М.Дунгармаа: Шаардлагатай бол албадан буулгана

Хуучирсан мэдээ: 2010.09.09-нд нийтлэгдсэн

М.Дунгармаа: Шаардлагатай бол албадан буулгана

Нийслэлийн хороолол, гудамж явган хүний замгүй болсон гэхэд болно. Явган хүн автомашинтай зэрэгцэх шахам явж буй дүр зураг нийслэлд энгийн үзэгдэл болжээ. Харин явган хүний замыг сэргээхээр нэгэн шинэ ажил хийж эхэлж буй. Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд намрын тохижилтын ажлын хүрээнд “Явган хүний зам” аяныг өрнүүлж байна. Хот төлөвлөлт барилгажилтын хэрэгжилт, хүн амын эрүүл аюулгүй орчинг хангах, гудамж талбай нийтийн эзэмшлийн болон явган хүний зам талбайг хаасан, хөдөлгөөнд саад учруулсан хашаа, өртгөтгөл ТҮЦ, гараж, хувийн байгууламжуудыг чөлөөлөх арга хэмжээг хэрэгжүүлж эхэллээ.
Энэхүү арга хэмжээ, аяны та­лаар НЗДТГ-ын газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга М.Дунгармаагаас тодрууллаа.

-“Явган хүний зам” аяныг хэзээ­нээс хэрэгжүүлэх вэ. Аяны хүрээнд ямар арга хэмжээ авч байна вэ?

-Нийслэлийн Засаг даргын захи­рамжаар явган хүний зам, талбайг хаасан байгууламжийг чөлөөлөхөөр ажлын хэсэг байгуулсан. Энэ арга хэмжээ энэ сарын 5-ны өдрөөс эх­лэн хэрэгжүүлсэн. Шинээр авто зам барихдаа явган хүний замыг давхар шийдээд өгсөн байдаг. Харин орон сууцны хороолол, зарим өргөн чө­лөө гээд явган хүний замыг хаасан байгууллагын өргөтгөл, машин зам­тай тулгаж хашаа барьсан тохиол­дол их бий. Тиймээс эдгээр объектыг буулгаж явган хүний зам гарган тохижилт хийнэ.

-Нийслэлийн хэмжээнд хэч­нээн объектыг буулгах төлөв­лө­гөөтэй байна?

-Энэхүү ажлыг хоёр аргаар явуулж байгаа. Засч, тохижуулаагүй явган хүний зам байх ёстой газарт шинээр тохижилтын ажил хийнэ. Харин явган хүний замыг хаачихсан объектыг буулгаж зам гаргахаар ажиллаж байна. Урьдчилсан судал­гаагаар нийслэлийн хэмжээнд 77 байршилд 215 объект буулгах шаард­лагатай байгаа. Эдгээр объек­тын ихэнх нь зөвшөөрөлгүй. Тус объектуудыг буулгасны дараа тохи­жилтын ажлыг эхлүүлнэ.

-Зөвшөөрөлтэй байгуу­лам­жууд байвал ямар арга хэмжээ авах вэ?

-Бидний судалгаагаар явган хүний замд барилга, байгууламж барих зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байхгүй. Харин зохих газрын зөвшөөрөлтэй боловч зөвшөөрлөө хэтрүүлэн зам таглан хашаа барьчихсан байгууламж бий. Тухайн хүн газар эзэмших зөвшөөрөлтэй байна гэдэг нь явган хүний замыг хааж болно гэсэн үг биш.

-Хэрэв тухайн газрыг чөлөө­лөхгүй гэсэн байгууллага, хувь хүн байвал албадан буулгах уу?

-Шаардлага гарвал албадан буулгана. Энэхүү ажлыг иргэд, аж ахуйн нэгжүүд нааштайгаар хүлээж авсан. Зургаан дүүрэгт уг ажлыг эхлүүлэхэд гурван компани өөрсдийн хөрөнгөөр явган хүний замыг хийе гэдгээ хэлсэн. Өнөөдрийн байдлаар газраа чөлөөлөхгүй гэсэн байгууллага, хувь хүн алга.


Б.ЭНХЦЭЦЭГ

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж