Дотоодынхоо буудайн хэрэгцээг хангана

Хуучирсан мэдээ: 2010.09.09-нд нийтлэгдсэн

Дотоодынхоо буудайн хэрэгцээг хангана

Булган аймгийн Засаг дарга М.Оюунбаттай цаг үеийн сэдвээр ярилцлаа.

-Сэлэнгийн тариаланчид улаанбуудайн борлуулалтдаа сэтгэл зовинож эхэллээ. Булган аймагт байдал ямар байна вэ?

-Засгийн газраас улаанбуудайн үнэд тодорхой хөнгөлөлт үзүүлж байгаа. Энэ жил үр тарианы болц харьцангуй сайн байна. Булган аймаг өнгөрсөн оныхоос илүү ургац хураан авна. Тариаланчид маань хураасан ургацаа борлуулах гэж жилийн жилд элдэв бэрхшээлтэй тулгардаг шүү дээ. Гурил үйлдвэрлэгчид үнэ буулгах сонирхолтой байдаг. Гэвч одоогийн тарифаас хямдруулбал тариаланчид цаашид ажиллахад хүнд болчихоод байна. Энэ он “Атрын III аян”-ы эцсийн жил. Тиймээс Засгийн газар уг асуудалд анхаарч, тариаланчид, гурил үйлдвэрлэгчдийн харилцааг зохи­цуу­лаад өгчихвөл тус салбар зах зээлийнхээ голдирлоор хөгжих боломжтой.

-Газар тариалангийн сал­барын­хан өнгөрсөн жил Буудайн санд тушаасан ургацынхаа мөнгийг авч чадахгүй хэл ам дэгдээж байсан. Энэ жил ч ийм байдал давтагдахыг үгүйсгэхгүй. Тэгэхээр яаж зохицуулах юм бол?

-Манай аймаг энэ жил 31 мянган тонн үр тариа хураана. Үүнээс 5000 тонныг үрийн нөөцөд, харин 20-иод мянган тонныг Буудайн санд тушаахаар гэрээ хийчихсэн. Үлдсэнийг нь гурилын үйлдвэрийнхэнд борлуулна. Булган аймгийн гурилын үйлдвэрүүдийн удирдлагуудтай энэ талаар ярьж, тохиролцож байна л даа. Тариаланчид өнгөрсөн жил Буудайн санд ургацаа тушаачихаад мөнгөө авч чадалгүй удсан. Тэд “Атрын III аян”-ы хүрээнд зээл авсан ч дээрх сангаас мөнгөө авч чадахгүй цаг их алдсанаас зээлийнх нь хүү өсч, хүндрэл учирлаа. Тийм явдал энэ жил бүү давтагдаасай. Буудайн сангийнхан мөнгийг нь яаралтай өгөөсэй гэж бодож байна.

-ОХУ улаанбуудайн экспортдоо хориг тавьсан нь манай улсад хэр хүндрэл учруулах вэ. Ер нь дотоодын хэрэгцээгээ дангаар хангах боломж бий юү?

-Булганыхан дотоодынхоо хэрэгцээг хангахуйц улаанбуудай хураан авч байгаа. Ноднин жил Булган аймгийн элеваторт 30 мянган тонн улаанбуудай борлуулсан. Өнөөдрийн байдлаар, дөнгөж 5000 тонныг л борлуулаад байна. Гэвч 25 мянган тонн нь байж л байна шүү дээ. Тус элеватор өнгөрсөн жил 30 мянган тонн улаанбуудай худалдан авч байсан бол энэ жил 5000-ыг л авна. Эл байдлаас дүгнэвэл, дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангахуйц улаанбуудай манай улсад байна. ОХУ улаанбуудайн экспортдоо хориг тавьсан ч гурилын үнийг өсгөхгүй, хомсдол үүсгэхгүй байх боломжтой.

-Өвөлжилтийн бэлтгэл ажилд хэр хүндрэл учирч байна вэ?

-Өнгөрсөн жилтэй харьцуулахад, энэ жил намаржаа гайгүй байна. Булган аймагт Архангай, Дундговь, Өвөрхангай, Төв, Орхон аймгийн оторчид өвөлждөг. Эдгээр аймаг болон бидэнтэй албан ёсоор гэрээ байгуулаагүй зарим газар­тай нийлээд 10-аад аймгийн мал ноднин жил Булган аймагт өвөлж­сөн. Энэ жил гайгүй байх болов уу гэж тооцоолсон ч Дундговь, Өвөр­хангайн зарим суманд өвс эрт унаж, байдал хүндрэх шинжтэй боллоо. Эдгээр аймгийн удирдлагууд бидэнд “Танай аймагт малаа өвөл­жүүлнэ шүү” гэсэн. Харин бид “Үгүй” гэж байгаа. Орж ирсэн болон оруулж ирсэн газрын мал адилхан хоргоддог учраас тэр л дээ. Засгийн газраас өвөлжилтийн бэлтгэл хангах талаар албан тоот ирүүлж, аймгийн Засаг даргын захирамж гарсан. Тиймээс аймаг, сумын өвсний нөөцтэй болж байгаа. Сум бүрт 10 сая төгрөг хуваарилж, фонд байгуулж байна. Ер нь 2009-2010 оны өвлөөс сургамж авсан. Энэ жил бид 85 мянган тонн хадлан бэлтгэнэ. Одоогийн байдлаар, хадлан бэлтгэх ажил 78 хувьтай. Монгол Улсын хэмжээнд “Өнгөрсөн жилийнхээс их цас орно” гэсэн прогноз бий. Тэгэхээр Булган руу оторчдоо хэчнээн оруулж ирээд ч нэмэргүй. 

-Газар тариалан, гурилын үйлдвэрээс гадна төсвөө ямар эх үүсвэрээс бүрдүүлж байна вэ. Жишээлбэл, уул уурхайгаас орж ирэх мөнгө гэж байна уу?

-“Эрдэнэт” үйлдвэр Булган аймагт усны төлбөр болгон 1.5 тэрбум төгрөг төлдөг. Түүнээс биш нөөцийн төлбөрийг усны төлбөртэй харьцуулахад харьцангуй бага. Улсын татаасгүй есөн аймгийн нэг нь Булган. Нийт 700-аад сая төгрөг улсын төсөвт төвлөрүүлдэг.

C.БАТТУЛГА

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж