Энэ жилийн хамгийн хүчтэй хар салхи Ямайка аралд буух гэж байна. Тодруулбал, 282км цаг хүртэл хүчтэй салхилсан тавдугаар зэрэглэлийн аймшигт Мелисса хар салхи Мягмар гариг (2025.10.28) гэхэд арал дээр бууна гэж мэргэжилтнүүд мэдэгдэж байв. Энэ хар салхи Ямайкийн түүхэнд бүртгэгдсэн хамгийн хүчтэй байж магадгүй юм. Одоогийн байдлаар хар салхины нөлөөнөөс болж Ямайкад гурван хүн, Гаити болон Доминиканд дөрвөн хүн амиа алдсан. Мелисса хар салхи удаанаар шилжиж байгаа тул бүс нутагт асар их бороо орж буй. Улмаар үер, хөрсний гулгалт үүсэх эрсдэл дагуулж байна. Зарим газарт 100 см хүртэл хур тунадас орох төлөвтэй байна.
АНУ-ын Үндэсний хар салхины төв (NHC)-өөс аюултай, амь насанд заналхийлсэн нөхцөл байдал үүсэхийг анхааруулжээ.
Ямайкийн ерөнхий сайд Эндрю Холнесс бүх иргэдийг нүүлгэн шилжихийг эсвэл аюулгүй газар байхыг уриалсан байна. Мөн Ямайкад нийт 881 түр хоргодох байр нээгдсэн бөгөөд ямар ч үнэ төлбөргүйгээр байршуулна гэж тэрбээр мэдэгджээ. Тухайлбал, "Аравдугаар сарын турш бороо орсон. Тиймээс газар аль хэдийн маш их чийгшсэн байна. Ийм их бороо орох нь уулархаг бүс нутагт их хэмжээний үер, хөрсний гулсалт болно гэсэн үг. Бидэнд 881 хоргодох байр бий. Бид бүх хоргодох байраа идэвхжүүлсэн. Бүгд үнэгүй" гэж ерөнхий сайд Эндрю Холнесс мэдэгджээ. Зарим уулын бүсийн зам аль хэдийн хаагдсан бөгөөд нам дор газрууд үерт автах өндөр эрсдэлтэй байна.
Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар, энэ хар салхийг орон нутгийн ямар ч дэд бүтэц тэсвэрлэж чадахгүй учир томоохон сүйрэл гарах магадлалтай.

Ямайкийн хойд эрэгт гэр бүлээрээ зочилж буй Лондоны иргэн Эвадни Кэмпбелл “BBC”-д өгсөн ярилцлагадаа "Миний байгаа байшин хар салхинд тэсвэртэй. Дээрээс нь доошоо блок, гангаар барьсан бөгөөд бетоноор дүүргэсэн. Бид үргэлж хөршүүдээ зүгээр эсэхийг шалгаж байгаа. Би зүүн өмнөд хэсгийн нам дор газарт амьдардаг хүмүүст л санаа зовж байна. Олон хүн байшингаа алдах вий гэж санаа зовж байгаа тул гэрээсээ гарахыг хүсэхгүй байна" гэжээ. Зүүн өмнөд хэсэгт орших Хагли Гэп уулархаг хотын 47 настай багш Дамиан Андерсон хэлэхдээ, ихэнх авто болон явган зам хаагдсан тул хотоос гарч чадахгүй байдалд хүрсэн гэжээ. Тэрбээр "Бид хаашаа ч явж чадахгүй. Бид айж байна" гэсэн юм.
3,600.44





















































Холбоотой мэдээ