АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон Хятадын дарга Ши Жиньпин нар өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригт (2025.10.30) Өмнөд Солонгост нүүр тулан уулзсан. Энэ нь дэлхийн худалдааны ирээдүйг тодорхойлох уулзалт байсан. Мөн өрнө, дорнын хоёр том эдийн засгийн ховор металлын зөрчилдөөнийг хэрхэн шийдвэрлэх тухай байв. Уулзалт эхлэхээс өмнө Дональд Трамп Хятадын даргыг "хэлэлцээ хийхэд хэцүү нэгэн" гэж тодорхойлсон юм. Гэсэн хэдий ч Ши Жиньпинтэй хэлэлцээ хийж чадна гэдэгт итгэлтэй байгаа гэж мэдэгдсэн юм. Харин Ши Жиньпин уулзалтын эхэнд нөхөрсөг байдлыг илэрхийлж, "Хятадын хөгжил нь АНУ-ын Америкийг дахин агуу болгох үзэл баримтлалтай зөрчилддөггүй" гэж мэдэгдсэн байна. Хоёр орны удирдагч нарын дээд хэмжээний уулзалтын дараа Дональд Трамп сэтгэгдэл өндөр байв.
Тэрбээр “Air Force One” онгоцон дээр сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө хоёр талын уулзалтыг “10-аас 12 оноо” гэж үнэлж, “гайхалтай” гэж тодорхойлжээ.
Тэрбээр мөн Хятад улстай ховор металлын маргааныг шийдвэрлэсэн гэж мэдэгдсэн байна. Дональд Трампын хэлснээр, саад бэрхшээл байхгүй болсон бөгөөд энэ сэдэв дахин хөндөгдөхгүй гэж найдаж байна гэжээ. Газрын ховор металлын хэлэлцээний талаар нарийн мэдээлэл өгөөгүй. Гэхдээ энэ жилээс эхлэн Хятадтай жил бүр хэлэлцээ хийхээ мэдэгджээ.
Хятад улс мөн АНУ-д тариалсан шар буурцаг зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг их хэмжээгээр худалдан авах болсныг Дональд Трамп хэлжээ.
Энэ нь Америкийн фермерүүдэд тус болох алхам гэж тэрбээр үзэж байна. Сүүлийн жилүүдэд худалдааны зөрчлөөс болж Хятад руу экспортлох АНУ-ын шар буурцаг болон бусад ургамлын бүтээгдэхүүн огцом буурсан юм. Тиймээс Хятадтай худалдааны харилцаагаа сэргээхийг АНУ-ын хөдөө аж ахуйн салбарынхан шаардаж, бодит үр дүн гаргахыг хүлээж байна. АНУ болон Хятадын удирдагч нар фентанил болон бусад мансууруулах бодистой холбоотой Дональд Трампын засаг захиргааны тавьсан тарифын асуудлыг хэлэлцжээ. Вашингтон эдгээр мансууруулах бодисын урсгал нэмэгдсэнтэй холбогдуулан Хятадаас орж ирэх бүтээгдэхүүнд нэмэлт 20 хувийн тариф ногдуулаад байсан юм.
Тэгвэл Дональд Трамп энэ тарифыг 10 хувь болгон бууруулахаа мэдэгдэж, Ши урсгалыг хязгаарлах шинэ арга хэмжээ авахыг зөвшөөрсөн гэж мэдэгджээ.
Түүнчлэн хоёр орны удирдагч нар Орос, Украины дайны талаар санал солилцжээ. Хятадын зүгээс Орос улсаас түүхий нефть худалдаж авдаг бөгөөд энэ худалдааны хамтын ажиллагаа нь удаан хугацаанд үргэлжилж байгаа гэдгийг огцолсон байна. Үүнээс улбаалан Оросыг Украин рүү түрэмгийлэхийг зогсоох алхам Хятад улс хийхгүй гэж зарим шинжээчид үзэж байна. Үүнээс гадна, Дональд Трамп энэхүү уулзалтаар Хятад руу ирэх дөрөвдүгээр сард айлчилж магадгүй гэж мэдэгдсэн бол Ши Жиньпин ирэх онд Флорида эсвэл Вашингтонд айлчлахаар төлөвлөж байна.
Дональд Трамп, Ши Жиньпин нарын дээд хэмжээний уулзалтын дараа Хятадын Худалдааны яам аравдугаар сард зарласан ховор металлын экспортын шинэ хязгаарлалтаа нэг жилээр хойшлуулна гэж мэдэгдэв. Хариуд нь Дональд Трампын засаг захиргаа Хятад улсад тавьсан хагас дамжуулагчийн экспортын хяналтаа зөөлрүүлж, уг бүтээгдэхүүнд ногдуулсан 24 хувийн нэмэлт тарифаа нэг жилээр хойшлуулжээ.
Талууд мөн хоорондын хөлөг онгоцноос авдаг боомтын шинэ хураамжийг түр зогсоох зэрэг олон асуудлаар ойлголцолд хүрсэн гэж Хятадын албаныхан мэдээлжээ.
Вашингтонд байрладаг Хадсон институтийн Ази дахь аюулгүй байдлын шинжээч Кеннет Вайнштейн хэлэхдээ, уулзалтын өмнө “Ши Жиньпин ховор металлын асуудлаар илүү хатуу байр суурь баримталж байгаа тул АНУ энэ асуудлын талаар хэлэлцэж магадгүй” гэж хэлж байжээ. Тэрбээр мөн “Бид ховор металлыг өөрсдөө боловсруулж чаддаг байх хэрэгтэй. Энэ нь Дональд Трампын засаг захиргааны хувьд маш чухал зорилт. АНУ үүнийг Япон зэрэг холбоотнуудтайгаа хамтран хийх ёстой” хэмээн нэмж хэлсэн байна. Түүнчлэн энэ төрлийн өндөр түвшний дээд хэмжээний уулзалт нь буруу ойлголтоос сэргийлэхэд тус болдог гэж Кеннет Вайнштейн онцолсон байв. “Ши Жиньпин дэлхийд болж буй үйл явдлын талаар бодит мэдээлэл хангалттай авч чаддаггүй орчинд байдаг. Тиймээс АНУ-ын Азид болон Энэтхэг-Номхон далайн бүсэд баримтлах бодлого, зорилгыг Дональд Трампаас шууд сонсох нь маш чухал” гэжээ.
3,548.92






















































Нэргүй 2025-11-03 103.168.34.130
Манай гитадын хурлийз шарлийз хүмүүс 21 зуун гитадын зуун болно гитад дэлхийн голллох улс болж юань долларыг шахах болно иймээс эртхэн хятад хүн болох бэлтгэлээ базаан хятад хэл сурах хэрэгтэй гээд нийгмийн сүлжээгээр коммент сэтгэгдэл үлдээн ухуулга суртчилгаа уриалга хийдэг болсон байна лээ
Нэргүй 2025-11-03 202.126.89.39
Хоорондын зөрчилдөөн байх л ёстой .
Путлер бол жинхэнэ худалч хуурмаг .