Нетаньяху АНУ-ын анхаарал халамж дор гишгэх газаргүй

Нетаньяху АНУ-ын анхаарал халамж дор гишгэх газаргүй

Нетаньяху АНУ-ын анхаарал халамж дор гишгэх газаргүй

АНУ-ын хэд хэдэн өндөр албан тушаалтан сүүлийн өдрүүдэд Израильд айлчиллаа. Эхлээд Трампын тусгай элч Стив Виткофф, ерөнхийлөгчийн зөвлөх Жаред Кушнер нар аравдугаар сарын 20-нд, маргааш нь дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс, 23-нд нь Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нар тус тус айлчлав. Мэдээж тэд АНУ-ын дэмжлэгтэй гал зогсоох хэлэлцээр нуран унахаас сэргийлж Израилийн нутаг дэвсгэрт хөл тавьсан. Өөрөөр хэлбэл, Беньямин Нетаньяхугийн засгийн газар хэлэлцээрээс ухрахгүй байхыг баталгаажуулах үүрэг тэдэнд оногдсон юм.

АНУ-ын албан тушаалтнууд ийнхүү ар араасаа Израильд айлчилсныг "babysitting" буюу хүүхдээ асарч буйтай зүйрлэн хэвлэлд егөөджээ.

68 мянга гаруй палестин хүний аминд хүрсэн дайныг дахин эхлүүлэх шалтаг олохыг эрмэлздэг Изралийн засгийн газар болон АНУ хоорондын түншлэлийг энэхүү нийтлэлээрээ онцолж байна.

Одоогийн нөхцөл байдлыг харвал Трампын засаг захиргаа ерөнхийдөө хүссэндээ хүрсэн. Израиль ч АНУ-ын үгээр дуулгавартай байх төлөвтэй байна. Шинжээчдийн үзэж буйгаар АНУ ямар нэг үүрэг, тушаал өгөхөд Израиль эрт оройгүй түүнийг нь биелүүлж л таарах аж.

Нью-Йорк дахь Израилийн Элчин сайд бөгөөд ерөнхий консул асан Алон Пинкас хэлэхдээ "Мэдээж хэрэг, Израиль бол АНУ-ын үйлчлүүлэгч улс" гэсэн юм. Тэрбээр энэ үгийнхээ баталгаа болгож Израиль хэчнээн тэрбум ам.долларын тусламж АНУ-аас авч байгааг, АНУ ч Израилийг НҮБ-ын шүүмжлэл, хориг арга хэмжээнээс хамгаалахын тулд хориг тавих эрхээ хангалттай их ашиглаж буйг, цаашилбал, Израилийг цэргийн хамгаалалтад авсныг дурджээ.

Гэхдээ Трампын засаг захиргаа хариу нэхээгүй тус хүргээгүйг санах хэрэгтэй.

АНУ хариуд нь хоёр улсын харилцааны хувьд ховор тохиолддог үйлдлүүдийг хийж байна. Тухайлбал, үүнээс цааш түүнээс хойш Израилийг өөрийн хүслээр байлгахыг албадаж, энэ дарамтаа олон нийтэд ил болгохоор чармайж байна. Трамп саяхны нэгэн ярилцлагадаа өөрийнх нь хүч хөдөлмөрөөр л энэ дайн зогссоныг онцлоод, би байгаагүй бол Нетаньяху үргэлжлүүлээд л байх байсан гэжээ. Мөн Израиль эзлэгдсэн Баруун эргийг нэгтгэх ажиллагаагаа үргэлжлүүлбэл АНУ-ын бүх дэмжлэгийг алдана гэдгийг тодорхой хэлсэн байна.

Дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс ч бас Баруун эргийн зарим хэсгийг албан ёсоор Израилийн нэг хэсэг болгох саналыг эсэргүүцэж байгаагаа хэлээд, энэ санааг "маш тэнэг" гэж нэрлэжээ.

Нетаньяху АНУ-ын санааг маш сайн ойлгосон бөгөөд санал хураалтыг зүгээр л улс төрийн зорилготой үйлдэл гэж хаацайлжээ. Угтаа бол түүний засгийн газрын гишүүд өмнө нь санал хураалтыг өмнө нь дэмжиж байсан, тэр бүү хэл Нетаньяху өөрөө ч Баруун эргийг нэгтгэх санаа зорилготой байсан билээ.

ТЭГШ БУС ТҮНШЛЭЛ

АНУ, Израилийн харилцааг жинлүүрийн хоёр талд аваачвал Вашингтоны тал үргэлж хүнд байсаар ирсэн. Мэдээж дэлхийн супер гүрэн АНУ бол Израилийн хамгийн том дэмжигч, холбоотон.

АНУ-ын үе үеийн засгийн газрууд Израильтай ямар нэг байдлаар сөргөлдөж, мөргөлдөхөөс зайлсхийсээр ирсэн. Тухайлбал, Жо Байден Газын зурвасын дайны эхний саруудад "баавгайн тэврэлт" аргыг ашиглажээ. Энэ нь олны өмнө тэднийг дэмжиж буй мэт харагдах ч чанга тэвэрч, өөрийн хүсэл зоригийг тулгах гэсэн утгатай.

Гэвч Нетаньяхуд энэ арга үйлчлээгүй. Тэрбээр Байдены санал болгосон гал зогсоох оролдлогуудыг удаа дараа үл тоомсорложээ.

Харин дараа нь Трамп эргэн ирэхдээ илүү хатуу аргыг сонгожээ. Трамп анхны бүрэн эрхийнхээ хугацаанд Израилийг асар их дэмждэг байснаараа алдартай. Энэ удаад түүний сонгосон арга барил үр дүнтэй байгаа бололтой.

АНУ-ын засаг захиргаа Израилийг өмгөөлж хамгаалж байгаа ч хийх зүйлийг нь ба бэгүй зааж өгч байна. Үүний баталгаа бол АНУ-ын ерөнхийлөгчийн зөвлөх Жаред Кушнер болон тусгай элч Стив Виткофф нарын 60 минутын ярилцлага. Тэд урвалт болон хяналтаа алдах талаар тодорхой ярьсан нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр түгээмэл харагдаж буй найрсаг дүр төрхтэй зөрчилджээ.

Тодруулбал, Израилийн арми есдүгээр сард Доха дахь Хамасын албан тушаалтнуудыг онилж, цохилт өгөхөд АНУ бага зэрэг урвалт мэдэрсэн гэж тэд ярьжээ. Энэ нь Израиль хяналтаа алдаж байна гэсэн мэдрэмжийг ерөнхийлөгчид төрүүлсэн гэсэн юм. Тиймдээ ч АНУ-ын урт хугацааны ашиг сонирхолд нийцэхгүй зүйлийг үргэлжлүүлэн хийхийг нь зогсоох шийдвэрт хүрсэн гэжээ.

АНУ-ын хувьд Израиль бол стратегийн үнэ цэнтэй түнш. Израильтай сайн харилцаатай байх нь АНУ-ын бүс нутгийн бодлогод тустай. Түүнчлэн АНУ бүс нутагт ихээхэн хөрөнгө оруулалт хийдэг тул тогтвортой байдал, энх тайван хүн бүхэнд хэрэгтэй.

Израиль, АНУ-ын харилцаа тэнцвэргүй байгааг Беньямин Нетаньяху хэрхэн харж байгаа бол? Тэрбээр саяхан сэтгүүлчдийн асуултад хариулахдаа "Долоо хоногийн өмнө л Израиль АНУ-ыг хянадаг гэж байсан. Долоо хоногийн дараа АНУ Израилийг хянадаг л гэнэ. Энэ бол тэнэг хэрэг" гэжээ.

Нетаньяху юу ч гэж хариулсан байлаа бодит байдал болон нотлох баримтууд нэгийг өгүүлнэ. Гал зогсоох хэлэлцээрийг Нетаньяхугийн Вашингтонд хийсэн сүүлийн айлчлалын үеэр зарласан, айлчлалын үеэр Нетаньяху Доха руу хийсэн цохилтынхоо төлөө Катарын ерөнхий сайдаас албан ёсоор уучлалт гуйсан зэрэг сүүлийн үеийн үйлдлүүд нь Израиль, АНУ-ын харилцааны тэгш бус байдлыг харуулна гэж ажиглагчид үзэж байна.

ЭХ СУРВАЛЖ: AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж