Францын ерөнхийлөгчийн эхнэр Брижит Макроныг цахим орчинд дээрэлхсэн хэргээр 10 хүнийг буруутгажээ. Уг хэрэгт холбогдох шүүх хурал Даваа, Мягмар гаригт (2025.10.27-28) гаригт болж байна. Шүүгдэгчдийг Брижит Макроны хүйс, бэлгийн чиг хандлагын талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараасан гэж буруутгаж байна. Мөн Брижит Макрон болон түүний нөхөр ерөнхийлөгч Эммануэль Макрон нарын насны зөрүүний талаар цахим орчинд шүүмжилж, хорлонтой үг хэлсэн хэргээр буруутгажээ. Ерөнхийлөгч болон тэргүүн хатагтай нарын насны зөрүү 24 юм. Хэрэв буруутай нь тогтоогдвол шүүгдэгчдэд хоёр жил хүртэлх хугацаагаар хорих ял оноох юм байна.
Францын хэвлэлд мэдээлснээр, багш, галерейн эзэн болон сонгогдсон албан тушаалтан зэрэг 10 хүн буруутгагдаж буй. Мөн тэдний дунд бие даасан сэтгүүлч гэх Натача Рей, цахимаар мэргэлдэг Амандин Рой нар багтаж байна.
Өнгөрсөн жил тус хоёр хүн Брижит Макроны ах Жан-Мишель Тронье хүйсээ сольж, тэргүүн хатагтайн нэрийг ашиглаж байгаа гэж мэдэгдэж байсан юм.
Тиймээс одоо байгаа тэргүүн хатагтай гэх хүн хуурамч гэж цахим орчинд мэдээлснээр гүтгэлгийн хэрэгт буруутгагдсан юм. Гэсэн хэдий ч Рей, Рой нар давж заалдаж, цагаатгагдсан байжээ. Харин тэргүүн хатагтай болон түүний ах уг шийдвэрийг давж заалдах хүсэлт гаргаснаар Рей, Рой нар дахин шүүхэд дуудагдсан байна.
Брижит Макрон бол трансжендер эмэгтэй гэх ойлголт 2017 оноос хойш үргэлжилж байна. Түүний хүйсийн талаарх үндэслэлгүй мэдээллүүд АНУ-д улам тархаж, үүнийг баруун жигүүрийн нөлөө бүхий Кандес Оуэнс сурталчилж байна. Өнгөрсөн долдугаар сард Макроны гэр бүл Оуэнсийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргаж, түүнийг бүх найдвартай нотлох баримтыг үл тоомсорлож, алдартай хуйвалдааны онолыг дэвэргэсэн гэж буруутгажээ. Макроны гэр бүлийн өмгөөлөгч Том Клэр “BBC”-ийн “Fame Under Fire” подкастад ярилцлага өгөхдөө, Брижитийн хүйсийн талаар худал мэдээлэл тарааж буй нь Францын ерөнхийлөгчийн улс төр, нэр хүндэд саад тотгор учруулах гэсэн арга гэж шүүмжилжээ.
Тэргүүн хатагтай Брижит Макрон одоогийн нөхөртэйгөө анх дунд сургуульд нь багш байхдаа танилцсан. Хосууд 2007 онд буюу Эммануэль Макрон 29 настай, Брижит Макрон 54 настай байхдаа гэрлэжээ.
3,548.92





















































Холбоотой мэдээ