Индонезийн утипи шинэ нийслэл Нусантара гэнэт л боссон мэт. Шигүү ойн гүнд, моддын нэвтлэх олон тооны хурдны зам, хурц нарны дор гэрэлтэн харагдах далавч мэт барилгатай энэ хот тийм ч хөл хөдөлгөөнтэй газар биш. Харин Нусантарагийн өргөн чөлөөнүүд цөөн хэдэн цэцэрлэгч, сониуч жуулчидгүй байсан бол хоосон хот эсвэл сүнстэй хот гэгдэх байлаа. Тодруулбал, гурван жилийн өмнө тус улсын ерөнхийлөгч асан Жоко Видодо хог нь дийлдэхгүй, түгжрэлтэй, живж буй Жакарта хотыг орлох зорилгоор шинэ нийслэлийг бүтээн байгуулж эхэлсэн. Гэвч өнөөдөр тус хот оршин суугчдаа хүлээн авахад бэлэн болсон ч хоосон хот хэвээр байна. Улмаар өнгөрсөн оны аравдугаар сард албан тушаалдаа орсон ерөнхийлөгч Прабово Субианто энэ онд хоосон хотын төслийн санхүүжилтийг 2024 онд төлөвлөсөн байсан 2.54 тэрбум ам.доллараас 931 сая ам.доллар болгон бууруулжээ.
Үүгээр ч зогсохгүй ирэх жилийн шинэ хотод анхны төсвийн 1/3 хувийг л олгохоор зэхэж байна. Хувийн хөрөнгө оруулалт ч мөн зорилтот хэмжээнээс 1.33 тэрбум ам.доллараар дутуу болжээ.
Прабово ерөнхийлөгч болсноосоо хойш Нусантара хотод нэг ч удаа очиж үзээгүй. Гэхдээ тавдугаар сард тэрбээр тус хотын статусыг чимээгүйхэн "Улс төрийн нийслэл" болгон өөрчилжээ. Энэ шийдвэр есдүгээр сард л олон нийтэд ил болсон юм. Үүнээс гадна 2024 онд шинэ нийслэлийн бүтээн байгуулалтыг хариуцсан байгууллагын дарга болон орлогч нь огцорсон. Одоогоор Нусантара хотод ойролцоогоор 2000 төрийн албан хаагч, 8000 барилгын ажилтан амьдарч байгаа.

Энэ нь 2030 он гэхэд 1.2 сая хүнтэй болох зорилтоос нэлээд хол байгаа юм. Орон сууц, яамдын байр, эмнэлэг, зам, усны систем, нисэх онгоцны буудал зэрэг нь хэдийн баригдаж дууссан. Гэхдээ хотын ихэнх хэсгийн барилгын ажил үргэлжилсэн хэвээр байна. Зүүн Калимантанд байрлах Мулаварман их сургуулийн Үндсэн хуулийн эрх зүйн судлаач Хердиансях Хамзагийн хэлснээр, уг хот аль хэдийн сүнстэй хот болсон бөгөөд улс төрийн нийслэл гэх нэр нь Индонезийн хуульд зааснаар ямар ч бодит утгагүй.
Тэрбээр хэлэхдээ, "Шинэ нийслэл нь Прабовогийн хувьд тэргүүлэх зорилт биш. Улс төрийн хувьд энэ төсөл үхэж ч чадахгүй, амьдарч ч чадахгүй байдалд байна” гэсэн юм. Гэсэн хэдий ч тус хотын төсөлд оролцож буй албан байгууллага, эрх баригчид ямар ч саатал гарсан хамаагүй Ибу Кота Нусантара (IKN) хот сүндэрлэх болно гэж итгэж байна. Нусантара хотын нийслэлийн захиргааны дарга Басуки Хадимулжоно хэлэхдээ, ерөнхийлөгч Прабово түүнд “Би энэ ажлыг хурдан дуусгах амлалт өгсөн” гэж хэлж байжээ. Тиймээс барилгын ажил удааширсан, улс төрийн дэмжлэг сул байгаа гэсэн мэдээлэл буруу гэж тэрбээр мэдэгдсэн юм. “Мөнгө болон улс төрийн дэмжлэг хоёул байна. Үүнд эргэлзэх шаардлагагүй” гэж Хадимулжоно хэлж байна.
ӨСӨЛТ БА УНАЛТ

Нусантара хотын жижиг бизнесүүд хүнд нөхцөлд орсон. Өмнө нь ажилчдын урсгал олширч байхад бүх төрлийн дэлгүүр, буудал, үйлчилгээний байгууллага сайн ажиллаж байсан. Гэвч өдгөө худалдаа эрс буурчээ. Жижиг бизнес эрхэлдэг Дэви Аснавати хэлэхдээ ерөнхийлөгч асан Жоковигийн үед орлого нь хоёр дахин их байсан бол одоо талыг нь алдсан гэжээ. Бүтээгдэхүүн зардаг Сярариyaх ч мөн “Эхэндээ бизнес өргөжиж, дараа нь унасан” гэсэн байна. Түүний хувьд ажилчдын урсгал тасарснаас болж жижиг бизнес эрхэлдэг олон найз нь бизнесээ хаасан байна. Хотын барилгын ажилд оролцож буй барилгачин Бежогийн ч ажлын цаг багассан байна. Улмаар түүний орлого гурван жилийн өмнөхөөс эрс буурчээ. Мөн Нусантара хотын эргийн Баликпапан булангийн загачид өмнө нь том хөлөг онгоцнууд загас агнуурт нь саад болдог гэж бухимдаж байсан. Гэвч хотын зорих хөл хөдөлгөөн багассанаар далайн тээвэр ч буурсан юм.
Сепаку голын ойролцоо амьдардаг уугуул Балик ард түмэнд шинэ нийслэл асуудал үүсгэжээ. Ферм ажиллуулдаг загасчин Арман шинэ ус цэвэрлэх байгууламжийн улмаас үер нэмэгдэж, ургацынхаа талыг нь алдсан гэв. Мөн хот байгуулахад амлаж байсан цэвэр усны систем нь хүн бүрт хүрэлцдэггүй гэсэн байна. Бохирдол ба шинэ далангийн улмаас олон гэр бүл голоос усаа авч чадахгүй болсон ч засгийн газар үүнийг няцаасан аж. Гэсэн хэдий ч орон нутгийн хүмүүс Нусантара амжилттай болохыг хүсэж байна. Тэд үүний тусламжтайгаар Балик соёлын талаарх мэдээллийг түгээж, аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэж найддаг. Арман хэлэхдээ “Хэрвээ энэ хотын бүтээн байгуулалт зогсвол бид бүхнээ алдана. Гэхдээ биднийг оруулаагүйгээр үргэлжилбэл бас л алдана” гэжээ.
Байгаль орчны бүлгүүд урт хугацааны хохирол үүсгэж болзошгүй гэж анхааруулж байна. "Walhi" бүлэг хоёр жилийн хугацаанд зам, боомт зэрэг бүтээн байгуулалтын улмаас 2000 гаруй га мангров ой устсан гэж мэдэгдсэн юм. Тэд энэ төсөл орон нутгийн болон уугуул иргэдэд ашиг тус бага, харин гадаад хүмүүст илүү ашигтай гэж сэрэмжлүүлж байна. "Walhi"-ийн Фатхур Розикин Фэн хэлэхдээ “Нусантара дотор хүмүүс бүх зүйлээ эдэлж байхад гадна талын орон нутгийн хүмүүс орлого, байгаль орчноо аль аль нь алддаг” гэжээ. Засгийн газар уг төслийг байгаль орчинд хор хохирол учруулаагүй гэж мэдэгджээ. Улмаар зарим уугуул иргэдэд газар нөхөн олгосон байна. Басукигийн хэлснээр, Нусантара нь ногоон хот байдлаар төлөвлөгдсөн бөгөөд 252 мянган га талбайн зөвхөн дөрөвний нэг нь барилга, бүтээн байгуулалттай, үлдсэн хэсгийг ногоон бүс болгон хадгалахаар төлөвлөгдсөн.
3,548.92





















































Нэргүй 2025-10-30 66.181.182.213
шинээр нийслэл барьж буй бүх улсууд сүнсэн хоттой хоцорсон солонгос мяанмар гэх мэт одоо удахгүй манайд ч бас сүнсэн хот босгохоор байгаа мөнгөө цутгаж эхлэх гэж байна