УИХ-ын даргын зөвлөлөөс гаргасан шийдвэрээр өчигдөр парламентаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх ёстой байсан ч УИХ дахь МАН-ын бүлгийн 32 гишүүн 2019 онд оруулсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хүчингүй болсон зохицуулалтаар энэ асуудлыг шийдвэрлэх гэж муйхарласнаар процессыг эцэслэж чадсангүй. Харин энэ хооронд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийн хүсэлтээр албан ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргав.
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Ерөнхий сайдыг огцруулах асуудалтай УИХ-ын даргыг огцруулах асуудлыг хамтад нь шийдвэрлэх шаардлагатай. Бүлгийн хувьд хэнд нь ч итгэл үзүүлэхгүй, огцруулна” гэж мэдэгдсэн.
Гэвч УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос УИХ-руу “Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг дэмжихгүй гэсэн саналыг дэмжье" гэсэн саналын томъёолол оруулж, УИХ-ын чуулганд оруулж байгаа гишүүдээр санал хураалгана гэсэн нь хуралдаан эхлэх боломжгүйд хүргэж зөрчлийг хурцатгав.
Учир нь, УИХ дахь МАН-ын бүлгийн 36 гишүүн “Хэрвээ өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд гишүүд орж, ирцээ бүртгүүлбэл хуулийн зөрчил үүснэ. Үндсэн хуулийн 43.1-д тодорхой заасан зохицуулалтыг зөрчих эрх бидэнд байхгүй” гэж мэдэгдэн чуулганы танхимд ороогүй.
Харин УИХ дахь МАН-ын бүлгийн 32 гишүүн “Үндсэн хуулийн зөрчил үүсэхгүй. 2017 онд Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахад Төрийн байгуулалтын байнгын хорооноос өнөөдрийнх шиг саналын томъёолол оруулж, УИХ-аар эцэслэн шийдвэрлэж байсан” гэдэг асуудлыг тавин гишүүдийг чуулганы хуралдаандаа орж ирэн ирцээ бүртгүүлж Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлыг шийдвэрлэхийг хүссэн юм. Мөн УИХ-ын чуулганы хуралдааныг гишүүд ирцээр “бойкотолж” байгаагаас Монгол Улсын 2026 оны төсвийн хууль болоод бусад дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй байна гэж болж буй процессыг мушгисан нь ч бий.
Академич С.Нарангэрэл УИХ-ын төвшинд үүсээд байгаа дээрх маргаанд цэг тавьсан тайлбар хийсэн. Тэрбээр "2019 оноос өмнө Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн дөрөв дэх хэсэгт “УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Засгийн газрыг огцруулах тухай саналыг албан ёсоор тавьбал УИХ хэлэлцэн шийдвэрлэнэ” гэж зааж байсан. Тэгвэл 2019 онд Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт “УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал УИХ гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. УИХ-ын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоол баталсанд тооцно” гэж заасан. Эдгээрээс үзвэл 2019 оноос өмнө Засгийн газрыг огцруулах тухай албан ёсны саналыг УИХ хэлэлцэж шийдвэрлэдэг байсан буюу холбогдох байнгын хорооны саналыг үндэслэн санал хурааж болдог байсан. Гэтэл 2019 он орсон нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхий сайд огцруулах саналыг л УИХ хэлэлцэн шийдвэрлэнэ. Ерөнхий сайдыг огцруулбал тухайн Засгийн газрын хувь заяа эцэслэн шийдвэрлэгдэх болно.
Тиймээс УИХ-ын нэгдсэн чуулганаар “Ерөнхий сайдыг огцруулна гэсэн” гишүүдийн саналыг л хэлэлцэн шийдвэрлэж санал хураах шинэ Үндсэн хуулийн орчин үйлчилж байна. Тэгж байж сая 2019 онд Үндсэн хуулийн 43 дугаар зүйлд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн утга агуулгатай нийцнэ гэж үзэж байна" гэж тайлбарлаад буй.
УИХ Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг 10 хоногийн дотор багтаан шийдвэрлэх шаардлагатай. Хуульд энэ тухай тодорхой зааж өгсөн. Иймээс УИХ өнөөдөр 13:00 цагтай уралдан Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлыг эцэслэн шийдвэрлэж чадахгүй бол зогсоно.
Энэ тухай УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар “УИХ маргаашийн /өнөөдөр/ 13:00 цагаас өмнө Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг шийдвэрлэж чадахгүй бол энэ асуудал зогсоно. Хуульд маш тодорхой заасан. Огцроогүй бол огцруулах процесс зогсож, бүх юм хэвийн байдалдаа үлдэнэ” гэж тайлбарласан.
Иймээс УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо дахин хуралдаж, саналын томъёоллоо засахгүй бол УИХ дахь МАН-ын бүлгийн 36 гишүүн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан руу орохгүй, хуулийн зөрчлөө засах шаардлагыг үргэлжлүүлэн тавина.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хувьд Ерөнхий сайдыг огцруулах дээр байр суурь нэгдсэн ч мөн л Үндсэн хуулийн зөрчил дагуулсан асуудал руу орохыг хүсэхгүй байгаа. Иймээс УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын хэлсэнчлэн товлосон цагаас өмнө УИХ-аар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хуулийн хүрээнд шийдэх боломж олгохгүй бол Засгийн газар танхимаараа үлдэх нөхцөл бүрдээд байна.
Нөгөө талдаа цаг хугацаатай асуудлыг шийдвэрлэхээс аргагүй гээд УИХ -ын чуулганы нэгдсэн хуралдаанд орж, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ гэхэд Төрийн байгуулалтын байнгын хорооны гаргасан өчигдрийн саналын томъёоллоор санал хурааж шийдвэл эцсийн дүндээ энэ нь Үндсэн хуулийн зөрчил үүсгэж, гаргасан шийдвэр эцэстээ хүчингүй болох магадлал бий.
Харин УИХ-ын даргыг чөлөөлөх асуудал дээр хуулийн зөрчил үүсээгүй байгаа тул УИХ дээр орж ирэхэд асуудал үүсэхгүй, олонхийн саналаар шийдэгдэх юм.
Г.ХОРОЛ
3,595.72






















































Холбоотой мэдээ