Хувцас загварын брэндүүд үнэ болон чанараараа ялгарах ч гэлээ зарчмын хувьд тэд хэрэглэгчээ сонгох боломжгүй юм. Гэсэн ч таны гаргасан загвар хэт даврагч үзэлтнүүд, улс төрийн жагсаал цуглааны бэлгэ тэмдэг болчихвол яах вэ?
Лондончууд өнгөрсөн сард сүүлийн хэдэн арван жилд байгаагүй өргөн бүрэлдэхүүнтэйгээр цагаачлалын эсрэг жагссан билээ. 110 мянга гаруй хүн цугларсны олонх нь Их Британийн төрийн далбааг барьсан байсан ч санаанд оромгүй өөр нэг тэмдэг харагдсан нь Италийн хувцас загварын "Stone Island" брэндийн лого байв. Исламын эсрэг идэвхтэн Стефен Яаксли Леннон, Английн Батлан хамгаалах лигийн үүсгэн байгуулагчдын нэг Томми Робинсон зэрэг жагсаалын зохион байгуулагчид уг брэндийн хувцсыг өмссөн байжээ.
Халдлага, луйврын хэргээр олон удаа цагдаагийн хаалга татаж байсан Томми Робинсон "Stone Island" брэндийг өмнө нь нэг бус удаа сонгож байв. Робинсон болон түүний дэмжигчид хэт барууны үзлийн бэлгэдэл болгон "Stone Island" брэндийг өмсч байгаа нь илт байдаг. Гэсэн хэдий ч брэндийн зүгээс үүнийг хүлээн зөвшөөрч байсангүй.
"Stone Island" брэнд 1980-1990-ээд онд эсрэг багийнхантай нэгийгээ үзэж байж салдаг хөлбөмбөгийн дэмжигчид буюу "хулигаанууд"-ын дунд түгээмэл байжээ. Эндээс улбаатайгаар тус брэнд нэг л мэдэхэд эр хүний хатуу зан чанарын илэрхийлэл болсон байдаг.
Хоёрдугаарт, лого дээрх луужин болон од тэмдэг нь цэргийн, дайчин дүр төрхийг гаргаж ирдэг. Дэг журамтай, нэгдмэл, хүчирхэг байдлаараа ялгарахыг хүсдэг хэт даврагчдад энэ дүр төрх нь бэлгэ тэмдгийн хувьд тохиромжтой санагддаг ажээ. Гэхдээ мэдээж брэндийн үүсгэн байгуулагчид логогоо ингэж тайлбарладаггүй.
Гуравдугаарт, тус брэнд нь төдийлөн олонд танигдсан бус учир ховор, нэгдмэл байр суурийг илэрхийлж чаддаг.

Хэт даврагч хөдөлгөөнтэй холбогдож байсан өөр бусад брэнд ч бий.
Тухайлбал, ОХУ-ын ерөнхийлөгч Путин 2022 онд олон нийтийн өмнө үг хэлэхдээ хамгийн тансаг зэрэглэлд тооцогдох "Loro Piana" брэндийн 14 мянган ам.долларын үнэтэй куртикийг өмссөн байсан. Гярхай нүдтэй хүмүүс үүнийг олж харчихаад, Путиныг буруушаагаагүй гэж "Loro Piana"-г шүүмжилсэн билээ.
АНУ-ын хэт барууны үзэлтэй "Proud Boys" байгууллага Их Британийн спорт хувцасны брэнд "Fred Perry"-ийг сонгосон байдаг. Гэвч энэ маягаар улс төрийн бүлэглэлтэй холбогдох нь таалагдаагүй учраас "Fred Perry" брэнд 2020 онд хар, шар өнгийн судалтай поло цамцаа худалдаанаас түр эргүүлэн татсан түүхтэй. Тус брэнд "Proud Boys"-оос олон удаа зайлсхийж, бидний итгэл үнэмшил болон хамтран ажилладаг хүмүүстэй харшилж байна гэж буруутгаж байв.
Неонацист үзэл баримтлалтай нэгэн цахим хуудас 2016 онд "New Balance" пүүзийг "цагаан хүмүүсийн албан ёсны гутал" хэмээн зарлаж, дэмжигчдээ худалдаж авахыг уриалжээ. Ингэснээр бид бие биеэ таних боломжтой гэж тэд тайлбарласан байна. Гэвч Бостонд төвтэй АНУ-ын спорт хувцасны компани цахим хуудсаараа дамжуулан дургүйцлээ илэрхийлж, бид бүх төрлийн үзэн ядалтыг үл тэвчинэ гэжээ.
"New Balance"-ийн том "N" үсэг неонацистуудын утгыг илэрхийлнэ гэж үзсэн тул хэт даврагчид багагүй хугацааны өмнөөс ийм сонголт хийж байсныг Вашингтон ДС дахь Америкийн их сургуулийн профессор Миллер-Идрис хэлсэн байдаг.

Үүний зэрэгцээ, Их Британийн "Lonsdale" брэнд неонацистуудын бэлгэ тэмдэг болж байсан удаатай. Неонацистууд хүрмээ хагас цахилгаандчихвал "Lonsdale" -ээс нацист намын нэрийн эхний дөрвөн үсгийг санагдуулсан "NSDA" гэсэн үсэг нь ялгарч харагдана. Хэрвээ цагдаа тэднийг саатуулбал цахилгаанаа тайлахад л хангалттай.
Гэхдээ сүүлийн жилүүдэд улс төрийн болон хэт даврагч бүлэглэлүүд аливаа өдөөн хатгасан дүр төрхөөс татгалзах болсон. Тэд оронд нь энгийн өмд, поло подволк сонгож байна.
Брэндүүд хэрэглэгчийн сонголтыг хязгаарлах боломж бага ч гэлээ үнэт зүйлстэй нь нийцэхгүй байгаа нөхцөл байдлаас мултарч гарах, тойрох боломж бий гэж Миллер-Идрис хэлжээ. Тухайлбал, "Lonsdale" брэнд 2003 онд "Бид бүх өнгөнд дуртай" гэх кампанит ажлыг өрнүүлж, цагаан бус загвар өмсөгчдийг онцолсон юм. Энэ мэтчилэн үндсэн хэрэглэгчдээ өөрсдөөсөө түлхэлгүйгээр үнэ цэнээ хамгаалах үйл хэрэгт хөрөнгө зарцуулах нь чухал болжээ.
3,548.92
















































0 сэтгэгдэл