвшинд байна вэ?
-Тархины харвалт гэдэг нь тархины судас бөглөрөөд улмаар тухайн судсаар тэжээгдэж байсан хэсэг үхжээд ирэхээр гар хөл нь суларч өрөөсөн тал нь саажилт үүсдэг цаашлаад тархины судас хагарч тархинд цус алдаж улмаар үхэлд хүргэдэг. Тархины харвалтын улмаас тахир дутуу болж байгаа болон нас баралтын тоогоороо уг өвчлөл Дэлхийд дээгүүр орж байгаа. Монгол Улсад ч мөн тархины харвалт их байна. Уг өвчин маань орон, орноосоо шалтгаалаад шалтгаан нөхцөл нь өөр байдаг. Тухайлбал, өндөр хөгжилтэй орнуудад тархины судасны хатуурал ихтэй, тархины судас бөглөрөх харвалт илүү байгаад байдаг. Гэтэл Монгол Улсад тархины судас задрах харвалт түлхүү байна.
Монголд түлхүү тохиолдож байгаа тархины судас задрах харвалт бол цусны даралт ихдэлттэй холбоотой. Сүүлийн арван жилд тархины судасны бөглөрөл мөн нэмэгдэж байна.
Өөрөөр хэлбэл, Монголд өнөөдрийн байдлаар тархины судас хагарах, тархины судасны бөглөрөл хоёр тохиолдлоороо яг ижил түвшинд байна.
-Таны дээр хэлсэн тархины цус харвалтын шалтгаан, нөхцөл юу байна вэ. Юунаас үүдэж энэ өвчлөл бий болж байна вэ?
-Тархинд цус харвах, тархины судасны бөглөрөл зэрэг нь нийгмийн хөгжилтэй холбоотой гэж үзэж байгаа. Тухайлбал, хооллолт, хөдөлгөөн гэх мэт. Хуучин бол харьцангуй эрүүл хооллодог байлаа. Хөдөлгөөн ихтэй, биеийн жин хэвийн байсан. Дээхэн үед бол даралтнаас болж тархины судас задарч харвадаг байж. Гэтэл орчин үед идэж ууж байгаа зүйлээс шалтгаалж цус бохирдож, өтгөрч байна. Үүнээс шалтгаалж тархи, зүрхний судас зузаарч гэмтэж, язрах гэх мэт гэмтэж байгаа. Үүнээс үүдэж тархины судасны бөглөрөл нэмэгдэж байгаа юм. Аливаа өвчлөлийг бий болгодог эрсдэлт хүчин зүйл гэж бий л дээ. Тархины харвалтанд хүргэдэг эрсдэлээс засаж болох хүчин зүйл, засаж болохгүй хүчин зүйл гэж байгаа.
Ингээд харахаар засаж болохгүй хүчин зүйлээс засаж болох хүчин зүйл нь өндөр байдаг. Засаж болохгүй хүчин зүйлд нь зүрх, цусны өвчин мөн төрөлхийн янз бүрийн судасны гажиг зэрэг ордог. Гэхдээ эдгээр эрсдэл маш бага хувийг эзэлдэг.
Гэтэл хүн амаас өөрсдөөс нь шалтгаалах эрсдэлт хүчин зүйл маш их байгаа. Иргэд тархины харвалтаас сэргийлэхийн тулд бүр бага наснаас нь хамгаална. Ер нь бол улс орны хүн амыг эрүүл байлгая гэвэл хүүхэд наснаас нь эхэлнэ. Өөрөөр хэлбэл, хүүхдээ багаас нь эрүүл хоол хүнсээр хооллож, амьдралын эрүүл дадал хэвшилтэй болгох ёстой. Мөн иргэд маань өөрсдөө дасгал хөдөлгөөн хийж, эрүүл зөв хооллох ёстой. Дээрээс нь сэтгэл санаагаа тайван байлгах хэрэгтэй.
Хүн стрессдээд дандаа муу юм бодоод санаа зовж, айж түгших бүрт тархи, зүрх, бөөрний судас агшиж байдаг. Улмаар цусны даралт ихэсдэг болно. Сахарын шижинтэй болно. Ингээд судас хатууруулдаг механизм ажиллаж эхлэдэг. Стресс бол маш хортой. Тиймээс өөрийгөө удирдаж сурах нь чухал. Мөн архи, тамхины хэрэглээ гэх мэтчилэн зүйлүүдээс шалтгаалдаг.
-Монгол Улсад тархины харвалтыг хэрхэн эмчилж, оношилдог вэ. Оношилгоо, эмчилгээ хэр хүртээмжтэй байдаг юм бол?
– Тархины харвалт дэлхийд өндөр тэргүүлэх өвчлөлийн нэгт орж байгаа учраас улс болгон үүнтэй тэмцэж байна. Улмаар тархины харвалтын эмчилгээг зөв, буруу хийж байгааг мэдэхгүй учраас Дэлхий нийтээр нэгдсэн арга барил хэрэгтэй юм байна гээд Дэлхийн харвалтын байгууллага байгуулагдсан. Монгол Улс 2009 онд харвалтын нийгэмлэгийг байгуулж Дэлхийн харвалтын байгууллагат гишүүнээр орсон байдаг. Ингээд дэлхийн харвалтын байгууллагаас удирдамж авч ажилладаг. Жил бүрийн аравдугаар сарын 29-ны өдрийг Дэлхийн тархины цус харвалтын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдөр тархины харвалтын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор иргэдэд зориулсан уриалга, хэрхэн урьдчилан сэргийлж болох зэрэг уг өвчлөлийг таниулах ажлыг хийдэг.
2012 онд Улсын гуравдугаар төв эмнэлэг дээр Мянганы Сорилын Сангийн санхүүжилтээр Монгол Улсад анхны “Харвалтын тасаг” буюу харвалт өвчнийг эмчлэх нэгж байгуулагдсан. Ингээд 2014 онд уг өвчнийг эмчлэх харвалтын тасгийг Улсын нэгдүгээр эмнэлэг дээр байгуулсан. Мөн Баянгол дүүрэгт нэг нэгж бий. Монголд тархиын харвалтыг эмчлэх нийт гурван төв үйл ажиллагаа явуулж байгаа. Тархины судасны бөглөрөлийн үед бүлэн хайлуулах эмчилгээг манай улсад хийдэггүй байсан. Энэхүү эмчилгээг мөн хийж эхэлсэн. Уг эмчилгээнд бол гуравдугаар эмнэлэг маш туршлагатай. Тархины судасны бөглөрөлийн үед бүлэн хайлуулах эмчилгээг гуравдугаар эмнэлгээс гадна хоёрдугаар эмнэлэг хувийн эмнэлгээс Сонгдо эмнэлэг хийж байна. Хөдөө орон нутагт ч мөн тархины судасны бөглөрөлийн үед бүлэн хайлуулах эмчилгээ хийх сургалтыг эмч нарт орж энэ эмчилгээг хийж эхэлж байгаа.
-Таны хувьд Нэгдүгээр эмнэлэгт ажиллаж байхдаа бүлэн хайлуулах эмчилгээг анх нэгдүгээр эмнэлэгт хийж байсан гэсэн шүү дээ.
-Тийм. Миний хувьд 2015 байна уу, 2016 онд тархины судасны бөглөрөлийн үед бүлэн хайлуулах эмчилгээг Нэгдүгээр эмнэлэгт анх удаа хийсэн. Энэ эмчилгээ бол маш анхаарал болгоомжтой, хяналттай хийдэг, хэцүү, нарийн эмчилгээний арга. Их богинохон хугацаанд хийх шаардлагатай байдаг. Харвалт өгсөн мөчөөс эхэлж тухайн хүний амь цаг, минутаар хэмжигддэг. Ингээд тухайн иргэн харвалт өгснөөс хойш гурван цагийн дотор амжиж бүлэн хайлуулах эмчилгээг хийх шаардлагатай. Ингэж чадахгүй бол гурван цаг өнгөрвөл энэ эмчилгээг хийх арга байхгүй. Харвалт өгсөн хүн эхлээд түргэн дуудна, эмнэлэг дээр очно, эхний шинжилгээг хийлгэнэ тэгж байж эмчилгээг эхлүүлнэ. Тийм учраас “хором болгон үнэтэй” гэдэг чинь ийм учиртай.

-Монгол Улсын хувьд тархины харвалтын үед оношлох тоног төхөөрөмж, хүний нөөц хэр байдаг вэ?
– Ерөнхийдөө өндөр хөгжилтэй орнуудад дүүрэг болгонд тархины харвалтын үед оношлох, эмчлэх төв байдаг л даа. Манай улсад анх 2012 онд Гуравдугаар эмнэлэг дээр тархины харвалтын үед оношлох тоног төхөөрөмж, хүний нөөц бүхий иж бүрэн төв байгуулагдсан. Энэ төвийг байгуулах гэж эмч, мэргэжилтнүүдийг бэлхэдээс эхлээд их юм болсон. ДЭМБ-аас энэ төрлийн эмчилгээг хийх эмч, сувилагч гээд мэргэжилтнүүдийг гадагшаа явуулж бэлдээд Гуравдугаар эмнэлэг дээр иж бүрэн баг мөн нөхөн сэргээх багийг ч бас бэлдсэн. Ингээд ДЭМБ-аас мэргэжилтнүүд ирж энэ ажлыг эхлүүлж өгсөн.
Ер нь бол дүүрэг болгонд цаашлаад аймаг бүрт энэ төв байх ёстой. Манайд бол орон нутгуудад бол байхгүй.
Учир нь дээр хэлсэн тархинд харвалт үүсээд гурван цагийн дотор эмчилгээг хийх шаардлагатай. Гэтэл хөдөө,орон нутгаас иргэд гурван цагийн дотор ирж энэ эмчилгээг авч чадахгүй. Мөн түжгрэлд гуравдугаар эмнэлэг, нэгдүгээр эмнэлгийг зорино гэдэг асуудал.
Тийм учраас энэ төвийг олон газар байгуулах шаардлагатай. Гэхдээ маш өндөр зардал орох юм билээ. Одоо бол эмнэлгүүд мэдрэлийн мэс заслын тасагтай болсон. Улмаар тархинд цус алдсан бол түүнийг нь авах мөн янз бүрийн судасны цүлхэн зэрэгт бөглөөс хийх гээд нарийн мэс заслыг хийж байгаа. Энэ бол маш том дэвшилт.
-Цаашид тархины харвалтыг бууруулах тал дээр ямар арга хэмжээ авах ёстой вэ, юун дээр анхаарах шаардлагатай вэ?
–Орон нутгийн иргэд бүх зүйл өнгөрсөн хойно ирдэг. Ингээд нөгөө зүү тавих, бариа засал гээд уламжлалт эмчилгээг хийлгэдэг. Гэхдээ харамсалтай нь өрөөсөн тал нь саажилттай хэвээрээ байдаг. Хүнд тохиолдол нь эмчилгээ авч чадаагүй бол тэгээд л амиа алддаг.
Олон улсад бол алслагдсан муж, дүүргүүдээс иргэнээ онгоцоор тээвэрлэдэг. Гэтэл манайд бол тийм боломж байхгүй. Уг нь анх 2014 онд Нэгдүгээр эмнэлэгт тархины харвалтын тасаг нээж байхад хүнд иргэнээ онгоцоор тээвэрлэнэ гэж ярьж байсан. Ингэхийн тулд хөрөнгө, мөнгө шаардлагатай.
-Сүүлийн жилүүдэд зүрхний шигдээс, тархины харвалт залуужаад гээд байгаа нь бидний амьдралын хэв маягтай шууд холбоотой болж таарлаа. Хамгийн залуу нь хэдэн настай хүн тархины харвалтаар амиа алдсан байдаг вэ. Энэ талын бүртгэл мэдээлэл хэр хангалттай байдаг вэ?
-Миний санаж байгаагаар 19 настай харваж байсан. 20 хэдэн настай хүн ч харвасан байдаг. Үүнээс харахад багаасаа буруу хооллож, хөдөлгөөнгүй байснаар тархины харвалтаар өвдөж байна шүү дээ. Хүний бие хэврэг болж байна. Тийм учраас жилдээ нэг удаа урьдчилан сэргийдэх үзлэгт орж байх хэрэгтэй. Дээрээс нь хүүхдийн даралтыг хүртэл үзэж байх ёстой. Хүүхэд толгой нь өвдлөө гэхээр манайхан “чи жаахан юм байж” юун даралт байдаг юм гэдэг. Залуучуудын даралт маш их ихэсч байна. Түүнийгээ тоодоггүй. Хөдөөнийхөн байна үзүүлэхгүй, нэг л төрлийн эм уудаг. Гэх мэт буруу зуршлаа өөрчлөх хэрэгтэй. Мэргэжлийн эмчид үзүүлж, эмчилгээ, зөвлөгөө авах хэрэгтэй. Ер нь бол даралт ихсэх өвчний нэгдүгээр үеийг амьдралын зөв хэвшлээр өөрчилж болдог. Тухайлбал, суугаа ажил хийдэг бол дасгал хөдөлгөөн хийх, өөх тостой хоол иддэг бол багасгах гэх мэт. Манайхан өөрийнхөө төлөө үйлчилдэггүй дутагдалтай. Хэрвээ даралт ихэсдэг бол асуулгаар хэддүгээр үе шат дээрээ явж байгааг тодорхойлж болдог. Ингээд ямар эмчилгээ хийх шаардлагатай байгааг мэдэж болно. Даралт ихдээд хоёр жил болоход л зүрх томорч, тархинд өөрчлөлт өгдөг. Даралт нэг удаа ихсэхэд судсанд ямар нэг өөрчлөлт, язралт үүсдэг. Язралт үүссэн судсанд цүлхэн үүсэх эсвэл бүлэн үүсэх магадлалтай. Ингээд нэг л өдөр хагарч, тасарч харвалт үүсгэдэг. Даралтьг нэг түвшинд барих нь хамгийн чухал. Сүүлийн үед хүмүүс даралт их байгаа үед цус шингэлэх эм их уугаад үүнээс үүдэж тархинд маш их жижиг, жижиг судасны хагарал үүсч харвалт өгсөн хүмүүс олон ирж байна. Тусгай программ MRI дээр харахаар тархи нь сархинаг шиг болчихсон хүмүүс маш их байна. Ингэж явсаар нэг том харвалт өгөөд амиа алдана эсвэл маш хурдан мартана, хэл ам нь ээдэрнэ, тэнэгрэлд орж хөдөлмөрийн чадвараа алдана гэсэн үг. Цус шингэлэх эм ууж байхад даралт их байвал харвалт өгөх магадлалтай байдаг. Тийм учраас цус шингэлэх эм ууж байгаа бол даралтаа заавал үзэж, хянаж байх ёстой шүү.
-Харвалт өгөх гэж байна даа гэж өөрт ер нь мэдэгдэж, шинж тэмдэг илэрдэг үү?
–Тухайн хүн яг энэ харвалтын шинж тэмдэг байна гэж мэдэхгүй. Гар бадайрна энэ нь гэхдээ дараад суусан юм шиг бадайралт биш ерөнхийдөө барих чадвараа алдаж хөл суларна. Юм хэлж чадахгүй хэл ам ээдэрнэ. Нүдний хараа алдагдаж нүүр мурийх гэх мэт шинж тэмдгээр өөрт бол мэдрэгдэнэ. Гэхдээ энэ бүхэн хоромхон зуурт болоод өнгөрдөг учраас би харвах гэж байна шүү гэх завдалгүй харвалт өгдөг. Хажуу талд байгаа хүн бол мэднэ л дээ. Тиймээс яг эдгээр шинж тэмдгүүд илэрвэл харвалт байна гэж бодоод яаралтай түргэн тусламж дуудах шаардлагатай. Даралт ихсээд судас хагарах үед асар хүчтэй толгой өвдөж, огьж бөөлждөг. Харвалтын үед гэрээр арга хэмжээ авах боломжгүй, хугацаа алдахын л нэмэр. Харин түргэн тусламж иртэл хэвтүүлээд тайван байлгана.
Нэгэнт тархинд харвалт өгөөд эмчилгээгээ авч чадаагүй тохиолдолд дахин хэвийн байдалдаа орох боломж бий юу. Манайхан уламжлалт бариа засал, зүү төөнүүр их хийлгэж байгаа харагддаг.
–Харвалт өгсний дараа зургаан цагийн дотор мэдрэлийн эсүүд үхэждэг. Гээд мэдрэлийн эсүүд үхээд зогсохгүй хавагнадаг. Өөрөөр хэлбэл, харвалт өгсөн хэсгийн ойр, орчмын мэдрэлийн эдүүд дарагддаг. Дарагдаад ирэхээр түүнийг тойрч хаван зэрэг янз бүрийн юм үүсдэг. Нэгэнт үхсэн голомт бол сэргэхгүй. Гэхдээ таны хэлж байгаа шиг уламжлалт эмчилгээ, зүү төөнүүр хийлгэхээр нөгөө үүссэн хаван зэрэг нь буураад үхжилийн голомт жижгэрдэг. Энэ нь гэхдээ бас тийм хурдан алга болохгүй хэдэн сарыг зарцуулдаг. Хэрвээ харвалтын голомт бага шиг байвал Хүний бие организм чинь зүүн баруун тархи гэж байгаа шүү дээ. Дасгал, хөдөлгөөн уйгагүй хийгээд байвал нөгөө эрүүл тал нь өвчтэй талдаа нөлөөлж дэмжлэг үзүүлж дээрддэг. Гэхдээ хэвийн байдалд орно гэж байхгүй, гайгүй болж болно.
-Та хүмүүст энэ өвчнөөр өвчлөхгүй байх ямар зөвлөгөө өгөх вэ?
-Хүмүүс минь өөрийнхөө биеийг эхнээс нь эрүүл байлгах хэрэгтэй. Ямар ч насны хүн байлаа гэсэн жилдээ нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагд. Хэрэвзээ янз бүрийн өвчин туссан бол гүйцэт эмчлүүл. Мөн тархины судасны эрүүл байдал амны хөндийн эрүүл байдалтай шууд холбоотой байдаг. Архаг хоолойн ангина, шүдний өвчлөлтэй бол цусанд C уураг ихэсдэг. Эдгээр нянгууд холбогч эдийг гэмтээж байдаг. Гэмтсэн судас дээр өөр эмгэг үүсэх боломж болж өгдөг. Амны хөндийн эрүүл ахуйтай хүний насжилт хамааралтай байдаг. Хоолой, амны хөндий эрүүл байснаар урт наслах боломжтой.
3,593.62






















































Саруул зах 2025-11-04 66.181.180.55
Монголынхоо хөрсөнд ургуулсан ногоо, жимс, голын загас ихээр хэрэглэж байх.
Нэргүй 2025-11-04 66.181.185.112
Bayrlalaa