Тойм: Монгол Улс эдийн засгийн хямралын ирмэг дээр ирээд байна

Тойм: Монгол Улс эдийн засгийн хямралын ирмэг дээр ирээд байна

Ньюс агентлаг энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.


"ЗАСГИЙН ГАЗАР ОГЦОРСОН  Ч ТӨРИЙН АЖИЛ ЦАЛГАРДАХ ЁСГҮЙ"

Эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай төсөв тойрсон асуудлаар ярилцлаа.


-УИХ-ын нэгдсэн чуулганаар ирэх оны төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгүүд өрнөж байна. Ирэх оны төсвийн төслийг Засгийн газраас есдүгээр сарын 1-ний өдөр өргөн мэдүүлсэн. Өнгөрсөн хугацаанд өрнөсөн төсвийн хэлэлцүүлгүүд хэр үр дүнтэй өрнөж байна гэж та дүгнэж байна?

-Энэ жилээс төсвийн эрх зүйн орчны хувьд томоохон өөрчлөлт орсон гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Гарсан гол өөрчлөлт нь УИХ-ын чуулган аравдугаар сарын 01-нээс эхлэн төсвийн төслийг хэлэлцдэг байсныг есдүгээр сарын 15-наас эхэлж 5 үе шаттайгаар хэлэлцдэг болсон явдал. Энэ өөрчлөлтөөр төсвийн төслийн нэгдэх хэлэлцүүлэг буюу танилцуулах хэлэлцүүлэг гэсэн хэлэлцүүлгийг нэмсэн нь төсвийн хэлэлцүүлгийг олон талаас нь шүүн тунгаах, илүү нухацтай хэлэлцэх боломжийг нэмсэн өөрчлөлт болсон. Үүний дагуу УИХ-ын намрын чуулган есдүгээр сарын 15-наас эхэлж Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн төсөл, түүнд Төсвийн Тогтвортой Байдлын Зөвлөл, Үндэсний аудитын газрын дүгнэлттэй танилцаж танилцах хэлэлцүүлэг эхэлсэн.

Энэ шинэ үе шатанд УИХ-ын гишүүд болон бусад талууд төсвийн төсөлтэй танилцах боломжийг гаргаж өгсөн нь төсвийн хэлэлцүүлэгт эергээр нөлөөлөх боломжтой гэж харж байна.

Мөн Бүх байнгын хороод Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төслийг тусгайлан хэлэлцэж санал дүгнэлт гаргадаг болсон бас нэг дэвшил гарсан.Энэ хууль эрх зүйн орчны шинэ өөрчлөлтийн хүрээнд төсвийн төслийн хэлэлцүүлгүүд удаашралтай ч явагдсаар байна. Өнгөрсөн долоо хоногт төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг дуусч гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлсэн тул энэ долоо хоногоос гурав дахь хэлэлцүүлэх эхэлнэ гэж харж байна. Төсөв, Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл хамт явж байгаа тул байнгын хороодоор энэ асуудлыг хэлэлцэж дараа нь чуулганы хуралдаанаар хэлэлцэх ёстой.  Мөн УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн дагуу олон нийтийн хэлэлцүүлгийн нэгдэх хэлэлцүүлгийн дараа тодорхой чиглэлүүдээр хийсэн нь төсвийн хэлэлцүүлэгт эерэг нөлөөлөх нэг нөхцөл болсон. Гэх мэтчилэн төсвийн хэлэлцүүлгүүд хуулийн дагуу явагдсаар байна. Харин үүсээд байгаа улс төрийн нөхцөл байдал нь төсвийн хэлэлцүүлгийн үр дүнд сөргөөр нөлөөлж байна гэж харж байна.

-Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын тэргүүн болон УИХ-ын дарга нар суудлаасаа буулаа. Энэ үйл явц төсвийн төслийн хэлэлцүүлэгт ямар нэгэн байдлаар сөрөг нөлөө үзүүлэх үү. Төсөв эзэнгүйдчихэж байна уу?

-Сүүлээс нь хариулъя. Би хувьдаа Монгол төр эзэнгүйдэх тухай ойлголт байх ёсгүй гэж үздэг. Таны асуултад төрийн тухай асуудал байгаа юм. Өнөөдрийн улс төрийн нөхцөл байдал нь төсөв хэлэлцэх үйл явцад ихээхэн нөлөөлж байгааг үгүйсгэхгүй. Нөхцөл байдал эргэлзээтэй байгаа нь үнэн. Бид нэг өдөр төрийн гурван өндөр гол албан тушаалтныхаа хоёрыг нь огцруулчихлаа. Гэсэн хэдий ч ингэлээ гээд төрийн ажил цалгардах, эзэнгүйдэх тухай ойлголт байж болохгүй. Тийм байдлаар бид хууль эрх зүйн орчинд зохицуулалтаа хийж чадсан байх ёстой. Та бүхэн харж байгаа бол Ерөнхий сайд огцорсон ч Ерөнхий сайд болон түүний танхимын сайд нар үүрэг гүйцэтгэгчээр дараагийн Засгийн тэргүүн томилогдож засаг бүрэлдэх хүртэл ажиллана.

Энэ танхим энэ төсвийг өргөн барьсан тул төсвийн хэлэлцүүлэгт Засгийн газартай холбоотой саад үүснэ гэж бодохгүй байна.УИХ-ын үйл ажиллагаа ч чуулган, байнгын хорооны түвшинд хэвийн явагдах боломж байгаа гэж бодож байна. Тиймээс би хувьдаа төсөв эзэнгүйдээгүй, тийм зүйл байж болохгүй гэж хэлнэ.

Зарим талууд төсөв эзэнгүйдсэн тул хэлэлцэх боломж хязгаарлагдаж байна, улс төрийн нөхцөл байдлаас болоод төсвийн хэлэлцүүлэг удааширч байна гэж байгаа боловч энэ нь бодитой үндэслэлтэй зүйл биш юм. Засгийн газар хуулийн хугацаандаа төсвийг өргөн барьсан. УИХ үүнийг мөн хуулийн хугацаанд нь хэлэлцэн батлах ёстой л гэж харж байгаа.Төсөв нь төсвийн тухай, төсвийн тогтвортой байдлын тухай гэх мэт төсвийн хууль эрх зүйн орчноос гадна УИХ-ын хяналт шалгалтын тухай хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар зохицуулагддаг, тусгай дэгээр хэлэлцэн баталдаг улсын эдийн засагт ихээхэн нөлөөтэй томоохон бодлогын асуудал. Тиймээс энэхүү бодлогыг ямар нэгэн шалтгаанаар хөнгөн хуумгай хэлэлцэх, хойшлуулах асуудал байж болохгүй.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

"МАЛАЙЗ УЛСЫН ШҮҮХИЙН ШИЙДВЭР 2026 ОНД ГАРНА"

Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-ын Гадаад хамтын ажиллагааны тасгийн дарга Ө.Ундрахтай Малайз улсад амиа алдсан монгол эмэгтэйн гэр бүлд учирсан хохирлыг барагдуулах давж заалдах шатны шүүх хурлын талаар ярилцлаа. 


-Малайз улсын засгийн газар давж заалдах хүсэлт гаргасны дагуу шүүх хурлыг 2025 оны тавдугаар сарын 19-нд товлосон ч аравдугаар сар болж хойшилсон. Энэ дагуу 2025 оны аравдугаар сарын 9-нд давж заалдах шатны шүүх хурал болсон байна. Монгол Улсын талаас энэ шүүх хуралд хэрхэн бэлдэж, хэчнээн хүний бүрэлдэхүүнтэй явсан бэ. Малайз улсад очоод давж заалдах шатны шүүх хурал ямар процессоор хэр хугацаанд үргэлжлэв?

-Энэ шүүх хуралд Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссоос оролцох хүсэлтийг С.Шаарийбуу гуай бидэнд тавьсан. Дээрээс нь Малайз улсад С.Шаарийбуу гуайг төлөөлж иргэний нэхэмжлэл гаргаж буй өмгөөллийн фирмээс бас хүсэлт тавьсан. Ингээд Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын зүгээс 2025 оны тавдугаар сард энэ давж заалдах шатны шүүх хуралд оролцох бэлтгэл хангаж байсан боловч хойшилсон. Энэ бол иргэний хэргийн нэхэмжлэлтэй давж заалдах шатны хурал. Өөрөөр хэлбэл, оролцогч талуудын хувьд анхан шатны иргэний хэргийн шүүхээр хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой мөнгөн дүнгээр хангаж шийдвэрлээд, хариуцагч талд үүрэг оногдуулсан шийдвэрийн эсрэг давж заалдсаны дагуу хоёр жилийн дараа энэ шүүх хурлыг товлосон байсан.

Малайз улсын засгийн газар давж заалдах хүсэлт гаргасны дагуу уг шүүх хурлыг 2025 оны аравдугаар сарын 9-нд товлож, хийлээ.

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс нь хүний эрхийн байгууллага гэдгээрээ ажиглагчаар оролцсон. Мөн Засгийн газрын төлөөлөгч буюу тухайн бүс нутагт хамаарч буй Тайланд дахь Монгол Улсын Элчин сайдын яамны консулын хэлтсийн дарга ажиглагчаар хуралд оролцлоо. Бидний оролцож буй шүүхийн систем нь Англо-Саксоны хууль эрх зүйтэй. Монгол Улсын хувьд Ром-Германы хуультай. Тэр утгаараа манай хууль шүүхийн системийн нэгэн адил ажиглагчаар оролцож байгаа тал бол ямар нэгэн идэвхтэй оролцоотой байх боломжгүй. Бид ажиглагчаар оролцож байгаа чиг үүрэг бол тэнд юу болж байгааг тодорхой хэмжээнд ажиглах л үүрэгтэй. Ингээд 2025 оны аравдугаар сарын 9-ний өдөр шүүх хурал өглөөний 09.00 цагийн орчимд эхэлж, 13.40 цагт дууссан. Шүүх хурал дээр хариуцагч тал тухайн мөнгөн дүнгээр илэрхийлэгдэж, өөрт оногдсон үүргийг биелүүлэх боломжгүй байгаа гэдгээ гаргаж тавьсан. Нэхэмжлэгч талаас тэдгээрийн эсрэг няцаалтуудыг өгч, шүүх хурал дууссан. Шүүх хурал дууссан гэдэг нь шүүгч нар мэдэх ёстой, сонсох ёстойгоо сонсоод дуусгасан. Бидний төсөөлж байснаас ялгаатай нь юу гэхээр урьдчилсан байдлаар шүүх хурлын ямар нэгэн шийдвэр танилцуулах байдлаар дуусна гэж бодож байсан боловч тэгээгүй.

Шүүх хуралдаан даргалагчийн зүгээс "Одоо чухам юу болж байна вэ" гэдэг болж буй процессын талаар 2025 оны аравдугаар сарын 27-нд танилцуулна гэсэн.

Шүүх хурлыг зохион байгуулж байгаа нарийн бичгийн зүгээс шүүхийн эцсийн шийдвэр нь 2026 оны хоёрдугаар сард гарна гэж хэлсэн. Тэгэхээр хохирогчийн ар гэрийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангана, хангахгүй гэдэг ямар нэгэн тодорхой хариу өгөөгүй гэсэн үг. Шүүх хурлын эцсийн шийдвэр хэрхэн гарахыг хүлээх л үлдлээ.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

"МОНГОЛ УЛС ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛЫН ИРМЭГ ДЭЭР ИРЭЭД БАЙНА"

Ирэх оны төсөв болон одоо УИХ-д өрнөөд үйл явдал эдийн засагт хэрхэн нөлөөлж болох зэрэг асуудлаар эдийн засагч Р.Даваадоржтой  ярилцлаа


– Ирэх оны төсвийн төслийг Засгийн газраас есдүгээр сарын 1-ний өдөр өргөн мэдүүлсэн. Өнгөрсөн хугацаанд өрнөсөн төсвийн хэлэлцүүлэгүүд хэр үр дүнтэй өрнөж байна гэж та дүгнэж байна?

Энэ жилийн хувьд төсвийн хэлэлцүүлэг маш хангалтгүй хэмжээнд явааг хүн бүр харж байгаа байх. УИХ дарга болон Ерөнхий сайдаа огцруулчихсан. Өөрөөр хэлбэл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хоёр гишүүнгүй, парламент нь хоёр талцчихсан, гаднаа жагсаалтай, бүх багш нар нь ажил хаячихсан гээд тоочвол олон асуудал тулгараад байна. Одоо УИХ-ын Байнгын хороодоор ирэх оны төсвийн гуравдугаар хэлэлцүүлэг явагдаж байна. Цөөхөн гишүүдтэй, дүр эсгэсэн маягтай л байна.

-Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын тэргүүн болон УИХ-ын дарга нар суудлаасаа буулаа. Энэ үйл явц төсвийн төслийн хэлэлцүүлэгт ямар нэгэн байдлаар сөрөг нөлөө үзүүлэх үү. Төсөв эзэнгүйдчихэж байна уу?

-Мэдээж шүү дээ. Гэхдээ ямарч байсан хуулинд заасан хугацаандаа төсвөө амжиж батлах байх. Төсөв эзэнгүй гэх нь хаашаа юм. Ямарч байсан сүүлийн гурван парламентад ажиллаж байх хугацаанд УИХ төсвөө ингэж хариуцлагагүй хэлэлцэж байсныг санахгүй юм байна. Төсөв бол зөвхөн татвар хурааж аваад төрийн үйл ажиллагааг санхүүжүүлэх явцыг хуульчилдаг бичиг баримт биш юм. Төсөв бол улс орныг удирдах бодлогын баримт бичиг шүү дээ. Улс орныг удирдах мөнгөний бодлого нь батлагдчихлаа. Гэтэл төсөв ба мөнгөний бодлогын харилцан хамаарал ямар байх ёстой вэ?

Яагаад мөнгөний бодлогод орон зай бага байгаа юм бэ гэх зэрэг чухал бодлогын асуудлыг ярьж байгаа нэг ч  гишүүн алга.

Төрийн өмчит болон төрийн оролцоотой аж ахуй нэгжүүд, төрөөс “угждаг” өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий аж ахуй нэгжүүдийн худалдан авалт, тендер, төсвийн хөнгөлөлт чөлөөлт дээр төсвийн нийт зарлагаа нэмээд харахад манай улсын эдийн засгийн 70 орчим хувь төрөөс хамаарч байна. Өөрөөр хэлбэл, нийт эдийн засгийн ердөө 30 хувь хувийн хэвшилд үлджээ. Тэгвэл ирэх жилийн төсөвт ямар бодлого хэрэгжүүлж энэ алдааг засах гэж байгаа талаар ярилцаж байгаа хүн байна уу. Ямар эрсдэл байна, гадаад бодлогод юу анхаарах вэ гээд ярилцах зүйл дэндүү их. Харамсалтай нь, Монголын төр эзэнгүй айл мэт болсон байна. Гэтэл дэлхийн улс орнуудын парламент эдийн засгийн хямралын талаар аль хэдийн яриад эхэлчихлээ. Харин бид улс орон даяар шавар овоохой барих ямар чухал талаар өөр хоорондоо маргалдаж сууна. Эдийн засаг, санхүүгийн хямрал маш өндөр өртөгтэй болж эхэллээ. Ажилгүйдэл нэмэгдэх, эдийн засаг зогсонги байдалд орох, гадаад өрийн хуримтлал өсөх нь нийгэм, эдийн засгийн тогтвортой байдалд заналхийлдэг. Тиймээс хямралаас зайлсхийх, түүний магадлалыг бууруулахын тулд ухаалаг бодлого буюу макро зохистой төсвийн бодлого, банкны хатуу хяналт, тогтвортой мөнгөний бодлого түүний харилцан хамаарлыг манай парламент хэлэлцэж суух ёстой л доо. Гэвч өнөөгийн парламентад ийм чадавхи сох дутаж байна.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

"МОНГОЛД ДАН ГАНЦ DJ ХИЙГЭЭД АМЬДРАХ БОЛОМЖТОЙ"

Залуусын дунд эрчийг авч буй хөгжмийн салбарын төлөөлөл, чөлөөт уран бүтээлч DJ Г.Цэлмүүнтэй ярилцлаа.


-Монголын DJ нарын ур чадвар, мэдрэмж сүүлийн жилүүдэд ихээхэн нэмэгдэж буй. Үүнээс хамаарч тив дэлхий алгасаж өөрийн бүтээсэн аяыг сонсогч олонд хүргэх нь их болжээ. Монголын DJ  нарын түвшин, хөгжил бусад Азийн орнуудтай харьцуулахад хөгжиж байгаа гэж хэлж болох уу?

-Монгол Улсад сүүлийн жилүүдэд хөгжмийн салбар, тэр дундаа DJ ихээхэн хөгжиж байгаа. Гэхдээ хөгжиж байгаа гэхээр шууд гадаадын томоохон DJ нарын түвшинд хүрсэн гэж ойлгож болохгүй. Алсдаа энэхүү салбарыг илүү сайн хөгжүүлэх гэж DJ нар анхаарч байгаа. Монголчуудын хувьд амьд хөгжим, хип хоп төрлийн хөгжмийг сонсох дуртай. Харин Азийн улсуудтай харьцуулахад андерграунд төрлийг түлхүү оруулж ирсэн мэт санагддаг. Түүний ач тусаар андерграундэлектрон хөгжмийн төрлүүд илүү өргөн цар хүрээтэй тоглогдож байна.

Захиалга өгч буй албан байгууллагууд тухайн DJ-ын талаар судалсан байдаг. Тиймээс арга хэмжээндээ тааруулж DJ сонгодог.

Мөн сонгосон DJ-тэйгээ хурим найрт ямар төрлийн хөгжим тоглуулах талаар ярилцаж аяа сонгодог билээ. Гэхдээ ихэвчлэн тухайн DJ өөрийн хөгжмийн сангаасаа тоглох тохиолдол их байдаг шүү. Миний хувьд ч өөрийн хөгжмийн сангаасаа арга хэмжээнд нь тааруулж тоглох үе бий. Нөгөө талаар дан ганц ийм ая тоглоно гээд хэлээд байж болохгүй, ярилцах хэрэгтэй. Энэ нь бас тухайн DJ-ээс ихээхэн хамаардаг зүйл. Зарим тохиолдолд хурим найр, арга хэмжээний үеэр хүмүүсээс энэ ая дээр тоглоод өгөөч гэх санал ирдэг. Тэр бүр дээр тоглоод байх хэцүү. Нэг хүний дуртай дуу бусад хүний дургүй дуу байхыг үгүйсгэхгүй учраас сонсогчид ойлгох хэрэгтэй. Ая захиалж тоглуулах асуудал дан ганц Монголд гардаг уу гэхээр үгүй ээ. Дэлхийн аль ч оронд DJ нар дээр очиж ая захиалах, хүссэн дуугаа явуулахыг хүсдэг. Гэхдээ үүнийг хөгжим тоглож буй DJ нар бүдүүлэг зан чанар гэж үздэг. Сүүлийн жилүүд ая захиалж, мэндчилгээ хүргэх гэх зүйлс багассан гэж бас шууд хэлж болохгүй.

Хөгжмөөс гадна DJ сэт хамгийн чухал үүрэгтэй. Нэг талаар "story telling" хамаарна. Хөгжмийг аяыг эхлээд намуухан эхэлж өсгөх, дундаа унагааж буцаж өгсөх замаар тоглох нь илүү хүнд хүрдэг. Иймэрхүү байдлаар зөв дарааллаа гаргаж чадвал хүмүүс хөгжмөө мэдэрч бүжиглэдэг. Миний хувьд энэ дээр их  ач холбогдол өгч, анхаарч ажилладаг. Тиймээс заавал урсгал дагнаж тоглох биш хэмнэлээ зөв гаргаж өгөх нь мэдрэмж, ур чадвартаа хамаарна.

-Залуучууд энэ урлагт хүчтэйгээр хөл нийлүүлэн гарч ирж байна. Арга хэмжээнд уригдан тоглож байгаа DJ нарыг харахад ихэвчлэн залуучууд болжээ. Залуу DJ-ын мэдрэмж шинэлэг байж чадах уу?

-Хөгжмийн салбар тэр дундаа DJ нарын тоо эрс нэмэгдсэн гэж ойлгож болно. Сурах сонирхолтой шинэ залуучуудад зориулсан DJ бэлтгэх сургалт гадуур ихээхэн зохиогдох болсон. Үүнээс хамаарч залуу DJ нар гарч байгаа нь нэг талаараа зөв санагддаг. Яагаад гэвэл, өөр өөрсдийнхөө урсгалыг бусдад таниулан, бусдаас ялгарч, өрсөлдөөнийг нэмэгдүүлэх ба ур чадвар нь ч дагаад сайжрах юм. Мөн өнөөдрийн байдлаар тоглож буй DJ нарын дунд сайн, муу гэх ангилал бий. Гэхдээ зарим сонсогчид DJ нарын мэдрүүлэх гэсэн мэдрэмжийг мэдэрч чадахгүй өнгөрч буй нь харамсалтай.

Гэхдээ хүн болгон хөгжмийг заавал мэдрэх шаардлагагүй гэж  би хувьдаа үздэг. Миний тоглож буй ая дээр бүжиглэх, бүжиглэхгүй байх нь хүндээр тусдаггүй.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-10-25 59.153.115.105

Монголын аж ахуйн нэгжүүд голдуу гадаад улсын, Азийн хөгжлийн банкны гэх мэтийн Монгол улсад өгсөн зээлээс хумсалдаг. Азийн хөгжлийн банк нь Японых учраас тэд Монгол компаниудыг япон машин авахад нь дуугардаггүй ч зээлийн эргэн төлөлтөө нэхдэг.

Avatar

2хоор 2025-10-25 202.9.46.87

Хямрал ирмэг хөвөөн дээр ирлээ гэж ярихаар чинь бүх юмны үнэ хөөрөгдөөд, зээл хүү, түрээс, мэрээс нь дийлдэхээ болино. Ядуу дээр чадуу нэрмэнэ дээ!

Avatar

Нэргүй 2025-10-25 66.181.185.55

энэ удаагийн ЗГ уих сайжруулж чадахгүй дээ эд нарт сандал суудал эрх ямба л чухал хуурч байгаад удаан байх хүсэл өөр юу ч биш

Avatar

Зочин 2025-10-25 59.153.114.104

Манай ЗГ кабинетаараа Ардын дайсан Амарбаясгалантай тэмцээд бүр хүчээ барж, зүйрлэвэл хаврын хавсарганд тураалд орсон мал шиг болж байх шиг. ЮУН ТОМ ТӨСӨЛ. МАНТАЙ. АРДЫН ДАЙСНАА ДАРЖ АВАХ НЬ ЧУХАЛ БОЛСОН ЮМ ДАГУУ ДАА ЯНЗ НЬ

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа: Ордоны зодооноо зогсоож, ТОМ ТӨСЛҮҮДЭЭ анхаараасай 2025-10-25 59.153.114.104

Дээдэс ордондоо зодолдож байх зуур том төслүүдийн явц зарим нь удаашраад, зарим нь зогсов уу яав? Гашуун сухайт-Ганц модны холболтоо хурдан дуусгаад ахиухан нүүрс урагш нь гаргаж орлогоо нэмэгдүүлмээр. Бид гуйж нүүрсээ ахиухан гаргахыг бодохоос хятадууд манай нүүрстэй, нүүрсгүй болно гэдгийг тооцмоор. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц яав. Баруун бүсээ цахилгаанаар хангах ажил зогсов уу. Ер яригдахаа болилоо. Бүсчилсэн хөгжил гэж ярихаа болилоо.

Avatar

Хх 2025-10-25 202.126.89.226

Нам яир хамаа бнаа угаасаа аваачсан гөлөгнүүд чинь Ман ан рээд бүх л намууд шдээ арай дэндүү юмаа

Avatar

Нэргүй 2025-10-25 66.181.190.245

1. Баялгийн сан гэж сайхан “нэртэй”, гэхдээ хэрэгжүүлэх нь буруу, улстарчид хошгоруулаад байгаа! Баялгийн санд хуримтлагдах мөнгө бол баялгийн эзний татвар болсон АМНАТ-аас бүрдэнэ. Тэр ногдол ашиг нтр бол худлаа шүү! Ялангуяа хулгай хийдэг улстарчид байгаа цагт.
2. Төр бизнес хийхгүй байх! ТӨК-ийг хувьцаат ко болгож олон нийтийн хараа хяналтад оруул! 34%-ийг иргэдэд олго, үнэхээр баялгийн эзэд нь мөн л юм бол! Иргэд зөвхөн цалин хардаг биш бас хүсвэл хувьцаагаа мөнгөжүүлдэг байх!

Avatar

Нэргүй 2025-10-25 202.9.40.162

Монголын эдийн засаг доройтвол АН-д ашигтай юу. Хүмүүс МАН-д итгэл алдаж харин АН-д итгэл өгөх болно. Тийм болохоор АН-д ашигтай юм байна.

Avatar

Нэргүй 2025-10-25 103.212.119.148

МУ АМАЛСАН МАЛНУУД ӨРСДЫГЭ УХАНТАИ ГЭЖ БОДОЖ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж