Энэ улирлын эхний Эл Класико үнэхээр өндөр хүлээлтэд хүрсэн. Сантьяго Бернабеу цэнгэлдэхэд болсон энэхүү тулаанаас нүд салгахын аргагүй байлаа. Тоглолтын хоёр дахь минутад шүүгч Ламине Ямалыг Винисиус Жуниор дээр алдаа гаргасан гэж үзэн торгуулийн цохилт заасан ч VAR-аар үзсэний дараа шийдвэрээ цуцалсан.
Эрчтэй эхэлсэн тоглолтод аль аль баг нь хэмнэлээ сааруулах бодолгүй байв. Барселона бөмбөгийг илүү эзэмшиж, довтлох оролдлого хийж байсан бол Реал Мадрид хурдтай сөрөг довтолгоогоор боломжоо хайж байлаа. Клубын шинэ дасгалжуулагч Хаби Алонсо өөрийн төлөвлөгөөгөө 12 дахь минутад амжилттай хэрэгжүүлсэн гэхэд хилсдэхгүй. Килиан Мбаппе гайхалтай алсын цохилтоор гоол оруулсан ч миллиметрийн хэмжээтэй отон тоглолтод орж улмаар тус гоолыг тооцоогүй.

Эцэст нь Мбаппе "нүдсээр" хүсэн хүлээсэн гоолоо эхний үеийн дунд үед Жуд Беллингхэмийн дамжуулалтаар оруулав. Барселонагийн хувьд тоглолт нь сайнгүй байсан ч Арда Гүлерийн алдааг ашиглан Фермин Лопес тооны харьцааг тэнцүүлсэн. Гэсэн хэдий ч эхний үеийн завсарлагаанаас өмнө Беллингхэм гоол оруулж, “Эзэн хаан”-ы баг дахин тэргүүлж эхэлсэн.
Хоёрдугаар үеийн эхэнд Реал тэргүүллээ баталгаажуулах боломжтой байсан ч Мбаппе торгуулийн цохилтоо алдаж Войцех Шчеснийг халз тулаанд дийлсэнгүй. Барсад цаг хангалттай байсан ч тооны харьцааг дахин тэнцүүлэх аргаа олсонгүй. Хаби Алонсо Реалыг маш сайн бэлджээ. Беллингхэм, Гүлер нар байрлалаа байнга сольж, Каталоны багийн хамгаалагчдыг будлиулж байхад Винисиус ба Мбаппе нар хамгаалалтад нь дарамт үзүүлж байв.

Онцлох зүйл гэвэл, Барселонагийн ахлах дасгалжуулагч Ханси Флик торгуулийн улмаас энэ тоглолтыг үзэгчдийн суудлаас үзсэн бөгөөд туслах дасгалжуулагч Маркус Зорг үүргээ сайн биелүүлж чадсангүй. Бидний мэдэх эмх цэгцтэй, аюултай довтолгоотой, хүчирхэг төвийн шугамтай Барса энэ тоглолтод ирээгүй мэт харагдсан.
Талбайн гадна, тоглолтын дараа ч сонирхолтой зүйл олон болсон. Хаби Алонсо тоглолтыг үеэр жигүүрийн тоглогчдоо сольдог зуршилтай. Гэхдээ энэ удаа Винисиус Жуниор маш сайн тоглож байсан тул солигдохгүй байхыг хүссэн. Гэсэн ч Алонсо зарчмаасаа ухралгүй түүний жигүүрийг сольж, бразил тоглогч ч уурлан “багийг орхино” хэмээсэн нь Испанийн хэвлэлүүдийн анхаарлыг татаж байна. Алонсо ч Винисиустай ярилцана гэжээ. Мөн тоглолт дууссаны дараа талбай дээр хоёр багийн тоглогчдын дунд эмх замбараагүй байдал үүсэж, Реалын сэлгээний хаалгач Андрей Лунин улаан хуудас хүртжээ.

Эль Класикод хожсоноор Реал Мадрид лигтээ Барселонагаас таван оноо илүү гарчээ. Мөн сүүлийн таван Эль Классикод Барсаг хожоогүй гэх тааруу цувралаа зогсоосон аж. Ямартай ч Хаби Алонсо Атлетико Мадридад бут ниргүүлсэн ялагдлаа бүрэн цайрууллаа.
3,548.92






















































Холбоотой мэдээ