Нидерланд улс 38 настай Роб Йеттен нэртэй залуу улстөрчийг ерөнхий сайдаар сонгох өндөр магадлалтай болжээ. Барууны үзэлтэй улстөрч Герт Вилдерсийн нам парламентад хүчээ алдаж, засгийн газар унасны дараа тус улсад дахин сонгууль явагдаж байна. Одоогийн байдлаар, Йеттений удирддаг төвийн "D66" нам нийт 150 суудлаас 27-ыг, харин Вилдерсийн Эрх чөлөөний нам 25 суудал авсан болохыг "Ipsos" байгууллагын гаргасан санал асуулгын урьдчилсан дүн харуулжээ.
Йеттений нам хоёр жилийн өмнөх сонгуулиар 37 суудал авсан ч тухайн үед түүнийг ерөнхий сайдаар дэмжээгүй юм. Энэ удаад тэр дор хаяж дөрвөн намтай эвсэж, парламентад 76 суудал авах юм бол ерөнхий сайд болох өндөр магадлалтай. Ингэснээр түүхэн дэх хамгийн залуу ерөнхий сайд болох юм.
Барууны популист үзэлт удирдагч Герт Вилдерс нь исламын эсрэг байр суурьтайгаараа алдартай. Түүнчлэн цагаачдыг нэвтрүүлэхгүй байх, Украины эрэгтэй дүрвэгсдийг нутаг буцаах, гадаад тусламжийг цуцлах зэрэг хатуу бодлого санал болгож байсан. Тэрбээр зургадугаар сард эдгээр бодлого нь хүлээн зөвшөөрөгдөөгүйгээс болж засгийн газрыг унагажээ.
Вилдерс "Ялагдсандаа харамсаж байгаа ч бид бүр мөсөн алга болоогүй” гэж хэлээд Йеттэнд баяр хүргэсэн байна. Йеттэн орон сууцны хомсдолыг шийдэх, боловсролд хөрөнгө оруулах, цагаачлалын асуудлыг зохицуулах зэрэг амлалтаар кампанит ажлаа явуулсан. Түүнчлэн тэр Украин, НАТО, болон Европын холбоог дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Йеттен дэмжигчдэдээ хандан, “Бид зөвхөн Нидерландад төдийгүй дэлхий нийтэд популист, туйлширсан барууны хөдөлгөөнүүдийг ялан дийлж болдгийг харууллаа” гэж хэлсэн байна.
Одоо түүний бусад намуудтай эвсэл байгуулах хэлэлцээ хэдэн долоо хоног, магадгүй хэдэн сар үргэлжилж болзошгүй. Боломжит эвслийн нэг хувилбарт "D66", Христийн ардчилсан нам, төв барууны "VVD", болон Ногоон-Хөдөлмөрийн нам багтаж байна гэж зарим шинжээчид үзэж байна.
3,602.33

















































Холбоотой мэдээ