Xотын мээрийн захирамжаар утаа багасахгүй нь

Хуучирсан мэдээ: 2010.09.09-нд нийтлэгдсэн

Xотын мээрийн захирамжаар утаа багасахгүй нь

Нийслэлийн Засаг дарга Г.Мөнх­баяр өнгөрсөн зургадугаар сард хотын нэгдүгээр бүсийн гэр хо­роол­лын айлуудыг түүхий нүүрс хэрэглүүлэхгүй байх захирамж гар­гасан. Нийслэлийн нэгдүгээр бү­сэд Баянгол дүүргийн 9, 10, 11, 16, Чингэлтэй дүүргийн 7, 8, 9, 10, 11, Сүхбаатар дүүргийн 9, 11, 12 дугаар  хороонд орших гэр хорооллууд ордог аж. Хотын мээ­­рийн захирамжийн дагуу энэ өвлөөс эхлэн эдгээр хороонд амь­дардаг айлууд утаагүй түлш хэрэглэх ёстой.

Засаг дар­гын за­хирамжийг хэрхэн хэрэгжүү­лэх талаар Нийс­лэлийн агаа­­рын чанарын албаны хот байгуулалт, дэд бүтэц хариуцсан мэргэжилтэн Д.Сан­чирбаяраас тодрууллаа.  

-Түүхий нүүрс хэрэглэж болох­­гүй гэж заасан хороодын өрхийн өвлийн түлшийг хэрхэн хангахаар төлөвлөсөн бэ?

-Энэ жил НЗДТГ-аас үртсэн, хагас коксжуулсан, нүүрсэн шахмал түлш хотын нэгдүгээр бүсийн хороодод нийлүүлэхээр гэрээ хийсэн. Нийт 14 компанийн 17800 тонн гур­ван төрлийн утаагүй түлшээр 24 мянга 943 өрхийн хэрэгцээг хан­гана гэсэн тооцоо хийсний үндсэн дээр компаниудын түлш ний­лүүлэх хуваарь гарсан байгаа. Хороо тус бүрт тусгай борлуулагч ажиллаж түлшээ борлуулна. Нөгөөдөр Чингэлтэй дүүргийнхэнд  боловсруулсан түлш танилцуулах ёслол болно. Нөгөө хоёр дүүрэгт нь энэ ажлыг өнгөрсөн долоо хоногт зохиосон.

-Эдгээр хорооны иргэд түү­хий нүүрс хэрэглэвэл ямар ха­риуцлага тооцох юм бэ?

-Энэ асуудлыг зохицуулахаар дүүргүүдийн Засаг даргийн захи­рамж гарсан ч нэгэнт нүүрсээ буул­гачихсан айлууд олон байна. Одоо­хондоо энэ асуудлыг хэрхэн шийдэх тал дээр хэлэлцүүлэг өрнүүлээд явж байгаа.

-Нэлээн хэдэн жилийн өмнөөс утаагүй түлш худалдаанд гарсан ч иргэд таагүй хандаж байгаа. Танай байгууллагын зү­гээс эдгээр түлшийг утаагүй гэд­гийг нь яаж батлах вэ?

-Зууханд түлж хэмжилт хийн утааг нь шалгадаг. Харин тус­гай лабораторид түлшнийх нь ча­нарт шинжилгээ хийдэг. Одоо ний­лүүлэх түлшүүдэд ч энэ маягаар хэмжилт хийж, байгаа.

ИРГЭД ЗАХИРАМЖИЙГ ҮЛ ТООН НҮҮРС ХУДАЛДАЖ АВСААР БАЙНА
Харин бодит амьдрал дээр гэр хорооллынхон өвлийг өнөтэй да­вах бэлтгэлээ аль хэдийнэ базааж эхэлжээ. Нийслэлийн зүүн хэс­гийнхний түлшний хэрэгцээг хан­гадаг “Цайз” захад нүүрс ач­сан машинууд эгнэж, худалдан аваг­чид нь ч цөөнгүй байлаа. Энд нүүрс худалдан авахаар ирсэн хүмүү­сээс утаагүй түлшний талаар  асуухад нүүрснээс  илчгүй, үнэтэй, асдаггүй хэмээсэн. Нийслэлийн удирд­лагууд энэ чиглэлээр бизнес эрх­лэгчдийг дэмжихийн тулд ард иргэдийн эрхийг боогдуулж байгаа гэж бодож явдгаа ч дуулгасан юм.  Энд таван тоннын даацтай “Зил-130” машинтай нүүрсийг 280 мянга, 2.5 тоннын даацтай “Портер” машинтайг 120-135 мянган төгрөгөөр бор­луулж байна. Нүүрсний ченжүүд борлуулалт сайн байгаа хэмээсэн. Нүүрс хэрэглэхийг хориглосон нийслэлийн нэгдүгээр бүс болох гандан, их нялхас, 32-ын тойрог хавийнхан ч ихээр худалдан авч байгаа аж.  Ямартай ч түүхий нүүрс түлэхийг хэсэгчлэн хориглосон Нийслэлийн Засаг даргын захирамж хотын нэгдүгээр бүст амьдардаг айлуудад үйлчлэх ёстой ч тэндхийн иргэд нүүрсээ худалдаж авсаар л байгаа аж. Нүүрс хэрэглэхийг хориглосон дүүргүүдэд боловсруулсан түлш худалдаалахаар гэрээ хийсэн компаниудын сурталчилгаа муу байна уу, үнэхээр иргэдийн ярьж байгаа шиг чанаргүй түлш үү гэдгийг өвөл дуусахаар иргэд аяндаа хэлээд өгнө. Хэрэв энэ янзаар байвал иргэд утаагүй түлш хэрэглэхгүй. Энэ нь ч гэсэн шалтгаантай гэдгийг сануулах нь илүүц байх.

Р.САРАНГОО

Зохогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж