АИ92 БЕНЗИН ТАСАРЧ, ИРГЭД ШАТАХУУНД ОЛОН ЦАГААР ДУГААРЛАЖ БАЙНА
Өвлийн хүйтэн эхэлж нөгөө л түгжрэл, утаа, угаарын хийн хордлого, халтиргаа гулгаа гээд монголчуудын зовлон эхэллээ. Гэтэл засаг төр үймж дээрээ суудлаа олохгүй үндсэндээ хориод хоногийг үдэж байна. Энэ хойгуур асуудал улам бүр нэмэгдсээр. Тодруулбал, АИ92 бензин хомсдолд орж иргэд хэчнээн цагаар шатахуун түгээх станц дээр дугаарлаж арга ядахдаа АИ95 шатахууныг 3610 төгрөгөөр худалдан авч байгааг жолооч нар хэлж байгаа юм. Харин салбарын сайдын зүгээс "шатахууны хоногийн хэрэгцээ 2000 тонн байдаг. Амралтын өдрүүдэд шатахуун түгээх станцын ачаалал жаахан нэмэгддэг. Учир нь ихэнх агуулахууд амралтын өдрүүдээр амардаг учир тасалдал үүсэх гээд байдаг. Сүүлийн дөрөв хоногт нийлүүлэлт нэмэгдсэн. Өнөөдрийн /2025.10.20/ байдлаар Толгойт өртөөн дээр 3600 тонн орчим АИ92 шатахуун ирсэн байгаа. Шатахууны хомстол түр зуурынх удахгүй хэвийн байдалд орно" гэдгийг хэлсэн. Тэрбээр, цаашид шатахууны хомсдолоос урьдчилан сэргийлэхийн тулд шатахуун хадгалах савтай болох шаардлагатай байгааг дурдсан юм. Гэтэл шатахуун тасарсан гэх асуудалд одоогоос хоёр долоо хоногийн өмнө яригдаж л байсан. Гэвч өнөөдөр асуудал шийдэгдсэнгүй.
ИРГЭД ТҮЛШГҮЙ ГАЛ АЛДАЖ БАЙНА
Тэгвэл, дээрээ суудлаа олохгүй байх зуур иргэд түлшний хомстолд орж гал алдах дээрээ тулаад байна. Өөрөөр хэлбэл, одоогоос бараг долоо хоногийн өмнө түлш борлуулах цэгээр түлш олдохгүй байна гэх гомдлыг иргэдийн зүгээс хэлж байв. Гэтэл Хотын дарга Х.Нямбаатар энэ сарын 15-нд “иргэд түлшний цэг олдохгүй байна гэх мэдээлэл худал. Одоогоор 400 орчим цэг хэвийн ажиллаж байна. Харин ийм худал мэдээллийг нүүрсний борлуулалтаас хасагдсан зарим хүмүүс тарааж байгаа болов уу гэж үзэж байна. Одоо түлш борлуулж буй ажилчид ‘Тавантолгой түлш’ ХХК-ийн гэрээт ажилтнууд болж, тогтмол цалинтай ажиллаж эхэлсэн” хэмээн мэдэгдэж байсан. Гэвч өнөөдрийн байдлаар асуудал бахь байдгаараа айл, өрхүүд гал алдахад хүрээд байгаа аж.
Товчхондоо, бодит байдал дээр түлш борлуулах цэгүүдээр дамжуулан нэг өрхөд долоо хоногт долоон шуудай нүүрс олгох зохицуулалттай ч түлш хүрэлцээгүйн улмаас нэг өрхөд гурван шуудай нүүрс өгч байгаагаас үүдэж айлууд гал алдаж байгаагаа хэлж байгаа юм.
БАГШ НАР АЖИЛ ХАЯЖ ЭМЧ НАР ХӨХӨӨ ӨВЛИЙН ХҮЙТЭНД, ХҮЙТЭН ЦЕМЕНТ ДЭЭР СУУЛТ ЗАРЛАЖ БАЙНА
Тодруулбал, энэ сарын 16-наас эхэлж боловсролын байгууллагын багш нар цалингаа нэмэхийг шаардаж хугацаагүй ажил хаялт зарлаад байгаа билээ. Үндсэндээ энэ арга нь тэдний хувьд арга ядсан болоод туйлдаа хүрснийг илтгэж буй хэрэг. Өөрөөр хэлбэл, Монгол шиг боловсролыг уландаа гишгэсэн тогтолцоотой улс хаана ч байхгүй. Зарим хүмүүсийн хувьд багш, эмч нарыг өөрсдийн сонгосон мэргэжлээрээ ажиллаж байгаа биздээ гэх ч цалин багаас гадна маш их ачаалал, дарамт дунд байгааг тэд хэлж. Улмаар цалингаа 3.5 сая төгрөгт хүргэхийг шаардаж ийнхүү хугацаагүй ажил хаялт зарлаад байгаа юм. Нэг үгээр хэлбэл, ТҮК-ийн ажилчид, автобусны жолоочийн цалинг өнгөрсөн жилээс эхлэн 3.5 сая төгрөгт хүргэсэн. Гэтэл багш нар гар дээрээ хоёр хүрэхгүй сая төгрөг авдаг гэх. Үүнээс боловсролыг ямар түвшинд авч үзэж байгааг харж болно. Угтаа Улсын хөгжил дэвшил, ёс суртахууны үндэс нь мэдлэг, боловсрол байх ёстой. Гэтэл манай улсад боловсролыг уландаа гишгэж байна. Хүүхдүүд цоожтой хаалганы цаана орхигдож, боловсрол, эрүүл мэндийн салбар орхигдож тэднийг анзаарах сөхөөтэй хүн алга.
Нэг ёсондоо, Монголд бүх зүйл буруу эргэчхээд байгааг эдгээр жишээнээс харж болно. Энэ хотод гэрэл, гэгээ нэмэх зүйл нэгээхэн ч үгүй болж залуусын итгэл найдвар нэгэнт тасарлаа. Монголд мэдлэг боловсролыг үнэлдэггүй, ажил хийх хүсэлтэй нэгнээ дэмждэггүй. Дандаа идэж ууссан нь толгойд гардаг тогтолцоо нэгэнт бий болчихлоо. Энэ мэт асуудал маш олон байна.
Гэтэл төсөв мөнгөө баталж, өвөлжилтийн бэлтгэл ярьж, хэлэлцэж бодлого, шийдвэр гаргаж улс орныхоо асуудлыг цэгцэлж суух ёстой хүмүүс нь ид ажлын үеэр шуудайд хийсэн үхрийн эвэр шиг эв зүйгээ олохоо байчихсан.
Энэ асуудлаа хурдан шийдэж улсынхаа асуудалд анхаарахгүй бол бид орхигдсон хотын иргэд болох нь!
3,600.44





















































Холбоотой мэдээ