
Харин нислэгт гарах онгоц саатсанаас үүдэн МИАТ ХК-д учирсан тэрбум орчим төгрөгийн хохирол хийгээд хэргийн эзэн хэнгэргийн дохиур Ё.Энхтөртэй холбоотой асуудал хэрхэн шийдэгдэх гэж буй нь өдгөө анхаарал татах сэдэв болоод байна. Мөн энэ явллаас МИАТ ХК ямар сургамж авсан бэ гэдэг нь ч чухал юм.
Тухайн үед Техникийн газрын дарга өөрийгөө буруугүй гэдгийг нотлохоор элдэв баримт сэлт цуглуулж, өөрийнхөө шууд удирдлага дор ажилладаг хүмүүсээр бамбай хийн тэмцэж байсан ч олигтой амжилт олоогүй. МИАТ-ийн удирдлага ч дээрх хэргийн гол буруутнаар түүнийг нэрлэж, учирсан хохирлыг Ё.Энхтөрөөр барагдуулах нь зөв гэж зүтгэсэн. Дуулиан шуугиан ч тэгсгээд намжиж, шинэ дарга нар ажлаа хүлээж авцгаан МИАТ-ийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх болсон юм. Харин сүүлийн үед уг хэрэг ямар шатандаа яваа талаар сураг ажиг гарахаа болив. МИАТ ХК-ийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны ажилтан Г.Түмэнжаргалаас энэ талаар өчигдөр лавлахад “Хэргийг Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа” гэхээс өөр юм хэлсэнгүй. “МИАТ Ё.Энхтөрөөс хохирлоо нэхэмжилж байгаа нь хэвээрээ юү” гэсэн асуултад ч хариулт өгөхөөс татгалзаж байв. Мөн Иргэний агаар тээврийн цагдаагийнхан ч хэргийг шалгаж дуусаагүй болохоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм. Гэхдээ Ё.Энхтөр шаварт унаснаараа унаж, тэрбум төгрөг төлөх нь ерөнхийдөө тодорхой болсон гэж хэлэх хүн ч байгаа юм. МИАТ-ийн төдөийгүй Монголд үйл ажиллагаа явуулж буй бусад авиа компаниудын агаарын хөлгүүдэд ч засвар үйлчилгээ хийдэг мэргэжлийн ганц байгууллага болох Техникийн албыг удирдаж байсан Ё.Энхтөр өөртөө давуу байдал олох гэж онгоц “барьцаалсан” боловч эцэст нь дааж давашгүй өрөнд унахаар болсон нь харамсалтай. Өндөр цалинтай ажлаасаа нэгэнт “хусагдсан” түүнд тэрбум төгрөг төлж барагдуулна гэдэг амаргүй даваа байх нь тодорхой. “Даргыг маань халбал бид ч зайлаад өгөхөд бэлэн байна” хэмээн ханхалзаж байсан нөхдүүд нь ч таг чиг болсон. Өөрөөр хэлбэл, ажил дарга хоёрынхоо дагавал ашигтай вэ гэдгээ аль эрт шийдэцгээсэн гэсэн үг. Энэ нь нэг талаар Ё.Энхтөр өөрийгөө хамгаалуулахын тулд ажилчдаа “ашигласан” гэдгийг нотолсон мэт боловч нөгөө талаас аливаа эрх ашиг ярьж тэмцэл өрнүүлэх дуртай хүмүүс ямар барьцгүй байдгийг илтгэж байгаа юм. Гэхдээ хэн буруутайг зөвхөн шүүх л тогтоодог учраас одоохондоо МИАТ-ийн шинэ, хуучин удирдлага болоод хэрэгт холбогдсон этгээдийн аль алиныг буруутгаж, зөвтгөх арга алга.
Харин багагүй хэл ам дагуулж, байнга шүүмжлэлд өртөж байсан МИАТ шинэчлэгдэж байгаа юу, МИАТ-ийн шинэ удирдлага өөрчлөлт шинэчлэлт хийж байна уу гэсэн асуултад хариу хэрэгтэй. Шинэ дарга нар ажлаа хүлээж авсныхаа дараахан л “Бид МИАТ-ийг цоо шинээр төрүүлнэ. Хаяг, логоноос эхлээд бүх зүйлээ өөрчилнө” гэцгээж байв. Гэтэл өнөөдрийг хүртэл нүдэнд харагдаж, гарт баригдтал хийсэн зүйл, шинэчлэлийн өнгө аяс төдийлөн харагдахгүй байна. Ялангуяа удирдлагын үйл ажиллагаа, үүрэг, хариуцлагын тогтолцооны зарчимд ямар нэгэн өөрчлөлт оруулах янзгүй. Харин үзэгдэх байдал, өнгө будгийн өөрчлөлтөд нэлээд санаа тавьж байгаа бололтой. Үүнийг “МИАТ гадна засал хийж байна” гэж дүгнэж болох юм. Үйлчлүүлэгчид болон хамт олных нь зүгээс “МИАТ-ийг шинэчлэх цаг болсон” гэдгийг байнга сануулж, уриалга гаргадаг. Энэ нь МИАТ-ийн удирдлагаас цогц өөрчлөлт хүсч буйн илрэл. Гэвч тэд компанийн нэр болон логог өөрчлөх, үйлчилгээний ажилтнуудын гадаад байдлыг шинэчлэх, үйлчилгээний цэгүүдийн тохижилтыг сайжруулах зэргийг нэгдүгээрт тавьж, төслийн уралдаан зарлаад байгаа. Энэ ажлыг буруутгах гэсэнгүй. Яах аргагүй хийх ёстой ажлын нэг мөн үү гэвэл мөн. Тэд мөн онгоцныхоо интерьер, өнгөний шийдэл, зорчигчийн суудлын загвар дизайн, нислэгийн болон нислэгийн бус үеийн үйлчилгээний стандартыг шинэчилж, энэ бүхэнд үндэсний хэв загварыг шингээхийг зорьж байгаа нь дэмжүүштэй ажил. Энэхүү уралдааны материал хүлээн авах эцсийн хугацаа өнгөрсөн сарын 9-нд дуусгавар болсон. Харин сонгон шалгаруулалтаа хэзээ явуулах нь тодорхойгүй байгаа юм. Гэхдээ сайн төслүүд ирсэн бол ажил удахгүй эхлэх нь тодорхой. Уралдаанд шалгарсан төсөлд чамгүй өндөр буюу 15 сая төгрөгийн шагнал өгөхөөр болсон юм билээ. Зөвхөн төсөл шалгаруулах ажилд л гэхэд ийм өндөр зардал гаргаж байгаа юм чинь МИАТ удахгүй гадна талаасаа танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдөх биз. Харин дотроосоо яах бол гэдэг л сонин байна. Ч.ДАШДЭЛЭГ
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин