Хүүхдүүд эрүүл орчинд сурах эрхгүй юү?

Хуучирсан мэдээ: 2010.09.09-нд нийтлэгдсэн

Хүүхдүүд эрүүл орчинд сурах эрхгүй юү?

Салбарын яам нь эртнээс судалгаа хийж,  цэцэрлэг сургууль шинээр барих асуудлыг анхааралдаа аваасай.  “Хүний хөгжлийн сан” нэрээр хүүхдэд олгодог байсан мөнгөө  увуулж цувуулан хүн болгонд өгөхийн оронд нийлүүлж байгаад эрүүл, аюулгүй, орчин үеийн хэдэн сайхан цэцэрлэг, сургууль бариад өгсөн бол буруу санах хүн үгүй л байсан даа.
Хэдхэн хоногийн өмнө есдүгээр сарын 1-н болж,  ээж, аавдаа хөтлүүлсэн бяцхан жаалууд цэцэрлэгт орж, зургаан настнууд эрдмийн их өргөө болсон сургуулийн босгыг алхан орлоо. Гэвч сая давсан хүн амтай нийслэл хотод сургууль цэцэрлэгийн хүрэлцээ хүртээмж муу гэдгийг мэдэхгүй хүн үгүй биз. Боловсролын Яамны стандартад зааснаар  улсын чанартай сургуулийн бага ангид 30-35, дунд, ахлах ангид 32-35 хүүхэд суралцах ёстой ч нэг ангид 35-45 хүүхэд суралцаж байгаа. Цэцэрлэгийн хувьд нэг бүлэгт норм ёсоор 25-28 хүүхэд ногдох ёстой гэдэг. Гэвч энэ хичээлийн жилд дунджаар нэг ангид 35-65 хүүхэд сурч байгаа гэдгийг Боловсролын болон Эрүүл мэндийн сайд, дарга нар мэдэж байгаа болов уу. Цэцэрлэгийн хувьд хүмүүжигч хүүхдийн зардлыг төр даах болсон цагаас суралцах хүүхэд эрс нэмэгдсэн гэж мэргэжлийн байгууллагууд хэлж байна. Нөгөө талаар сүүлийн жилүүдэд төрөлт эрс нэмэгдэж байгаатай ч шууд холбож болно. Тухайлбал, нийслэлийн хувьд нийт хүн амын 30 орчим хувийг 0-14 насны хүүхэд эзэлдэг байна.  Тэгвэл улс орны минь ирээдүй болсон хүүхэд багачууд эрүүл аюулгүй өсч торних, сурч боловсрох тохилог орчин бүхий сургууль цэцэрлэг, шаардлагтай амин дэм, хоол хүнс хэрэглэж чадаж байна уу.
Ялангуяа нийслэлийн хүүхдүүд өвөл, хавартаа утаанд уушиг нь бохирдож, зун зуслан нэртэй хог, халдвар хоёрт дарагдсан газар л зусдаг. Тэгээд намартаа сургууль цэцэрлэгтээ ороход дахиад л орчны эрүүл ахуйн асуудал босч ирнэ. Хоолны хордлого, ханиад томуу,  халдварт өвчин гээд тоочоод баршгүй. Энэ оны эхээр Монгол-Оросын хамтарсан III дугаар сургуулийн бага ангийн 120 гаруй сурагчид цайны газрынхаа хоолонд хордож, бөөн асуудал үүсч байв. Тухайн үед цайны газрын тогоочийн буруутай үйл ажиллагаанаас хүүхэд олноор хордсон гэж мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргасан. Харин Боловсролын сайд энэ асуудалд тус сургуулийн захирлыг буруутай гэж үзэн шүүхэд хандсан боловч хагас жил шахам үргэлжилсэн шүүх хурлаас захирал гэм буруугүй болж үлдсэн. Харин хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалах үүрэгтэй Эрүүл мэндийн сайдтан  “Хордлого гарлаа” гэж сүр дуулиантай мэдэгдэл хийснээс өөр ахицгүй тэгсгээд чимээгүй болсон билээ. “Шаварт унасан шарын эзэн хүчтэй” гэгчээр Халдварт өвчин судлалын үндэсний төвийнхөн л хүүхдүүдийн амь насыг аврах ажилд унтах нойр, идэх хоолоо умартсан санагдана. Тухайн үед хордлого авсан хүүхдүүдээс 20-иод нь сэхээн амьдруулах тасагт хэвтэж, эрчимт эмчилгээ хийлгэсэн юм.
Энэ мэт жишээ олныг дурьдаж болно. Хоолны хордлого, халдварт өвчин зэрэг нь хэлж ирэхгүй ч хэн нэгний хариуцлагагүй үйлдлээс болж хүүхдийн эрүүл мэнд хохирох ёсгүй.  Хүүхдийн эрүүл орчинд сурч боловсрох орчинг бүрдүүлэхэд салбарын яам нь эртнээс судалгаа хийж,  цэцэрлэг сургууль шинээр барих асуудлыг анхааралдаа аваасай.  “Хүний хөгжлийн сан” нэрээр хүүхдэд олгодог байсан мөнгөө  увуулж цувуулан хүн болгонд өгөхийн оронд нийлүүлж байгаад эрүүл, аюулгүй, орчин үеийн хэдэн сайхан цэцэрлэг, сургууль бариад өгсөн бол буруу санах хүн үгүй л байсан даа.­

П.Наран
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж