Төмөр замд хөрөнгө оруулах компани удахгүй тодорно

Хуучирсан мэдээ: 2010.09.09-нд нийтлэгдсэн

Төмөр замд хөрөнгө оруулах компани удахгүй тодорно

Сүүлийн үед амтай болгон л Тавантолгойн ашиглалтын талаар ярих болж. Арга ч үгүй биз. Үүний цаана  улс орны хөгжил, эдийн засгийн өсөлт, ард түмний амьдрал гээд олон чухал зүйл хөндөгдөж байгаа учир тэр байх. Биднийг дэлхийн улс орнуудтай хөл нийлүүлэн алхахад ихээхэн түлхэц үзүүлж буй салбар уул уурхай юм. Дэлхийн анхаарлын төвд манай улс байгаа энэ үед л байгалийн баялгаа хэрхэн ямар замаар ашиглахаа зөв шийдэх нь чухал. Манай улсын Засгийн газар Тавантолгойг ашиглахдаа ард түмнээ мартаж болохгүй гэсэн хатуу байр суурийг илэрхийлсэн. Энэ бол ард иргэддээ хувьцаа олгох явдал юм.  Гүйцэтгэх засаглалын тэргүүн иргэддээ хувьцаа олгоно хэмээн амласан цагаас хойш Тавантолгой тийш хэн бүхний анхаарлыг чиглүүлсэн.

Тавантолгойн орд газрыг ашигласны дараа түүхий эдээ тээвэрлэх шаардлага нэн тэргүүнд гарна. Тиймдээ ч өнгөрсөн хавар Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхой болгосон. Төмөр зам бол үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдахаар томоохон асуудал. Энэ ч утгаараа өнгөрсөн хавар төмөр замын асуудал нэлээд дуулиан шуугиантай байсан ч эцэст нь ЗТБХБ-ын сайд гишүүдэд дурсгалын бэлэг тарааснаар бодлогоо баталж дууссан. Төмөр зам Тавантолгойн тээвэрлэлтэд чухал байр эзлэх асуудал тул гадаад, дотоодын олон компаниуд овоо хараандаа онилж буй. Төмөр замын төрөөс баримтлах бодлогын бичиг баримт баталснаар төмөр замыг гурван үе шаттайгаар барихаар болсон юм. Манай улсын хэмжээнд 5600 км төмөр зам барих төлөвлөгөөтэй байгаа аж. Гэхдээ үүнийг  бариад зогсохгүй. Цаашид ч үргэлжлүүлэн барих болно гэдгийг холбогдох салбарынхан хэлж байсан. Төлөвлөгөөний дагуу эхний үе шатны хүрээнд техник, эдийн засгийн судалгааг хийх бөгөөд 2011 он гэхэд бүтээн байгуулалтын ажил эхлэх ёстой аж. Энэ хугацаанд ойролцоогоор Тавантолгой-Чойбалсан гэх маршрутаар1100 км төмөр замыг барих юм байна. Харин эхний ээлжийн төмөр замыг барихад хамтарч ажиллах, хөрөнгө оруулах дотоод, гадаадын компаниуд ил, далд ямартай ч саналаа ирүүлсээр байгаа юм. Мэдээж төмөр зам хэмээх их бүтээн байгуулалтыг эхлүүлэхийн тулд хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай. Санал ирүүлсэн 11 компани бий гэдгийг салбарын сайд дуулгасан. Харин эдгээр компаниудаас хэн нь манай улсын шаардлагад нийцэх бол. Одоогийн байдлаар Европын орнуудаас Герман, Зүүн хойд Ази талдаа БНСУ, Япон зэрэг орноос төмөр замд хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлээд байгаа. Мөн манай улсын салшгүй хоёр хөрш болох ОХУ, Хятад улс саналаа илгээсэн. Ийн хамтарч ажиллахын хүрээнд эхний ээлжинд манай улс Орос улстай хамтарсан “Дэд бүтцийн хөгжил” компани байгуулсан билээ. Энэ компани төмөр замд хөрөнгө оруулалт хийж хамтарч ажиллах эрхээ нэгэнт авчихсан. Харин Солонгосчуудын тухайд бидэнтэй хамтрахын тулд дотооддоо консорциум байгуулсан гэж байгаа. Дэлхийд нэр хүнд бүхий компаниудаа нэгтгээд төмөр замын төсөлд хөрөнгө оруулалт хийх консорциум байгуулж буй нь Тавантолгойн ордод төмөр замаар дамжуулаад ч хамаагүй хуруу дүрж байгаагийн илэрхийлэл бололтой. Манай талаас солонгосчуудад тийм ч муугүй байгаа. УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Р.Раш, ЗТБХБ-ын дэд сайд А.Гансүх зэрэг төлөөлөгчид тус улсын Үндэсний ассамблейн дарга Ким Хен О тэргүүтэй төрийн өндөр албан тушаалтнуудтай уулзаад ирсэнээс нь харж болох юм. Энэ мэт Тавантолгой, тэр дундаа төмөр замыг сонирхох компанийн тоо улам бүр нэмэгдэж буй. Харин нэр саналаа ирүүлэн нэр дэвшиж байгаа хөрөнгө оруулагчдыг оролцуулсан уулзалт ирэх бямба гарагт болох гэж байна. Үүнийг угтаад шинэ төмөр замд манай улс ямар зарчим баримтлахаа тодорхойлох шаардлага тулгарч байгаа аж. Гэхдээ бид өөрсдөө зөв тактикаар ажиллан айлд ихийг алдчихгүйхэн шиг явах  хэрэгтэй гэсэн болгоомжлол бий. Өчигдрийн байдлаар төмөр замд хөрөнгө оруулах компаниуд материалаа ирүүлээд байгаа бөгөөд тэдний материал дээр үндэслэн хамтрах компаниа сонгох юм.

Манай улс Орос, Хятад хоёр их гүрний зах зээлээс хараат гэхэд болно. Харин төмөр замыг тавих гэж байгаа үед түүхий эдээ гуравдагч зах зээл рүү гаргах хэрэгтэйг салбарын дэд сайд хэлж байв. Томоохон ордыг ашиглах тухай ярьж эхлэхээр түүхий эдээ хааш нь зөөх талаар санаа зовж эхэлдэг. Тавантолгойгоос урагш төмөр зам тавибал Хятад буюу нэг зах зээлээс л хамааралтай болно. Энэ нь тухайн улс үнээ тодорхойлоход хүргэх аюултай. Үүнээс болж эргээд манай улс түүхий эдийнхээ үнээс хараат болоод л хоцорно гэсэн үг. Ийм аюултай гэж хэлж болохоор байдал гаргахгүйн тулд манай улс гуравдагч зах зээл рүү анхаарлаа хандуулж эхэлж байгаа аж. Жишээ нь Япон, Солонгос, Энэтхэг, Тайвань зэрэг орныг гуравдагч зах зээл байж болох юм хэмээн харж байна. Нүүдлийн цаана байгаа нүүдлийг олж харснаар бид хөгжих боломжоо улам бүр дардан болгоно. Дардан замаар явах бололцоог бүрдүүлэхийн тулд эхлээд хөрөнгө оруулалтаа шийднэ, цаашлаад түүхий эдээ гаргах гуравдагч зах зээлээ тодорхойлно. Ийм замаар гэхдээ хамгийн гол зөвөөр нь явбал баялгаа ашиглаж ард түмнээрээ ашиг  хүртэцгээе. Харин одоо хөрөнгө оруулалт хийн хамтарч ажиллах компаниар хэнийг сонгохыг хянаж, ажиглаж, харах л үлдлээ.

Ц.ЭНХЦЭЦЭГ

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж