АНУ-ын холбооны агентлагуудад кибер тагнуулын хэрэгсэл нийлүүлдэг төрийн гэрээт компанийн нэгэн ахлах ажилтан Орост 1.3 сая ам.доллараар нууц мэдээлэл зарсан гэх хэрэг гарчээ. Вашингтоны Холбооны дүүргийн шүүхийн прокурорын мэдээлснээр, 2022 оны дөрөвдүгээр сараас 2025 оны зургадугаар сар хүртэл Питер Уильямс гэх эрэгтэй Орост төвтэй худалдан авагч нарт зарах зорилготойгоор нэр бүхий хоёр компанийн найман худалдааны нууцыг хулгайлсан. Уильямс ямар компанид ажиллаж байсан болон хэний худалдааны нууцыг хулгайлсан талаар тодорхой дурдагдаагүй байна.
Гэсэн хэдий ч Британийн бизнесийн бүртгэлд Уильямс 2024 оны аравдугаар сараас энэ оны наймдугаар сарын 21-нд огцрох хүртлээ "L3Harris Trenchant" компанийн ерөнхий менежерээр ажиллаж байсан гэж тэмдэглэсэн байна.Тус компани нь үндэсний аюулгүй байдлын ажиллагааг дэмжих зориулалттай хакерын хэрэгсэл боловсруулдаг. Мөн АНУ-ын Засгийн газрын гэрээтэй гэх мэдээлэл байна. Энэ нь батлан хамгаалахын гэрээт компани "L3Harris" (LHX.N)-ийн охин компани юм. "L3Harris" уг асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулахаас татгалзжээ.
Орос улс АНУ болон бусад улсын тагнуулын албадын ашигладаг хакерын хэрэгслийн талаар мэдлэг олж авах боломжтой болсон гэдгийг энэ хэрэг харуулж байна. Улмаар Орос улс АНУ-ын холбооны системийн эсрэг халдлага хийж, өрсөлдөгч улсуудынхаа кибер хамгаалалтыг алдагдуулж болзошгүй. Холбооны прокуроруудын мэдэгдсэнээр, Уильямс худалдааны нууцыг зарж олсон 1.3 сая ам.долларын орлогоороо Вашингтон хотод байшин, мөн үнэтэй цаг, үнэт эдлэл зэрэг тансаг хэрэглээний зүйлсийг худалдан авсан. Эдгээрийг прокурорын газраас хураан авахаар төлөвлөж байна. Хэргийг анх мэдээлсэн "TechCrunch"-ийн мэдээлснээр, "L3Harris Trenchant" компани хакерын хэрэгслийн мэдээлэл алдагдсан эсэхийг шалгаж байгаа аж. Уильямс бол Австралийн иргэн боловч шүүхийн баримтад АНУ-ын оршин суугч гэж бичигджээ. Шүүх хурал болон ял хүлээн зөвшөөрөх хэлэлцүүлгийг аравдугаар сарын 29-нд хийхээр товложээ.
3,548.92






















































Холбоотой мэдээ