МИАТ-ийг “гадна засал”-аар шинэчилнэ

Хуучирсан мэдээ: 2010.09.09-нд нийтлэгдсэн

МИАТ-ийг “гадна засал”-аар шинэчилнэ

МИАТ ХК-ийн Техникийн газрын дарга Ё.Энхтөр олон улсын нислэг үйлдэх онгоцоо хөөргөлгүй “барьцаалсан” явдал өнгөрсөн хаврын гол сенсааци байлаа. Энэхүү дуулиантай хэрэг МИАТ хэмээх их айлыг ёстой л орвонгоор нь эргүүлээд авсан. Засгийн газар, салбар хариуцсан яам, Төрийн өмчийн хороо ч барагтай бол “гар дүрээд” байдаггүй энэ нүсэр газрын удирдлагын бүтцэд шийдэмгий өөрчлөлт оруулж амжсан билээ. Гэхдээ төрийн эрх бүхий байгууллагууд МИАТ-ийг шинэчилсэн шиг шинэчлье гэсэндээ бус, он удаан жил хуримтлагдсан хэл ам, албан тушаалын маргааныг нэгэнт бужигнасан дээр нь эмхлээд авъя гэж бодсондоо ийн зоригтой хөдөлсөн шиг байгаа юм. Богино хугацаанд болж өнгөрсөн халаа сэлгээний тухай өмнө нь хангалттай мэдээлсэн учир тэр талаар дахин энд нурших илүүц биз.

Харин нислэгт гарах онгоц саатсанаас үүдэн МИАТ ХК-д учирсан тэрбум орчим төгрөгийн хохирол хийгээд хэргийн эзэн хэнгэргийн до­хиур Ё.Энхтөртэй холбоотой асуудал хэрхэн шийдэгдэх гэж буй нь өдгөө анхаарал татах сэдэв болоод байна. Мөн энэ явллаас МИАТ ХК ямар сургамж авсан бэ гэдэг нь ч чухал юм.

Тухайн үед Техникийн газрын дарга өөрийгөө бу­руугүй гэдгийг нотлохоор элдэв баримт сэлт цуглуулж, өөрийнхөө шууд удирдлага дор ажилладаг хүмүүсээр бам­бай хийн тэмцэж байсан ч олигтой амжилт олоогүй. МИАТ-ийн удирдлага ч дээрх хэргийн гол буруутнаар түү­нийг нэрлэж, учирсан хохир­лыг Ё.Энхтөрөөр барагдуулах нь зөв гэж зүтгэсэн. Дуулиан шуугиан ч тэгсгээд намжиж, шинэ дарга нар ажлаа хүлээж авцгаан МИАТ-ийн үйл ажил­лагаа хэвийн үргэлжлэх бол­сон юм. Харин сүүлийн үед уг хэрэг ямар шатандаа яваа талаар сураг ажиг гарахаа болив. МИАТ ХК-ийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны ажилтан Г.Түмэнжаргалаас энэ та­лаар өчигдөр лавлахад “Хэргийг Иргэний агаарын тээв­рийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа” гэхээс өөр юм хэлсэнгүй. “МИАТ Ё.Энх­төрөөс хохирлоо нэхэмжилж байгаа нь хэвээрээ юү” гэсэн асуултад ч хариулт өгө­­хөөс татгалзаж байв. Мөн Иргэний агаар тээврийн цаг­­даагийнхан ч хэргийг шалгаж дуусаагүй болохоор то­дорхой мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм. Гэхдээ Ё.Энхтөр шаварт унаснаараа унаж, тэрбум төгрөг төлөх нь ерөнхийдөө тодорхой болсон гэж хэлэх хүн ч байгаа юм. МИАТ-ийн төдөийгүй Монголд үйл ажиллагаа явуулж буй бусад авиа компаниудын агаарын хөлгүүдэд ч засвар үйлчилгээ хийдэг мэргэжлийн ганц байгууллага болох Тех­никийн албыг удирдаж бай­сан Ё.Энхтөр өөртөө давуу байдал олох гэж онгоц “барьцаалсан” боловч эцэст нь дааж давашгүй өрөнд унахаар болсон нь харамсалтай. Өндөр цалин­тай ажлаасаа нэгэнт “хусагдсан” түүнд тэрбум төг­рөг төлж барагдуулна гэдэг амаргүй даваа байх нь тодорхой. “Даргыг маань халбал бид ч зайлаад өгө­хөд бэлэн байна” хэмээн ханхалзаж байсан нөхдүүд нь ч таг чиг болсон. Өөрөөр хэлбэл, ажил дарга хоёрынхоо дагавал ашигтай вэ гэдгээ аль эрт шийдэцгээсэн гэсэн үг. Энэ нь нэг талаар Ё.Энхтөр өөрийгөө хамгаалуулахын тулд ажилчдаа “ашиг­ласан” гэдгийг нотолсон мэт боловч нөгөө талаас аливаа эрх ашиг ярьж тэмцэл өрнүү­лэх дуртай хүмүүс ямар барьцгүй байдгийг илтгэж байгаа юм. Гэхдээ хэн буруу­тайг зөвхөн шүүх л тогтоодог учраас одоохондоо МИАТ-ийн шинэ, хуучин удирдлага болоод хэрэгт холбогдсон этгээдийн аль алиныг бу­руутгаж, зөвтгөх арга алга.

Харин багагүй хэл ам дагуулж, байнга шүүмжлэлд өртөж байсан МИАТ шинэч­лэгдэж байгаа юу, МИАТ-ийн шинэ удирдлага өөрчлөлт шинэчлэлт хийж байна уу гэсэн асуултад хариу хэрэг­тэй. Шинэ дарга нар ажлаа хүлээж авсныхаа дараахан л “Бид МИАТ-ийг цоо шинээр төрүүлнэ. Хаяг, логоноос эх­лээд бүх зүйлээ өөрчилнө” гэцгээж байв. Гэтэл өнөөдрийг хүртэл нүдэнд харагдаж, гарт баригдтал хийсэн зүйл, шинэчлэлийн өнгө аяс төдийлөн харагдахгүй бай­на. Ялангуяа удирдлагын үйл ажиллагаа, үүрэг, хариуц­лагын тогтолцооны зарчимд ямар нэгэн өөрчлөлт оруулах янзгүй. Харин үзэгдэх байдал, өнгө будгийн өөрчлөлтөд нэлээд санаа тавьж байгаа бололтой. Үүнийг “МИАТ гад­на засал хийж байна” гэж дүгнэж болох юм. Үйлч­лүүлэгчид болон хамт ол­ных нь зүгээс “МИАТ-ийг шинэчлэх цаг болсон” гэд­гийг байнга сануулж, уриал­га гаргадаг. Энэ нь МИАТ-ийн удирдлагаас цогц өөрчлөлт хүсч буйн ил­рэл. Гэвч тэд компанийн нэр болон логог өөрчлөх, үйл­чилгээний ажилтнуудын гадаад байдлыг шинэчлэх, үйлчилгээний цэгүүдийн тохи­жилтыг сайжруулах зэргийг нэгдүгээрт тавьж, төслийн урал­даан зарлаад байгаа. Энэ ажлыг буруутгах гэсэнгүй. Яах аргагүй хийх ёстой ажлын нэг мөн үү гэвэл мөн. Тэд мөн онгоцныхоо интерьер, өн­гөний шийдэл, зорчигчийн сууд­лын загвар дизайн, нислэгийн болон нислэгийн бус үеийн үйлчилгээний стан­дартыг шинэчилж, энэ бүхэнд үндэсний хэв заг­варыг шингээхийг зорьж бай­гаа нь дэмжүүштэй ажил. Энэхүү уралдааны материал хү­лээн авах эцсийн хугацаа өнгөрсөн сарын 9-нд дуус­гавар болсон. Харин сонгон шалгаруулалтаа хэзээ явуу­лах нь тодорхойгүй байгаа юм. Гэхдээ сайн төслүүд ир­сэн бол ажил удахгүй эхлэх нь тодорхой. Уралдаанд шал­гарсан төсөлд чамгүй өндөр буюу 15 сая төгрөгийн шагнал өгөхөөр болсон юм билээ. Зөвхөн төсөл шалгаруулах ажилд л гэхэд ийм өндөр зар­дал гаргаж байгаа юм чинь МИАТ удахгүй гадна та­лаасаа танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдөх биз. Харин дотроосоо яах бол гэ­дэг л сонин байна.  

Ч.ДАШДЭЛЭГ

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж