Сү.Батболд, У.Хүрэлсүх нарын тайлал

Хуучирсан мэдээ: 2010.09.09-нд нийтлэгдсэн

Сү.Батболд, У.Хүрэлсүх нарын тайлал

МАХН-ын Бага хурал төгс­лөө. Тэд 90 жилийнхээ бос­гон дээр хуучин нэрээ сэргээж авахаар үндсэн­дээ тохиролцлоо. Ирэх ар­ваннэгдүгээр сард тов­ло­сон Их хурлаараа “Хувьс­галт” гэдэг ганцхан үгийг ор тас мартах уу, эсвэл зуун дамж­сан шошготойгоо хэвээр үлдэх үү гэдгийг шийдэх нь бай­на. Жижигрүүлж харвал жи­рийн л нэг намын нэр солих төдий асуудал. Тэд­ний л хэрэг. Нэрээ солино уу, байна уу,  бүр нэргүй ч болно уу, бидэнд хамаагүй гээд мартчихмаар. Гэвч энэ на­мын үйл хөдлөл бүхэнтэй Монгол Улсын, Монголын ард түмний хувь заяа са­лш­­гүй холбоотой явдаг нь чин үнэн. Худлаа гээд яах юм бэ.  Хэрвээ МАХН зөв шийд­вэр гаргавал ард тү­мэн хождог,  будилж бусдын эрхшээлд орвол ард тү­мэн хохирдог. Энэ нам энх амгалан цагийг эхлүүлж чад­даг шигээ бас төгсгөж чадна.  МАХН-ын толгойд ухаантай, чадал­тай, эрдэмтэй олон аавын хөвгүүд сууж ард түмнээ чөлөөлж, тусгаар тогт­нолоо тунхаглаж байсан бол ухвар мөчид, ухаан богино, шуналтай хүмүүс ч таарч  улс орноо доройтуулан ард түм­нийхээ цус, нулимсыг барж байсан түүхтэй. Тусгаар тогтнолынхоо төлөө амиа өгч чаддаг удирдагч байхад уул уулын амыг хашиж ул­сын­хаа төсвөөр баян болчихсон олгиархууд ч бий. Тэгэ­хээр МАХН нэрээ, үзэл ба­римтлалаа шинэчилнэ гэ­дэг чухал асуудал гэдэг нь тодор­хой.

Энэ сэдвээр  1990 оноос  хойш  ярьж байгаа ч бодитойгоор барьж аваад хийчих хүн олдохгүй өнөөдрийг хүрсэн юм. Үе үеийн дарга нар нь  намынхаа хуучинсаг үзэлтэй гишүүдийн эсэргүүцлээс эмээж байлаа. Намын нэр үзэл бодлоор оролдсоноос болоод хувийн карьераа барчих вий гэсэн өчүүхэн сонирхол ч бас нөлөөлсөн биз. Ийнхүү бүлэглэл, фракциудын дунд яригддаг боловч асуудал болгон тавихаас зүрхшээдэг байсан тэр шинэчлэлийг Сү.Батболд албан ёсоор гаргаж ирээд нийгмийн өмнө задалж орхилоо. Одоо ирэх арваннэгдүгээр сар хүртэл улс төр, нийгмийн амьдралд дуулиан, хуваагдал  дагуулсан хэлэлцүүлэг өрнөж таараа. Бодоод үз дээ, зүүний үзэл баримтлалтай, Социнтерний гишүүн, хувьсгалч ах нар үзэл бодлоо, нэртэйгээ өөрчлөх гэж байна. Дэлхийн зүүн зүгт буй коммунизмын сүүлчийн цайз болон үлдсэн  МАХН өөрчлөгдөх нь. Хэдийгээр ардчилсан үзэлтэй гэдэг боловч коммунист хэвшлээ тавиагүй хэмээн адлагддаг байсан нам үндэсний ардчилсан үзэл баримтлалтай болох гэнэ. Энэ гайхмаар зүйлийг ажиглах тусам  болж өнгөрсөн  зарим нэг хачирхалтай үйл явдлын зангилаа тайлагдах шиг санагдах юм. Тухайлбал…

СҮ.БАТБОЛДЫГ БАСАХ НЬ ЭРТ БАЙЖ
Одоо л ойлгогдож байх шиг. Анх Ц.Мөнх-Оргил тэр хоёрыг МАХН-д элсэхэд нийгэм тэр чигээрээ гайхаж байсан юм. Барууны боловсролтой сэхээтэн залуус үхширсэн коммунистуудтай гар нийлэн нэг вакумд орох болсонд дургүйцэгсэд олон байлаа. Өнгөрсөн жил Сү.Батболдыг гэнэтхэн Ерөнхий сайд, МАХН-ын дарга болоход ч гэсэн энэ гайхширал улам л хүчээ авсан.  Хэзээ ч хэн нэгэн рүү гал шиддэггүй, хурцадмал байдал үүсгэж байгаагүй, уурлаж бухимдаад байдаггүй Сү.Батболд гүйцэтгэх засаглалын тэргүүн болж (гэхдээ бүр хамтарсан Засгийн газар шүү), МАХН-ыг даргалах болсон нь үнэхээр гайхам үйл явдал байлаа. Шадар сайд М.Энхболдын фракциас гаргасан “Дипломатууд хэзээ ч шийдвэр гаргаж чаддаггүй юм, хараарай…” гэсэн хараал аятай ерөөл нэг хэсэгтээ л сум мэт сүлбэсэн. Ерөнхий сайдын ердөө хажуугаас нь унасан энэ үг Сү.Батболдыг бассан хэрэг байжээ. Гэвч түүнийг басах нь эрт байж, найзууд аа. Одоо тэр шийдвэр гаргасан шиг гаргалаа. Түүний “Шинэчлэл, манлайлал, хөгжил” хэмээх илтгэл жинхэнэ дуулиан дэгдээлээ.  “Өдрийн сонин”-той заргалдсан шигээ нуувчиндаа хэвтэж байсан экс Н.Энхбаярыг  олны өмнө суга татаад гаргаад ирэв. “Юуны чинь Хувьсгалт нэрээ гээх, үзэл баримтлалаа өөрчлөх, юун иргэдэд  бие  дааж ахуй амьдралаа өөд нь татах боломжийг олгох вэ… Ингэж болохгүй шүү ” гээд бөөн уур.  Бага хурлынхаа үеэр өөрийг нь дэмжих гишүүд тойрч бүжиглэнэ гэж бодсон ч талаар болов. МАХН түүнийг аль хэдийнэ хуучин буйран дээрээ орхиод Сү.Батболдтой хамт нүүчихжээ. Үүнийг Бага хурлын гишүүд нотлов. Намын нэр үзэл баримтлалын тухай ярилцаж шийдвэрлэхийг дэмжиж  Их хуралдаа үлдээлээ. Энэ бол эхний ялалт. Яаж ч бодсон барууны үзэл баримтлалтай байхаар, хөрөнгөтнүүдийг дэмждэг, хүн өөрөө ажил хийж амьдралаа дээш нь татдаг гэдгийг мэддэг, мэдэрдэг хүн хэт зүүний үзэлтэй хуучинсаг МАХН-ын дарга болчих ч гэж дээ гэсэн харамслыг одоо тайлах цаг болжээ.  Сү.Батболд  зүгээр л МАХН-ын нэрийг нь үзэл баримтлалтай нь сольж өгөөд маргааш нь огцорсон ч  хангалттай. Түүний гавъяа тэртээ тэргүй энэ л байх болно. Тэрнээс Оюутолгой, Тавантолгой биш ээ. Монгол Улс ардчиллын замаар тууштай алхахад энэ ямар их хөшүүрэг болно гээч. Хүн биеэ дааж амьдралаа авч явах боломжийг олгоно гэдэг ардчиллын хамгийн эхний зарчим байх ёстой. Өөр юу хэрэгтэй гэж.  Хүн бүр төрөөс хамааралгүйгээр амьдарч чаддаг байхад энэ улстөрчдөөс, энэ төрөөс юу гуйх юм бэ.  Энэ л бидэнд хэрэгтэй. Харин МАХН энэ бүх шинэчлэлийг хийсний дараа Ардчилсан нам МАХН дээр наасан шошго болж үлдэх вий дээ.   

У.ХҮРЭЛСҮХИЙН АМЛАЛТ
Дүрэлзсэн  гал шиг энэ нөхөр сүүлийн үед жаахан томоожоо юу даа. Н.Энхбаяр улс төрд ид чангарч эрчилсэн дээс шиг байхад нь “ороолгуулж” явсан  У.Хүрэлсүхийн мөн чанар дахин харагдаж эхэллээ. Н.Энхбаяр, О.Цолмон нарын эсрэг дуугараад Хадгаламж банкны хэрэгт татагдаж (Лхүмбийн хэрэгт ороогдлоо гэдэг шиг ) дээлээ нөмрөх шахсан ч шүүхээр цагаадсан цаг саяхан. Гэтэл хэсэгхэн хугацааны дараа МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болж улмаар өст Н.Энхбаяр нь Ерөнхийлөгчид нэр гурав давна гэдэг шиг Н.Энхбаяр найзаа хөтлөөд У.Хүрэлсүх бүх аймгаар явлаа. Дэмжээрэй л гээд байх юм. Тоглоод ч байгаа юм шиг. Телевизүүд түүний Н.Энхбаярын эсрэг ярьж байсан бичлэгийг нь орой бүр гаргав. Хэлсэндээ эзэн байж чаддаг У.Хүрэлсүхийн хувьд энэ бол том шаналан байсан биз ээ. Түүний мөн чанарыг мэдэхийн хувьд “Арай ч дэндэж байна аа“ гэсэн харуусал төрж байснаа нуух юун. Гэвч тэр гайхалтай тэвчээртэй байж чадсан. Намын даалгавар намын гишүүдийн надад өгсөн үүрэг гээд л давхиад байсан. Үүргээ тэр биелүүлсэн. Харин одоо Сү.Батболдын түшиг болж МАХН-ын нэрийг сольж үзэл баримтлалд нь өөрчлөлт хийхээр зүтгэжээ. Тэр дахиад л ам гарав. “Нэрээ солилоо гээд МАХН 2012 оны сонгуульд ялагдвал би хариуцлагыг нь үүрнэ” гэв. Энэ бол том амлалт. Эр хүний амлалт тангараг гэдэг хатуу. Яах гэж юуны тулд ийм удаан тэвчиж байсан нь одоо үл тайлагдаж байх шиг. Залуу эрч хүчтэй хүний хувьд тэрбээр итгэл үнэмшлээ өгсөн намаа шинэчилсэн шиг шинэчилэхээр шийджээ. Одоо түүнийг дэмжээд өгөх хэрэгтэй. XX зуунд түүхэн үүргээ гүйцэтгэсэн МАХН одоо бидэнд хэрэггүй. Харин шинэчлэгдэж өөрчлөгдсөн, түүхээ шинээр эхлүүлэх том нам хэрэгтэй.  Нийгэм үүнийг хүлээж байгаа. Тэр сайн мэдэрсэн байна. Тиймээс намынхаа удирдлагатай нэг гарт зангидагдаж нэг зорилготой болж чаджээ. Их зорилгын өөдөөс ялих шалихгүй үг хэлж хөвөнд боосон чулуу шидэх гэсэн жижиг гаруудыг Н.Энхбаяртай нь хуучин буйранд нь үлдээгээд нүүгээд явчихаж. Одоо ч бидний таних хуучны зоримог У.Хүрэлсүх дахин ирлээ. Ойлгогдохгүй байсан олон үйл явдлын зангилаа одоо л тайлагдаж байна. Сү.Батболд, У.Хүрэлсүх нарыг тойрсон олон асуултын тайлал энэ байжээ.

Л.МӨНХБАЯСГАЛАН

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж