ТЕГ-ын Олон нийттэй харилцах төв Татварын Улсын Байцаагч Л.Батцэнгэлтэй ярилцлаа.
-Татварын төрөл хэлбэрүүдийн талаар, мөн ногдуулах арга зүйн талаар товч мэдээлэл хүргэе гэж бодож байна тэгэхээр хаанаас эхлэх вэ? Яг аль талаас нь эхэлж яривал хүмүүст илүү ойлгомжтой байх бол?
-За тэгэхээр өнөөдрийн байдлаар Монгол Улсад хуулиар батлагдсан 30 төрлийн татвар байдаг. Гэхдээ эдгээрийг дотор нь албан татвар, төлбөр, хураамж 3 хуваадаг. Албан татвар гэдэг нь хуулийн дагуу ногдуулаад, ямар нэгэн хариу төлбөргүйгээр улсын төсөвт төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг хэлнэ. Албан татвар гэдэг энэ ангилалд 13 төрлийн татвар хамрагдана. Хоёр дахь нь төлбөр.
Төлбөр гэдэг нь төрийн мэдлийн өмч хөрөнгийг хэрэглэснийхээ төлөө иргэн ААН-ийн төлж байгаа мөнгө юм. Тухайлбал газрын төлбөр, ойн нөөц ашигласны төлбөр, ан амьтны нөөц ашигласны төлбөр, ус ашигласны төлбөр зэрэг төрийн буюу нийтийн эзэмшлийн өмч хөрөнгийг ашигласныхаа төлөө төлж байгаа мөнгө. Нөгөө 30 төрлийн татварын 14 нь төлбөр байдаг. Гурав дахь нь хураамж. Бид төрөөс олон төрлийн үйлчилгээ авдаг. Төрөөс үйлчилгээ авсныхаа төлөө төлж байгаа мөнгөн хөрөнгийг хураамж гэж байгаа. Бид төрийн байгууллагуудаар үйлчлүүлэхэд бүртгэлийн хураамж гээд төлдөг шүү дээ. Монголд 3 төрлийн хураамж байдаг. Бүртгэлийн хураамж, үйлчилгээнийхээ хураамж, зөвшөөрлийн хураамж гээд. Ингээд 13 төрлийн татвар, 14 төрлийн төлбөр, 3 төрлийн хураамж нийлээд 30 төрлийн татвар болж байгаа юм.
-Одоо татварыг яг яаж ногдуулдаг талаар нь та бас дэлгэрүүлж танилцуулбал?
-Тэгье. Албан татварыг ногдуулахдаа нэгдүгээрт нь орлогод ногдуулдаг. Манайд ХХОАТ, ААНОАТ гээд орлого олж байгаа тохиолдолд орлогоос нь авдаг 2 төрлийн татвар байна. Хоёрдугаарт нь хөрөнгөд ногдуулдаг. Тухайн иргэн ААН-ийн эзэмшиж байгаа болон өмчилж байгаа хөрөнгөд нь ногдуулдаг татвар. Жишээлбэл, үл хөдлөх хөрөнгийн албан татвар байна, АТБӨЯХ-ийн албан татвар, Малын тоо толгойн албан татвар, Галт зэвсгийн албан татвар гээд байна. Хэрвээ би автомашинтай болбол АТБӨЯХ-ийн албан татвар төлнө гэсэн үг. За гуравдугаарт нь хэрэглээнд нь буюу тухайн иргэн ААН-ийн хэрэглэсэн бараа үйлчилгээнд ногдуулдаг татвар гэж байна. Жишээлбэл, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдсон бараа үйлчилгээг худалдан авсан тохиолдолд нэмэгдсэн өртгийн албан татвар, онцгой албан татвар ногддог архи, тамхи, бензин, суудлын автомашиныг худалдан авч хэрэглэж байгаа тохиолдолд тэр хэрэглээгээрээ дамжуулаад онцгой албан татвар төлж байдаг. За мөн тодорхой үйл ажиллагаанд татвар ногдуулж болно. Монгол Улсын хувьд нэг төрлийн үйл ажиллагаанд буюу төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаанд татвар ногдуулдаг.
Орлого болон хөрөнгөд ногдуулж байгаа татварыг тухайн татвар төлөгчөөс шууд авна. Харин хэрэглээнд ногдуулж байгаа татварыг шууд бусаар буюу таны хэрэглээгээр дамжуулаад авдаг. НӨАТ-ын баримт бол та хэдэн төгрөгийн НӨАТ төлж байгааг илэрхийлэх санхүүгийн баримт шүү дээ.
-Тэгвэл яг дээр дурдсан татварууд дээр хувь хэмжээний талаар та бас нэмэлт мэдээллүүдийг өгөхгүй юу? Ямар ямар хувь хэмжээтэй байдаг юм бол?
-Тэгье. Үүний өмнө татварын суурь гэсэн ойлголт байна. Энэ нь татвар тооцох үзүүлэлтийг илэрхийлсэн ойлголт. Орлогын татварыг бол олсон орлогоос нь, ҮХЭХ бол үнэлгээнээс нь, АТБӨЯХ бол цилиндрийн багтаамжаас нь бодож татвар авдаг. Үүнийг татварын суурь гээд байгаа юм. Харин татварын хувь хэмжээ гэдэг нь орлогоос нь хэдэн хувиар татвар тооцох тухай, ҮХЭХ-ийн хувьд түүний үнэлгээний хэдэн хувиар татвар авах, НӨАТ гэхэд таны хэрэглэсэн бараа ажил үйлчилгээний хэдэн хувь нь НӨАТ юм гэх зэрэг татварыг ногдуулан тооцдог хувь хэмжээ, процентыг илэрхийлсэн ойлголт юм. Татварын онол дээр татварын хувь хэмжээг 3 янзаар тогтоож болдог.
Нэгдүгээрт нь тогтмол хувь хэмжээ гэж байна. Ихэнх төрлийн татвар тогтмол хувь хэмжээтэй байдаг. Жишээ нь, ногдол ашгийн орлогоос 10%, хүүгийн орлогоос 10%, үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогоос 2%, урлагийн болон спортын уралдаан тэмцээний шагналаас 5%, сугалааны хонжвороос 40%-ийн татвар төлнө гэх зэрэг. Энэ тогтмол хувь хэмжээтэй татваруудын хувьд татварын суурь нэмэгдсэн, буурсан ялгаа байхгүй нэг л ижил хувиар татвараа тооцож, ногдуулна гэсэн үг. Хоёрдугаарт нь өсөн нэмэгдэх татвар гэж байдаг. Энэ бол татварын суурь нь нэмэгдэхээр дагаад татвар ногдуулах хувь хэмжээ нь нэмэгдээд байдаг татварууд юм. Монгол Улсын хувьд орлогод суурилсан татвар буюу ХХОАТ, ААНОАТ дээр өсөн нэмэгдэх татварын хувь хэмжээг хэрэглэдэг. Жишээлэхэд ААН-үүд одоогийн хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиар татвар ногдуулах орлого нь 6.0 тэрбум төгрөг хүртэл байх юм бол 10%-ийн татвар төлнө, 6.0 тэрбумаас давчих юм бол 6.0 тэрбум хүртэлх дүнгээс 10%-аар бодоод 600.0 сая төгрөг, түүн дээр 6.0 тэрбумаас давсан дүнгийнхээ 25%-аар татвар төлнө. Өөрөөр хэлбэл 6.0 тэрбумаас дээш болохоор татварын хувь хэмжээ нь 10% биш, 25% болоод нэмэгдэж байна.
Мөн ХХОАТ гэхэд одоогийн хуулиар цалин түүнтэй адилтгах орлого болон шууд бус орлогын нийлбэрээр сарын татвар ногдуулах орлого 10.0 сая төгрөг хүртэл байх юм бол татвар нь 10%-аар, сарын орлого нь 10-аас дээш 15.0 сая төгрөг хүртэл байвал 10.0 сая төгрөгөөс дээш дүнгийн 15%-аар, сарын орлого нь 15.0 сая төгрөгөөс дээш болчих юм бол давсан дүнгийн 20%-аар гээд. Энд 10%, 15%, 20% гээд тухайн татвар төлөгчийн орлого нь нэмэгдэхээр татварын хувь хэмжээ нь дагаад нэмэгдэж байна. Ер нь бол татварын дахин хуваарилах үүргийн дагуу өндөр орлого олж байгаа хэсгээс нь арай илүү татвар авах, нөгөө талд нийгмийн халамж шаардлагатай хэсэгт нийгмийн үйлчилгээг хүргэхийн тулд өсөн нэмэгдэх татварын хувь хэмжээг олон улсад түгээмэл ашигладаг.
Гурав дахь нь буурах татвар гэж байдаг. Өсөн нэмэгдэх татварын яг эсрэгээр гэсэн үг. Татварын суурь нь нэмэгдэхэд татварын хувь хэмжээ нь багасдаг. Ямар тохиолдолд хэрэглэдэг вэ гэхээр зэрэг тодорхой нэг салбарын үйл ажиллагааг дэмжихийн тулд хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл үйл ажиллагаа нь сайжрахад, татварын суурь нь нэмэгдэх тутам татварын бодлогоор дэмжээд татварын хувь хэмжээг нь бууруулдаг гэсэн үг. Манай улсад одоо хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиудын хувьд бол ийм буурах зүй тогтолтой татвар байхгүй.
-За тэгвэл хөнгөлөлтийн талаар бас ярих нь зүйтэй байх гэж бодож байна. Би буруу санаагүй бол сайн үйлсийн аян ч юм уу урлаг спортынхныг дэмжих юм бол татварын хөнгөлөлт үзүүлдэг санагдаж байна. Тийм билүү. Энэ хөнгөлөлтийн талаар, бас ямар ямар боломжууд байдаг вэ?
-Тийм. Татварын хуульд татварын хөнгөлөлт, татвараас чөлөөлөх гэсэн 2 ялгаатай ойлголт байгаа. Татварын хөнгөлөлт гэдэг нь ногдуулсан татварыг бүрэн буюу хэсэгчлэн бууруулахыг хэлж байгаа юм. Та 100 төгрөгийн татвар төлөх ёстой байснаас үүний 5₮-ийг, 10₮-ийг нь бууруулах, эсвэл бүгдийг нь ч гэдэг юм уу. Харин татвараас чөлөөлнө гэдэг бол тухайн төрлийн татварын харилцаанаас бүр бүрмөсөн чөлөөлөхийг хэлж байгаа юм. Жишээлэхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ХХОАТ-аас чөлөөлөгддөг.
Татварын хөнгөлөлтийн хувьд олон төрлийн хөнгөлөлт байгаа. Таны сая асуусан хөнгөлөлт болбол ААНОАТ-ын тухай хуулинд 2024 онд орсон нэмэлт өөрчлөлтийн талаар та ярьж байна. ААНОАТ-ын тухай хуулийн 22.9 буюу ААН-үүд нийгмийн хариуцлагын хүрээнд, нийгэмд тустай хөрөнгө оруулалт хийх, санхүүгийн дэмжлэг, тусламж, хандив үзүүлэх юм бол тухайн жилийн татвар ногдох орлогын нэг хувьтай тэнцэх дүнгээр татварын хөнгөлөлт эдэлж болох заалт байгаа. Энд гол шаардлага нь нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх хүрээнд хийгдсэн бөгөөд тухайн ААН-ийн орлого олох үйл ажиллагаатай холбоогүй байх гэж заасан. Энд маш олон төрлийн хандив, тусламж хамрагдаж болно. Урлаг спортыг дэмжих чиглэлээр, соёлын өвийг хамгаалах, боловсрол эрүүл мэндийг дэмжих гэх мэт. Хамгийн гол нь тухайн ААН-ийн үйл ажиллагаатай холбоогүй бөгөөд нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх хүрээнд өгсөн хандив тусламж, хөрөнгө оруулалт байх ёстой.
-Дахиад өглөөний мэнд. Эхний хэсэг дээр ерөнхийдөө татварын ерөнхий ойлголтуудын талаар ярилцаад хөнгөлөлтийн талаар яриад яриагаа дуусгасан. Тэгэхээр хөнгөлөлт дээр нэмж ярих зүйлүүд байгаа билүү. Үүнээс яриагаа эхлэх үү?
-Тэгье. Өмнөх хэсэг дээр татварын хөнгөлөлт гэдэг бол ногдуулсан буюу төлөх татварыг бүрэн буюу хэсэгчлэн багасгах харилцаа юм гэж ярьсан. Татварын хууль тогтоомжууд дээр олон төрлийн хөнгөлөлт байгаа бөгөөд эдгээрийг үндсэн 4 бүлэгт ангилж болохоор байгаа юм.
Нэгдүгээрт татварын суурийг бууруулах хөнгөлөлт. Татварын суурь гэдэг нь татварыг ямар дүнгээс эсвэл ямар үзүүлэлтэд үндэслэн ногдуулах вэ гэсэн ойлголт. Иймээс татвар тооцох суурь дүнг нь бууруулах замаар төлөх татварыг бууруулах хөнгөлөлт байна. Тухайлбал, үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар байна. Энд газрын татвар дээр жишээ нь гэр бүлийн хэрэгцээний газар бол нийслэлд газрын үнэлгээг 95% бууруулаад, үлдсэн 5%-д нь татвар ногдуулна гэсэн үг. Аймагт 97%, сумдад 98% бууруулж тооцдог. Мөн газар тариалангийн зориулалттай газрын хувьд үнэлгээг 95% бууруулаад, 5%-аас нь татвар тооцдог. 2025 онд хийгдэж байгаа татварын хууль тогтоомжийн шинэчлэлийн хүрээнд татварын суурийг бууруулах хөнгөлөлт 3 төрлийн татварын хууль дээр нэмэлтээр орохоор төсөлд тусгагдсан. ААНОАТ, ХХОАТ мөн НӨАТ дээр хялбаршуулсан горим ашиглан татвараа тайлагнах тухай, босго дүнг 400 сая төгрөгөөр тогтоож, татварын суурийг бууруулан тооцохоор төсөлд тусгасан. Тухайлбал НӨАТ-ын тухай хуулийн төсөл дээр хялбаршуулсан горимоор тайлагнаж буй татвар суутган төлөгчийн НӨАТ тооцох татварын суурийг нь шууд 90% бууруулахаар байгаа. Мөн адил ААНОАТ болон ХХОАТ дээр хялбаршуулсан горимоор тайлагнаж байгаа үйл ажиллагааны орлогын татварын суурийг 90% бууруулахаар тусгасан. ААНОАТ-ын суурь хувь 10%, НӨАТ 10%. Гэтэл татварын суурийг нь 90% бууруулчихаар үндсэндээ 10% биш нэг хувийн татвар төлнө гэсэн үг.
Хоёрдахь төрлийн хөнгөлөлт бол татварын хувь хэмжээг бууруулах хөнгөлөлт. Жишээлэхэд ААНОАТ-ын нийтлэг хувь хэмжээ 10% байдаг. Гэтэл одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа ААНОАТ-ын тухай хууль дээр ААН-ийн жилийн татвар ногдох орлого нь 300 сая төгрөг хүртэл байх юм бол 10%-аар биш 1%-аар татвар төлдөг. Хувь хэмжээг нь бууруулсан байна. Мөн зарим тохиолдолд тухайлсан татварын хувь хэмжээг бууруулдаг. Тухайлбал, ногдол ашгийн болон хүүгийн орлогын үндсэн татвар нь тогтмол 10% байдаг. Тэгвэл санхүүгийн зах зээл, хөрөнгийн биржийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор хөрөнгийн бирж дээр нээлттэй арилжаалж байгаа бонд болон хувьцааны хүүгийн орлого, ногдол ашгийн орлогоос авах татварын хувийг 5% болгож хөнгөлсөн. Мөн эрх борлуулсны орлогоос авах татварын үндсэн хувь нь 10%, харин борлуулсан эрх нь оюуны өмчид хамаарах эрх бол татвар нь 5% гэх зэргээр тухайн татварын хувь хэмжээг бууруулах тохиолдлууд байна.
-За хөнгөлөлтөөс гадна буцаан олголт гэдэг зүйл байгаад байдаг шүү дээ?
-Тийм. Татварын буцаан олголт нь үндсэндээ татварын хөнгөлөлттэй холбоотой. Өөрөөр хэлбэл татварыг хөнгөлөх замаар буцаан олгодог гэсэн үг. Тэгэхээр бид нарын ярих татварын хөнгөлөлтийн 3 дахь төрөл юм. Жишээ нь ХХОАТ дээр орон сууц худалдаж авахад хөнгөлөлт эдэлдэг. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар 6 сая хүртэл төгрөгийн татварын хөнгөлөлт үзүүлдэг. Бид орон сууц худалдаж авсан тухайн татварын жилдээ ХХОАТ-ын тайлан ТТ-06 тайлан гаргаж илгээснээр хөнгөлөлт эдэлж, тухайн жилд төлсөн татвараасаа буцаан авах боломжтой болдог. Энэ нь нэг талаасаа хөнгөлөлт, нөгөө талаас энэ хөнгөлөлтөөр дамжаад танд татварын илүү төлөлт үүсчихэж байгаа. Энэ илүү төлөлийг буцаан олгож байна гэсэн үг. Одоо санал авч байгаа татварын хуулийн шинэчлэлийн хүрээнд ХХОАТ-ын төсөлд орон сууц худалдаж авахад буцаан олгодог энэ хөнгөлөлтийн дүнг 15 сая хүртэл төгрөг болгож нэмэгдүүлэхээр тусгасан. ХХОАТ-ын тухай хууль дээр байгаа буцаан олгодог бас нэг хөнгөлөлт нь сургалтын төлбөрийн хөнгөлөлт. Бид өөрийн төрсөн хүүхэд, асрамж дэмжлэг байгаа хүүхдийнхээ их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг төлсөн тохиолдолд энэ сургалтын төлбөрт ногдох татварын хөнгөлөлтийг эдэлдэг, уг хөнгөлөлтөөс үүссэн илүү төлөлтийг буцаан авдаг.
Мөн ийм төрлийн хөнгөлөлт НӨАТ дээр байна. Бид хэрэглээгээр дамжуулан нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөд, үүнийхээ 20%-ийг нь буцаан авдаг. НӨАТ-ын хуулийн шинэчлэлийн хүрээнд энэ буцаан олголтыг нэмэгдүүлэхээр тусгасан. Хуулийн төсөлд тусгаснаар иргэний сарын худалдан авалт 500.0 мянган төгрөг хүртэл байх юм бол төлсөн НӨАТ-ыг 100% буцаан олгох, 500.0 мянгаас 1.0 сая төгрөгийн хооронд бол төлсөн НӨАТ-ын 50%-ийг буцааж олгох, 1.0 сая төгрөгөөс дээш бол төлсөн НӨАТ-ын 20%-ийг буцаан олгохоор тусгасан. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиар бол ямар нэгэн шатлалгүйгээр 20% байгаа. Тэгэхээр энэ 20% нь 50%, 100% болж нэмэгдэхээр байна. Энэ нь буцаан олголт байдлаар иргэнд очих мөнгө нэмэгдэнэ гэсэн үг.
ААНОАТ-ын тухай хууль дээр бас буцаан олгодог хөнгөлөлтүүд байдаг. Бид өмнө нь хэлсэн, жижиг дунд ААН-ийг дэмжих хүрээнд хөнгөлөлтүүд их байдаг гэж. Энэ хүрээнд ААН-ийн татвар ногдох орлого нь 300.0 сая төгрөг хүртэл байгаа тохиолдолд нэг хувийн татвар байна. Үүн дээр төлсөн татварыг буцаан олгодог хөнгөлөлтийн нэг заалт байгаа. Энэ нь ААН-ийн татвар ногдох орлого 1.5 тэрбум төгрөг хүртэл байх юм бол 10%-аар тооцож татвараа төлөөд, төлсөн татварынхаа 90%-ийг нь буцааж авах тухай зохицуулалт юм. Одоо санал авч байгаа хуулийн шинэчлэлийн хүрээнд хөнгөлөлтийн хамрах хүрээг өргөжүүлж, ААН-ийн татвар ногдох орлого 1.5 тэрбум төгрөг хүртэл үед 10%-аар татвар төлөөд 90%-ийг нь буцааж авах энэ зохицуулалт хэвээрээ. Дээр нь нэмээд ААН-ийн татвар ногдох орлого нь 1.5 тэрбумаас 2.5 тэрбум төгрөгийн хооронд бол 10%-аар татвар төлөөд 50%-аа буцааж авах зохицуулалт тусгагдсан. Энэ нь жижиг, дунд ААН-дэд чиглэсэн маш том дэмжлэг юм.
Хөнгөлөлтийн дөрөвдэх хэлбэр бол ногдуулсан татварыг бууруулдаг хөнгөлөлт. Татварыг нь тооцоод тодорхой дүн гараад ирмэгц тэрийг бууруулдаг хөнгөлөлт гэсэн үг. Энэ бол хөнгөлөлтийн хамгийн түгээмэл хэлбэр юм. ААНОАТ-ын тухай хууль дээр гэхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй холбоотой 2 төрлийн хөнгөлөлтийн зохицуулалт байдаг. Энэ нь 25-аас дээш ажилтантай ААН-ийн нийт ажилчдын 3-ны 2-оос доошгүй нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байх юм бол ногдуулсан татварыг 100% хөнгөлнө. Мөн нийт ажилчдын дотор хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан ажилтан хэдэн хувь байна тэр хувь хэмжээгээр ногдуулсан татварыг нь хөнгөлдөг. Хэрэв манайх 100 ажилтантай, үүний 4 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байлаа гэвэл ногдуулсан татварыг 4%-ийг хөнгөлнө гэсэн үг.
-За ерөнхийдөө бол бидний ярилцах хугацаа энд хүрээд дуусаж байна. Таны мэдээлэл багтаж амжив уу нэмж хэлэх зүйл байна уу?
-Ер нь ногдуулсан татварыг бууруулах хөнгөлөлтүүд олон байдаг. Жишээ нь үйл ажиллагааны чиглэлтэй холбоотой хөнгөлөлтүүд байна, Улаанбаатараас алслагдсан байдалтай холбоотой хөнгөлөлтүүд байна, мөн нийгмийн хариуцлагын хүрээнд хөрөнгө оруулалт хийсэн, санхүүгийн дэмжлэг тусламж үзүүлсэн бол татвар ногдох орлогын 1 хувьтай тэнцэх хэмжээний хөнгөлөлтийг эдэлнэ гэх мэт. Энэ 22.9 дээр 11 чиглэл зааж өгсөн. Үүнтэй холбоотойгоор 10 яам стандарт, шаардлагуудаа баталж гаргасан. Энэ стандарт шаардлагуудын дагуу хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг, хандив өгсөн бол энэ хөнгөлөлтийг эдэлнэ гэсэн үг.
Татварын хууль тогтоомжоор иргэн ААН-үүд зориулсан хөнгөлөлт, чөлөөлөлтийн маш олон заалтууд байдаг. Энэ нь татвар төлөгчдөд бүгдэд олгож байгаа тэгш боломж шүү дээ. Иймээс татвар төлөгч бүр энэ боломжийг ашиглах хэрэгтэй.
За танд баярлалаа.
3,548.92





















































Bi 2025-10-24 66.181.186.35
ard irgedee tatvaraar darlaad bvl uls yaj hugjih ve dee hugjijchood tatvaraa undruur avah heregtei bhaa bas dald ediin zasag bii bolno shuu dee nuhud yaagaad oilogdoggui um bol gaihaad bh um