Мари Антуанетта 230 жилийн өмнө нас барсан ч түүний нөлөөлөл өнөө цагт ч үргэлжилж байна. Гэхдээ ямар шалтгааны улмаас Францын хувьсгалын үед цаазлуулсан хатан XXI дуунд дурсагдсан хэвээр байгааг “NEWS” агентлагийн “FASHION” буландаа онцолж байна.
Кайли Женнер, Майли Сайрус болон Чаппелл Роан зэрэг алдартнууд Рококо үеийн загвараар хувцаслахдаа Мари Антуанеттагийн хөрөг зураг, түүх, загварын чиг хандлагаас нь санаа авчээ. Хатны хэрэглэдэг байсан хиймэл цагаан үс, даашинз төдийгүй идэх дуртай байсан амттан, амьдралын хэв маягаас нь санаа авдаг гэлтэй. Түүнчлэн хувцас загварын салбарын акул болох Жон Галлиано, Карл Лагерфельд, Вивьен Вествуд зэрэг дизайнерууд болон дуучин Риана ч Мари Антуанеттагаас санаа авсан удаатай. “Vogue” сэтгүүл хүртэл хатны 262 насны төрсөн өдрөөр гоо сайхны нууцуудыг нь хуваалцаж байлаа. Мэрилин Монро эсвэл Жанна д’Арк шиг өөрийн түүхээ тод үлдээсэн Мари Антуанетта золгүй төгсгөлтэй байсан ч тэрээр бэлэг тэмдэг болсон юм. Түүний тансаг агаад эсэргүү, хангалуун мэт гунигтай түүх баруунд эмэгтэйчүүдийг төлөөлөх дүр төрх болжээ. Улмаар Лондон дэх Виктория ба Альберт музейд (V&A) Мари Антуанеттагийн өвийг толилуулж, загварын чиг хандлагыг нь олон нийтэд танилцуулжээ.

"Мари Антуанетта өөрийн цаг үедээ загвар, хэв маягийн бэлэг тэмдэг байсан ч тэрхүү гайхалтай өвийг тусгайлан харуулсан үзэсгэлэн гарч байгаагүй” гэж үзэсгэлэнгийн куратор Сара Грант хэллээ. Мари Антуанеттагийн ордонд үсчин, оёдолчин, гоо засалч хүмүүсээр дүүрэн байсан бөгөөд тэд бүгд XVIII зууны сүүл үеийн Францын загварын ертөнцийг тодорхойлсон тансаг хэв маягийн төлөө ажиллаж байжээ. Мари Антуанетта загварын нарийн мэдрэмжтэй байсан учир хэв маягийн бэлэг тэмдэг болсон.
Түүний энэ чадвар нь тухайн үеийн Францын нийгэмд нөлөө үзүүлдэг байсан бөгөөд өнөө үед "алдартнуудын хэв маяг" гэж тооцогддог зүйлийн үндэс суурийг тавьсан аж.

“V&A”-ийн музейн тод ягаан үзэсгэлэнгийн танхимд Мари Антуанеттагийн амьдралын өгүүлэх 250 гаруй эд зүйлс дэлгэгдсэн. Түүний гялтганах гоёл чимэглэл, торго дурднаар урласан даашинз зэргээс XVIII зууны ихэс дээдсийн амьдралын нэг хэсгийг харж болох юм. Мөн Мари Антуанеттагийн дуртай үнэрүүд болох цахилдаг цэцгийн үндэс, булцуу, нил цэцэг, модлог үнэрийг дахин бүтээж, зочдод 1700-аад оны Францын ордны амьдралыг төсөөлөхөд нь тусалжээ. Гэхдээ бүх зүйл сайхан үнэртэй байгаагүй. Антуанеттагийн шоронд өмсөж байсан толботой даашинз болон түүнийг хөнөөхөд ашигласан ирийг харуулсан улаан танхим амьсгал бачимдмаар үнэр үнэртэж байлаа. Учир нь Мари Антуанеттаг хорьж байсан шоронгийн ойролцоо бохирдсон Сена мөрөн урсаж байсан тул улаан танхимаас чийглэг, бохир үнэр ханхалж байв.
Энэ нь хатныг эцсийн мөч хүртлээ үнэртэж байсан үнэрийг зочдод мэдрүүлж, амьдралынх нь хором мөч бүрийг ойлгуулах гэсэн оролдлого гэлтэй.

Гэхдээ түүний түүх өнөөг хүртэл маргаан дагуулж байна. Тэрээр хатан хаан байхдаа хов жив, шог зураг, гүтгэлгийн бай болж байв. Хошин шогийн зурагт түүнийг ёс суртахуунгүй, завхай нэгэн мэтээр дүрсэлж, хүүхэд төрүүлээгүйг нь буруутгаж байв. Мөн Францын ард түмэн өвчиндөө баригдаж, өтөнд идүүлж байхад Мари Антуанетта ганцаар тансаг амьдран, үл тоомсорлож байсан мэтээр шүүмжилдэг байжээ. Гэхдээ Антониа Фрейзерийн 2001 онд бичсэн намтар болон 2006 онд Кирстен Данст гол дүрд нь тоглосон кино Мари Антуанеттагийн тухай ойлголтыг өөрчилсөн юм. Эдгээр бүтээлүүд Мария Антуанеттаг ердөө 14 настайдаа улс төрийн зорилгоор гэрлэж, асар их дарамт, үүрэг хариуцлага үүрсэн өсвөр насны охин гэж харуулсан байдаг. Эмэгтэй хүний өнцгөөс харуулсан, өрөвдөлтэй байдлыг нь дүрсэлсэн эдгээр бүтээл Мари Антуанеттаг илүү ойлгох боломжийг үзэгчдэд олгожээ. Үүний адил “V&A” дэх үзэсгэлэн хатныг ойлгох, таньж, мэдэх боломжийг олгох гэж хичээсэн байна.

Софиа Коппола хатны тухай кинондоо орчин үеийн хөгжим, тусгай хийцийн Маноло Бланикийн гутлыг ашигласан ч зохиолч Антониа Фрейзерийн судалгааг олон хүнд таниулж чадсан. Кино шүүмжлэгч, “Sofia Coppola: Forever Young” номын зохиогч Ханна Стронг анх Мари Антуанеттагийн тухай киног үзээд хатантай зарим талаараа адилхан мэдрэмж авчээ.
Тэрбээр “Мария Антуанетта бол эрх ямбатай гэр бүлээс гаралтай, гэхдээ өөрийн хүсээгүй амьдралд хүчээр татагдсан залуу эмэгтэй байсан. Би түүхэнд буруутгагдаж, буруу ойлгогдсон эмэгтэйчүүдийн тухай илэрхийлэх гэсэн Копполатай санал нэгдэж байгаа” гэж хэлж байжээ.
Загвар зохион бүтээгч Жереми Скоттын хувьд Софиа Копполагийн кино нь Мария Антуанеттийн ертөнцөд орох хаалга болсон. Тэр “CNN”-д ярихдаа, “Софиа Копполагийн хувилбар үнэхээр үзэмжтэй байсан. Өнгө, чихэр шиг деталь бүгд гайхалтай” гэж дурсан юм. Скоттын хэлснээр, Кирстен Данстын өрөвч, уян зөөлөн жүжиглэлт нь XVIII зуунд ад үзэгдэж байсан Антуанеттийг өөр өнцгөөс харуулсан. Тэрбээр мөн киног үзсэнийхээ дараа хэрэв хатантай нэг үед амьдарч байсан бол Парисаас зугтахад нь туслах байсан гэжээ. Тиймдээ ч загвар зохион бүтээгч Скотт хатнаас санаа авч 2020 оны намар-өвлийн загвараа зохион бүтээж байжээ.

Мари Антуанеттагаас сэдэвлэсэн бялуу шиг хөвсгөр, шаталсан даашинз болон богино болгосон рококо хувцаснуудаа мөн онд ажиллаж байсан Италийн “Moschino” брэндийнхээ загварын шоунд зориулж бүтээсэн байна. “Тансаг байдал, тоглоомтой шинж, уран нарийн байдал бүгд баяр баясгаланг илтгэдэг. Энэ бол хийсвэр мөрөөдөл, зугаа цэнгэл. Миний хувьд энэ л загварын гол утга юм” гэж Скотт хэлж байжээ.
Эдгээр амтат нарийн боов шиг даашинзнуудыг “V&A”-ийн үзэсгэлэнгийн танхим орчин үеийн бусад загваруудтай хамт толилуулсан. Үүнд Софиа Копполагийн киноны Оскар хүртсэн Милена Канонерогийн хувцас, мөн Диор, Жон Гальяно, Шанел, Карл Лагерфельдийн хатнаас санаа авсан бүтээлүүд багтжээ. Үр дүнд нь Антуанеттын загварын нөлөөг харуулсан гайхалтай үзэсгэлэн бүрдсэн юм. Үзэсгэлэнгийн куратор Грантын хэлснээр, “Түүний нөлөө ийм хүчтэй хэвээр байгаа нь нэг шалтгаантай. Антуанеттагийн амьдрал бол үнэхээр гайхалтай түүх. Энэ бүхэн түүхийн хамгийн том үйл явдлын нэг. Францын хувьсгалын дунд өрнөсөн бодит үйл явдлыг харуулсан. Эмгэнэл, мөхсөн амьдрал ба гайхалтай, гялалзсан зан чанарыг Антуанеттагийн үзэсгэлэн гайхалтайгаар харуулж байна” гэжээ.
3,548.92






















































Холбоотой мэдээ